• Өнөөдөр 2024-05-15

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН, АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН Ч ЭРХ МЭДЛИЙН АРД “НУУГДАЖ” БАЙГАА САЙД НАРАА ШАЛГУУЛАХГҮЙ ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

2023-05-13,   1388

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга ёс тогтоож, улстөрчдийн хулгай луйвартай тэмцэх гэж байгаа бол танхимаасаа эхлэх нь зүйд нийцэх юм биш үү дээ. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэндээ хамгийн олон сайдтай, хамгийн том бүтэцтэй танхимаар нэрлэгдээд буй. Өөрөөр хэлбэл, одоогийн Засгийн газар нийт 22 сайдтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ 22 сайдын 12 нь ямар нэг байдлаар авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ч хэтийдсэн эрх мэдлээрээ далайлгаж, хууль хяналтын байгууллагад шалгуулалгүй бултсаар байгааг сануулах гэсэн юм.

     Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрыг тэргүүлээд дөнгөж 100 хонож байхдаа “Авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, гишүүдээ намаасаа хөөнө. Эрх мэдэл албан тушаалын хэрэгтэй хэзээ ч эвэрлэхгүй” гэх амлалтыг чуулганы индэр дээрээсээ өгч байлаа. Харамсалтай нь түүний амлалт ердөө тунхаг төдий байсан нь танхимын сайд нарынх нь албан тушаалын хэргээс илэрхий байна.

      Өөрөөр хэлбэл танхимын сайд нарын тэн хагас нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт нэр холбогдож, баримтууд нь дэлгэгдсэн атал өнөөдрийг хүртэл хэл чимээгүй, сайдын суудалд даналзаж, эрх мэдлээрээ хаацайлуулан гэмгүй царайлж сууна. Тэгвэл бид энэ удаад Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас ямар сайд, ямар хэрэгт нэр холбогдсон ч Засгийн газрын сайд гэх албан тушаалын ард “нуугдаж”, хууль хяналтын байгууллагад шалгуулалгүй хариуцлагаас гадуур үлдэж байгааг нэхэн сануулъя.

ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН

      Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй сайдаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж буй Х.Болорчулууны авлига албан тушаалын хэрэг өнөөдрийг хүртэл хуулийн байгууллага дээр хэрэг нь гацсан хэвээр байна.  Тодруулбал, Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг.

      Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

      Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон түүний эхнэр Д.Энхгэрэл нарыг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн гэдэг. Тодруулбал, Б.Чойжилсүрэн эхнэр Д.Энхгэрэл нар нь Сүхбаатар дүүрэг дахь “Е март” худалдааны төв, “Чингис” зочид буудлын хашаан дотор 1330100115 нэгж талбарын дугаартай 2.4 га газар 2037 он хүртэл эзэмших зөвшөөрөл авсан байна. Улмаар тус газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлжээ.

      Ингэхдээ Б.Чойжилсүрэн тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн байгаа юм. Улмаар хууль бус барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд нууцаар цутгаж байсан нь баригдсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс барилгын үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан зэрэг асуудлууд гарч эхэлжээ.

     Ингээд Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар нь өнгөрөгч нэгдүгээр сард буюу “Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ. Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар шалгагдаж байгаа гэнэ. Б.Чойжилсүрэнгийн авлига албан тушаалын хэрэг дан ганц үүгээр зогсохгүй. Нийслэлийн байршил сайтай бүх газарт “Хурд” ХХК-иараа дамжуулан олон барилга барьсан тэрбээр хамгийн сүүлд олны анхаарал татаад байгаа “Авлига хороолол”-ын эзэд гэгдэх В.Ганбаатар, Г.Батжаргал нартай халаас “нэгтэй” гэх баримт ч ил болоод буй.

     Цаашлаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нүүрсний хулгайн хэрэгт холбоотой байж болзошгүй баримтууд ч байдаг. Тодруулбал, Б.Чойжилсүрэн өөрийн дүү Б.Балдорж Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутаг дахь “Айл баян” нүүрсний уурхайг эзэмшдэг бөгөөд 30 машинаар нүүрс тээвэрлэж байгаа юм.

ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

     УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий "Вестерн Холд" ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч төлөөгүй гэх асуудал хөндөгдөж байлаа.

    Тус компанийн дийлэнх хувьцааг “Нью прогресс” групп эзэмшдэг байна. Улмаар Нью прогресс группийн хувьцааг анх Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт эзэмшиж байсан байсан бөгөөд одоо түүний хүү эзэмшиж байгаа юм. Иймд түүнийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хардлага ч байдаг.

    Мөн түүний “Нью прогресс” группийн охин компани “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-иуд нь Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайд хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт хариуцдаг зэргээр нүүрсний асуудал ч нэр холбогддог.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

      Нүүрсний хулгайн хэрэг “М Си Эс”-ийнхэн холбоотой гэж Төрийн ордныхон өөрсдөө зарлаж байсан удаатай. Тэгвэл тус бүлэглэлээс Засгийн газарт сайдын суудалд суусан нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг ямар сэжмээр холбогдож байгаа баримтыг эргэн сануулахад Л.Энх-Амгалангийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 13 иргэн нийт 49 сая төгрөг, 19 компани нийт 380 сая төгрөгийн мөнгөн хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босгожээ. Л.Энх-Амгаланг дэмжиж, сонгуулийн зардлыг нь босголцсон тухайн аж ахуйн нэгжийн ихэнх нь “М Си Эс” группийн охин компаниуд байгаа юм.

     Тухайлбал, “М Си Эс” группийн охин компани болох “Эрчим сүлжээ” ХХК, “Маркет гейт” ХХК, “Агар энержи” ХХК, “Юпланет” ХХК, “Орбитнет” ХХК, “Юнисервис солюшн” ХХК, “Белл бий” ХХК, “Нордстар ресурс” ХХК, “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК гэсэн есөн компани тус бүр 20 сая төгрөг буюу нийт 180 сая төгрөг хандивласан байдаг. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн захирал Готовын Батцэнгэл ч хандив өргөсөн байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувийн хамгийн том нүүрсний компани, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр “Нүүрсний гол хулгайч” гэгдээд буй “Энержи ресурс” ХХК-иас салгаж ойлгох боломжгүй юм.

ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР   

     УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нүүрстэй холбогддог нэг эмзэг сэдэв нь Хотгор шанагын уурхай. “Хотгор шанага” ХХК-ийг Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа болон БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанитай хамтран эзэмшиж буй.  Гэтэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар нь “Хотгор шанага” ХХК-ийн хамтрагч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэйгээ хамтран одоо ч “Шанага транс” ХХК-ийг эзэмшиж байна.

      Илүү ноцтой нь, “Хотгор шанага” ХХК-ийг хамтран эзэмшигч Нүүрхүүгийн Болормаа нь“Си Ай Жи” ХХК-ийг эзэмшдэг.  Гэтэл “Си Ай Жи” ХХК нь Өмнөговьд 2021 оны зургадугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2021/483 тоот “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулжээ. Энэ гэрээний дагуу “Си Ай Жи” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас исэлдсэн нүүрс худалдан авч, урагш нь гаргаж байгаа аж. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ Чойр хүртэл 470 км авто замаар тээвэрлэж, Чойр өртөөнөөс вагонд ачиж, БНХАУ руу гаргадаг нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдох сэжим болж байгаа юм.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

     УИХ-ын 2020 оны сонгуулиар одоогийн Сангийн сайд Б.Жавхланд “Эм Эм И Кью” гэх компани хандив өгч, сурталчилгааны санхүүжилтийг нь босголцжээ. “Эм Эм И Кью” ХХК нь “Моннис групп”-ийн охин компани бөгөөд өдгөө “Моннис майнинг” ХХК болгож нэрээ өөрчилсөн байна.

     Сангийн сайд Б.Жавхланд сонгуулийн хандив өгсөн “Эм Эм И Кью” ХХК буюу “Моннис майнинг” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн В багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт шалгарч, 799 тэрбум төгрөгийн гэрээг байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний хулгайн хэрэгт холбоотой байж болох үндэслэлүүд уг баримтаар нотлогдож байгаа юм.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

      Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат өдгөө нүүрсний бизнест орсноор түүний хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон байж болзошгүй баримтыг бид ил болгосон. Тодруулбал, Л.Чинбат “Тэвшийн нүүрс” ХХК-ийг эзэмшиж байгаа аж. “Тэвшийн нүүрс” ХХК нь Дундговь аймгийн MV-018499 дугаартай, 877.4 га талбайтай “Тэвшийн говь” хүрэн нүүрсний ордыг 2045 он хүртэл олборлох эрхтэй ажээ. Түүнчлэн, Л.Чинбатын нүүрстэй холбоотой өөр нэг сэжим байдаг. Тодруулбал, Л.Чинбат З.Батбаатартай хамт “Коулголд Монгол” ХХК-ийг эзэмшдэг. З.Батбаатар нь Ц.Очирхүүтэй хамт “Френдс транспорт тийм” ХХК-ийг эзэмшдэг. Ц.Очирхүү нь “Уран тех” ХХК-ийг эзэмшдэг. “Уран тех” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулан ажиллаж байгаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР

     УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын  төрсөн дүү Ж.Нарантуяа нь Хаянхярваагийн Азбаяр гэгчтэй “Оргил үүдэн зам” ХХК-ийг саяхныг болтол хамтран эзэмшсэн ирсэн. Гэтэл Хаянхярваагийн Азбаяр нь мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшиж иржээ. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж, өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар бизнесийн “нууц” хамтрагчид байж болзошгүй сэжүүр үүгээр гарч ирж байгаа юм.  

      Цаашилбал, УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Ганхуягийн Гантулга гэгч нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Харин “Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт 2018 оноос хойш Сор говь нэртэй нүүрсний уурхай ажиллуулж буй аж.  

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

     Х.Нямбаатар өөрөө “Нүүрсний хулгай”-н мөнгийг хотхон, хороолол болгож угаасан хэргээр хоригдож буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нарын хэрэгт холбоотой байж болзошгүй ноцтой сэжүүр байдаг.

    Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаа нь Отгоны Дагвадорж гэгчтэй хамтран “МД трейвэл” ХХК-ийг эзэмшдэг болсон. Улмаар тэд “МД трейвэл” ХХК-иараа Богдхан уулын Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь, Б.Мандчирмаа, О.Дагвадорж нар Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын “Нүүрсний хулгай”-н мөнгөөр тус хотхоныг барьж, мөнгө угааж байж болзошгүй баримтууд хууль хяналтынхны гарт орсон. Улмаар “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Отгоны Дагвадоржийг нэг сарын хугацаатай цагдан хориод буй.

      Отгоны Дагвадорж гэгчийг судлаад үзэхээр дээр дурдсан “МД трейвэл” ХХК-иас гадна “Саран инж девелопмент” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Бямбарагчаагийн Батзориг гэх залуу бий. Бямбарагчаагийн Батзориг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “Нүүрсний мөнгө”-өөр санхүүжүүлж, төрсөн эгч Б.Нарантуяагаараа бариулсан тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” хотхоноос хаус худалдаж авсан зэргээр хамтарсан гэх. Өөрөөр бол, Отгоны Дагвадорж, Бямбарагчаагийн Батзориг нар хувь, хувьсгалын хамтрагчид, тэр тусмаа Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын “Нүүрсний хулгай”-н хэрэгт хамтрагчаар оролцсон болохыг нь хууль хяналтынхан тогтоочихсон мэдээлэл бий.  

     Цааш нь хөөхөөр, Бямбарагчаагийн Батзориг нь “Бадрах өргөө девелопмент” ХХК-ийг эзэмшдэг. “Бадрах өргөө девелопмент” ХХК өмнө нь “Өгөөдэй ази” ХХК нэртэй байсан ч нэрээ солиулсан. Харин нэрээ солиулах болсон шалтгааныг нь судлаад үзэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбогдож байгаа юм. Тодруулбал, 2018 онд буюу “Өгөөдэй ази” ХХК нэртэй байх үед нь Х.Нямбаатар ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх дуулиан дэгдэж байсан. Тухайн үед Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК-д буюу Бямбарагчаагийн Батзоригт ЖДҮХС-аас зээл авахад нь зориулж өөрийнхөө болон төрсөн дүү Х.Нямаа, эхнэрийнхээ төрсөн дүү И.Баярбат нарынхаа орон сууцны ордерыг барьцаанд тавьж өгсөн гэх баримтууд олон нийтэд ил болж байсан юм.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

     Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Монгол Майнинг Энд Эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлж, нөлөөлсөн байж болзошгүй асуудлаар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогддог. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй маш ойроор, бүр нэг сумаар, нэг холбоогоор холбоотой танилууд гэдэг нь баримтаар нотлогддог.

      Тэр байтугай Ц.Даваасүрэн “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн захирал Г.Батболдод 10 гаруй жил удирдсан "Дэлтэй цэнхэр" МСУХ-гоо хүртэл шилжүүлж өгсөн баримт бий. Өөрөөр бол, алтны жирийн нэг компани “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм.

ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

      Нүүрсний бизнестэй нөхдийн хань, хамсаатан, хамтрагчдын жагсаалтад УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ орж ирж байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойш Содномын Жаргалсайхантай хамтран “Атар чандгана сүү” ХХК-ийг эзэмшиж байгаа. Б.Бат-Эрдэнэ АТГ-т мэдүүлдэг ХОМ-тээ “Атар чандгана сүү” ХХК-ийн 14 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж ирсэн. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд сүүний чиглэлийн үхрийн ферм ажиллуулж, сүүгээ С.Жаргалсайхан өөрийнхөө “Витафит” ХХК-д авдаг. “Витафит” ХХК нь “Өглөө”, “Өлзий” нэрийн савлагаатай сүүг зах зээлд нийлүүлдэг.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтарч 12 жил сүүний бизнес хийсэн С.Жаргалсайхан 2021 онд нүүрсний бизнест хөл тавьсан. Тодруулбал, С.Жаргалсайхан 2021 оны хоёрдугаар сарын 7-нд “Харгуйн тал транс” ХХК-ийг эзэмшигч болсон. Улмаар ганцхан сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байдаг.

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

     Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг байж болзошгүй баримт бий. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн эхнэр Дашбаатарын Болортуяагийн төрсөн дүү Мөнхдөлийн эзэмшилд байсан “Кирвэй” ХХК нь нүүрс тээврийн компанитай бөгөөд 2020 оноос буюу Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх үеэс нүүрс тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Хожим “Кирвэй” компанийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунт чулуу” ХХК-д шилжүүлсэн ч Б.Бат-Эрдэнэ өөрийн хадмуудаараа дамжуулан нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй юм.

Энэ мэтээр Засгийн газрын гишүүп эрх мэдэл албаг тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй баримтууд илт байна. 


НҮҮРСНИЙ ХУЛГАЙН, АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН Ч ЭРХ МЭДЛИЙН АРД “НУУГДАЖ” БАЙГАА САЙД НАРАА ШАЛГУУЛАХГҮЙ ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-14 21:33:16
    Тост тосон бумбийн чойжоо алтан гарт сумка: Чойжилсүрэн нүүрсний хамгийн том хулгайч шүү, алтан гарт сумкатай нэг кармаатай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 21:14:16
    Сонирхогч: Ж.Сүхбаатар С. Чинзориг.Сайханбаяр Батцэцэг Х. Булгантуяа Н.Учрал С. Амарсайхан Амарбаясгалан нар ашгүй нүүрсчин биш юм шиг байна овоо доо 8 сайд нэр цэвэр байна гэдэг бол бас чиг дажгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 20:30:50
    иргэн: Өөөө дандаа гал хамууд байдаг газар юм биш үү. ккккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 09:00:00
    Irgen: Uhsen haan baina ter yg hulgaildag nohduud. Heden hund tanigdsan arzaisan hedeer tug tahihaa boli!!! Henii zahialgav
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188