• Өнөөдөр 2024-05-01

МОНГОЛ КИНОНЫ САЙХАН ЭМЭГТЭЙЧҮҮД

2023-07-14,   2566

      Өмнө нь бид “Монгол киноны сайхан залуучууд гэсэн бичвэрийг хүргэсэн бол энэ удаад “Монгол киноны сайхан эмэгтэйчүүд”-ийг онцлон хүргэж байна. Хөгжмийн зохиолч Б.Бадрууган агсны  аяыг нь хийсэн “Гэрлэж амжаагүй явна” киноны дуунд “Төрсөн нутгийн үзэмж шингээд...” гэж эмэгтэй хүний гоо сайхныг ихэд сайхан өгүүлсэн байдаг бол Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн “Чандмань эрдэнэ” дуунд, “Халуун голыг булгиулсан гоо чинь хө
            Хасын туяаг ч булаасан одтой ёо...”хэмээн эмэгтэй хүний гоо сайхныг ихэд магтан, хэтрүүлэн өгүүлсэн байдаг. Үүн шиг үнэхээр унаган байгалийн сайхан гоо үзэмж бүрдсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл бидний үзэх дуртай олон ч монгол кинонд бий. Шар дурдан бүсийг тэвхийтэл ороож, урт хар гэзгийг унжуулан, саалийн хувингаа бариад алхах жинхэнэ монгол эмэгтэйчүүд бол тэд.
 
   “Бага тайз”-ын саальчин Хонгорзул, “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай, “Гарын таван хуруу” киноны Сүрэн, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Хишигээ, “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч эмэгтэй Солонго, “Загийн алим” киноны Агиймаа, “Би нисэх дуртай” киноны Заяа, “Тань руу нүүж явна” киноны Хандмаа, “Гарьдмагнай” киноны Удвал, “ “Ирж яваа цаг” киноны Маралмаа гээд  олон сайхан дүр бий. Тэдний залуу насны сайхан дүрээр нь хамтдаа аялацгаая.

-МУГЖ Б.ЦЭРЭНПАГМА БУЮУ СААЛЬЧИН ХОНГОРЗУЛ-

    Монголчууд Б.Цэрэнпагмыг “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрээр андахгүй мэднэ. Нас тогтсон хойноо тус дүрд тоглосон тэрбээр залуудаа бол дэлгэц, театрын сайхан хүүхнүүдийн нэгт зүй ёсоор ордог. Дээд урууландаа мэнгэтэй, том алаг нүдтэй эл жүжигчин “Бага тайз”-ны саальчин Хонгорзул, “Эр хүн”, “Эхлэл”, “Хүний амь” зэрэг кино, жүжигт ёстой л залуу сайхан насныхаа ид үе дээр тоглож. 
 
   Мөнхүү “Эргэж бодох бодол” киноны Цэвэлмаа, “Мандухай сэцэн хатан” киноны  Шихэр хатан, “Тамд эдэлсэн жаргал”, “Хүлээх газар” кино гээд түүний тоглосон олон ч бүтээл бий.
 
   Найруулагч Г.Жигжидсүрэн түүний галзуу Цэвэлийн дүрийн тухай “Б.Цэрэнпагмыг галзуу Цэвэлийн дүрд тоглуулах гэж багагүй зовоосон. “Шар хад”-ны сэтгэцийн эмнэлэгт аваачиж, тасгуудад нь хүртэл оруулж, судлуулсан. Нэг зүйлийг би гайхдаг юм. Цэрэнпагмын тэр нүдний харц, мөн айхавтар шүү, яах аргагүй сэтгэлгээтэй, дотортой, авьяастай, том жүжигчний гаргаж чадах тоглолт. Үс, гэзэг сэгсийлгэх, гайваг, дайваг явах гээд  гаргаж болохуйц зүйл бий гэхэд  нүдний харц бол тэс өөр” гэж ярьсан байдаг. Ингэж дүрээ гаргаж, залуу сайхан наснаасаа эхлэн галзуу Цэвэлийн дүрийг бүтээтлээ ажиллаж, тайз, дэлгэцийн бүтээлд нүдний тоглолт өндөртэй, дотортой, дүрдээ орсон шиг ордог жүжигчдийн нэг болон явжээ. Сайхан ч эмэгтэй, сайхан ч уран бүтээлч байсан юм билээ.
 

-МУАЖ Д.МЭНДБАЯР БУЮУ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР СҮНДЭРЪЯА-

   Найруулагч Д.Жигжидийн бүтээл “Жаргал даахгүйн зовлон” киног монголчууд бид сайн мэднэ. Уйгагүй ажилсаг эмэгтэй Сүндэръяа бол монгол түмний бахархал болсон дүр. Өрх гэрээ өөд татаж, өсөх малаа олон болгосон манлай малчин хүүхнүүдийн төлөөлөл болсон түүний дүр бидний сэтгэлд зүрхэнд тод үлдсэн. Энэ бол МУАЖ Д.Мэндбаярын залуу насны сайхан ч дүр. Анхлан долдугаар ангийн сурагч байхдаа  сургуулийн тайзан дээр тавигдсан “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд тоглож эхэлснээс хойш урлагийн замд дөрөө харшуулж, бидний үзэх дуртай олон сайхан киноны дүрийн эзэн болсон. Анхлан 1963 онд театрын тайзнаа алхсанаас хойш “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Луза, “Овод” жүжгийн Жемма, “Бөмбөрчин эмэгтэй” жүжгийн бөмбөрчин эмэгтэй зэрэг дүрийг бүтээжээ. Тэрбээр мөн “Гарьд магнай” киноны  Равсал панзын эхнэр, “Мандухай сэцэн” хатны Юнгэн хатны дүрийг бүтээсэн юм. Мөн "Отелла" жүжгийн Дездемоны дүрд тоглосон. Д.Мэндбаяр гуай ихэвчлэн сайхан ээж, эмэгтэйн дүрийг үзүүлдэг бөгөөд залуудаа бол хүний сайхан эхнэр, харин жаахан нас тогтсон хойноо, ээжийн дүрийг амилуулж байгаа энэ цагийн уран бүтээлчдийн "ээж" нь юм. Театрт орсноосоо хойш олон уран бүтээлийн дүрийг түшилцэж, залуу мөртлөө чамгүй чадварлагч уран бүтээлч түүнийг анхлан авьяас билгийг нь магтсан хүмүүн бол МУАЖ Э.Оюун гэдэг. Тэрбээр Д.Мэндбаяр жүжигчнийг "Гарваа" жүжгийн Гарваагийн дүрийг бүтээхэд нь "Золигийн хүүхэд шүү" хэмээж, өөрийн нэрэмжит шагналыг хүртээж байжээ. Тэр он жилүүдээс хойш тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд авьяас, билгээ сорьж, сэтгэл зүрхээ өгсөөр өдгөө ч уран бүтээлд оролцсоор байна.
 
 

-МУАЖ Н.СУВД БУЮУ МАНДУХАЙ

“Сэцэн мандухай
 Ай мандухай...” гэдэг шиг Мандухай сэцэн хатны дүрийг бүтээсэн шиг бүтээсэн эрхэм бол Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Намсрайн Сувд. Түүн шиг баатар зоригт, эрэлхэг дайчин, ухаалаг хатны дүр ховор гэхэд хэтийдэхгүй байх. Мэдээж хаан төрийг ухаан болоод зориг зүрхээрээ хуваалцах нь хатны дүрд угаас байх оноолт. Харин нүдний харц, үг хэллэг, хэлсэн үг бүрийнхээ ард санаа алдаж, шархирч, зарим үед өмрөх тоглолт бол эрхгүй жүжигчний авьяас билиг, өгөгдөл болов уу. Тэгвэл энэхүү авьяас билгийг МУАЖ Н.Сувд гуай бидэнд тултал үзүүлсэн. Халуун залуу, хайр сэтгэлийнхээ тэр ил, далд байдлыг энгийн бөгөөд эрэмгий үзүүлж чадах нь хэр олон бол. Тэр Мандухай гэж яг ийм л хатан байсан байх гэдэг төсөөллийг дүүргэж, бүтэн болгож, амилуулсан. Энэ бол Монголын тайз, дэлгэцийн урлагт Н.Сувд жүжигчнийг тамгалж чадсан дүр. Хэн ч түүний дүрүүдээс урьд Мандухай, Өэлүн ээжийн дүрийг нь хэлэх байх. Мэдээж уран бүтээлчийнхээ хувьд тайз, дэлгэцийн олон ч бүтээлийн туслах болон гол дүрийг чимхэлцсэн уран бүтээлч.  “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Цэндсүрэн, “Эхлэлт” киноны Хорлоо, “Ичээнд нь” киноны солиотой хүүхэн, “Моторын дуу” киноны дуучин, “Анхны хайрын дууль” киноны Янжин, “Хань” киноны Наран, “Хүний амь” киноны Сарантуяа, “Бушхүүгийн үлгэр” киноны лусын дагина, “Хатанбаатар” киноны Жаргал, “Сахиус уу, сахиул уу” киноны үйлчлэгч, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Өэлүн зэрэг олон ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Түүнээс гадна тайзны олон ч бүтээл бий. МУАЖ Н.Сувд бол Монголын урлаг гэх далайн авьяас билиг, эгэл гоо төрх, энгийн шинж төрхийг бүрдүүлсэн "сувд" нь юм.  Залуудаа тэр тас хар нүдтэй, жинхэнэ монгол төрх цогцолсон эмэгтэй байсныг нь бид залуу сайхан үеийнх нь олон ч бүтээлээс нь хардаг. 

-СҮРЭН БУЮУ Я.ОЮУНЦЭЦЭГ-

    “Гарын таван хуруу” киноны таван хүүхдийн том эгч Сүрэн бол монголчуудын зүрх сэтгэлд, хүний том хүүхэд, тэр дундаа эгч хүн ямар байдаг вэ гэдгийг жинхэнэ суулгаж өгсөн дүр. Сүрэн шиг хэрсүү, ухаантай, багагүй амьдралын зовлон бэрхшээлийг үзэж байгаа дүр тун ховор. Эл дүрд тоглосон Я.Оюунцэцэг бол “Мартагдсан аялгуу” киноны ээж, “Гарын таван хуруу” киноны Сүрэн, “Говийн зэрэглээ” киноны Номингийн дүрээрээ монголчуудын сэтгэлд үлдсэн. Тэрбээр монголчуудын дунд “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүрээр танил болсон жүжигчин Л.Лувсан гуайн хүү “Тань руу нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрээр сайн мэдэх Л.Нямсүрэн агсны гэргий юм. Сайхан эмэгтэйн дүр бүтээдэг тэрбээр ойролцоо насны гурван сайхан дүрээр монголчуудын хайртай уран бүтээлч болж чадсан.
 
  Бодлогоширсон харц, дулаахан түний царай өдгөө ч монголчуудын сэтгэлд тэр л хэвээр байна.
 
   Үзэгчдийн зүрхний гүн дэх баяр, гунигийн утсыг аль, алиныг нь хөвөрдөж, шаналж, мөнхүү өмнөөс нь "Зөв шүү, сайн охин" гэж бахархан үзсэн, яах аргагүй хайрлам дүр бол Сүрэн мөн. Сүрэнгийн оронд өөрийгөө тавьж, бодсон нэгэн ч бий байх. 

-СОЛОНГО БУЮУ МУГЖ Н.БАТЦЭЦЭГ-

         Түүнд залуу цагийн зуузай холбосон хоёр дүр бий. Нас болоод цаг хугацааны хувьд тун ойр тоглосон юм билээ. Нэг нь эгэл энгийн, сониуч зантай сурвалжлагч эмэгтэйн дүр бол нөгөө нь оюутныхаа амралтаар хөдөө амрахаар явж байгаад уурхайн инженер залууд хайр сэтгэлээ өгч, хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч өгөхөд бэлэн эмэгтэйн дүр. Ер шийдэмгий зан, эгэл, энгийн гоо үзэсгэлэн, бодож, эргэцүүлсэн түүний эл хоёр дүр өдгөө ч ард түмний хайртай дүрүүд. “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Суварган цэнхэр уулс” киноны Солонгийг танихгүй монгол хүн үгүй биз ээ. Хар нүдэн, энгийн даруу  сайхан эмэгтэй тэрбээр Монголын уянгын киноны “ээж” гэхэд хилсдэхгүй. “Мэлмий”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ээжий”, “Жинжиймаа” зэрэг уран бүтээлээрээ монголын ард түмний сэтгэлд үлдэж, өдгөө ч хайрлагдсаар байгаа уран бүтээлч бол МУГЖ Н.Батцэцэг. Их сайхан энгийн төрхтэй, дүрлэгэр алаг нүд, намбатай байдал цаанаа л нэг эрхгүй олон залуусын сэтгэлийг татаж, үзэж суугаа хэний ч хайрыг татсан намуухан дүр. Мөн тэрбээр “Эх бүрдийн домог” киноны Нарангаравуу, “Хүний амь” киноны багш, “Хатанбаатар” киноны Гэнэпил, “Тойрох хуудас” киноны Дэлгэр инженер, “Цагаан сүүний домог” киноны Монголжин хатан, “Сийлэн бөөр” киноны Сийлэн, “Хэен хуар” киноны  Дарь гээд олон ч уран бүтээлээрээ монголын кино урлагт уран бүтээлийн үрийг тарьсан гайхам уран бүтээлч.

-АГИЙМАА БУЮУ Б.САРАНТУЯА-

    “Загийн алим” киноны Агиймааг монголчууд андахгүй. Хэрсүү, удирдагч охины дүрийг эрхгүй санаж байгаа байх. Тэрбээр 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Загийн алим” киноны Агиймаагийн дүрд хэрхэн сонгогдсон талаараа ярьж байна лээ. Тэрбээр “Миний санахын 1984 оны гуравдугаар сард ажилдаа явахаар автобусны буудал дээр зогсож байтал сахалтай, майгадуу хөлтэй ах намайг сүрхүү хараад болдоггүй. Намайг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр буутал дагаад л буучихлаа. Залуу байсан болохоор “Энэ ямар сонин хүн бэ” гэх ухааны юм бодоод л байлаа. Тэгсэн намайг “Хүүе миний дүү” гээд дуудахаар нь би уурлаад “Та яагаад хүн дагаад байгаа юм бэ” гэхэд “Ах нь Монгол кино үйлдвэрт ажилладаг, найруулагч хүн байгаа юм. Туслах дүрийн жүжигчид хэрэгтэй байна. Чамайг автобусанд их сайн харлаа. Жүжигчин хэрэг болбол чамтай холбогдож болох уу” гээд ажлын үнэмлэхээ үзүүллээ. Тэр хүн маань кино найруулагч Аюуш ах байж билээ. Тэгэхэд нь би “Тэгж болно оо. Намайг Б.Сарантуяа гэдэг. Би Улсын дээд шүүхэд ажилладаг” гэж өөрийгөө танилцуулж байлаа” хэмээн ярьсан байдаг. Ингэж л эхэлж Сүрэнгийн туслах дүрд тоглох гэж сонгогдсон охин гол дүр болох Агиймаагийн дүрд тоглосон байна.  Тэрбээр “Загийн алим” киноны дараа “Их замын тоос”, “Би чамд хайртай”, “Мандухай сэцэн хатан” зэрэг гурван ч киноны туслах дүрд ажиллажээ.

-ХИШИГЭЭ БУЮУ МУГЖ С.САРАНТУЯА-

    “Зүрхэнд шингэсэн үг” киноны Хишигээгийн дүрд тэр ёстой халуун залуу “туучиж” тоглосон. Сайхан эмэгтэй, сайн ээжийн дүрийг энэ үеэс л тэр урлагт "хөвөрдөж" эхэлсэн. Хүний зүрх сэтгэлд эрхгүй буусан тэр киноны гол цөм, амин судас нь тэр байв.
 
МУГЖ С.Сарантуяа бол их тийм амь халуун нүдтэй, дотроосоо “ноцож” байдаг жүжигчин.
 
   Тэр ингэж ноцсоор олон ч уран бүтээлийн ард гарсан. “Намар нахиалсан мод” тэргүүтэй дэлгэцийн бүтээлээс гадна "Ширүүн тулааны өмнөхөн" жүжгийн Бурмаа, "Байцаагч түшмэл" жүжгийн Мария Антоновна, "Сандрал" жүжгийн Гульжан, "Ээдрээ" жүжгийн Жавзан, "Ромео, Жульетта" жүжгийн Өрлөг эх тэргүүтэй олон ч тайзны бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээсэн. Театрын оргилуудын нэг тэрбээр зөөлөн, нэг тийм сайхан монгол эмэгтэйн дүрийг гаргадаг. Ширүүн, хатуу дүрийг ч мөн зэвүүн гаргана. Ер С.Сарантуяа бол аль ч талын дүрийг базаж, авьяас билгээрээ шүүсэлж гаргадаг ясны уран бүтээлч. Түүний нүд бол яг л мэлмэрч байгаа нуур шиг мэлтэлзэж, тэр нүдээрээ хайр энэрлийг ч, харуусал гунигийг ч хамтатган үзүүлдэг. Ер нүд бол түүний дүрийн гол зэвсэг. Сүүлд ч тэр "37-р точка" кинонд нүдээрээ л тоглож байна лээ. Ээжийн дүрийг бол нас насаар нь үзүүлж, насаараа ээжид тоглосон уран бүтээлч. Дотроосоо дүрээ нүдээрээ гаргаж, гаднаасаа нүүрний хувирал, үг хэллэгээрээ жинхэнэ ноцоодог уран бүтээлч. 

-ЗАЯА БА ОНГОЦНЫ НИСГЭГЧ ЭМЭГТЭЙ Л.ЭНХТУЯА-

    “Би нисэх дуртай” киноны Заяагийн дүр мөн ч сайхан дүр шүү. Дотоод гоо сайхан, хүний хүсэл мөрөөдлийн сайхныг үг, үйлдлээрээ чухамхуу гаргадаг эл дүрд яагаад ч юм хачин хайртай. Ёстой л сэтгэлийн хайлмаг болсон дүр.  Хүний зүрх сэтгэлийн цонхоор тэгж харж боддог дүр хуучны кинонд олон ч яг онож буух нь Заяагийн дүр. Заяагийн дүрийг Л.Энхтуяа гэх онгоцны нисгэгч эмэгтэй бүтээсэн аж. Шүлэг болоод сайхан аяд дуртай, өөрийнхөөрөө, нисгэгч бүсгүйн ганцаардал, хүсэл мөрөөдөлдөө хайртай байдал, бодож, шаналж, өмөрч байгаа байдал нь эрхгүй өмнөөс нь шаналал төрүүлэм. Заяа шиг тийм илэрхий, мөнхүү дотогшоогоо дүр ховор. Нисгэгч мэргэжилтэй дуртай мөртлөө амьдралд нь хайр сэтгэл л дутаад байгаа түүний дүр үзэгчдэд ч нэг зүйл дутуу мэт мэдрэмжийг төрүүлдэг. Киноны турш Заяатай хамт гуниглаж, баярласаар л дуусгана.

-ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” КИНОНЫ ХАНДМАА-

  Монгол киноны сайхан эмэгтэйчүүдийн нэг бол “ Тань руу нүүж явна” киноны Хандмаа.  Алтан үеийн уран бүтээлүүдийн нэг “Тань руу нүүж явна” киноны танхил бүсгүй Хандмаагийн дүрээр олны сэтгэлд хоногшсон хүн бол Лхамсүрэнгийн Долгорсүрэн. Тэрээр айлын ганц хүү, говийн идэр малчин Дарьсүрэнгийн сэтгэлт бүсгүйн дүрд тоглосон. Үүнээс хойш ямар нэгэн уран бүтээлд үзэгдэхээ байсан тэрээр 2014 онд телевизийн дэлгэцнээ гарч эхэлсэн “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны Минжмаа хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрээр урлагт эргэн ирснийг үзэгчид андахгүй мэднэ байх. Их сайхан монгол төрхтэй түүний дүр "Тань руу нүүж явна" кинонд гол байр суурьтай. Дүр болоод үйл явдлыг холбож өгч, мөнхүү хүний ганц хүү Дарьсүрэнгийн сэтгэлт эмэгтэй болж байгаагаараа дүр нь тодорно. Эмэгтэй хүний ааш зан, ааль төрхийн илэрхийлэл дүр. 

-"ГАРЬД МАГНАЙ" КИНОНЫ УДВАЛ-

     "Гарьдмагнай" киноны Удвалын дүрийг О.Уранчимэг гэх эмэгтэй бүтээсэн юм билээ. Эм зүйн ухааны чиглэлээр ажилладаг түүний кино урлагт бүтээсэн ганцхан дүр нь Удвал. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай тус киноны зохиолыг нь бичсэн. Тэгвэл тэрбээр Удвалын дүрийг зохиолч Удвал гуайд зориулж бичжээ. Эгэл энгийн гоо сайхан, эмэгтэй хүний намба төрхийг илтгэсэн дүр бол Удвал мөн. Тэрбээр "Би тэр үед тахимаа шүргэсэн урт гэзэгтэй байлаа. Биднийг дээл, үстэй малгай өмсгөөд нүүрийг маань бор өнгөөр будаад, илүү дутуу ямар ч будаггүй пробонд оруулсан. Ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай “Аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ. Чи хаана өссөн, морь унаж чадах уу. Дээл өмсдөг үү” гээд энгийн зүйлүүд асуусан. Анхны зураг авалт хотоос хойшоо цэргийн амралтад болсон. Яагаав, Далайцэрэн бид хоёрын мөсөн дээгүүр хөтлөлцөж гүйгээд мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог тэр хэсэг анхны зураг авалт байсан юм. “Миний ээжийн малгай байгаа юм. Би хааяа гаргаж өмсдөг. Өнөөдөр өмсмөөр санагдаад” гээд дөрвөн талтай хуучны булган малгай өмсчихсөн байдаг даа. Тэр малгай, дээл хантааз надад их гоё зохиж байсан санагддаг. Дараа нь киногоо үзэхэд тэр хэсэг аятайхан болсон шиг харагдсан" гэж дүрийнхээ тухай ярьсан байдаг.

-"ИРЖ ЯВАА ЦАГ" КИНОНЫ МАРАЛМАА-

     "Ирж яваа цаг" киноны Маралмаагийн дүрийг санаж байгаа болов уу. Ёстой л хөдөө өссөн жинхэнэ монгол охины дүр. Маралмаагийн дүрд Өмнөговийн Б.Гэрэлмаа гэж сайхан эмэгтэй тоглосон юм билээ. Нүдний тоглолт нь мөн их сонирхолтой. Тас хар нүд эргэлдээд л бодол болж, хол ойрыг бодож, шанална. Аавыгаа, хайр сэтгэлээ гээд бодох зүйл бишгүй их. Тэгэхдээ ер зүгээр суухгүй ахуйн ажил төдийгүй малдаа явна. Мөн хүлээнэ. Хүлээлт бол эл дүрийн хамгийн том орон зайг эзэлж байгаа зүйл. Нэг тийм хүлээлт, бодрол ихтэй залуу эмэгтэйн дүр. Тэр мөн "Нандин-Эрдэнэ" киноны Оюун хэмээх балетчин эмэгтэйн дүрд тоглосон. Мөн л бодож, эргэцүүлсэн, эргэлзсэн дүр. Гэхдээ Оюуны дүрийг бодвол Маралмаа илүү хөдөлгөөнтэй, шийдэлтэй, шийдвэртэй дүр. Ингэж л тэрбээр монголын урлагийн хоёр ч том уран бүтээлийн гол дүрийг амилуулж, дэлгэцэд залуу сайхан насаа үлдээсэн байна. Түүнээс гадна "Би нисэх дуртай", "Мандухай сэцэн хатан" киноны Саахай, "Амин мөр" киноны Насан, "Хүсэл хясал" киноны Хажидын дүрд ч тоглоод амжсан уран бүтээлч юм.

      Ийнхүү Монгол киноны сайхан эмэгтэйчүүдийн цөөн төлөөллөөс нь дурдлаа. Түүнээс ч олон сайхан эмэгтэй байгаа талаар үзэгч, уншигч та мэднэ байх. Эгэл энгийн үзэсгэлэн гоо бүрдсэн, алтан үеийн сайхан уран бүтээлчдийн үг хэл, үйлдэл, төрх байдал өнөө цагийн бидэнд эрхгүй үлгэр дуурайлал болж, тэднээс суралцах зүйл ч их бий. Бид эл дүрүүдийг хэзээ ч мартахгүй, үргэлж сэтгэл зүрхэндээ хайрласаар байна. Мандухайгийн сэцэн ухаан, галзуу Цэвэлийн үрээ хайрлах эхийн хайр, Солонгийн эгэл даруу төрх, Заяагийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байдал, Хандмаагийн эрх танхи монгол эмэгтэйн шинж, Маралмаагийн хайр сэтгэл гээд дүр бүхнээс нь суралцаж, дахин дахин үзсээр байна.


МОНГОЛ КИНОНЫ САЙХАН ЭМЭГТЭЙЧҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 13:55:43
    Zochin: Niitleluud ni duuren aldaa bh yum, zaluu hun bj sain sudalj bj bichih bdoggui yum uu? Setguulch nertnuudee hyanadg redactor ntr gj bhgui yu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 10:10:22
    Монгол: Батцэцэг “Хатанбаатар” киноны Гүнчинхоролд тоглоогүй шүү. “Хааны сүүлчийн хатан” киноны Гэнэнпилд тоглосон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188