• Өнөөдөр 2024-04-24

Б.БУЯДААГ БУРУУТГАХ ШАЛТГААН НЬ ДОПИНГ

2022-09-08,   1002

-Бөх болсон түүх-

         Б.Буядаа гуай Ховд аймгийн Булган сумын хүн. Дунд сургуульд байх үеэсээ эхлэн спортоор хичээллэж байлаа. Оюутан байхдаа их сургуулийнхаа чөлөөт бөхийн тэмцээнийг үзэж сонирхож байгаад л барилдах хүсэлдээ хөтлөгдөн, тус тэмцээнд орж барилджээ. Тэгсэн чинь түрүүлчихсэн байна. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат, Б.Буядаа гуайн дээд курсын оюутан, улсын арслан цолтой бөх байж.

Мөөеө аварга, Б.Буядаа дээр ирээд “За түрүүлсэнд чинь баяр хүргэе. Чи ерөөсөө бөх бол. Барилдана шүү” гэж хэлсэн гэдэг. Тэгээд  л Б.Буядаа багш чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн юм билээ. Тэр үед чөлөөт бөхөөр нэлээд сүрхий болж эхэлжээ. Чөлөөтийн УАШТ-нд 1965 онд орж дөрөвдүгээр байр, 1966 онд хүрэл, 1967 онд МБАТ-ний их наадамд дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт гаргасан аж. 1968 онд хотын аварга болж, гэвч түүнийг улсын шигшээ багт тоож аваагүй гэнэ билээ. Дараа жил нь самбо бөх Монгол Улсад дэлгэрч анхны улсын аварга шалгаруулах тэмцээн нь болж. Тэр тэмцээнд орж түрүүлээд самбо, жүдо бөхийн спорттой амьдралаа холбох гараа нь эхэлсэн юм билээ. Гавьяат дасгалжуулагч Ч.Машбат, ЗХУ-ын мэргэжилтэн багш П.М. Карамлак нарын анхны шавь болжээ.

-Олимпын татамийн барилдаан буюу мөрний бэртэл-

       Мюнхен 1972 олимпын 63 кг-ын жинд Б.Буядаа Эхний тойрогт АНУ-ын бөх Окодатай таарчээ. Багийн дасгалжуулагчид “Наадах чинь юу гавих вэ. АНУ-ын нэрийн өмнөөс л барилдаж байгаа Японы турист биз” гэхээр нь тийм биз гэж бодоод нэг их тоогоогүй гэдэг. Татами дээр гараад их тайван барьц авах гэтэл нөгөө бөх нь яах ийхийн зуургүй тонгорч.  Үнэлгээ алдахгүйн тулд гараараа дэвжээнд тулаад унасан чинь шар хийх чимээ гараад мөр нь нэг л эвгүй болчихрж л дээ.  Гэтэл  Окода нь Японы хоёр номерын жүдочин байж. Хэрэв АНУ-ын Окодагаас бэртэлгүй салсан бол чигээрээ олимпын аварга болох боломж байсныг үгүйсгэх аргагүй. Хувь тавилан нь тийм байсан юм байлгүй. Заримдаа Б.Буядаа гуай  “Азгүй хог. Амны хишиггүй, хувь заяагүй амьтан” гэж өөрийгөө дотроо зэмлэдэг л байсан гэнэ лээ.

 Алтан медалийн төлөөх барилдаанд олимпын аварга Кавакучигаас үнэлгээ салгаж, түүнийг даралтад оруулж тоолуулж байгаад алджээ. Мөрний нь шөрмөс сунаагүй байсан бол даралтаар хожих боломж байж. Даанч өрөөсөн гар нь  ямар ч ажиллагаагүй болохоор яаж ч хичээгээд нэмэргүй байсан гэдэг. Сэргээштэй холбоотой, хэлмэгдүүлэлтийн бүх асуудал тэр мөрний бэртлээс үүдэлтэй.

-Сэргээшийн дуулиан шуугиан-

    Олимпын хүрэл медалийн болзол хангаад, алтын төлөө барилдах үеийн хооронд түр завсарласан аж. Багийн эмч Тарваа, Ядмаа нар Б.Буядаа гуайн мөрөнд массаж хийж өгсөн ч өвчин нь намдаагүй гэдэг. Финалын  барилдааны өмнө байрандаа  очиж амарч байх үед нь З.Ойдов тэргүүтэй бөхчүүд ирж баяр хүргэж. Тэд “За сайн барилдаж олимпын аварга болно шүү” гэж захижээ.  Б.Буядаа гуай “Мөрний шөрмөс суначихаж. Гараа дээш өргөж ч чадахгүй байна. Өвчин ороод” гэж хэлжээ.

    Гэтэл З.Ойдов “Би чамд жин хасдаг эм өгье. Энэ эмийг уугаад бие халаалт хийж, сайн хөлс гарга. Хөлс гаргаад бие чинь сайн тавирч өвчин намдана” гэж хэлээд эм өгч. Б.Буядаа гуай 78 кг-аас  15 кг хассан болохоор тэр эмийг уугаад халаалт хийгээд ямар ч хөлс гараагүй гэсэн. Сүүлийн 45 хоног юм идээгүй хагас өлсгөлөн байсан учир яс, арьс болсон байж. Ер нь жин хасахад амархан бэртэл авдаг болчихдог аж. Олимпын наадмын шинжилгээний хариу гарахад нэг бодис илэрлээ гэжээ. Тэгээд нөгөө уусан эмийн нэрийг хэлж, үзүүлсэн гэнэ. Тэр нэг их сүртэй эм биш. Грацедин гэдэг эм байсан юм билээ. Сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэлийн тоонд ордоггүй эм.  Тийм болохоор нэг их сүйд болоогүй тэгээд л өнгөрсөн гэдэг.

-Олон улсын олимпын хороо руу илгээсэн нууц захидал буюу гавьяатын цолыг  хураасан түүх-

            Б.Буядаа гуайг олимпоос ирэх үед их сайхан хүлээж авчээ. Нисэхээс эхлэн угтаж аваад, шууд Төв хороо хүлээн авч уулзсан байдаг. Тэр үед зарлигаар БНМАУ-ын гавьяат тамирчин цолыг өгдөггүй байж. БТСУХ-ны Төв зөвлөлийн тогтоол гарсны дараа авдаг байж л дээ. Төрийн анхны зарлиг гарч гавьяат цол хүртсэн тамирчин гэвэл Б.Буядаа гуай байжээ. Гэвч удалгүй тэр гавьяатаа хураалгасан юм билээ. ОУОХ-оос биш. Олон улсын жүдо бөхийн холбооноос сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн байна гэсэн бичиг ирсэн гэдэг цуу үг тараагаад түүний гавьяатын цолыг хурааж авчээ. Тухайн үед  МАХН-ын Төв хороо руу иргэд гомдол, мэдээлэл бичдэг, матаас бичиж алдар хүнд, албан тушаал хүртдэг байж л дээ. Эдгээр цуу яриа бол матаачдын ажлын технологи яах аргагүй мөн.

Түүнээс хойш одоог хүртэл Б.Буядаа гуай олимпын медальтан гэж хэлүүлэх эрхгүй л явна. Мюнхений олимпын наадмын дараа Олон улсын олимпын хорооноос манай улсад ямар нэгэн мэдэгдэх хуудас  ирээгүй байдаг. Түүнд ямар ч шинжилгээний бичиг үзүүлээгүй аж. Тийм бичиг огт байгаагүй болохоор аргагүй л дээ. Харин МҮОХ-оос ОУОХ руу “Олимпын медальтнаас сэргээш хэрэглэсэн  Б.Буядааг хасаж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг илгээсэн гэдэг цуу яриа бий. Үнэн худлыг бүү мэд.  2010 онд ОУОХ-ын хүндэт гишүүн, МҮОХ-ын дарга асан Ш.Магван гуайгаас энэ талаар тодруулан асуухад “Тэрбээр маш ихээр уурлаж, Б.Буядаад одоо юу хэрэгтэй юм. Өнгөрсөн зүйлийг сөхөөд, хураалгасан гавьяат цолоо саяхан буцааж авсан шүү дээ. Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь үнэн шүү дээ” хэмээн дургүйцэж билээ.

-Олимпын мөнгөн медалийг хураасан МАХН-ын даргын хэн нь тодорхойгүй-

        Б.Буядаа гуайг гэртээ байхгүй байх хойгуур МАХН-ын нэг дарга ирж эхнэр, хүүхдийг нь айлган сүрдүүлж байгаад л олимпын мөнгөн медалийг  нь аваад явчихсан байдаг. Тэгээд л тэр медаль ор сураггүй болсон түүхтэй. Гэхдээ олимпын дипломыг нь асууж сураглалгүй, хурааж авалгүй үлдээсэн байв. Одоо хүртэл Б.Буядаа гуайн гэрт Мюнхений 1972 оны олимпын мөнгөн медалийн диплом хадгалагдаж байгаа. Харин Мюнхений 1972 оны олимпын жүдо бөхийн 63 кг-ын жингийн мөнгөн медальт тамирчний нэр байдаггүй юм билээ. Хэрэв ОУОХ-оос албан ёсоор олимпын мөнгөн медалийг хурааж авсан бол дараагийн тамирчинд шилжүүлэн өгөх ёстой. МҮОХ-оос хүсэлт гаргаж, олимпын мөнгөн медалийг хүчингүй болгуулж, Б.Буядаа гуайн нэрийг хасуулсан гэдэг л үнэн бололтой.

-МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хэлмэгдүүлсэн тогтоол-

    МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 184-р тогтоолоор гарч Б.Буядаа гуайн барилдах эрхийг хассан байдаг. Тэр л үеэс хойш ажил, амьдралаараа хохирч нийгмийн хог, шаар, шавхруу шиг үзэгдэж явжээ. Гэхдээ Б.Буядаа гуай эх орон, ард түмэндээ гомдоогүй гэж ярьдаг. Ганц хоёр эрх мэдэл бүхий дарга нарын буруу шийдвэрээс болж хохирсон гэдгээ нуудаггүй. Тийм хүнд цаг үед төрсөндөө харамсаж явдаг гэдгээ нуулгүй ярьдаг байж билээ. МАХН-ын Төв хороо нэрийг чинь хассан гээд гадаадын тэмцээнд явуулдаггүй байж. Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид намын эсрэг хүн гээд түүнээс зай барьж холдсон гэдэг. Тэр үеийн хүмүүсийг буруутгах арга байхгүй. МАХН-ын дарангуйлал, дарамтаас иргэд айдаг байсан.Тийм цаг үе байлаа шүү дээ.

 

-Самбо, жүдогийн эмэгтэй багийг үндэслэгчийн нэг-

     Б.Буядаа гуай 1978 онд “Хөдөлмөр” нийгэмлэг дээр эмэгтэйчүүдэд жүдо бөх анхлан зааж эхэлсэн байдаг. Тэр үеийн хүмүүс “Б.Буядаа допинг, хар тамхи хэрэглээд олимпын наадамд гадны бөхчүүдийг баруун, солгойгүй шидэж байсан гэнэ лээ. Одоо бөхийн ариун дэвжээнд эмс, охидыг гарган бузарлаж байна. Яахаараа ийм бузартай төрчихсөн хүн юм бол” гээд л цуураад эхэлжээ.

  Бүр хожим 1992 онд Японы бөх 1972 оны олимпын аварга Кавакучи манай улсад ирэхдээ Б.Буядаа гуайтай уулзаж, допингийн талаар одоо л сонсож байна гэж гайхсан гэдэг. Эргэлзээтэй л асуудал, учир битүүлэг энэ явдлын далдлагдсан “нууц”-ыг сайн мэдэх хүн нь Ш.Магван гуай юм. Тэрбээр 1978 онд Монголын олимпын хорооны дарга болсон. Харин яагаад өнөөг хүртэл, үнэнийг ярьж, бичдэггүй нь хачирхалтай.


Б.БУЯДААГ БУРУУТГАХ ШАЛТГААН НЬ ДОПИНГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188