• Өнөөдөр 2025-05-19

ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ “БУРХАН МЭТ” ХУУЛИУД

2022-03-29,   438

-ХАВРЫН ЧУУЛГАНААР 89 ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ САНАЛ ИРЖЭЭ-

       УИХ-ын  хавар, намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд монголчуудыг хэрхэн яаж, амьдрахыг шийддэг. Тийм болохоор иргэд хэн ямар хууль санаачилж байна, аль нь зөв, аль нь буруу хууль вэ гэдэ тухай гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа, танилуудтайгаа санал солилцож, хэсэг хугацаанд маргалддаг, санал нэгддэг нь нууц биш. Хууль санаачилдаг, бусдаар санаачилуулдаг гишүүд  ч хуулиа УИХ-д өргөн барьж, батлуулахаар хуралдахдаа мөн л “Дэмжинэ, дэмжихгүй дээрээ тулж, хэсэг “үзэж тардаг” биз. Энэ удаагийн УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлүүлэхээр УИХ дахь МАН-ын бүлгээс 24 санал, АН-ын бүлгээс 18, Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, УИХ-ын гишүүнээс хоёр хууль, нэг тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлсэн байдаг. Түүнчлэн  цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэж тусгажээ. Үүнээс “УИХ-ын  2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа 55 хууль хэлэлцэхээр тогтоожээ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэхээр хүлээгдэж буй. Тухайлбал, Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийг хэлэлцэх аж. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх, түрүүлж батлах шаардлагатай чухал хуулиудыг танилцуулж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

        Олны анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсэг шалгалтын хүрээгээ өргөтгөх санал гаргасан. Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх, сайжруулах, олон асуудлыг шийдэх шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд илэрхийлсээр байна. Тэд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд шалгалтын Ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх санал дэвшүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөжээ. УИХ дахь сөрөг хүчин ч энэ талаар УИХ-ын Түр хороо байгуулах уриалга гаргаад буй. Түр хороо байгуулахыг хуулийн дагуу 19 гишүүн дэмжих ёстой. Хэрвээ дэмжигдвэл Хөгжлийн банкинд шалгалт явуулж, гэрчээр дуудах, нотлох баримт цуглуулах зэрэг давуу эрхтэй болох юм.

-ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮТЦЭД ШИЛЖИНЭ-

         Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.

-ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ-

      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм.

Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана. Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан. 

          Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх аж.

-ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРМАГЦ ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН АСУУДАЛ ЯРИГДАНА-

      Чуулган эхэлмэгц хаврын улс төр эхэлж, сайд нарын халаа сэлгээ, Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудал хөндөгддөг. Тухайлбал, АН-ын хоёр гишүүн давхар дээлийн асуудлаар Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч улс төр бужигнаж, сайд нарын халаа сэлгээ эхлэх таамаг бий. Мөн шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар түр хугацаагаар давхар хариуцуулж буй.

          Дээрх хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг томилсон. Цахим хөгжил, харилцаа холбооны яам газрын дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна.

-ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА-

       Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон жил яригдсан хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийг зөөлрүүлж, торгодог айлгадаг байдлыг засна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хуулийг эргэн хараад шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах нь зөв гэж үзсэн.

     Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байна. Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байна. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИНА-

        Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах шатандаа явж байна. Энэ төслийг чуулган эхэлмэгц өргөн барина гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ажиллаж байна. Парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын төлөөлөл төслийг боловсруулах ажлын хэсэгт багтжээ. Удаан дуншсан хуулийн төслийг шинэчлэх нь авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, намын санхүүжилт хандивыг ил болгох зэрэг олон чухал асуудлыг шийдэх ач холбогдолтой билээ.

-Х.ГАНХУЯГ, Х.БУЛГАНТУЯА НАР ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ЭРГҮҮЛЭН ТАТЛАА-

     УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн юм. Одоо үйлчилж буй хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.

      Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүссэн төсөл санаачлагчид дээрх хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй, харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга тусгасан нь олны шүүмжлэл дагуулж байсан юм. 

 

 


ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ “БУРХАН МЭТ” ХУУЛИУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188