• Өнөөдөр 2025-05-05

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ ХҮЧИРХЭГ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

2023-04-24,   866

           Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд комплаенс гэх ойлголт олон салбарт ашиглагдах болж, улмаар энэ нь компанийн тогтвортой өсөлт, улс орны хөгжлийн суурь зарчмыг илтгэх хүртлээ чухал болж ирлээ. Комплаенс гэж аливаа байгууллага бүхий л үйл ажиллагаагаа хууль тогтоомж, дүрэм журманд нийцүүлж, түүнийг чанд мөрдөх тухай ойлголт юм. Тодруулбал, аливаа бизнес ёс зүйтэй байж гэмээнэ тогтвортой өсөн дэвжих гүн бат сууриа цутгаж байна гэсэн үг. Ёс зүйгүй бол улс төрийн хүрээнд хэчнээн танил тал, хамгаалалттай байгаад нэмэргүй. Ёс зүйгүй бол санхүүгийн хүчирхэг нөөц, чадамжитай байгаад ч нэмэргүй цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид зөв, шударга ажиллаж, хамтдаа хөгжих чин хүсэлтэй компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсэх болсон. Мөн үүгээр дамжуулж нийгэмд үүсээд буй аливаа шударга бус байдлыг засах иргэний үүргээ хялбархан гүйцэтгэх боломжтой болж байна.

      Тийм ч учраас алсын хараатай аж ахуй нэгжүүд бизнесийн ёс зүй хэмээх ойлголтыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллахад онцгойлон анхаарал хандуулах боллоо. Тухайлбал, “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээх зарчмыг чухалчилж ирсэнээ илэрхийлсэн бол “Мобиком” корпорацийн ерөнхий захирал Хамада Тацуяа бизнесийн ёс зүйг хүмүүжилтэй жишин тайлбарласан. Хүн насны ханиа сонгохдоо хүмүүжилтэй, үнэнч шударга байдлыг гол болгож, удам судрыг нь хардаг. Ингэж байж гэмээнэ аз жаргалтай амьдралыг бүтээж, бат бэх гэр бүл үүснэ. Тэгвэл яг энэ хандлага ч бас бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орж ирж байна.

        Дэлхий даяар хэдэн арван мянган салбартай “Starbucks” дэлгүүр 2018 онд менежерийнхээ гаргасан ганц алдаанаас болж том асуудалд унаж байсан жишээ бий. Тодруулбал, бизнесийн хамрагчтайгаа уулзахаар тус сүлжээ дэлгүүрийн нэгэн салбарт сууж байсан өнгөт арьстай хоёр залууг дэлгүүрийн менежер юм захиал, үгүй бол гар гэх шаардлага тавьж, улмаар залуус захиалга өгөхөөс татгалзсан тул менежер цагдаа дуудсанаар хэрэг мандсан. Энэ бүх үйл явдлыг өөр нэгэн үйлчлүүлэгч утсандаа бичиж цахим орчинд тавьснаар “Starbucks” ёс зүйгүй үйлдэл гаргаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалаа гэх яриа гарч, цаашлаад эсэргүүцлийн жагсаал болж өргөжсөн.

Үүний дараа тус компанийн гүйцэтгэх захирал Жонсон бичлэгт гарч буй үйл явдал манай компанийн эрхэм зорилго, үнэ цэнд харшилсан үйлдэл хэмээн уучлалт гуйж, худалдан авалт хийхгүйгээр “Starbucks”-ыг ашиглах боломжтой хэмээсэн. Мөн ажиллагсаддаа ёс зүйн хэм хэмжээг суулгах сургалт явуулахын тулд 8000 салбараа түр хугацаагаар хааж байв.

       Бас нэг жишээ. Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй “Mozilla”-ын гүйцэтгэх захирал Брендан Эйч гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэж тодорхойлсон нь ЛГБТК хүмүүст эмзэг туссан. Энэ байдал нь компанийн удирдлага болон компанийн үнэт зүйл хоёр нэгдмэл бус байгааг илтгэсэн үйл явдал хэмээсэн. Эцэстээ Эйч албан ёсоор уучлалт гуйж, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Мөн “Google” компанид ажиллагсадаа хүйсээр ялгаварлан гадуурхаж буй эсэх талаар томоохон шалтгалтыг 2018-2019 оны үед оруулсан байдаг. Цахиурын хөндийд эмэгтэйчүүд болон бусад бэлгийн цөөнхийг удаа дараа ялгаварлан гадуурхаж байсан нь илчлэгдсэн. Үүний дараа “Google” компани илүү олон талт, хүртээмжтэй ажлын соёлыг бий болгоход анхаарал хандуулсан байдаг.

        Энэ мэтээр дэлхийн хүчирхэг компани болж өсөн дэвжих, энэ нөлөөллөө хадгалахын тулд бизнесийн ёс зүйг чандлан баримтлах нь компаниудын хувьд хамгийн чухал зүйл болж хувираад байна. Нөгөө талаас ухаалаг байж чадвал ёс зүй өөрөө тухайн компанийн өсөн дэвжих хамгийн том маркетинг байх боломжтой болжээ. Бид ёс зүйтэй гэдэг ганц өгүүлбэр л хэрэглэгчийн хайрыг татах болно.

                Харамсалтай нь манай улсын хувьд ёс зүй гэх ойлголт компани, улс төрийн хүрээнд ихээхэн учир дутагдалтай байна. Үүний хамгийн гол шалтгаан нь төр бизнес рүү хэт хошуурсантай холбоотой гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Төртэй хэн ойрхон байна. Тэр асуудлаа шийддэг энэ тогтолцоо өөрөө хамгийн том аюул юм. Доктор Д.Батзориг “Байцаагчид аж ахуй нэгжид шалгалт хийгээд хамгийн эхэнд Зөрчлийн хуулиар торгож болох заалтыг хэрэглэдэг. Компанийн удирдлагууд энэ хуулийг яаж давах уу, байцаагчийг хэрхэн аргалах уу гэдэгт толгойгоо гашилгаж ирлээ. Бизнес эрхлэгчид яагаад төрийн байгууллага, хуулийнхан, байцаагч нарын дарамтад орж шийтгүүлэхээс айж явах ёстой юм” хэмээсэн. Энэ бол хоосон бухимдал биш юм. Д.Батзориг докторын танилцуулсан судалгаанд компани, аж ахуй нэгжийн удирдлагуудын 29 хувь нь байгууллагынхаа дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм журам, стандарттай холбоотой мэдээллийн туслалцааг төрийн байгууллагын албан тушаалтнаас авдаг тухай дурдсан байна. Дараа нь 23 хувь нь хуульчаас авдаг гэжээ. Эндээс бизнес эрхлэгчид төрөөс ямар их хамааралтай байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, төрийнхний дохио зангааг зөв ойлгох нь хувийн хэвшлийнхний эзэмшсэн байвал зохих нэг чадвар болжээ.

         Тэгсэн атал гаргасан дүрэм журам, стандарт нь ойлгомжгүй гэдгийг ихэнх бизнес эрхлэгч хэлсэн байна. Танай салбарын дүрэм журам, стандарт хэр ойлгомжтой вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 25 хувь нь ойлгомжтой гэж хариулжээ. Үлдсэн 75 хувь нь ямар нэг асуудалтай хэмээсэн байна. Уг нь төр бизнес эрхлэгчдийн урагшлах замын намаг шаврыг цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл өөрсдөө намаг балчиг, шавар шохой үүсгэчихээд түүнийг нь туучаад ирсэн бизнес эрхлэгчийг шийтгээд сууж байж таарахгүй юм.

          Энэ байдлаас болж Монголын хөрөнгө оруулалтын орчин үндсэндээ дампуурсан. Монголын төр, улстөрчид хэлсэндээ хүрдэггүй. Ёс зүйгүй хэмээн гадныхан тодорхойлж байна. Хөгжлийн банк, ЖДҮ, зээлийн сангуудад улстөрчид, тэдний хамаарал бүхий компаниудын гар хөл хэрхэн дүрэгдэж ирсэнийг бэлхэн харж болно. Тэгвэл бид, Монгол Улс ийм байдлаар цааш хэрхэн урагшлах вэ? Сүүлийн үед компанийн бизнесийн ёс зүйгээр нь дүгнэж зээл олгож, хөрөнгө оруулалт хийх боллоо. Та ёс зүйтэй л бай. Тэгвэл мөнгө өгье, үйлчлүүлэгч нар нь үнэнчээр дэмжье, хамтдаа урагшлая гэж байна. Бид эртхэн сэхээрэх хэрэгтэй болжээ.

Г.Батзориг

 


БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ ХҮЧИРХЭГ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188