• Өнөөдөр 2024-04-30

Орчуулагч С.Сугиррагчаагийн санал болгох өгүүллэгийн түүврүүд

2022-09-13,   693

    Энэ сарын 16-18-ны хооронд болох үндэсний номын баяртай холбоотойгоор Г.Сугиррагчаа BooBooks хэвлэлийн газрын дараах гадаад өгүүллэгийн шилдэг түүврүүдийг санал болгож байна. Тэрбээр “Эрчүүдийн үнэн түүх” нэртэй дэлхийн шилмэл өгүүллэгийн түүврийг удахгүй хэвлэн гаргах гэж байгааг мөн онцолсон юм.

-Г. Аюурзана, “Дэлхийн шилдэг өгүүллэг”, Гүн паблишинг. Монгол хэлээр гарсан гадаад өгүүллэгийн хамгийн даацтай түүврүүдийн нэг. ХХ зууны 32 зохиолчийн шилдэг өгүүллэгүүдийг багтаасан энэхүү түүвэрт өгүүллэгийн төрлөөр голдуу бичдэг Жон Чиверын “Тав дөчин найм”, Раймонд Карверын “Скотти”, Ширли Жексоны “Сугалаа” зэрэг бүтээлүүд хамгаас их анхаарал татна.
 
     -Б.Баясгалан, “Дур булаам”, Тагтаа хэвлэлийн газар. Гадаад өгүүллэгийн түүврүүд дунд мөн л даацтай, нүсэр гэж тодорхойлж болох 500 гаруй хуудастай энэхүү түүвэрт дэлхийн нэн шинэ үеийн өгүүллэгүүдийг багтаажээ. Амос Озын “Норвегийн хаан”, Милан Кундерагийн “Зам зуурын тоглоом”, Ким  Ионгхагийн “Гэрэл зургийн газарт гарсан аллага” өгүүллэгүүдийг онцлууштай.
 
 
     -Ж.Тэгшзаяа, “Гоо үзэсгэлэн бол шарх”, Нил хэвлэлийн газар. Байгуулагдаад удаагүй ч уншигчдын анхаарлыг татсан бүтээлүүдийг гаргаад буй энэ хэвлэлийн газраас 2022 онд уг түүврийг гаргасан. Түүвэрт Лори Мурийн “Хэрхэн хөөрхөн эмэгтэй болох вэ”, Хунот Диазын “Араар тавигчийн хайрлах удирдамж”, Ха Жиний “Интоорын модны ардах байшин” (Б.Сувддуламын орчуулга) зэрэг шилдэг өгүүллэгүүд багтжээ.
 
    -“Испани өгүүллэг, тууж”, Монсудар хэвлэлийн газар. Монсудар хэвлэлийн газар орон орны шилмэл өгүүллэгийн түүврийг цуврал болгон гаргах төслөө эхлүүлээд, өнөөг хүртэл Япон, Орос, Испани, Солонгос өгүүллэг, туужийн түүврийг эрхлэн гаргасан. Б.Нямдорж, Б.Пүрэвсүрэн нарын орчуулсан энэхүү түүврийг уншсанаар Испанийн богино хүүрнэл зохиолын түүхийн талаар тодорхой ойлголттой болно.
 
    -“Сонгодог өгүүллэгийн дээжис 5”, Монголын орчуулагчдын эвлэл, О.Чинбаяр (хянан тохиолдуулсан). МОЭ-ээс зохион байгуулсан уралдаанд залуу орчуулагчдын ирүүлсэн өгүүллэгийн орчуулгуудаас шигшэж эмхэтгэсэн уг түүврээс Харүки Мүракамигийн “Агуй”, “Өөртэйгөө шүлэглэн ярилцагч”, Эрнест Хемингуэйн “Өдөржин хүлээсэн нь”, Үй Хуагийн “Тэсрэлт” өгүүллэгүүд анхаарал татна.
 
    -Бусад онцлох түүврүүд гэвэл, Б.Гэрлээ, “Хятад өгүүллэгийн түүвэр”, Д.Дашмөнх, “Харь гаригийн өгүүллэгүүд”, Д.Алтанцэцэг, “Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд”, Ц.Цэнгэл, “Нобелийн шагналт өгүүллэг”, Т.Юмсүрэн, “Өрнө Дорнын шилдэг өгүүллэгүүд” зэрэг номыг санал болгож байна.

Орчуулагч С.Сугиррагчаагийн санал болгох өгүүллэгийн түүврүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188