• Өнөөдөр 2025-05-18

ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2021-11-23,   1250

        Өвлийн эхэн сар гарч, мөдхөн идэр ес эхлэх нь. Жилийн яг өдийд хүмүүс өвлийн идшээ бэлдэж, малчид  "Эмээлт" зах руу нүүдэллэдэг. Товчхондоо арваннэгдүгээр сарын сүүл бол нийслэлийн иргэд болон малчдын "болзох" ид үе. Монголчууд бид энэ үеийг "Цаг цагаар нэг цагаан сараар нэг цадна. Үе үе нэг цадаж, үхэр алахаар нэг цадна" гэж хэлэлцдэг. Үнэхээр л хот суурин газрынхны хувьд идшийн цагаар л нэг ханатал нь хөргөгчөө дүүргэдэг нь нууц биш. Энэ ч утгаар иргэд аль тарга тэвээрэг ихтэй үхэр, адуу сонгож, нүдэлж байгаад л хэдэн төгрөгөө гар татахгүй тоолж өгнө. Малчдын хувьд ч хавар, намар зундаа хамаг соргог, шимт ургамалтай гэсэн газруудаар нь идээшлүүлж, тарга авсан бог, бод малаа боломжийн үнээр өгсөндөө сэтгэл ханаж, хэн хэндээ сэтгэл хангалуун наймаа болдог.  Ингэж л өвлийн идэшний худалдаа наймаа өрнөнө. Үнийн хувьд жил бүр өсдөг ч энэ жилийн тухайд бод малын үнэ илүүтэй өссөн байгааг малчид онцолж байна. Иймд бид зарим аймгийн малчидтай холбогдон бог болон бод малын үнэ ханш ямар байгааг сонирхлоо.

   Малчид нийслэлд малаа зарах боломжтой гол цэг бол Эмээлт. Ер нийслэлчүүд үүрийн таван жингээр тус захыг зорьдог. Харин тус захаас гадна иргэдийн гол мэдээлэл авч, цаашлаад явдал суудалгүйгээр урьдчилан захиалгаа өгөөд хүргүүлээд авах боломжтой гол цэг бол цахим орчин дахь пэйж хуудас. Аймгуудын нэгдсэн "Мах,сүү, цагаан идээ, хүнсний ногоо" гэсэн нэгдэл байх бөгөөд энд амйаг аймгийн малчид, махны ченжүүд өөрсдийнхөө зар мэдээллийг оруулж, нийслэлийн иргэдэд мэдээлэл хүргэнэ. Цаашлаад иргэд аймгуудад захиалга өгч, түүнийх нь дагуу малыг хот руу оруулж ирэх ч тохиолдол байх аж.

-ӨВЛИЙН ИДЭШНИЙ ҮНЭ ӨМНӨХ ЖИЛЭЭС НЭМЭГДЖЭЭ-

   Бид эхлээд баруун аймгийн зарим малчидтай холбогдон, үнэ ханшийн талаарх мэдээлэл авлаа. Бог болон бод малын үнэ өмнөх жилээс өссөн талаар Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Р.Нямдаваа "Жил бүр л өсдөг. Энэ жил сувай үнээ 1.0 сая, адуу-500-1.3 сая төгрөгөөр худалдаалж байгаа бол эр ямаа 120-130 мянга, эм ямаа 80 мянга, эм хонь110 мянга, шүдлэн үхэр 800 мянга, хязаалан үхэр 1.5 сая төгрөгийн үнэ ханштай байх бөгөөд энэ нь өмнөх жилээс өссөн. Тухайлбал, өнгөрсөн жил хонь, ямаа 60-80 мянга байсан бол үхэр 700-800 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Энэ жилийн тухайд шатахууны үнэ өссөн. Мянган километрийн цаанаас ирж байгаа учир бид тээврийн зардлын үнээ тооцсон. Түүнээс гадна энэ жил цар тахлын улмаас махны үнэ их өссөн гээд олон зүйлс нөлөөлсөн" гэв.

  Харин Архангай аймагт, шүдлэн үхэр 700 мянга, хязаалан үхэр 1.4-1.5 сая , адуу- 1.2 сая, эр ямаа 110-120 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол эм ямаа 80-90 мянгаар худалдаалагдаж байна хэмээн тус аймгийн малчин Г.Ганжаргал ярив. Тэрбээр " Малын үнэ өмнөх жилээс өссөн. Бүх зүйлийн үнэ өсж байхад өсөхөөс аргагүй. Малчид бидний хувьд хавар, намартаа л нэг мал малласны ашиг шимээ хүртдэг. Тэгэхгүй бол мал гэдэг нэг л зуднаар байхгүй болчихно. Хэдэн хүүхдүүддээч хурааж хуримтлуулсан зүйлгүй алга болно. Тиймээс жаахан юм хадгалахын тулд борлуулалт хийх нь чухал шүү дээ. Үнэтэй гээд хүмүүс мах идэхээ болихгүй. Энэ цар тахалтай үед махаа л идэж бидний дархлаа сайн байна" гэлээ.

    Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн үнигй асуухад, адуу 1.3 сая, үхэр 1.2 сая, хонь 120-130 мянга, ямаа 80-100 мянган төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү баруун аймгийн малын махын үнэ ийм байх бөгөөд харьцангуй хол аймгаас тээврийн зардалдаа үнэ ханш нь өндөр өссөн гэдгийг малчид онцлон хэлж байлаа.

-ХОНЬ,ЯМАА 120 МЯНГА-

   Харин зүүн бүс буюу Ховд, Говь Алтай зэрэг аймгуудын өвлийн идэшний үнэ ханшийг судлахад мөн л шүдлэн үхэр 1.2 сая, сувиа үнээ-1.0 төгрөгийн үнэтэй байна. Харин хонь болон ямаа 110-120 мянган төгрөгөөр борлуулаглаж байна. Харин Говь-Алтай аймагт, адуу 1.3 сая байх бол шүдлэн үхэр 800 мянга, хязаалан үхэр, 1.4-1.5 сая төгрөг байна.

  Энэ нь өмнөх жилээс өссөн эсэх талаар бид Говь-Алтай аймгийн малчин Г.Баяржавхлангаас тодруулахад “Энэ жил мэдээж тодорхой хэмжээнд малын үнэ жаахан өссөн. Малчид бид чинь хүнсний цагаар л малынхаа үр ашгийг хүртэнэ шүү дээ. Бид чинь махаа аваад хэдэн мянган километрийн цаанаас нэлээд зардал, чирэгдэл болж ирнэ. Энэ бол нэг шалтгаан нөгөө талаас цар тахалтай хоёр жилийн хугацаанд малчдыг хувьд мөн худалдаа, наймаа хаалттай байсан. Тэгэхээр энэ жилийн тухайд ганц борлуулах үе гэж харж байна.

Энэ жил аймгуудад өвлийн идэшний үнэ ижил байх бөгөөд Дорнод аймагт гэхэд шүдлэн үхэр мөн ижил нэг 1.2 -1.4 сая төгрөгийн үнэтэй байна.  Харин Булган аймагт шүдлэн үхэр 1.1 сая, хязаалан үхэр, 1.5 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Ийнхүү өвлийн идэшний үнэ энэ жил аймаг, орон нутагт ийм үнэтэй байна.

   Ташрамд дурдахад, энэ жил цар тахлын улмаас энэ жил  импортлогч орнууд манай улсаас мах авахгүй шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сард гаргасан. Иймд ХХААХҮЯ дотоодын махны худалдааг дэмжин, төв суурин газарт махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Засгийн газраас нөөц бэлтгэхэд гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн. Одоогоор 17 аж ахуйн нэгж 81 тэрбум төгрөгийн зээл авч, арилжааны банканд 19 тэрбум төгрөгийн зээлийг судалж байна. Үйлдвэрүүд 6.1 мянган тонн мах нөөцлөөд байгаа юм. Энэ жил 15 мянган тонн мах бэлтгэх зорилготой. ХААДС-д ч бизнесийг дэмжих зорилгоор аймаг, орон нутгаас ирж буй, эрүүл ахуйн шаардлага хангасан таван мянган тонн нөөцлөхөөр төлөвлөсөн байгаа талаар мэдээлсэн юм.

 

 


ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188