• Өнөөдөр 2024-10-15

Ж.Отгонбаяр: Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй, бусдыг нь багш бүтээсэн

2020-09-17,   8874

УИХ-ын гишүүн асан, МУБИС-ийн НХУС-ийн багш, орчуулагч, философич Ж.Отгонбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Миний нэрийг Отгонбаяр гэдэг. Би МУБИС-ийн НХУС-ийн багш, философийн хичээл заадаг. ОХУ-д 1987 онд философи, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Хөдөө орон нутаг, аймаг сумаас эхлээд бас өндөр албан тушаал олныг хашиж ирсэн. 2003 оноос МУБИС-д багшилж, 20-оод жил хүүхэд, залуучууд, оюутнуудад ном айлдаж байна даа.

-Танд УИХ-д сонгогдож байсан үе бий. Энэ талаараа ярьвал?
-Энэ талаар ярих нэг их дуртай биш. Би 1996-2000 оны УИХ-ын гишүүн. Тэр үед ТББХ болон БОХБХ-нд ажиллаж байсан. 1990-ээд онд 26 настай залуу сэхээтэн суманд эвлэлийн хорооны даргын алба хашиж байгаад, цэргийн алба хаагаад ирсэн. Дундговь аймагт Боловсролын хэлтсийн дарга хийж байхад Монголын нийгэмд өөрчлөлт, шинэчлэлтийн хөдөлгөөн хийхээр болж байсан. Тэр бол миний залуу нас, ажил мэргэжлээс болоод уг үйл явдалд оролцохгүй байх эрхгүй залуу сэхээтэн байв. Түүнд өөрийн биеэр оролцоод Монголын ардчилсан холбоог Дундговь аймагт байгуулахад тэр олон сайн хүний дунд тугийг нь өргөж явсан. Өөрийгөө магтаад байх нь нэг их онцгүй. Олон сум, дүүргээр явж, иргэдэд ухуулга хүргэж, “Нэг намын хяналтын системийг халж, олон намын тогтолцоотой болъё” гэж явсны хүчинд 1990 оны сонгуулийг ард иргэд өөрсдөө хийж, үнэнийг хүлээж авсан.

Тэр бол ард түмний өөрийн гэсэн жинхэнэ сонголт мөн байв. Өнөөгийнх шиг мөнгө, төгрөг зардаг үйл явдал биш. Жишээ хэлэхэд, тэр үеийн сум, дүүргийн хамаг л машин тэрэг МАХН-д харьяалагддаг байлаа. Бидэнд мотоцикл ч байгаагүй шүү. Үүний дараа аймгийн төв Мандалговь хотоос 22 хувийн санал авсан. Одоо үед энэ саналын хувь ичгэвтэр юм шиг харагдаж магадгүй. Тэр үеийн мандат ч олон байж, тийм учраас санал ингэж хуваагдсан болов уу. Харин унаа тэрэг ч үгүй бид явган, нүцгэн явсны хүчинд тэрхүү саналыг авч чадсан нь бахархууштай үйл явдал болсон. Дараагаар нь би 51 хувийн санал авч, УИХ-ын гишүүн болсон. Хөтөлбөрийн хувьд Дундговь аймгийг цахилгаан станцтай болгох юм сан гэж бодож явсан. Одоо хүмүүс надаас “Чи яагаад улстөрч байснаа больчихов оо, улс төрөө хаясан юм уу” гэж асуудаг. Зөвхөн нэг л уламжлалт соёлыг ярьж явсан бол одоо оюутан, залуучуудад илүү олон төрлийн соёл, сэтгэлгээний талаар ярих шаардлага байгаа учраас би энэ ажлаа хийдэг.

-Орос хэлнээс монгол хэлд хөрвүүлж, хүргэж байсан “Алтан гишүү”, “Онгон шүтлэг ба хорио цээр”, “Софило” цувралын талаар?
-Эдгээр ном болбоос хуучин цагийн идеалист сэтгэлгээг их чухалчилсан юм уу даа. Хүн анх хэлд орсон цагаасаа хойш унаган уламжлал, соёлыг өөртөө бий болгодог. Хоёр удаа хэлд орно гэж байдаггүй шүү дээ. Хүн төрөлхтөн нэг удаа сэтгэсэн, улмаар тэр нь цаашаа өргөжин тэлж байна. Бид өв соёл, уламжлалыг ярихдаа материаллаг, эд биеэс жишиж ярьдаг тогтолцоотой болсон байсан. Түүхийг чинь мөн адил идэж уух, өмсөж зүүх зэрэг материаллаг шинжийг онцолж, тайлбарласаар ирсэн. Гэтэл хүн төрөлхтний амьтнаас ялгарсан заагийг тогтоосон хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол шүтлэг бишрэл, онгон шүтээн байдаг.

Энэ бол язгуурын зүйл. Бид үүнийг мухар сүсэг гэх мэтээр хаацайлсаар алгассан. “Алтан гишүү” болон “Онгон шүтлэг ба хорио цээр” нь хүн төрөлхтний түүхийг үнэн мөнөөр тайлбарлахаар болбол бид хүний дотоод сэтгэл рүү өнгийх хэрэгтэй болгож байгаа арга чиглэлийн номнууд юм. “Софило” цуврал болбоос хүний мөн чанар, угтаа хэн юм, ямар байх, ямар байгаа, ямар байсан, ямар байвал зохистой юм гэх чиглэлийг хөндөнө. Энэ чиглэлийг ярихдаа хүн төрөлхтөнд мөнхөд байсан, хэзээ ч хаягддаггүй, сэтгэлгээний уг язгуурын шинж нь илбэ дом, шашин, домгийн сэтгэлгээ юм. Хэзээ ч хаягддаггүй ард, урд гэх мэт далд орсон болохоос үүнээс орхигдож, хаягдсан юм байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид амьдралдаа шинэ хандлага оруулах шаардлагатай байгаа юм. Сэтгэлгээний, хандлагын суурь шинжтэй номнуудыг орчуулж, хүргэж буй. Манай сургалтын систем их онолын байна. Шинжлэх ухаан, онолын номоор л хүмүүжүүлчихнэ гэж бодоод байх шиг байна.

Тэгдэг юм биш, тийм юм байхгүй. Шинжлэх ухаан бол их бага хувийг эзэлнэ. Хүн гэр орныхоо өв соёлоороо, ёс уламжлалаараа төлөвшинө. Тэрнийг бид ихэд орхиж яваа. Энэ талаар бидний дурдсан “Софило” цувралд тайлбарлагдсан гэвэл зүй байх. Ухааны саруул, хүний оюун ухаан, билэгдлийн хэв шинжүүдийг голлосон. Соёлын эрх чөлөө гэж нэг юм бий. Үндэстэн дотор том жижгийн хэмжээ гэж байхгүй. 100 хүн ярьдаг хэл, 100 сая хүн ярьдаг хэл хоорондоо ямар ч ялгаагүй. Өв соёлын тал дээр тайлбарласан номууд ихээр хэвлэгдэж байж ирээдүйн хүчийг олох юм. Үүнийг хийхийн тулд арга зүй хэрэгтэй. 

-Монголын уламжлалт домгийн сэтгэлгээний талаар?
-Би дээр дурдсан, аль нэг ард түмний өв соёл нь нэгнээсээ сул гэсэн ойлголт байхгүй. Бүх үндэстний өв соёл өөрийн гэсэн онцлог, баялаг түүхтэй. Монгол хүний соёлын өв дэндүү баян, хэтэрхий дэлгэрэнгүй. Евроазийг эзэлж, дэлхийн түүхэнд хоёр удаа товойж гарсан. Чингис хааны үеийг товчоор хэлбэл дэлхийг төвхнүүлж, дэлхийн түүхийг бүтээсэн. Тэр үе бол монгол түмний бүтээсэн амар амгалангийн тал байлаа шүү дээ. Аливаа ард түмний үлгэр, домог амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний мөнхийн хүсэл нь амар амгалан байх. Их Монгол улсын үед дэлхий 200 жил амар амгалан байсан. Их Монгол улсад хүчээ өргөснөөр тийм боломжид хүргэсэн. Тэр үеийн дэлхий гэдэг Их Монгол улс шүү дээ. Жишээлбэл, XIV зуунд л анх Африкийн баруун бүсийг судалж, эхэлж байсан. Тэгэхээр дэлхий гэдэг тэр хугацаанд Монгол Улсын хэмжээний байжээ.

Харин одоогийн нөхцөлд бодоод үзвэл бидэнд дэлхийн нийслэл гэдэг юм байхгүй. Буцаад тэр үеийг дурдахад Хархорум бол дэлхийн нийслэл. Монгол хэлийг судлах гэж 1360 онд зургаан хэл дээрх толь бичиг гарч байсан. Тэр үед ийм байна гэдэг Их Монгол улс хэтэрхий нөлөөтэй, монгол хэл амин хэрэгцээ болсон байж. Домгийн хувьд бол аж ахуй, ертөнцийн үүслийг тайлбарладаг талаас харвал үнэхээр өвөрмөц. Бид буддын шашны соёлыг дорно дахины соёл гэдэг. Харин Монгол Улс эртнээс л буддын шашны хүрээнд багтдаг улс шүү. Гэхдээ бид буддын шашныг хуулсан, төвдөөс зээлсэн юм байдаггүй. Бид бурхны шашнаа өөрсдөө бүтээсэн улс. Монгол Улсыг түүх домгийн хэмжээнд ярих бол өнөөгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр биш Евроазийн хэмжээнд авч, үзэж байж Монгол бүрэн бүтэн болно. Жишээлбэл, “Эрхий мэргэн”-ий домгийг судалбал бусад бүх нарны тухай домогтойгоо холбогдох юм.

Энэ мэт жишээнээс харахад монгол түмний домог үргэлжид тасархай зураг шиг сул зураглал байжээ. Монголд уул, ус, газар нутгийг дүрсэлсэн домог их бий. Бүх домогт хүнчлэл байдаг. Манайд тэр зүйл нь дээд цэгтээ хөгжжээ. Уулын толгой, нуруу, хамар гэх зэргээр байгаль орчноос эхлэн бүхий л зүйлсээ хүнчилж ирсэн. Уул, овооны домгуудыг монголчууд үл ойшоож, судлаагүй хаясан. Дээрх номууд маань уг домгуудыг судлах арга зүйг олж өгөхөд дэм байх болов уу.

-Домгийн сэтгэлгээг хөрвүүлдэг хүний хувьд өнөөгийн шинэ үеийн сэтгэлгээний өөрчлөлтийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би орчин үеийн сэтгэлгээний өөрчлөлтийг домгийн сэтгэлгээгээр тайлбарлая аа/инээв/. Домог болоод домгийн сэтгэлгээ нь мөнх үлдэх юм. Орчин үеийн сэтгэлгээ нь эргэж, ихэд домогжингуй болсон. Хүн өөрийгөө ихэд хөгжиж, дэвшиж байна гэж боддог юм. Улмаар түүгээрээ яваад мухардаад унаад ирэхээр буцаад өв соёл руугаа очдог. Харин өв соёл нь өнөө аман зохиол, ардын зохиолд бий. Өнөө үед улс төржилт ихэссэн. Дээд албан тушаалтнууд түүнийгээ итгүүлдэг, ятгадаг гэх мэт домгийн аргаар хийж байгаа шүү дээ. Манайхан домгийн их өндөр сэтгэлгээтэй ард түмэн.

Гэтэл түүн дээр нь дөрөөлж, ард түмний өмнө “тоглолт” хийдэг. Домгийн сэтгэлгээнд хов, хар яриа, гүтгэлэг зэрэг орно. Домгийн сэтгэлгээ нь мөхчихсөн байгаа эд биш, өнөө үед ч гэсэн хадгалагдаж байна. Харин шинжлэх ухааны үр дүнгээс үүдэн эд баялгаа зарж, борлуулж, байгаль орчноо сүйтгэж, онгичиж байна. Сэтгэлгээг бид математик гэж үзэж, судалснаар цаанаа хүн талыг нь орхисон. Сэтгэл дотор руу нь чиглээгүйн улмаас сүсэрч бишрэх, энэрэх хайрлах гэдэг юм байхгүй болж эхэлж байна. Аливаа мэргэжил бол хүний хувийн юм биш. Тэр бол хүн төрөлхтний бүтээсэн стандарт хэмжээ. Гэр бүл болохоос эхлээд хувцас худалдаж авах дээр хүртэл өөрийнх нь хувийн асуудал биш. Үүн дээр хүн төрөлхтний өв соёл, эд баялгийг хайрлаж, хамгаалах хариуцлага дагаж ирэх юм. Материаллаг баялаг элэгдэж, хорогдож дуусна. Харин надад ганц санаа оноо байвал би түүнийгээ нэг хүнд хэлээд улмаар хоёр санаа болж хувирна. Нэг удаагийн лекцээрээ би гучин өөр санаа үйлдвэрлэж байна гэсэн үг. Оюуны баялаг хэрэглэх тусам арвиждаг эд. 

-Өөрийгөө сэхээтэн гэж дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал?
-Би бол хоёр дахь үеийн сэхээтэн. Уг нь эцэг, эх маань малчид. Миний эцэг 40-өөд оноос эхлэн арав гаруй жил багшилсан. Тэр үеийн Дундговь аймгийн Луус сумыг анх байгуулалцсан. Багш нь болоод дараа нь захирал болсон тийм хүн. Би шавь нартаа “Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй, бусдыг нь багш бүтээсэн” гэж хэлдэг. Барилгачин барилгаа барьж байна, түүнийг багш нь бий болгосон. Өнөөгийн улстөрчид, эмч, цагдаа гэх зэрэг бүгд л багшийн боловсруулсан бүтээгдэхүүн шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэхээтний бүтээгдэхүүн. Будда, Күнз, Сократ, Лаозоос авахуулаад хүн төрөлхтний анхны сэхээтнүүд дандаа философичид байсан.

Шашин эсвэл шинжлэх ухаан байна уу хамаагүй, хүнд мэдлэг боловсрол түгээж, төлөвшүүлж байгаа нэгэн бол сэхээтэн юм. Бидэнд боловсролын системийг муулах шалтгаан үгүй. Боловсрол сайн ч бай, муу ч бай бид бүгд л тэрхүү боловсролын бүтээгдэхүүн. Харин би ирж байгаа цаг үеийн бага залууст өөрчлөлт, шинэчлэлт авч ирнэ гэдэгт нь итгэдэг. Бидний үеийнхэн хийх ёстойгоо хийсэн. Хэнд ч хийх ёстой үүрэг даалгавар ирэх цагтаа ирнэ.

-Таны хувийн философийн үзэл, хандлага юу вэ. Өнөө үед орчуулагдаж байгаа философийн номнуудаас аль чиглэл нь дутагдалтай гэж боддог вэ?
-Би яагаад орчуулаад байна вэ гэхээр, миний номнуудын олонх нь арга зүйн ном. Тэрнээс биш ийм бай, тийм бай гэх мэтээр сургамжилсан хэрэг биш. Өнөөгийн нийгэм бол их өвөрмөц, содон нийгэм. Уг өвөрмөц содон байдлыг судлахын тулд арга зүйн чиглэлтэй номнуудыг орчуулж байгаа. Кембриджийн гэх мэт гаднын сургалтын хэв маягийг Монголд оруулж ирж байгаа нь маргаан болоод байна. Ингэх нь тийм ч зохистой биш. Тэр системийг хэд гурван сургуульд судалгааны байдлаар хэрэгжүүлж болох ч, даяар нь өөрчилнө гэдэг бол нийгмийг туршиж байгаа явдал. Соёл руу халдаж байгаа халдлага юм. Өв соёлын дархлаа сулрах хоёр бий.

Гаднын орнуудыг даган дуурайх мөн гаднын шахалтад орох гэсэн хоёр шалтгаан байдаг. Хувьсгалт үзэл орж ирснээр монголын соёлыг сүйтгэсэн. Зарим судлаачийн нэмж, үздэгээр гурав дахь шалтгаан нь залуусын соёл гэж байгаа. Залуус бусад орныг даган дууриаснаар, өөрийн үндэсний соёлоо шүүмжлэх, дорд үзэх, хаях зэрэг асуудал гардаг. Үндэс өөрөөсөө ургадаг. Тийм учир бид өөрсдийн соёл уламжлалаа өөрсдөө л тордож, авч явах хэрэгтэй. Бид монгол хүн төлөвшүүлэх ёстой болохоос биш заавал дэлхийн иргэн болгох ёсгүй. Дэлхийн иргэн гэдэг бол хийсвэр зүйл. Дэлхийн иргэн гэж байдаггүй юм.

-Гаргахаар төлөвлөж буй шинэ уран бүтээлээсээ дурдвал?
-“Софило” цувралыг нас биед хүргэх гэж цааш явуулна. Төлөвлөсөн ном бол бий. Домгийн сэтгэлгээ, арга зүйн номнуудаа цааш орчуулж явна. Сэтгэлгээ болон хүний тухай номнуудаа ч мөн явуулж байгаа. Жилд дунджаар хоёр ном гаргах бодолтой байна. Үүнээс гадна миний өөрийн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрүүдээр байгаа. Удахгүй судалгааны бэсрэг өгүүллүүдээрээ бие даасан ном гаргах бодолтой. “Софило” цуврал цаашаа үргэлжилнэ. Дараа нь залуу үеийнхэн өвлөж аваад явах биз. Миний зүгээс Монгол Улсдаа, залуу үеийнхэндээ зориулж байгаа чадал минь энэ. Үүнийг дараа үеийнхэн маань шүүмжлэхдээ шүүмжилж, муулахдаа муулаад яаж ийгээд цааш үргэлжлүүлэн авч яваасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа танд.


Ж.Отгонбаяр: Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй, бусдыг нь багш бүтээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-17 10:38:54
    Багш: Багш бэлтгэдэг сургуулийн багш ийм мунхаг юм хэлээд сууж байдаг. Оюутнууд нь ийм мунхаг юм уу? Эсвэл энэ сургуулийн удирдлага ийм мунхаг юм уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-02 23:25:30
    Цэцэгмаа: Отгон баяр бол ёстой нөгөа жинхэнэ цэвэр улс төрч гэдэг хүн шүү одоо цагт ховордсон түүх болсон хүндээ .мундаг багш байх нь зөв шүүдээ тэр өөрөа энэ нийгмийн тбодит түүх юмдаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-31 14:23:43
    Сувдаа: Мубисын оюутан ахуй цагтаа энэ сайхан багшийнхаа номыг сонсож явлаа. Талархаж явдаг даа олон ч сайхан багш нараар хичээл заалгаж байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-31 09:15:02
    М. Бахыт: Хичээлд нь суусандаа одоог хүртэл баярлаж явдаг. Оюутан болж анх сургуульд орж ирээд таны хичээлд сууж их юм миний амьдралд өөрчлөгдсөн. Аливаа юмыг эрж хайж юмыг олон талаас харах сэтгэлгээ бий болсон. Ачит багш танд маш их баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-30 21:47:35
    Tuul: Хичээл заалгаж байсандаа үнэхээр баяртай байдаг даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-30 20:07:26
    Энхжаргал: Хүндэлж явдаг багш шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 19:28:07
    Э. Бямбацэцэг: Энэхүү ярилцлагыг уншаад багшийнхаа хичээлд суусан мэт болж, сэтгэл оюун бадраад ирэв. Мөн ч гайхалтай хүн шүү, оюутан байхдаа яриа бүрийг нь шимтэн сонсдог сон. Жинхэнэ багш хүн дээ. Хаана ч тааралдсан нэр андахгүй, мэндлээд зөрөхөд урамтай, бахархалт сайхан багш минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-10 19:04:27
    Зочин: Мундаг багш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 22:10:27
    Одгэрэл. Ж: Үнэхээр гэгээлэг оюунлаг хүн юм. Нүд жаал нээгдэх шиг боллоо. Жинхэнэ багш хүн ийм байдаг байх даа. Ийм гавьяатай хүнээ урамшуулаасай даа төр засаг минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-27 22:09:44
    Одгэрэл. Ж: Үнэхээр гэгээлэг оюунлаг хүн юм. Нүд жаал нээгдэх шиг боллоо. Жинхэнэ багш хүн ийм байдаг байх даа. Ийм гавьяатай хүнээ урамшуулаасай даа төр засаг минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-25 08:53:07
    2006 oni togsogch: oyutnuudtai 00-d tamhilangaa bainga onigoo yarij ogdog bj bilee. sain bagshdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-23 11:29:43
    oyu: Үнэхээр мундаг багш. энэ хүний хичээлдсууж энэ хүний үгийг сонссондоо одоо хүртэл талархдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-21 16:27:56
    А.Мөнхцэцэг : Эрхэм сайхан багшдаа ажлын өндөр амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 20:38:40
    Шавь Уранцэцэг: Үнэхээр мундаг багшдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-20 01:27:39
    Shavi Ochirbat: Alivaa zuiliig olon talaas ni harah setgelgeeg needeg bagsh daa. Bas l ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 12:03:45
    Шавь Б. Мэндбаяр: Манай багш их мундаг хүн яриа бүрийг нь сонсоод л суугаад баймаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 10:02:19
    Д Октябрь: Отгонбаяр хүү онцгой төрсөн хүү шүү дээ Цаг хугацааны шалгуураар үйлс бүтээл нь бүр тодрох болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 22:49:37
    Shavi: Bagshdaa amjilt hvsie ilvv ihiig hiij bvteegeerei mundag bagsh shv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 21:17:53
    К.Мурагүл: Багшдаа маш их баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 21:08:50
    Оюутан: Таны хичээлд сууж юмыг өөр өнцгөөс харах боломж, мэдлэг олгосонд талархлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 20:30:42
    Цэдэн-Иш : Мундаг багшаасаа үг сонсож явсандаа маш их баярладаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-18 16:29:16
    Сэржмаа: Мундаг багш шүү багшаараа маш их бахархаж явдагаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188