• Өнөөдөр 2024-03-29

ГАВЬЯАТ ДУУЧИН Г.АРИУНБААТАР: Чулуун тайзан дээр зогсож байхаасаа “Дэлхийн хэмжээний хүн болж, дэлхийд нэр алдар, эх орноо таниулна” гэсэн зорилго тээсэн

2023-06-20,   7482

      “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцож, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон байна.  Монгол Улсын болон Буриад Улсын Гавьяат жүжигчин, Чингис хаан одонт, Цагдаагийн “Сүлд” чуулга, ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Анхнаасаа, бүр тэр чулуун тайзан дээр зогсож байхаасаа “Дэлхийн хэмжээний хүн болж, дэлхийд нэр алдар, эх орноо таниулна” гэсэн эцсийн зорилго тээсэн

-Сайхан намаржиж байна уу. Эх орондоо ирэх үеэр нь уулзаж амжилгүй явуулчихлаа. Өнгөрсөн зун амрах завгүй ажилтай байв уу?

        -Сайхаан, өнгөрсөн зун хөгжмийн зохиолч Д.Вердийн оргил бүтээлүүдийн нэг “Дон Карлос” дуурийн Родригогийн дүрийг долдугаар сарын 11-ний өдөр Мариинский театрынхаа тайзан дээр уран бүтээлчидтэйгээ хамтран бүтээлээ. Энэхүү дүр нь Вердийн дууриудаас хамгийн томд тооцогддогийг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Мөн Улсын их баяр наадмын дараа эх орондоо очиж, амрахын зэрэгцээ аймгуудын ойн баяр наадам болон үйл ажиллагаанд уригдаж, дуу хуураа өргөлөө. Түүний дараа Владивосток хотноо зохиогдсон Мариинский театрын олон улсын фестивальд “Риголетто”, “Аида” хоёр дууриа дууллаа. Одоо бол Санктпетербург хотдоо ирчхээд байж байна даа. 

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа сонирхуулаач? 

       -2022 он миний хувьд мэргэжлийн чиглэлээр нэлээд өсөлт, дэвшилттэй жил болж байна. Тухайлбал, дэлхийн сонгодог дууриудад бүтээх шинэ дүрүүдээ авчихсан, удахгүй бэлтгэл эхэлнэ. Сая Монголд очих хугацаандаа шинэ уран бүтээлдээ клип хийлгэсэн. Миний нэг зорилго бол Монголынхоо сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ тасралтгүй хүргэх. Тэр ч утгаараа Монголд очих бүрдээ ямар нэг бүтээл дээр ажиллахыг зорьдог. Түүнчлэн ирэх онд Европын орнуудаар аялан тоглолтууд хийх учраас түүнд зориулсан бэлтгэл хангах гэх мэт ачаалал их байна. Өөр нэг чухал зүйл нь Мариинский театрын 240 дэх улирлын нээлтэд миний бие алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Пиковая дама” дуурьт Елецкийн дүр бүтээлээ.  

-Энэ жил улсын их баяр наадмаар эх орондоо байж чадаагүй. Наадмын үеэр гэгэлзэж, жирийн өдрүүдээс илүү эх орноо санав уу? 

        -Мэдээж монгол хүн л болсон хойно үндэсний дархлаа болсон төрт ёсны баяруудаараа эх орондоо, тэр тусмаа нутагтаа байвал монгол хүн болж төрсний утга учрыг мэдэрнэ л дээ. Улсын баяр наадмаа гаднаас үзэхэд үнэхээр сэтгэл тогтворгүй болдог юм байна лээ. Гэхдээ ирээдүйд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлуудаа бодож, өөрийгөө тайтгаруулаад, цахимаар наадамчидтайгаа хамт наадсан.

-Багадаа хурдан морь унадаг байсан гэдэг бил үү? 

      -Би Улсын их баяр наадамд гурван жил дараалан хурдан морь унаж байлаа. Сайхан шүү дээ, морин дэл дээр давхиж явах чинь. Тэр үедээ гоё, сайхныг нь мэдэрдэггүй л байж. Одоо бол тийм дураараа хийгээд жаргалтай мөчийг яаж ч хичээгээд, хаанаас ч олохгүй. Дээр нь аав, ээжтэйгээ үзсэн наадмын дурсамжуудын сайхныг ээ. Хааяа нэг дурсахаар сэтгэлд гэгээ татаад л ирдэг дээ. Би товлосон чухал ажилгүй л бол эх орондоо очоод шууд л хөдөө гэрээдээ явдаг. Аавдаа болон өвөг дээдсээс удам таслаагүй өвлөж ирсэн адуун сүрэгтээ оччихоод зогсож байх асар их тайвшрал бөгөөд сайхан мэдрэмж шүү дээ. 

Зоргол хайрхандаа хамгийн түрүүнд очих дуртай

-Монголд ирээд л Баян-Өнжүүл рүүгээ очдог байх нь?

     -Зоргол хайрхандаа хамгийн түрүүнд очих дуртай. Эрч хүч, энергиэ нутгаасаа л авдаг, нөхдөг. Нутаг маань төвөөс ойрхон болохоор ядаад байх юмгүй очно. Онгоцноос буусан байхад л нутагтаа оччихлоо гэсэн үг. Монгол руугаа, нутаг руугаа яарах, “гүйж” очихын жаргал, догдлолыг гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс л хамгийн сайн мэдэх байх. 

-Сая ирэхдээ хүүхэд байхдаа дуулж байсан чулуун тайзандаа очив уу? 

     -Энэ жил очиж хараахан амжсангүй. Бага байхдаа чулуун тайзан дээрээ гарч зогсоод ишиг, хургануудаа үзэгчдээ гэж төсөөлөөд дуулдаг байсан хамгийн том тайз, дурсамж минь юм шүү дээ. Ихээ өндөрт байдаг болохоор алхаж хүрнэ. Хүрэх хүртлээ олон сайхан зүйл бодож, төсөөлж, мөрөөдөж амжина. Мөрөөдлөөс мөрөөдөл ургуулан догдолж явсаар хүрдэг байсан минь өчигдөр юм шиг л санагдаж байна. Түрүү хавар очиж адис авсан, нүд алдам уудам тал, өндөр тайз маань янзандаа байна лээ.

-“Монгол сонгодог” концерт нь ковидоос болж хойшилсон байх. Монголчууд өөрөөс тань шинэ уран бүтээл хүлээж байгаа болов уу. Энэ тал дээр дуулгах сайхан мэдээ бий биз дээ? 

      -Дуурийн дуулаач хүний хувьд ажлынхаа хажуугаар шинэ уран бүтээл хийх хүсэл байсан ч зав, чөлөө бараг л гардаггүй. Өөрийнхөө хэмжээнд амжуулж л явна. Гэхдээ удахгүй нэг шинэ уран бүтээл маань олонд хүрнэ. Манай ардын дуу, уртын дуу шиг ээж, аавыгаа тийм яруу тансагаар илэрхийлсэн өөр улс, үндэстэн байдаг болов уу. Үүнийг л дэлхийд таниулах юм сан гэсэн бодол бий. Миний “Монгол сонгодог” концертын гол зорилго энэ юм. “Монгол сонгодог” концерт үнэхээр ковидоос болж хойшилсон. Ирэх улирлуудын аль нэгэнд тоглоно. 

-Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дэлхийн сонсогчдын зүрх, сэтгэлд монголчууд омогшдог шиг хүрэх боломж хэр байдаг юм бэ? 

      -Жишээлбэл, 2017 оны “Дэлхийн дуучин” уралдаанд би Б.Шарав гуайн “Монголын тал нутаг”, Н.Жанцанноров гуайн “Чиний минь нулимс” бүтээлийг дуулж байлаа. Энэ бол нэг талаараа асар том эрсдэл. Дэлхийн соёлт орнуудад, томоохон тэмцээн, уралдаанд бүгдийн мэддэг сонгодгуудыг дуулахын оронд өөрийн бүтээлийг таниулна гэдэг том эрсдэл шүү дээ. Гэхдээ эдгээр бүтээлийг, тэр тусмаа “Монголын тал нутаг” дууг сонсогч, үзэгчид ямар гайхалтай хүлээж авсан гэж санана. Түүний дараа Шинь Жан болон Хонконгод очиход арга хэмжээ зохион байгуулагч, найруулагчид нь намайг “Монголын тал нутаг”-аа дуулахыг л санал болгоод байсан. Өөрөөр хэлбэл, бидэнд боломж бүрэн бий. 

      Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д  айлчлахад Оросын оркестр “Монголын тал нутаг” бүтээлийг тоглож, угтаж байсныг санаж байгаа байх. Ийм л учраас би “Монголынхоо дууны урлагийг өндөрт гаргах юм сан”, “Миний чадах зүйл юу байна, тэр бүхнээ зориулах юм сан” гэсэн зорилго тээдэг. 

Ариунбаатар сонгодог биш. Гэхдээ дэндүү сонгодог

-Дуурийн дуучин Э.Амартүвшинг Ардын жүжигчин цол авахад өөрөө авсан юм шиг баярлаж байхыг нь анзаарсан. Гэхдээ цөөнгүй хүн “Ариунбаатар, Амартүвшин хоёрт цугт нь Ардын жүжигчин цол хүртээх ёстой байсан” гэхийг сонслоо? 

     -Э.Амартүвшингийн хувьд надаас 10 жилийн өмнө дуурийн урлагт хөл тавьсан хүн. Үнэхээр хөдөлмөрлөж, авьяасаараа гайхагдаж явааг нь, ийм өндөрлөгт хүрэхийн тулд ямар зам туулдгийг гадарлах болохоор Ардын жүжигчин болсныг нь сонсоод эрхгүй баярласан. Энэ чинь хүн ёсны л зүйл шүү дээ. Таны асуусан дээр хэлэхэд, монголчуудын зарим нь бид хоёрыг тэр нь илүү, энэ нь илүү гэх мэтээр цахим сүлжээгээр бичиж байгаад заримдаа харамсдаг. Энэ бол хамгийн утгагүй зүйл. Надад цаашид суралцах олон зүйл бий. Бид хоорондоо харилцан адилгүй. Бидэнд уралдааны нас гэж байсан уу байсан. Тухайн үед бид адилхан үнэлэгдэж, адил хэмжээнд дуулдаг байсан. Түүнээс хойш өөр өөрийнхөө хэмжээнд хүнд хэцүү, сайн сайхан бүхнийг үзэж, даван туулж, өөрсдийнхөөрөө л яваа хүмүүс шүү дээ. Амартүвшингийн маань амжилтыг төр, засгаас үнэлж, нүдээ олсон шагнал хүртээсэнд баярлаж байгаа. Дуурийн урлаг зөвхөн бид хоёроор хязгаарлагдаж, дуусахгүй шүү дээ. Мундаг дуучин залуус өөрсдийн болон эх орныхоо нэрийг олон улсад гаргаад, амжилттай гялалзаж байгааг бүгд л харж байна. Тийм болохоор уран бүтээлчдийг хооронд нь харьцуулах утгагүй. Ер нь харьцуулашгүй. Аливаа шагнал, урамшууллыг зөвөөр хүлээж авбал маш том ташуур, урам зориг болдог гэж би боддог. 

-Дэлхийн томоохон театруудад дуулж байгаа хүний хувьд юунд хамгийн их зорьж байна вэ. Зарим үед Монголдоо ирээд, бүх л том арга хэмжээний хойморт залагдаад, тааваараа байхыг хүсдэг үү? 

      -Монголдоо байж болно л доо. Тухайлбал, 2015 онд Чайковскийн уралдаанд түрүүлсний дараа надад дэлхийн олон агент, байгууллагаас гэрээний санал илгээж, боломжууд амласан. 2016 онд би тэр олон гэрээ, боломжуудыг орхиод, Монголдоо ажиллаж, амьдрахаар очсон. Гэхдээ энэ нь миний алдаа байсан. Үүнийг хэн ч ойлгохгүй. Эх орондоо очсоны дараах өдөр хоногуудын тухай одоо би байнга боддог. Надад мөрөөдөл бий л дээ. Анхнаасаа, бүр тэр чулуун тайзан дээр зогсож байхаасаа “Дэлхийн хэмжээний хүн болж, дэлхийд нэр алдар, эх орноо таниулна” гэсэн эцсийн зорилго тээсэн. Үүнийг би “Монгол хүн болж төрснийхөө хувьд заавал биелүүлж, гурван сая хүний түүхэнд томоор бичигдэх ул мөр, түүх бүтээе” гэсэн бодол тээсээр ирсэн. Одоо ч цээжинд энэ хүсэл, мөрөөдөл минь тэр үеийнхээс илүүтэй оргилон буцалж байна. Эсвэл бүр дуулахгүйгээр гэр бүлтэйгээ амар жимэр, энгийн сайхан амьдарч ч болно. Гэхдээ надад зорилго, мөрөөдөл бий. Үүнийхээ төлөө олдож болох боломж бүрийг мэдрэх, алдахгүй байхыг хичээх ёстой. Тэгж ч ирсэн. Зүгээр нэг шатаад, мөрөөдөөд байхдаа биш, үнэнчээр хөдөлмөрлөөд, өөрөөсөө гарч болох бүх энерги, хүчээ шавхаж байж мөрөөдөлдөө хүрнэ гэдгээ би мэддэг. Тийм болохоор би өнөөдөр дэлхийн дуулаачдын мөрөөдөл болсон Мариинскийн театрт дуулж байна. Үргэлж зүүдлэгддэг, дандаа тэмүүлдэг, нялх хүүхэд шиг санадаг нутагтаа одоохондоо байхгүй байгаа нь миний урлагийн төлөө зольж буй золиос байх. Гэхдээ энэ золиос хамгийн үнэ цэнтэй, хамгийн жаргалтай цаг хугацааг минь гэрчлэх, гэрэлтүүлэх учраас хэцүү зүйл огт биш. 

-Сайхан хариулт байна, санал нийлж байна аа. Том мөрөөдөл өдөр бүрийн жижиг зүйлээс бүрддэг шүү дээ. Ноотоо хэрхэн цээжилдэг вэ. Олон зуун нотыг цээжлэх нь миний хувьд баршгүй, хольж хутгаад хэцүүдэх юм шиг санагддаг болохоор асууж байна л даа?

     -Би гэрийнхээ өрөө болгонд ноотоо биччихдэг. Аль ч өрөөндөө орсон байнга нотоо харж, нүдлэж, тогтоодог. Хүн чин сэтгэлээсээ хүсэж байгаа цагт юуг ч хийж чаддаг гэдэгтэй би санал нийлдэг. Миний хувьд ноотыг цээжлэхийн л тулд цээжилдэггүй гээд онгирчихъё. 

-Өөрийнхөө дуулж байгааг үзэж, сонсдог уу. Зарим нь чаддаггүй, зарим нь бол өөрийгөө үзэж, алдаанаасаа суралцдаг гэдэг яриа байдаг? 

       -Үнэндээ өөрийгөө сонсохоор таалагддаггүй. Сонсоод “Би сайн дуулжээ” гэж бодсон удаа байхгүй дээ. 

-Хүний сэтгэлийг хөдөлгөдөг, алдруулдаг нугалаануудыг гаргахын тулд дуучид их бэлддэг үү. Жишээ нь, “Монголын тал нутаг” дуун дээр хэчнээн сайхан нугалаанууд байдаг. Хэрхэн гаргадаг вэ? 

         -“Дуучин хүн хоолойгоороо дуулдаггүй, тархиараа дуулдаг” гэж үг бий. Миний хувьд дуулахаасаа өмнө маш сайн бодож, аль хэсэгт ямар өнгө авах вэ, яавал хүнд илүү хүрэх вэ гэж анализ хийдэг. Хоолойдоо тохируулаад л бүх зүйлээ анхнаас нь сайтар боддог. Америкийн урлагийн шүүмжлэл бичдэг нэг нэртэй сэтгүүлч “Ариунбаатар сонгодог биш. Гэхдээ дэндүү сонгодог” гэсэн гарчигтай нийтлэл 2016 онд бичиж байсан. Тэнд намайг өөртэйгээ шаргуу ажилладаг гэж бичсэн байсан. 

    -Сайн дуучин гэдгийг нь мэдэх хүн олон ч хувь хүн талаас чинь төдийлэн сайн мэддэггүй байх. Ариунбаатар ер нь ямархуу хүн юм бэ?

       -Хөдөө өссөн учраас харьцангуй амьд харилцаатай, дулаан, дотно орчинд хүмүүжсэн дээ. Бага байхдаа бүх мэдрэмжээ дотроо хадгалдаг, ичимхий хүүхэд байлаа. Аажим аажмаар өөрийгөө эвдсэн. Амьдралын явцад хүн бага багаар өөрийгөө олдог шүү дээ, түүний л жишгээр. Би нэг л мэдэхэд ялих шалихгүй зүйлд гомдоллож, дотогшоо байж, аливаа зүйлийг хүндээр тусгаж авахаа больсон байсан. Амьдралд таарч, тулгарч буй бүхнийг “Тийм ч хүнд биш юм байна” гэж хүлээж авах нь илүү амар гэдгийг ойлгосон. Дээрээс нь би мухар сүсэггүй. Сүсгээс болж зовлон үүсэх шалтгаан мундахгүй болдог шиг санагддаг. Амьдралыг ямар нүдээр харахаас бүх зүйл шалтгаална. Сайхнаар харвал бүх зүйл сайхан шүү дээ. Хүмүүс намайг “Чамайг их зантай гэж боддог байсан. Харилцаад, яриад үзсэн чинь ямар нийтэч хүн бэ” гэдэг. Миний хувьд хэзээд, ямар ч үед, хэнтэй ч Ариунбаатар Ариунбаатараараа л байдаг. Ийм байсаар дуусах байх, одоо байгаа Ариунбаатар надад таалагддаг. 

-Хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ. Ер нь хэр сайн аав бэ?

    -Сайн аав байхыг хичээлгүй яах вэ. Гэхдээ санаандаа хүртэл тэдэнтэйгээ хамт байж, хүссэнээр нь эрхлүүлж, тоглож, хөгжөөж чадахгүй л байна. Миний хичээл зүтгэл, ихэнхдээ завгүй байдаг шалтгааныг тэд минь яг дэргэдээс нь харж, хамгийн сайн мэдэрдэг учраас намайг хэн бүхнээс илүү ойлгодог байх гэж найддаг. Ямар ч дээд зэрэглэлийн уулзалт, хүлээн авалтаас хүүхдүүдтэйгээ байх нь хамгийн таатай, хамгийн гэгээн байдаг гэдгийг мэдэрдэг. Би сайн аав гэхээсээ илүү тэд минь сайн хүүхдүүд. 

-Гэргий нь авьяаслаг жүжигчин ч сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй гэр бүлдээ анхаарч байх шиг байна. Түүний мөрөөдлийг биелүүлэх, карьерын тал дээр ямар бодолтой явдаг вэ?

        -Бид нэг мөрөөдөлтэй гэж болно. Миний эхнэр “Чи минь зорьсон зорилгодоо хүрэх ёстой. Үүний тулд би дэргэд чинь байх ёстой” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголдоо амьдраад, кино болон бусад уран бүтээлд тоглоод, ажиллах боломж байгаа ч тэр гэр бүлийнхээ, миний төлөө бүхнээ зориулахыг илүүд үздэг гэж хэлсэн. Тэр ч бүү хэл, эхнэр маань миний мэдэх бүх дуурийн уран бүтээлийг мэддэг. Учир нь, бид хамтдаа ноот цээжилдэг гээд л бод. Тэр олон ноотыг тэгж сайн цээжлэхэд тусалдаг хамгийн сайн хамтрагч нь миний гэргий. Энэ нь надад маш их урам зориг, итгэл болдог. Ар гэр, үр хүүхдүүддээ санаа зоволгүйгээр ажлаа хийхэд сэтгэлд ямар өег байдаг гэж санана. Жүжигчнийх нь хувьд би түүнийг үргэлж дэмждэг. Түүний дүр бүтээсэн “Ноён эмэгтэй” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Ингээд л бид хамтдаа мөрөөдөл рүүгээ эрүүл хэв маягаар зүтгэж явна. 

-Чайковскийд түрүүлэхээсээ өмнө хэвлэлд “Би Чайковскийн уралдаанд  түрүүлнэ” гэж ярьсан байсан. Тэр наадамд үнэхээр түрүүлсэн. Тэгвэл 10 жилийн дараах Ариунбаатарыг хэрхэн төсөөлж байна вэ? 

      -10 жилийн дараах Ариунбаатар очих ёстой газраа хүрсэн байх болно. Монгол хүн дэлхийн концерт, дуулаачийн урлагт дэлхийн ноён оргилд хүрч чадна гэдгийг харуулна гэж боддог. Ингэснээр зөвхөн би биш, олон залуусын ирээдүйг гэрэл гэгээтэй болгож чадна даа. Бас тэдгээр мундаг залуусыг ямар ч үед урдаа гаргаж, нэн тэргүүнд байлгахын төлөө бүхнээ зориулсан байх болно гэж ирээдүйн хүнээ төсөөлж байна. 

-Сайхан яриа дэлгэсэнд баярлалаа. 

       -Намайг зочноор урьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

 

ГАВЬЯАТ ДУУЧИН Г.АРИУНБААТАР: Чулуун тайзан дээр зогсож байхаасаа “Дэлхийн хэмжээний хүн болж, дэлхийд нэр алдар, эх орноо таниулна” гэсэн зорилго тээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-23 10:14:05
    Зочин: Сайхан хангай нь харж түшдэг байхаа. Сайхан нутгийн сайн дуучиндаа амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-22 18:28:57
    Ч.Чанцал: Төв сайхан нутгийн маань хүү, Дармаабадь багшийн маань зээ хүү Агуу дуучин Г. Ариунбаатартаа уран бүтээлийн их амжилт хүсье зорьсон зорилт нь үргэлж өөдрөг амьдрал нь инээд баясалаар бялхаж явах болтугай. Ариунбаатар маань сайхан бие бялдартай царай зүс сайхан, нүүр дүүрэн инээмсэглэл, гаднаасаа ч сайхан дуучин. Удамаа дуурайсан Эмээ Чимэдпил гуай нь сайхан өндөр нуруутай сайхан нүд хөмсөгтэй сайхан дуулчихдаг хүн байж билээ ер нь л их адилхан шүү. Аз жаргал,амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-22 11:12:58
    П.Лхагвадорж Өнжүүл сум.: Монголоо гэсэн сэтгэлтэй илүү маяггүй нутгийн дүүд зорьсон бүхэндээ хүрэхээр эр хүн шиг эргэлзэж эмээлтэй морь шиг дэрвэлзэхийн ерөөл өргөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-21 15:40:34
    Д.Долглрсүрэн: Нутгийн минь дуучин, миний хайртай багшийн минь зээ хүү Г.Ариунбаатартаа улам их амжилт хүсэн ерөөж, зорьсон зорилготоо хүрэх зам нь шулуун дардан байхын өлзийтэй ерөөл өргөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-21 07:36:34
    Ц.Мягмар: Сайхан ярилцлага байна. Сэтгэлд тун их нийцлээ. Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, Дэлхийн дуучин Ариунбаатартаа уран бүтээлийн амжилт, алдар суу нь улам цэцэглэн баяжихын ерөөл өргөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-20 18:27:05
    Отгонсүрэн: Мундаг дуучиндаа амжилт хүсэё. Үргэлж талархан сонсдог шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-20 13:05:02
    зочин: Мундаг дуучин шүү, дэлхийн дуучны оргилд хүрэхэд ойртсоон, бахархмаар. Тайзны үзэмж төгс, сайхан бие бялдартай , царай зүс, дүүрэн инээмсэглэл гээд гаднаасаа ч сайхан дуучин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-28 10:43:56
    зочин: гавьяат жүжигчин, дуучин гээд биччиж мэддэггүй юм байх даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-24 00:22:23
    Батзориг: Ок
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-23 23:14:33
    Оюун: Ард түмний хүү,алдрын оргилдоо хүрээрэй.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188