Манай гэрийн хажууханд нэгэн жимсний дэлгүүр байдаг юм. Улаанбаатарт нэлээн олон салбартай, бараг хороолол бүрт харагдаж байдаг юм билээ. Манай гэрийн хажууд байх дэлгүүр нь сургууль, цэцэрлэгийн замд тул өглөө, оройдоо үйлчлүүлэгч ихтэй. Худалдагчийн харилцаа хандлага дажгүй. Тохижилт ч сайхан. Мөн чанартай, найдвартай, хямд гэх үгийг гаднах сурталчилгааны самбар дээрээ хадсан байдаг.
Дэлгүүрт ороход үүд хавьцаа том улаан сагс бий. Ихэнх тохиолдолд уг сагсанд жимс дүүрэн байдаг. Хажууд нь пайз зоож, “итгэмээргүй” хямд үнийг тавьна. Кг алим 2500, эсвэл савласан жимс 2000, 3000 төгрөг гэх мэт. Та бараг л гадарласан байх. Энэ бол дарагдаж муудсан, ялзарч эхэлж байгаа жимснүүдийг хямд үнээр худалдаалдаг хэсэг юм.
Нэг удаа худалдагч охиноос “Ийм жимс худалдаж аваад гэдэс өвдвөл яана” хэмээн асуухад “Үгүй ээ, ахаа наадах чинь жаахан дарагдсан болохоос зүгээр. Ялзарч, харласан хэсгийг нь хальслаад идэхэд болно” гэх тайлбарыг хэлж, авах эсэх нь худалдан авагчийн сонголт гэх агуулга бүхий үгийг унагаж байж билээ. Худалдагч охины зөв байж болох ч халаасандаа 500, 1000 төгрөгөөс хэтрэхгүй, гэнэн жаахан хүүхдүүд гол хэрэглэгч болдог нь харамсалтай.
Би ажилдаа явахдаа Нисэхийн замаар хотын төв рүү ордог юм. Таван шарын замаар өдөрт дор хаяж хоёр зорьчдог. Өнгөрсөн оны 7 дугаар сарын сүүлчээр Таван шараас төмөр замын гарам хүртэлх авто замын тэмдэг тэмдэглэгээг сэргээн будсан юм. Гүйцэтгэгч нь нийслэлийн өмчит замын компани юм билээ. Будсан орой тод цагаанаар гэрэлтэж байсан замын тэмдэглэгээ сар хүрэхгүйн хугацаанд борооны усанд угаагдаж алга болж байгааг харж халагласаар нэг л мэдэхэд өмнөх будгаас үртэс ч үлдэлгүй арилсан. Уг нь стандартаар бол 2-3 жил юм билээ. Энэ талаар сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж хэд хэдэн удаа нийтлэл бичиж, компанийн удирдлагуудаас тайлбар авах гэж муур хулгана болж хөөцөлдсөн.
Академич С.Нарангэрэл “Улс орны хөгжил дэвшлийн эх үүсвэр нь ёс суртахуун юм. Хүн гэдэг амьтан бол шударга, эр зоригтой, жудагтай, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, нэр төрөө эрхэмлэн, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Ханаж цадахаа мэдэхгүй дэндүү их шуналтай биш, бусдад өс санаж хонзогнодоггүй, атаархалд хамаг бүхнээ өгдөггүй байх учиртай. Энэ сайхан эрхэм чанаруудын нийлбэрийг бид ёс суртахуун гэж нэрлэсэн. Өнөөдөр Япон байгалийн баялаг гэхээр зүйл үгүй. Гэтэл яагаад дэлхийд хамгийн өндөр технологийг эзэмшиж, үсрэнгүй хөгжиж байна вэ. Учир нь тэд самурайн ёс буюу шударга байх, нэр төрөө эрхэмлэх зэрэг эрхэм чанаруудаар хүмүүжиж ирсэнд оршиж байгаа юм” хэмээн хэлсэн юм. Мөн “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгэл “Миний хувьд ёс зүйг дээдлэхээс гадна бизнесийг цэвэрхэн хийх гэж төртэй орооцолдохгүй байхыг хичээдэг” хэмээн хэлсэн нь бидэнд дутагдаад буй хамгийн үнэт зүйлийг сануулсан явдал байв.
Ялзарч муудсан жимсээ хямд зарж алдагдалгүй үлдэж чадсан дэлгүүрийн эзэн би бизнесийн ухаантай хэмээн сэтгэл ханах...
Хугацаа нь дууссан хулхи будгаар зам будсан болж нүглийн нүдийг гурилаар хуураад татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, өөртөө унац авч чадсан захирал өөрийнхөө “сод” ухаанд эрдэх...
Төр түмний мөнгийг хэдэн тэрбумаар нь шамшигдуулчихаад тухлаг хаусандаа хэдэн үеэрээ жаргаж байвал болоо гэх бэртэгчингүүд...
Өнөөдөр тэдэнд хожсон, ялсан мэт сэтгэгдэл төрж, баяр баясал, баярхал мэдрэгдэж байж болох юм. Гэхдээ ...
С.Нарангэрэл доктор “Хуулийн хариуцлага, ёс суртахууны хариуцлага хоёрын аль хамгийн хэцүү гэж бодож байна” хэмээгээд дараах хариултыг хэлсэн юм. Тэрбээр “Эндээс хамгийн хүнд нь ёс суртахууны хариуцлага юм шүү. Яагаад гэвэл хуулийн хариуцлага хугацаатай. Хуулийн дагуу 1-2 жил хоригдох, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад энэ хариуцлага дуусгавар болно. Гэтэл ёс суртахууны хариуцлага хэдэн үеэр нь дагадаг. Энэ нөхөр болохгүй амьтан шүү гэж яриад зогсохгүй. Эдний үр удам хэзээнээсээ болохгүй нөхөд байсан юм гэнэ. Нэг тийм үг бий. Энэ ертөнцөд муу юм хэчнээн олон боловч муу хүнээс илүү аюул үгүй гэж бичсэн байдаг. Ертөнцийн хамгийн аюултай зүйл бол оюун тархи нь ёс суртахууны ялзралд орж, хорон муу санаа, хэдийдсэн шунал тээсэн хүн юм шүү” хэмээн хэлсэн.
Гэрийн хажуу дахь жимсний дэлгүүрийн худалдагчид сүүлд орохдоо би тэгж хэлсэн юм. “Та нар ялзарч муудсан жимсээ хямд үнээр борлуулахаа болих хэрэгтэй. Ингэж болохгүй” гэж... Худалдагч охин “Төв компаниас борлуулахыг шаарддаг. Тэгээд ч авах эсэх нь хувь хүний сонголт” гэж хариулсан. Би хариуд нь “Би танай дэлгүүрт итгэмээр байна. Хэрэв би итгэж чадвал хэзээ ч урвахгүй. Надаар дамжаад манай гэр бүл, хөршүүд, ойр тойрныхон танайд итгэж үйлчлүүлнэ” гэж хэлээд гарсан. Одоо би бус тэд сонголтыг хийх ёстой боллоо...
Төрийн албан хаагч, улстөрч таньд би итгэж, төрийн хямрал үгүй болоосой гэж хүсэж байна.
Би, бид эх оронч байхыг хичээдэг. Үндэсний компаниуд маань өсөн дэвжиж, үүний нөлөөгөөр эдийн засаг маань тэлж, найз нөхөд ажилтай болж, үр хүүхдийн минь ирээдүй гэрэлтэж, улс орон цэцэглэн дэлгэрээсэй гэж хүсдэг. Төрийн албан хаагч, улстөрч таньд би итгэж, төрийн хямрал үгүй болоосой гэж хүсч байна. Ганцаараа бүхнээс тасарсан баян байх, бүхнийг шийдэгч, төр түмний хувь заяаг атгагч цор ганц нь байх “моод” хуучирсан. Хамт хөгжиж, урагшилдаг “моод” дэлгэрсэн. Зөв явсан бизнес, ёс суртахуунтай албан хаагч, улстөрч та хэзээ нэгэн цагт хүндлэл заавал хүлээнэ.
Би Таньд итгэмээр байна. Итгэж чадвал хэзээ ч урвахгүй.
Г.Батзориг
Би Танд итгэмээр байна. Итгэж чадвал хэзээ ч урвахгүй |
|
2025-05-14 05:00:00
2025-05-13 18:25:08
2025-05-13 18:01:35
2025-05-13 17:29:34
2025-05-13 17:11:55
2025-05-13 16:20:55
2025-05-13 16:00:27
2025-05-13 15:50:06
2025-05-13 15:39:40
2025-05-13 15:28:44
2025-05-13 15:23:55
2025-05-13 15:14:14
2025-05-13 15:09:56
2025-05-13 13:13:40
2025-05-13 13:08:48
2025-05-13 12:29:35
2025-05-13 11:30:52
2025-05-13 08:59:26
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |