• Өнөөдөр 2024-04-27

Г.ХЭРЛЭН: Азийн аваргад түрүүлээд Монголынхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн мөч мартахын аргагүй

2023-05-30,   1655

          Жүдо бөхийн “World masters”-ын аварга, Абу Даби, Тбилисийн их дуулгын хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, гран при тэмцээний дөрвөн алт, хоёр мөнгө, найман хүрэл медальт, 2020 оны “Топ 66 тэмцээний аварга ОУХМ Ганболдын Хэрлэнтэй ярилцлаа. Тэрбээр Эргэлт.мн сайт, Монголын жүдо академи”-аас хамтран хүргэж байгаа “JUDO TALK” подкастын дугаарын зочноор уригдан оролцсон юм.

-Та тэмцээнд оролцохгүй нэлээн удлаа. Өөрийгөө хэр сэтгэл зүй өндөртэй бөх гэж боддог вэ?

           -Тийм ээ. Надад тэмцээнд оролцохгүй байх олон янзын шалтгаан байгаа. Тэр бүгдийг яриад яах вэ. Ер нь бэлтгэл тааруу тамирчны сэтгэл зүй тааруу байх нь бий. Бэлтгэлээ сайн базаасан тамирчны сэтгэл зүй өндөр, сайн байдаг.

-Анх жүдо бөхөөр хичээллэх болсон шалтгаан юу байв аа?

       -Ер нь манай гэр бүлийнхэн их спортлог хүмүүс. Аав, ээж, ах спортод их дур сонирхолтой, спортод хайртай хүмүүс байдаг. Манай аавын том ах, авга ах Занданхүү самбо, жүдо бөхтэй амьдралаа  холбосон дасгалжуулагч хүн. Миний өдий зэрэгтэй яваа нь Зандан ахын хүчин, зүтгэл, тус нэмэрийн хүч, үр дүн юм.

       Аав намайг бөх болгоно гэдэг байлаа. Тийм болохоор бага байх үеэсээ аавтайгаа болон үе тэнгийн хүүхдүүдтэй ноцолдож өссөн. Мэдээ орсон цагаасаа л ноцолдож, барилдаж байсан болохоор бөхийн спортод их дур сонирхолтой болсон. Миний амнаас гардаг үг болгон шахуу бөх болно гэдэг үг байсан даа. Барилдана гэдэг л байв. Мөн багаасаа хурдан морь унадаг байлаа. Хурдан морины уяан дээр хүүхдүүдтэй барилдана. Тэр бүхэн намайг бөх болох жүдочин болох зам руу хөтөлсөн.

        Сэлэнгэ аймгийн Сант суманд байх үедээ биеийн тамирын Вандангийн Ганболд багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг байв. Түүний дараа Дархан хотын Биеийн тамир спортын хороо руу шилжиж жүдо бөхийн дасгалжуулагч Батбилэг, япон багш Минако нарын шавь болсон. Дунд сургуулиа төгсөөд Дарханаас Улаанбаатарт ирээд “Олимп” сургуульд Нармандах багшийн шавь болж орж байлаа. Энэ олон сайхан багш нарынхаа ачийг амжилтаараа хариулахыг хичээж яваа.

-Насанд хүрэгчдийн ангилалд дотооддоо анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

       -Би насанд УАШТ-ээс медаль аваагүй байх даа,  2012 онд арваннэгдүгээр сард анх Чиндаогийн гран прид барилдаад түрүүлсэн. Түүнээс сарын дараа насанд хүрэгчдийн УАШТ болсон. Улсын аваргад  их айдастай орсон. Гадаадын том тэмцээнд түрүүлж ирчихээд дотоодын УАШТ дээрээ хожигдчих вий гэсэн түгшүүртэй барилдсан. Тэгсэн ашгүй дажгүй барилдсан. Тэгээд л 2013 онд  анх удаа УАШТ-ээс анхны хүрэл медалиа авч байлаа. Тэр үед дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин, дэлхийн цомын аварга Чимэд-Ёндонгийн Болдбаатар нар 60 кг-д барилдсан. Айдастай байсан ч тэдгээр шилдэг бөхчүүдтэй цуг медалийн тавцанд зогссондоо их баярласан. Харин дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг жин өгсөж 66 кг руу орсон үе байлаа. Тэр үеэс хойш насанд хүрэгчдийн УАШТ-д таван удаа түрүүлж, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байгаа.

-Олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээнд өөрийгөө хүрсэн гэдгийг хэдий үеэс мэдэрч эхэлсэн бэ?

       -Би 2007 онд өсвөр үеийн Ази тивийн аварга болсон юм. Тэр үеэс л гадны тамирчидтай барилдаж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрж эхэлсэн. Түүний дараа 2012 онд насанд хүрэгчдийн гран при тэмцээнд түрүүлэхдээ, бэлтгэл, сургуулилалт сайн байх юм бол гадны ямар ч бөхтэй барилдаж болох юм байна гэдэг сэтгэл, урам орсон. Тухайн үед Монгол Улс олимп, дэлхийн аварга тамирчидтай болчихсон байсан үе л дээ. Тийм болохоор жүдочдод Монгол хүн олимп, дэлхийн аварга болж чадах юм гэсэн итгэл үнэмшил, өөдрөг сэтгэл зүй бүрэлдэн бий болчихсон байсан.

-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн тэмцээн хэзээ байв?

          -Жүдо бөхөөр хичээллэсэн энэ он жилүүдэд сайхан болон таагүй мэдрэмж төрүүлсэн олон л дурсамж бий. Хамгийн сайхан дурсамж үлдээсэн тэмцээн гэвэл өсвөрийн Азийн аваргын  тэмцээн байлаа. Өсвөр үеийн Азийн аваргад түрүүлээд Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэх үнэхээр мартахын аргагүй сайн мөч байсан.

-Дэлхийн болон монголынхоо ямар тамирчдаас үлгэр дуурайлал авдаг вэ. Өөрийн тань барилдааны арга барилд чухал нөлөө үзүүлсэн бөх гэвэл хэн байдаг вэ. Та ямар мэхийг голчлон хийж барилддаг вэ?

          -Гадаадын бөхчүүд гэлтгүй,  Монголын дотоодод олимп, дэлхийн аварга шилдэг бөхчүүд байна шүү дээ. Гадна, дотно гэж ялгахгүйгээр бүх тамирчдын барилдааны бичлэгийг хардаг. Миний үлгэр дуурайлал авдаг, миний барилдааны арга барилыг өөрчилж хөгжүүлсэн бөх гэвэл Цагаанбаатар ах байгаа юм. Хүүхэд байх үеэсээ л Цагаанаа ахын барилдааныг харж, Цагаанаа ахаар мэх, техник заалгасан. Ер нь Цагаанаа ах ганц надад гэлтгүй, жүдо бөхийн бүх дүү нартаа мэх, техник, барьц байрлалыг харамгүй зааж өгдөг. Бид монгол үндэсний бөхийн мэхийг жүдо бөхийн арга барил, техниктэй тааруулан, нийцүүлж барилддаг. Улс болгоны жүдочдод өөрийн гэсэн барилдааны онцлог байдаг. Тэр онцлогоо илүү хөгжүүлэн баяжуулсан тамирчид илүү өндөр амжилт гаргадаг.

-Манай жүдо бөх эхлэн суралцагч хүүхэд, залуучуудын гаргадаг түгээмэл алдаа юу байна вэ?

      -Би багш, дасгалжуулагч биш болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Миний ажигласнаар эхлэн суралцагч хүүхдүүд болон залуу бөхчүүд эхлээд хүчтэй болох гээд хүчний дасгалыг хэтрүүлж хийгээд байх шиг харагддаг. Эхлээд барилдааны үндсэн суурь, арга барилаа хөгжүүлж, барилдаж, мэх техник, арга барилаа зөв сурах нь хэрэгтэй юм болов уу. Түүний дараа нь хүчний дасгал хийвэл зүгээр байх. Япончууд бага насны хүүхдүүдэд жүдо бөхийг тоглоомын аргаар заадаг нь их сонирхолтой юм билээ. Тоглоомын тэр сонгомол дасгалуудаар дамжуулан хүүхдийн хурд, хүч, тэнцвэр, үсрэлт, тэсвэр хатуужлыг хөгжүүлдэг. Хүүхдийн хүсэл, сонирхлыг харгалзан үзэж, дэмжин чиглүүлдэг юм билээ.

      Гэтэл манай эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ бөх болгох гээд хүсээд,  хүчээр хүүхдээ секцэнд явуулаад байдаг. Харин хүсэл сонирхолгүй хүүхэд яаж амжилт гаргах вэ дээ. Дургүйд хүчгүй гэдэг л болдог. Үнэхээр бөх болох хүсэлтэй хүүхэд бэлтгэлээ таслахгүй, бэлтгэлийн цагийг үр дүнтэй ашиглаж чаддаг. Заавал бөх болгох гэж, амжилт гаргуулах гээд шахах биш. Жүдо бөхөөр дамжуулан эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлыг нөхөх, зөв хүмүүжил дадал, хэвшилтэй болгох талыг нь зөвөөр ойлгуулах хэрэгтэй.

 

 

 

 


 

 


Г.ХЭРЛЭН: Азийн аваргад түрүүлээд Монголынхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн мөч мартахын аргагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-31 01:18:20
    Zochin: 66d olon sain boh baigaa.60 d barildaj boldoggui uim uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 18:30:54
    Зандан багш : Хэн хун.болгонтхусээд ч ул хурэх амжилттай барилдаж яваа Хэрлэн маань бэртэл гэмтлийн улмаас бэлтгэл сургуулиа тур завсарлаад байна оргил уедээ олон сайхан амжилт узуулж л явсан тэр уедээ шагайндаа хунд бэртэл авч оорийнхоо сонгодог мэх болох хомроо мэхээ тогс хийж чадахаа больсонч хорь гаруй жил улс эх орныхоо нэрийг ондорт оргож л явна ..хоерхон алхам улдсэн шуу хуу минь дутуу орхиж болохгуй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188