• Өнөөдөр 2024-05-07

“УЛААН ЦЭЦЭГ” КИНОНЫ ДҮРҮҮД БА XXI ЗУУНД ИРСЭН УДВАЛ

    Өнгөрсөнтэй, тэр дундаа өнгөрсөн зууны сод хүмүүстэй уулзах хувь завшааныг бидэнд кино урлаг олгодог. Ердөө дэлгэцэн доторх дуутай дүрсэд цаг хугацааны хязгаар гэж байхгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд бүхнийг дэлгэн үзүүлдэг зүйл бол кино урлаг. Ийн бодсоор ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг С.Удвал авхайтай уулзахаар кино театрыг зорилоо. Ухаалаг утас, техник технологийн эрин үе болох XXI зууны залуус бид өнгөрсөн зуунд Монгол Улсын төлөө, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, гар бие оролцож,  явсан эрхэм нэгэн эмэгтэйн амьдралын тухай киног дэлгэцээс харж суух сонин мэдрэмж төрж байв. Дундаа бүхэл бүтэн зууны ялгаа бидэнд байх бөгөөд кино театрын сандал дээрээс би өнгөрсөн зууны ахуй соёл, үг хэллэгийн харж суугаа минь өөрөө мөн кино шиг санагдаж байлаа. Кино эхлэхийн өмнө би ийн бодсон юм. Одоо харин “Улаан цэцэг” киноны Удвал буюу Г.Ундармаа, залуу Удвал болох Б.Хунцэнгүүн нар хэрхэн Удвал хэмээх нэгэн зууны манлай эмэгтэйг бидэнд ойртуулан гаргасныг энд өгүүлье.

ХУНЦЭНГҮҮН БА ЗАЛУУ УДВАЛ

   С.Удвал зохиолч залуудаа ямар байсныг төдийлөн мэдэхгүй ч ийм л авхай байсан болов уу гэсэн өгөгдлийг Хунцэнгүүн гэх сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуу жүжигчний дүрээс харж болно. Түүний сэргэлэн цовоо зан, эрс шийдэмгий үг хэллэг, түргэн шуурхай хөдөлгөөн цаанаа нэг ирээдүйн манлайлагч эмэгтэйн шинжийг илтгэнэ. Мөн хэлж буй үг нь хэн нэгэнд тал зассан, эсвэл загнаж, зандарсан бус гол чигийг нь барьж, шулуун шударга, эрс шийдэмгий байв. Тэр бусад дүрүүдтэй харилцахдаа мөн л эл шулуун шударга үгсээрээ харилцана. Энэ нь С.Удвал зохиолчийн зан араншинг гаргах бөгөөд мөн биеэ даасан байдал, аливаа тууштай, няхуур хандаж байгаа байдлыг залуу жүжигчин Хунцэнгүүн ихэд эвлэгхэн гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Хунцэнгүүн дүрдээ балчирдаж, багадаж, гологдсонгүй, хэтрүүлсэн ч үгүй. Тэр цэх шулуун, цэгц эмэгтэйн дүрийг ягштал баримталсан нь үг, үйлдэл, төрх байдлаас нь илт харагдаж байлаа. Тэгэхээр Хунцэнгүүний хувьд залуу Удвалын дүрийг чамгүй сайн гаргасан бөгөөд харин ч илүү өнгөлөг, жавхаалаг, дэгжин Удвал ахайтаныг тэр үзүүлж чаджээ. Түүний харцны тоглолт, ихэмсэг байдал, цаанаа нэг хэрсүү зан чанар С.Удвалыг илтгэх мөртлөө нөгөө талаар дууриаж, эсвэл үзүүлэх ядсан зүйл үгүй. Хувцас болон бусад зүйлсдээ жаахан анхаарахад л тэр чамбай, чанга, шулуун шударга, тууштай, зоригт дайчин, хүсэл мөрөөдөл дүүрэн С.Удвал болчихно. Өөрөөр хэлбэл, Хунцэнгүүн жүжигчний өгөгдлийг жаахан тордоход л түний дүр амилчихаж байгаа юм. Тэгэхээр С.Удвал авхайн зан чанар, өнгө төрхөд нийцүүлэн түүнийг сонгосон нь найруулагчийн мэргэн сонголт байлаа. Наад зах нь ямар ч үзэгчээс "ийм Удвал гэж хаана байсан юм" гэсэн гомдол гарахгүй болов уу. Учир нь түүн шиг соёлтой, галтай залуу Удвал өөр хэн нэгэн байхад төсөөлөгдөхгүй байгаа юм. Тэгэхээр Хунцэнгүүнийг залуу Удвалын дүрд сонгосон нь нэг талаараа киногоо аварч, гаргах гэсэн санаагаа түүний дүрээр гүйцээж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ бол дүрээ сайн гаргаж, дүрдээ орж байгаагийн илрэл.

-С.УДВАЛЫН ДҮРИЙН ЮУГ Ч ОРХИЛГҮЙ СУДАЛЖЭЭ, ТЭР-

      Үргэлжлүүлэн ахимаг насны буюу бидний мэдэх Удвал зохиолчын дүрд тоглосон Г.Ундармаа жүжигчин бол яах аргагүй олон жилийн туршлага, урлагийн нэгэн боловсорсон уран бүтээлч гэдэг нь түүний дүрээс илүүтэй илэрхий. Тэгээд ч нас, ажил, амьдралын хувьд илүү санааширсан, бодлогоширсон, бодсон, ухаарсан дүр. Хэдийгээр дүр гэдэг тухайн зохилын дагуу явах хэдий ч үгээ хэлэх, үйлдэл хийх бүртээ чадвараа харуулж, тухайн дүрээ илэрхийлж байдаг. Сономын Удвал гэх эмэгтэй зохиомол дүр биш, тэр бол бодит гэдгийг илтгэх үүрэг хариуцлага Г.Ундармаа жүжигчинд илүү буусан. Энэ ч утгаар дүрийн судалгаагаа сайн хийжээ гэж харагдсан. Өөрөөр хэлбэл тэр дүрээ судлахдаа С.Удвал авхайн гуниг, ганцаардал, шаналал, баяр, аз жаргалыг цөмийг нь судалж, тэр бүртээ өөр өөр нүүрний хувирал, өнгө төрхийг гаргадаг байсныг нь хүртэл жижиг гэлтгүй нарийвчлан түүж гаргасан нь мэдрэгдэж байв. Тэгэхээр тэр ч мөн Удвалын дүрд тун ойр бууж, бидэнтэй уулзуулж чадсан байгаа юм. Ердөө кинонд эл хоёр дүр гол нуруу болж, өөр өөрсдийн үүрэг жанжин шугамаа алдахгүй явснаараа бидний хүндлэн бахархаж, бүтээл туурвилаар нь бахаддаг С.Удвал зохилчийг дөхүүлжээ гэхэд буруудахгүй болов уу. Дээр дурдсанчлан нэг талаараа дүрээ алдаа мадаггүй сайн гаргах ёстой гэсэн хэтийдсэн их хариуцлага байсан ч тэд өөр, өөрсдийн, мэдрэмж, дүрийн судалгаагаараа даван гарч, дүрээ амжилттай бүтээжээ. Энэ зуунд өмнөх зууны манлай эмэгтэй С.Удвалыг авчирсан тэдэнд баяр хүргэе.

Тэр дүрээ судлахдаа С.Удвал авхайн гуниг, ганцаардал, шаналал, баяр, аз жаргалыг цөмийг нь судалж, тэр бүртээ өөр өөр нүүрний хувирал, өнгө төрхийг гаргадаг байсныг нь хүртэл жижиг гэлтгүй нарийвчлан түүж гаргасан нь мэдрэгдэж байв. 


“УЛААН ЦЭЦЭГ” КИНОНЫ ДҮРҮҮД БА XXI ЗУУНД ИРСЭН УДВАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188