• Өнөөдөр 2024-04-25

Дэлхийд өнөөдөр

2020-09-10,   523

Д.Трампын нэр хүнд өсөж байна

АНУ-ын Төрийн тэргүүн, ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын рейтинг энэ оны зургадугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, өссөн байна. “HarrisX” компанийн мэдээлснээр есдүгээр сарын эхээр явуулсан санал асуулгын дүнгээс харвал судалгаанд оролцсон сонгогчдын 47 хувь нь Трампын явуулж буй бодлого, үйл ажиллагааг эергээр үнэлжээ. Харин үлдсэн нь буюу 53 хувийнх нь санал бодол сөрөг байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд ийнхүү өссөн нь ирэх сонгуульд амжилт гаргахад нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна. 

ОХУ-д тавьсан хоригийг сунгав 

Украины асуудлын улмаас Европын холбооны орнууд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээгээ дахин хагас жилээр сунгалаа. Ингэснээр хориг ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл үйлчлэх бөгөөд Черногор, Албани, Норвеги, Исланд, Украин, Гүрж улс мөн нэгджээ. Дээрх хориг Европын холбооны орнууд болон ОХУ хоорондын  банк санхүү, эрчим хүч зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаанд үйлчилнэ. 

“Оскар” журмаа өөрчилнө 

АНУ-ын Кино академи шилдэг бүтээлүүдийг тодруулах журамдаа өөрчлөлт оруулж байна. 2025 оноос эхлэн “Оскар”-ын шагналын “шилдэг кино” номинацийн бүтээлд тавих шаардлагад арьс өнгө, хүйсийн тэгш эрхийн стандартыг тогтоосон агаад жүжигчдийн бүрэлдэхүүн, уран бүтээлчдийн багт ч энэ шалгуур хамаарах юм байна. 2016 онд “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн бүтээлийн жүжигчдийн бүрэлдэхүүнд арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварласан мэт хандлага ажиглагдаж байна гэсэн шүүмжлэл өрнөж, зарим уран бүтээлч энэ шалтгаанаар ёслолын арга хэмжээнд очоогүй. Цаашид ийм асуудал гарахаас сэргийлэхийн тулд Кино академи 819 гишүүн шинээр элсүүлэхдээ 45 хувийг нь эмэгтэй байхаар шийдвэрлэсэн билээ. 

Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188