Дэлхийн жишгээс харахад тухайн нэг улс өндөр хөгжсөн, хүчирхэг орон болоход 20-25 жил хангалттай байдгийг Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Вьетнам гээд Зүүн өмнөд Азийн болон Арабын олон улс орнуудын хөгжлийн амжилттай түүхээс харж болдог. Харин Монгол Улс 1990 оноос нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, хүнлэг, ардчилсан, хөгжсөн улс орон болохыг зориод даруй 35 жил болжээ. Гэвч бид энэ хугацаанд тэдгээр улс орнууд шиг хөгжиж чадахгүй байна. Яагаад вэ. Газар нутгийн хэмжээ, байгалийн асар их баялаг, орд нөөц, дэлхийн хамгийн том эдийн засаг, зах зээлүүдтэй хиллэдэг, Евроазийн бүх улс орнуудын төв зангилаа байршилтай гээд хөгжлийн бүх өгөгдөл Монголд заяасан хэдий ч, дэндүү харамсалтай, даанч новшийн, ядуу дорой хэвээр байгаагийн гол шалтгаан бол манай улсад хөгжлийн тов тодорхой агаад бат тогтвортой, оновчтой үзэл баримтлал, түүнийгээ тууштай, туйлбартай хэрэгжүүлдэг бодлого байдаггүйд байгаа юм. Монголын үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нар улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлого дээрээ яагаад ямагт “фэйлддэг” вэ гэдэг өөр нэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Яагаад гэвэл тэдний бодлого тогтвортой байдаггүй юм. Тогтвортой бодлогогүй бол хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Бодоод үз дээ. Монголын парламент, засгийн газраас гаргасан хууль, тогтоол, шийдвэр, захирамжийг захын нэг сайд, дарга өөрийнхөө явцуу эрх ашигт нийцүүлэн зөрчиж, өөрчилж хээвнэг чадна. Тэд зөвхөн амин хувийн ашиг орлого, тойрон хүрээлэгчдийнхээ амьжиргааны төлөө төрийн албаны эрх мэдлийг ичиж, эмээхгүйгээр ашиглаж чаддаг. Үүнийг нь дагаад авилга, луйвар, хулгай гээд бүхий л бохир заваан бүхэн манай өнөөгийн нийгэмд хогийн ургамал шиг хурднаар урган, хэрэн түгээд, ард иргэдийн аж амьдрал, ажил бизнес доройтож, үйл, лайг нь үүрч, зовлонгийн далайд живдэг. Өнгөрсөн 35 жил Монгол яг ийм л байлаа. Ийм болохоор Монголын эдийн засаг, хөгжлийн бодлого үр дүнтэй хэрэгждэггүй юм. Энэ бол аюултай эмгэг төдийгүй улс орон өөдөлдөггүйн, ард түмнийх нь амьдрал уландаа тултал унаж, нийгмийн бухимдал, хорсол, цөхрөл, гомдол, уур хилэн хязгаарт тулж, тэсэрч дэлбэрэхэд бэлэн болчихоод байгаагийн гол шалтгааны нэг юм. Өнөөдөр гэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохдоо тулчихаад байна. Яагаад, юунаас болоод вэ.
Нөгөө л улс орны амьдрал улам уруудан доройтож, ард иргэд өлөн зэлмүүн, халаас хоосон атлаа өдөр өдрөөр нэмэгдэх үнийн өсөлт,татвар, татаас, элдэв төрлийн торгууль, шийтгэвэрт дарамтлуулж байхад сайд, дарга нарынх нь хувийн бизнес, авгай, хүүхэд, амрагуудынх нь тансаглал, арабын шейхууд ч атаархам хэмжээнд хүртлээ (мэдээж энэ нь төсвийн мөнгөөр) хэтийдсэн явдал байсан бус уу. Басхүү Ерөнхий сайдын жижүүрийн хэллэг болсон “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Авилгалын эсрэг тэмцэл”, “Шударга ёс” нь огтхон ч бодлого болж хэрэгжээгүйд нийгэм тэр чигээрээ бухимдаж байна. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ сүүлийн долоон жил засаглалаа шүү дээ. Энэ хугацаанд тэрбээр өмнө УИХ-аар баталсан Хөгжлийн бодлогоосоо буцсан олон шийдвэр гаргасан. Яг үнэндээ ардчилсан Монгол Улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, хэт нэг хүнээс хамааралтай дарангуйлалын тотолцоог л бий болгочихлоо. Түүний Засгийн газраас дэвшүүлж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ямар ч тооцоо, судалгаа алга. Кабинетынх нь сайд нар ашиг сонирхолын зөрчилтэй. Нийтийн албанд ажиллагсдын ашиг сонирхолыг зохицуулах тухай хуулийг зөрчиж томилогдсон хэд хэдэн сайд бий. Яагаад Монгол Улс ийм хууль гаргасан юм бэ. Хууль бичээд батлаад гаргасан бол Монголын иргэн хэн боловч дагаж мөрдөх ёстой. Үл дагаваас хариуцлага хүлээх, хүлээлгэх хуультай. Ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг нийтийн албанд тэр тусмаа төрийн сайд, даргаар томилох нь ямар хортой, гайтай, муу үр,урхагтай болохыг өнгөрсөн он жилүүдийн түүх хангалттай ухааруулсан даа уг нь бидэнд. Гэвч үргэлжилсээр...Монголчуудын ядуугийн ядуу амьдралд улам нэрмээс болсон, өмнө нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоосоо буцсан нэгэн шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргачихаад хэрэгжүүлэх шатандаа орчихоод явааг монголчууд мэдэхгүй байх шиг байна.
Монгол Улсын өмнөд, хойд хилийг холбосон босоо тэнхлэгийн цор ганц төмөр замын Багахангай зангилаанаас Хөшигтийн хөндий хүртэл 110 км төмөр зам тавихаар болсон. Шороон овоолгын ажил нь хэдийнээ эхэлчихсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2013, 2022 онд тус тус УИХ-аас батлан гаргасан тогтоолыг зөрчин байж ердөө жилийн өмнө ийм шийдвэр гаргаад гялс хэрэгжүүлээд эхэлсний цаана Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы маш ноцтой хувь эрх ашиг нуугдаж болзошгүй байгаа юм. Монголд хамгийн урт хувийн төмөр замтай, төмөр замын ачаа тээвэрлэлтийг бүрэн монопольдож, үнэ тарифыг хүссэнээрээ тогтоож, энэ салбарт “хаан” суусан ганц хүн бол Б.Дэлгэрсайхан гэдгийг монголчууд сайн мэддэг. Төмөр замаас төрийн олдоггүй орлогыг Б.Дэлгэрсайхан олдог. Сэлэнгийн Төмөртэйн ордоос Хятад руу гаргадаг төмрийн хүдрийг Б.Дэлгэрсайханы замаар, зөвхөн Б.Дэлгэрсайханы вагон,чингэлэгүүдээр зөөдөг. Бас түүнд тал засагчдын чингэлэгүүд зөөдөг. (Үүний цаана авилга оршдог байж болно) Гэтэл ийм хүн Зам тээврийн сайд болох гэж улайран тэмүүлж, тийм хүнийг Л.Оюун-Эрдэнэ сайдаар томилсон нь хууль зөрчсөн, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл биш байлаа гэж үү.
Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайд болмогцоо нэн даруй яаралтай хөөцөлдөж гаргасан шийдвэр нь дээрх 110 км төмөр замыг тавих шийдвэр. Монголын эдийн засагт хохиролтой, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, төлөвлөлт, ард иргэдийн амьдрал, жижиг, дунд бизнест хамгийн том бэрхшээл, хор хохирол учруулах ийм шийдвэрийг маш богино хугацаанд, маш том лобби хийж байж л гаргаж чадна шүү дээ. Уг нь 2020 онд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өөрөө боловсруулж, эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн том баг оролцуулан, тэдний зөвөлгөөнд үндэслэн батлаж гаргасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан заалтаа ингэж амархан өөрчлөх учиргүй байлтай. Үүнийг цааш үргэлжлүүлэн бичихийн тулд Монгол Улсын парламент болон Засгийн газраас өмнө нь ямар шийдвэр, тогтоол гаргаад хэрэгжүүлж байсныг тодотгох ёстой болов уу.
Улаанбаатар ямар их бохир,заваан, шигүү, ямар ч төлөвлөлтгүй, түгжирсэн, шавааралдсан хот билээ дээ. Ийм болгосны нэг шалтгаан нь Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод ачаа, тээврийн нэгдсэн терминал, ложистикийн бодлого байдаггүйтэй яах аргагүй холбоотой юм. Ложистик гэдэг бол нийгмийн хөгжилтэй холбоотой том шинжлэх ухаан гэдгийг манай эрх баригчид огт ойлгодоггүй юм шиг санагддаг.Ямар ч үйлдэл, тэр тусмаа ялалт, амжилт, дэвшил хөгжил, эсвэл уналт нуралт, ялагдал сүйрлийн цаана ложистик оршдог. Өөрөөр хэлбэл орших уу, эс орших уу нь ложистикийн бодлого хэр зөв байгаа эсэхээс хамаардаг гэсэн үг. Товчхондоо маш зөв зохион байгуулалт, эмх цэгц, зөв төлөвлөлт, хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай түгээлт, хуваарлилт, таталт, төвлөрүүлэлт, хангамжийг хийж, зохицуулж, зохион байгуулдаг бодлого юм. Ложистик бол ялалт, хөгжил дэвшлийн үндэс гэсэн үг. Аливаа дайн тулаанд ялалт байгуулья гэвэл эсрэг талын ложистикийн системийг устгачихад л гүйцээ. Буруу ложистикийн бодлого хэрэгжүүлвэл улс орны эдийн засаг даруй сүйрнээ л гэсэн үг. Ложистикийг бүр энгийнээр тайлбарлавал улс орны өнцөг булан бүрт хамгийн хямд зардлаар хэрэгцээт бүх хангамж, бараа, үйлчилгээг хамгийн хурднаар хэрэглэгчид хүргэх үйлдэл юм.
Өнөөдөр Монголд ложистик, ачаа,тээврийн бизнес эрхэлдэг хэчнээн ч олон компани байдаг юм бүү мэд. Бараг 40-50 компани бий гэж сонсож байсан юм. Гэхдээ Улаанбаатарын яг төв дунд энэ олон компаниуд байршиж, үйл ажиллагаагаа явуулдагийг харин сайн мэднэ. Манайх шиг ачаа тээврийн таталт, түгээлтийн үйл ажиллагаа нь хотынхоо төвд шавсан, төвлөрсөн нийслэл хорвоо, ертөнцөд өөр хаана ч үгүй биз дээ. Монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Хотын төв тэр чигээрээ нефть, цемент шохой, элс шороо, мод чулуу, машин техник ачсан вагон,чингэлэгүүдээр пиг дүүрэн битүүрч, хөл толгой нь олдохгүй хөглөрч,түгжирч, тагларч, хамаг амьтны хараал, зүхлийг барсан, нэг тийм арчаа муутай, ажилгүй эзэгтэйтэй бохир заваан айл гэр шиг л байдаг шүү дээ нийслэл хот минь. Энэ бол бидний бодлогогүй, төлөвлөлтгүй амьдралын төрх. Энэ байдлыг цэгцлэн, хотын төвийн ачааллыг бууруулахад оновчтой, зөв ложистик бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг юм аа. 21-р зууны 1,5 сая хүнтэй ийм том хот болсон атлаа ачаа, одоо болтол тээврийн нэгдсэн терминал ч үгүй нийслэл гээд бодохоор хөгжлийн тухай, тэр тусмаа мега төслүүдийн талаар ярих арай л бидэнд “ахадсан” сэдэв шиг санагдахгүй байна гэж үү.
Монголчууд бидэн шиг үйлдвэрлэгч биш, хэрэглэгч ард түмэнд тэр тусмаа бүхий л бараа, үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, үр ашигтай, хямд өртөгөөр эцсийн цэгт түгээх, хүргэх, хуваарлих, хадгалах зөв бодлого нэн чухал юм аа. Тийм ч учраас 2013, 2020 онд УИХ-аас хоёронтоо тогтоол гаргаж, ачаа, тээврийн компаниудыг хотын төвөөс гаргаж, Налайх дүүрэгт Улаанбаатар хотын ачаа, тээврийн нэгдсэн терминал байгуулах шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхлээд байсан юм. Энэ нь хотын түгжрэл, төвлөрлийг бууруулж, улмаар ложистик үйлчилгээг хамгийн хямд зардлаар хийж, ард иргэдэд хүрэх бүхий л бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих, тээвэрлэлтийн дэд бүтцийн давуу талыг ашиглах гээд Монголын эдийн засаг, хотын ирээдүйн хөгжилд маш түлхэц болохуйц шийдэл болсон билээ. Гэтэл Б.Дэлгэрсайхан гишүүн Зам тээврийн сайдаар томилогдмогцоо ганцхан жилийн дотор энэ бүхнийг өөрчлөөд хаячихлаа. Яагаад тэр билээ. Б.Дэлгэрсайхан сайдын зүтгүүлсээр байгаад гаргасан шийдвэрээр барих 110 км төмөр зам Хөшигтийн хөндий хүрээд зогсоно шүү дээ. Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиг үгүй мухар зам гэсэн үг. 1 км төмөр зам барих өртөг хамгийн багадаа 2 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл 220 сая ам.доллараар хэзээ байгуулагдах нь мэдэхгүй Хүннү гэх хот хүрэх төмөр замыг Б.Дэлгэсайхан барихаар улайрч байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Б.Дэлгэрсайхан сайд ачаа, тээврийн нэгдсэн терминалыг ийнхүү Хөшигтийн хөндийд байгуулахаар болсон юм байна. Ерөнхий сайдын маань эдийн засгийн боловсрол нэг тиймхэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ энгийн тэнэгт ч тэнэг санагдах ийм шийдвэрийг гаргаж байгааг нь бодохоор үүний цаана хувийн маш том эрх ашиг байна гэх хардлага хэнд ч эрхгүй төрдөг юм байгаа биз дээ. Тэгээд ч Б.Дэлгэрсайхан сайд болмогцоо Л.Оюун-Эрдэнийн үеэлд 100 чингэлэг “бэлэглэсэн” гэдгийг төмөр замын ачаа тээврийн бизнес эрхлэдэг бүхэн ил тод ярьдаг юм билээ. Үнэн, худлыг мэдэхгүй ч, олны яриа ортой байдаг даа. Засгийн газар төмөр зам, хар зам гээд дэд бүтэц нь бэлэн хийгээд хөрөнгө мөнгө маш бага зарцуулж байгуулж болох ложистик төвийг Налайх хотын бүсэд байгуулах гэж байснаа яагаад өөрчлөв.
Ард түмэн асар ядуу зүдүү байна. Энэ Засгийн газар биднийг тэр чигээр нь өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ард түмэн болгочихсон. Одоо тэгээд нэмэж нэрмээд яаж байгаа юм бол. Налайхад ачаа тээврийн нэгдсэн терминал, ложистикийн төвийг байгуулвал хамгийн тохиромжтой зөв шийдэл байсан юм аа гэдгийг яамны мэргэжилтнүүд чинь ярьж байна шүү дээ Б.Дэлгэрсайхан сайд аа. Яаж ч бодсон Монголын баруун, зүүн болон хойд, өмнөд чиглэлд ч тээвэрлэлт түгээлт хийх ложистикийн хамгийн оновчтой байршил шүү дээ Ерөнхий сайд аа. Налайхаас хот руу ачаа, тээвэрлэлт хийхэд хар замаар 30 гаруйхан км шүү дээ. Одоо тэгээд Хөшигтийн хөндийгөөс Улаанбаатар хүртэл дахиад төмөр зам тавих хэрэг үү. Дахиад хар зам тавих уу. Мэдээж тэгж л таарна. 120 мянган хүнтэй Хүннү хот чинь тэгээд хэзээ ч байгуулагдах юм бэ дээ Ерөнхий сайд аа. Эрүүл, саруулаар бодоод үз. Ачаа, тээврийн том тракууд Хөшигтийн хөндийгөөс 60 гаруй км явж байж хот руу түгээлт хийхээр тээврийн үнэ өртөг нэмэгддэг юм байгаа биз дээ. Тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр барааны үнэ дагаад өсөх нь хэнд ч ойлгомжтой биш үү. Олон улсын стандартаар бол ачаа, тээврийн зардал тухайн барааны үнийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой юм билээ. Гэтэл Монголд аль эртнээс 35 хувь байсаар ирлээ. Зүй ёсондоо энэ өндөр зардлыг 15 хувь хүртэл бууруулах бодлогыг Засгийн газар, Зам тээврийн яам хэрэгжүүлж байх ёстой юм. Гэтэл одоо байгаагаасаа бүр илүү хэтэрсэн зардал гарах нь байна ш дээ Ерөнхий сайд аа. Хөшигтийн хөндийгөөс тээвэрлэлт хийх юм бол өнөөгийн 35 хувь бүр нэмэгдээд 50 давсан хувьд хүрдэг юм байгаа биз дээ. Төсөөлж байна уу Ерөнхий сайд аа. Б.Дэлгэрсайхан сайд аа! Нэгж бараа, бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ нэмэгдэхээр нөгөө ядарсан ард түмний нуруун дээрх бул чулууны жин улам нэмэгдэж, амьдрал тартагтаа тулж, туйлдана шүү дээ. Тэртээ, тэргүй өдөржин, шөнөжин түгжирдэг Буянт-Ухаа, Яармагийн алдартай зам бүр таг болж, нам гацдаг юм байгаа биз дээ. Яагаад ингэж ард иргэдээ улам зовоож, тамласан тэнэг бодлого, шийдвэр гаргаад байдаг юм вэ. Эсвэл та бүхэнд л ашигтай бол бусад нь яах ийх ёстой падлий хамаагүй гэж байгаа хэрэг үү. Ачаа, тээврийн бизнес эрхлэгчид, ложистикийн компаниуд ч яагаад ийм тэнэг шийдвэрийг эсэргүүцдэггүй, дуугардаггүй юм бэ. Б.Дэлгэрсайхан сайд энэхүү тэнэг шийдвэрээ гаргамагцаа Хөгжлийн банкнаас даруй 750 тэрбум төгрөгийн зээл аваад төмөр замынхаа шороон овоолгоо хийгээд эхэлсэн юм билээ. Наадах чинь удахгүй Женкогийн шороон овоолго шиг Монголын ядарсан ард түмэнд өр болоод үлдэнэ шүү дээ. Зөвхөн өөртөө ашигтай төмөр замыг татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгаа тань гэмт хэрэг шүү дээ сайд аа.
Ашиг сонирхолын зөрчилтэй, мэрэгжлийн бус, тэгээд асар барагдашгүй шуналтай хүнийг төрийн сайдаар томилохын хор уршиг, лай ланчиг, гай нь энэ юм. Төмрийн хүдрээ зөөх, Монголын төмөр замыг бүхэлд нь өөрийн монополь, өөрөөсөө хамааралтай, хараат болгох сүлжээ, бүтцийг л бий болгож байна шүү дээ. Сайд, гишүүн болоод монголчууд, Монголын зам тээврийн хөгжлийн төлөө нэг ч алхам хийгээгүй атлаа хувийн бизнесээ тэлэхийн төлөө ямар хурдан шуурхай ажиллаж байна вэ. Б.Дэлгэрсайхан сайд аа та. Урьд өмнө нь хоёр ч УИХ (З.Энхболд 2013 он, Г.Занданшатар 2020 он ) Засгийн газар (Н.Алтанхуяг 2013 он, У.Хүрэлсүх 2020 он) Улаанбаатар хотын захиргаанаас хамтран боловсруулж, тогтоол гаргаж батласан хөгжлийн хөтөлбөрийг юунаас болоод ийнхүү өөрчилж байгааг тань та бүхнээс Монголын ард түмэн байнга асууж шаардах болно оо. Эрээ цээр, ичиж,зовохын ёсон огтхон ч үгүй новшийн шуналтай сайд, дарга нарын хувийн ашиг сонирхолын золиос болж үлддэгээ монголчууд минь одоо болих хэрэгтэй. Хэдий болтол тэвчих юм бэ. Тэвчээрт ч хязгаар байдаг юм аа.
Ш.Алтай
ТЭВЧЭЭРТ Ч ХЯЗГААР БАЙДАГ ЮМ ШҮҮ, Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙД АА |
|
2025-05-30 17:12:10
2025-05-30 16:17:47
2025-05-30 16:12:21
2025-05-30 15:37:48
2025-05-30 15:31:52
2025-05-30 14:59:04
2025-05-30 14:58:00
2025-05-30 14:56:57
2025-05-30 14:43:10
2025-05-30 14:21:17
2025-05-30 14:09:11
2025-05-30 13:58:36
2025-05-30 13:39:02
2025-05-30 13:11:33
2025-05-30 12:04:38
2025-05-30 12:00:59
2025-05-30 11:48:04
2025-05-30 11:34:46
2025-05-30 11:22:02
2025-05-30 10:54:24
2025-05-30 10:44:43
2025-05-30 10:39:27
2025-05-30 10:05:14
2025-05-30 08:43:57
2025-05-30 08:03:14
2025-05-30 08:00:00
2025-05-30 07:10:43
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 06:00:00
2025-05-30 06:00:00
2025-05-29 18:32:23
2025-05-29 17:59:39
2025-05-29 16:50:29
2025-05-29 15:28:09
2025-05-29 13:37:51
2025-05-29 13:18:35
2025-05-29 13:15:05
2025-05-29 12:14:12
2025-05-29 12:12:38
2025-05-29 11:40:02
2025-05-29 10:28:39
2025-05-29 09:00:00
2025-05-29 08:39:50
2025-05-29 08:34:31
2025-05-29 08:27:47
2025-05-29 07:40:00
2025-05-29 07:30:00
2025-05-29 07:22:26
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 06:00:00
2025-05-29 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |