• Өнөөдөр 2024-05-19

Олимпын аварга, “Дэлхийн шилдэг бокчин” Э.Бадар-Ууган

2023-06-01,   1070

 Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпын аварга Энхбатын Бадар-Ууганыг  монголчууд төдийгүй, дэлхийн бокс сонирхогчид андахгүй. Тэрбээр эгэл даруухан, төлөв түвшин нэгэн. Түүний даруу зан зөвхөн боксын рингэн  дээр тулаан хийх үед эрэмгий хурц  дайчин, шийдмэг зан чанараар солигддог нь үнэхээр гайхалтай. Бээжин 2008 олимпын аварга Э.Бадар-Ууганд хурд хүч, техник, хөлийн ажиллагаа,  орон зайн мэдрэмж, гарын хүчтэй угсраа цохилт, тэсрэлт гээд дутуу зүйл нэгээхэн ч үгүй.

Боксчин хүнд байх ёстой бүх л шинж чанарууд Э.Бадар-Ууганд бий. Түүний жингийн дэлхийн шилдгүүд  “Э.Бадар-Ууган бол байгалиас заяасан төрөлх авьяас нь төгс бүрдсэн монгол тулаанч” хэмээн өгүүлсэн байдаг. Тийм ч учраас “AIBA” Олон улсын боксын холбооны  шүүгч, тэргүүлэгчид болон  боксын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр гар өргөн Э.Бадар-Ууганыг 2009 оны  “Дэлхийн шилдэг боксчин” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.  Сонирхогчдын боксын 11 жингийн олимп, дэлхийн аваргуудаас  илүү санал авч “Дэлхийн шилдэг боксчин” болно гэдэг амаргүй. 

Э.Бадар-Ууган 2007 оны Чикагогийн  дэлхийн аваргаас “Алтын дайтай мөнгөн медаль” хүртэж,  жилийн дараа 2008 онд Бээжингийн олимпын наадмын аваргын алтан медаль хүртсэн билээ.  Олимпын алтан медаль хүртэхдээ бүх өрсөлдөгч нараа илт илүүрхэж, давамгайлсан тулаан хийсэн юм. Түүний гайхамшигтай тулааныг дэлхийн бокс сонирхогчид шимтэн үзэж харсан билээ.  Боксын ноён оргил болсон кубын боксчинтой олимпын алтан медалийн төлөө тулалдахдаа торох зүйлгүй дөрвөн үе оноогоор хол тасарч олимпын аварга болсон.

Олимпын аварга Э.Бадар-Ууганын бага насыг сонирхон харвал эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн нэлээн дэггүй хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Сав л хийвэл, гудамжны зодоонд цохионд оролцож, аав, ээжийнхээ чихийг халууцуулдаг байсан гэдэг.  Аав, ээж нь чанга хатуухан үг хэлэх гэхээр өвөө, эмээгийнхээ гэр рүү зугтаад орчихдог хүүхэд байж л дээ.  Арга нь барагдсан аав Энхбат нь “Миний хүү тийм их зодолдох дуртай юм уу. Хориотой газар гудамжинд зодолдож байхаар, зөвшөөрөгдсөн газар очиж, дүрэм журмынх нь дагуу  зодолдож болно шүү дээ” гэж хүртэл хэлж үзжээ.  Энэ явдлаас хойш нэг их удалгүй нагац ахад нь хэлж, захин байж боксын дугуйланд оруулж өгсөн гэдэг.

Бадар-Ууган аварга 1998 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багшийн шавь болсноор амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. Э.Бадар-Ууган аварга  “Би хэдий  зодоонч,  сахилгагүй  байсан ч, өрөвч нимгэн сэтгэлтэй  болохоор атаман байгаагүй шүү”  гэж ярих юм билээ. Олимпын аварга дунд сургуульд байхдаа найз нартаа “Би том болоод эхнэр авахдаа хүмүүжилтэй даруухан охинтой сууна” гэдэг байж. Энэ бүхэн нь биелэлээ олж багын найз Азжаргалтайгаа гэр бүл болжээ.  Э.Бадар-Ууган аваргыг бага байхад эхнэр Азжаргал нь 23-р сургуульд сурдаг байж. Тэр үед дунд сургуулийнхаа амралтын өдрүүдэд Шархаданд ирдэг байж л дээ. Найз охиндоо таалагдаж анхаарлыг нь татах гэж чамгүй дэггүйтдэг байсан гэдэг. Тухайн үед Олимпын аваргыг  “Шархадны зодоонч” гэдгээр нь сургууль даяар нь андаггүй байсан гэх юм билээ.

Олимпын аварга маань гэр хорооллын бусад хүүхдүүдийн нэгэн адил ус, нүүрс, түлээ зөөх зэргээр чамгүй биеийн хүчний ажил хийж, тэсвэр хатуужил суусан аж. Гудамжны шороон дунд өсч, эгэл борчуудын хар бор амьдрал дунд төлөвшсөндөө олимпын аварга олзуурхдаг гэсэн. Э.Бадар-Ууган аваргыг даруу болон төлөвшихөд боксын спортоос гадна эхнэр Азжаргалынх нь  ухаалаг дөлгөөн, хүлээцтэй зан чанар нөлөөлсөн бололтой. Одоо тэд бие биедээ уусаад бүрч даруухан болсон болов уу. Аварга найз нөхөд дундаа орвол сонсоод сууна уу гэхээс гол дүрд нь ороод оволзож, үсчээд байдаггүй. Найзууд дундаа дуугүй, томоотой талдаа нэгэн юм билээ.

Чикагогийн 2007 оны боксын дэлхийн аваргын алтан медалийн төлөө Э.Бадар-Ууган ОХУ-ын боксчин С.Водопяновтай тулалдсан. Оросын боксчин хэдийгээр сайн тулалдсан ч манай Э.Бадар-Ууган илүү тулаан  гаргаж оноогоор хожиж явсан.  Дэвжээний шүүгч цаг дуусахын өмнөхөн ямар ч үндэслэлгүйгээр Э.Бадар-Ууганыг торгож хожилыг нөгөө талд өгсөн билээ.

Боксын Улсын шигшээ шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан ОУХМ  М.Мөнхжаргал агсан  Чикагогоос ирээд надад өгсөн ярилцлагадаа  “Э.Бадар-Ууган маань сэтгэл сэргээсэн сайхан тулаан хийж чадсан. Шүүгчийн алдаатай буруу шүүлтээс болж дэлхийн аваргын алтан медалийн оосроос атгаж аваад л алдлаа. Гэхдээ Э.Бадар-Ууган дэлхийн шилдэг боксчдын нэг гэдгээ харуулсан. Бид дэвжээнд шүүсэн шүүгч буруу шүүж манай Бадраад торгуулийн оноо өгснийг үнэн зөвөөр магадлан шалгаж  өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан.  Олон улсын боксын холбоо,  шүүгч буруу шүүж торгууль өгсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэд нэгэнт л өгсөн шүүгчийн  ялалтын шийдвэрийг буцааж болохгүй.  Буруу шүүсэн Аргентины шүүгчид арга хэмжээ авахаар болсон. Магадгүй тэр шүүгчийн дараа дараагийн тэмцээнд шүүх эрхийг нь хасах болов уу” гэж ярьж байсан билээ.

Э.Бадар-Ууган  аварга  “Тулаан бүхэн л хүнд хэцүү, хариуцлага шаардаж байсан. Ялагдах эрхгүй тулаанууд байлаа. Рингэнд тулалдаж байхад дэвжээний шүүгч Оросын боксчин С.Водопяновт илүү талтай шүүж байгаа нь мэдрэгдсэн. Багш хүртэл наад шүүгч чинь Оросын боксчны талд байна шүү. Миний хүү урагшаа явж оноо авна шүү гэж рингэний хажуугаас захиж байлаа. Оросын боксчинг ялна гэсэн итгэлтэй тулалдсан боловч ялалт авч чадаагүй. Тулаан дуусахад ялагдал хүлээсэндээ нэг л итгэж өгөхгүй байсан. Энэ тулааны бичлэгийг хийж ирсэн байгаа. Удахгүй телевизээр гаргана. Тэрнээс хараад л ард түмэн өөр өөрсдийн бодол дүгнэлтийг өгнө биз дээ.  Гэхдээ Оросын С. Водопянов сайн боксчин байсан шүү” гэж билээ.

Бээжингийн 2008 оны олимпод Э.Бадар-Ууган амжилттай тулалдаж Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй бидний олон жил хүсэж хүлээж байсан олимпын алтан медалийг хүртэж чадсан билээ. Тэрбээр Бээжин 2008 олимпод Чикагогийн дэлхийн аваргад шүүгчийн булхайтай шүүлтээс болж  алтан медалиа алдсан Оросын боксчин С.Водопяновтай хагас шигшээнд таарч тулалдан ялах зорилт тавьж очсон юм. Гэтэл Оросын боксчин хагас шигшээд шалгарч чадалгүй ялагдал хүлээсэн билээ. Бээжин 2008 олимпын наадмын дараа Э.Бадар-Ууганаас  сайн, муу хэл ам тасраагүй. Олимпын аварга бэлтгэлээ хийхгүй байна. Аваргын зан характер эвдэрч байна гээд шуугих болсон.

Харин үүнд Э.Бадар-Ууган аварга хариулт өгөхдөө “Хүмүүсийн итгэлийг дааж амьдарна гэдэг амаргүй зүйл. Ард түмнийхээ итгэл найдварыг нь алдахгүй явахыг л бодож байна. Дэл сул элдэв янзын ярианд нэг их ач холбогдол өгдөггүй. Ер нь сонин хэвлэл дээр янз бүрээр бичиж байгааг тоодоггүй. Сэтгүүлчдийн ажил нь тэр юм чинь бичиж л байг. Одоо яая гэхэв. Гэхдээ баримттай үнэн зүйлийг ёс зүйтэй л бичээсэй билээ. Би урд өмнө ямар байсан.  Одоо яг л тэр хэвээрэй байгаа. Миний хийх ёстой ажил бэлтгэл, сургуулилалт. Түүний үр дүнг үзэж амжилт гаргах нь чухал гэж боддог. Лондон 2012 оны олимп миний өмнө байгаа том зорилт. Эх орон ард түмнийхээ итгэлийг алдаагүй гэдгээ дараагийн олимпийн наадамд харуулж, амжилтаа бататгах юмсан гэж бодож явна гэж билээ.

Э.Бадар-Ууган ялалт, ялагдлын амт, бэртэл, гэмтлийн хүнд хэцүү бүхнийг  биеэрээ мэдэрч яваа олимпын аварга. Тэрбээр Казахстанд 2006 онд болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон. Тэр тэмцээнээс аваргын алтан медаль хүртэх тулааны үед  Э.Бадар-Ууган аварга тохойны ясаа цуулсан байдаг. Бээжин 2008 олимпын наадмын өмнө Тайванийн Спортын Шинжлэх ухааны төвд бэртлээ эмчлүүлсэн. Хэсэг хугацаанд өвдөлтийг багасгах, үрэвслийг нь намдаах эмчилгээ хийлгэсэн гэдэг. Харин олимпын аварга болсны дараа хагалгаанд орж  сэтэрсэн ясаа авхуулж, сунасан хоёр шөрмөсийг бэхэлж оёуулжээ. Гэвч олимпын аваргын бие сайжрахгүй л байж. Үе үе толгой нь эргэж, дотор нь муухайрч биеийн тэнцвэрээ алдах, нуруу нь татаад хөдөлж чадахгүй байх зэрэг сөрөг шинж тэмдэг илэрээд л байв. Лондон 2012 олимпын наадмын өмнө Герман Улсын спортын диспансерт үзүүлжээ.

Гэтэл эмнэлгийн эмч нарын зүгээс түүнд хатуу шаардлага тавьж анхааруулсан байна. “Хэрэв та энэ байдлаар гам барихгүй бэлтгэлээ үргэлжлүүлээд явбал нурууны чинь мэдрэлийн судас ямар ч ажиллаггаагүй болно. Тиймээс Энэ удаагийн Лондон 2012 олимпын наадамд зориулсан эрчимтэй бэлтгэлээ орхиж 1-2 жил төгс эмчилгээ хийлгэ гэжээ. Тэгээд л арга буюу Бээжингийн олимпын наадмаас хойших дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимээ үзэж чадалгүй. Лондон 2012 олимпын наадмыг үзэгчдийн суудлаас үзсэн билээ.  Энэ бүхэн аваргад маш  хүнд сэтгэлийн дарамт болсон ч тэрбээр үүнийг туулж чадсан. Бээжин 2008 олимпын аварга, “Дэлхийн шилдэг боксчин” Э.Бадар-Ууган сонирхогчдын боксын ертөнцөд гарсан нэгэн шинэ үзэгдэл байсан. Тийм ч учраас дэлхийн боксын рингэнд түүний орон зай үгүйлэгдэж байгаа.

 

 


 

 


Олимпын аварга, “Дэлхийн шилдэг бокчин” Э.Бадар-Ууган
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188