• Өнөөдөр 2024-04-19

“Хөлтэй цүнхнүүд”-ийн хөгжилтэй яриа

2020-09-11,   989

Хүүхэд гэдэг асуултаар дүүрэн гэгээн ертөнц. Тэд орчин тойрноо танин мэдэх гэж нэг бүрчлэн шалгааж, хэчнээн удаан давтан асууна. Шулга болжмор мэт ийн аливаа зүйлийг сониучирхах нь хэчнээн өхөөрдөм, хайр хүргэм гэдгийг үртэй бүхэн мэдэх биз ээ. Бяцхан үрс хаана ч явсан үргэлж гэгээлэг, цайлган зүйлсийг ярьна. Бид энэ удаад сургуулийн орчинд хүүхдүүд эцэг эхчүүдээсээ юу асууж, тэдний дунд ямархан яриа өрнөдгийг тэмдэглэлээ
 
Та бидний нэрлэж заншсанаар Монгол гуравдугаар сургуулийн автобусны буудалд нийтийн тээвэр хүлээж тэвдсэн, хаашаа ч юм бээ яарч хүмүүс сүлжилдэнэ. Бачуурам их түгжрэл, толгой эргэм сигналийн дуунаас залхмаар санагдана. Гэвч хэдхэн алхамын цаана уур уцаар, гуниг зовлонг мартуулам сайхан орчин бий. Бид Гуравдугаар сургуулийн хашаагаар ормогц хүүхдээ, ач зээ, дүүгээ сургуульд нь хүргэж өгч, хичээлээс нь авч байгаа уярам дүр зураг угтсан юм.

Ээжээ тагтаа самрын хальс иддэг үү

Өөрөөсөө ч том гэмээр, шинэхэн үүргэвч үүрсэн жаал хүү нэг гартаа зайрмаг, нөгөө гартаа тоглоом барьсаар ээжийгээ даган сургуулийн хашаагаар орж ирэв. Гуч эргэм насны бүсгүй “Хурдан яваарай, ээж нь ажлын дундуур гараад ирсэн удаж болохгүй” хэмээн хүүдээ учирлан хэлэх аж. Харин хүүд бол ээжтэйгээ хамт байгаа нь аз жаргалтай байгаа нь илт. Жаал хүү “Ээжээ энэ тагтаа самрын яс иддэг юм уу” гэж асуув. Хариуд нь ээж нь “Ухамсар муутай, муу хүүхдүүд сургуулийнхаа гадаа самрын яс хаядаг юм. Харин тагтаа түүнийг нь цэвэрлэдэг. Миний хүү хогийн савнаас өөр газар хогоо хаяж болохгүй шүү” гэв. Ээжийнхээ хэлэхийг хачирхан сонссон хүү “Яагаад ээжээ. Яагаад тагтаа цэвэрлэж байгаа юм бэ” хэмээн лавшруулан асуулаа. Яг тэр мөчид ээж нь ямар хариулт өгөх вэ гэдэг нь надад сонирхолтой санагдаж байв. Бүсгүй “Тагтаа болон бусад амьтдын гэр бол байгаль дэлхий. Тэгэхээр тэд гэрээ цэвэрлэж байгаа юм” гэж хариулахад хүү солонгорсон хүзүүт хөх тагтааг барихаар гүйв. 

Та өөрөө дулаахан хувцсаа өмсөхгүй яасан юм бэ

Хагас ханцуйтай сорочикон цамц өмсөж, бугуйн цаг зүүсэн дэгжин өвөө гартаа жижигхэн цүнх барьжээ. Харин түүний урд зээ охин нь бололтой нэгэн охин дээс тоглох мэт үсэрч явах аж. Охин өвөөдөө хандаж “Та ээж бид хоёрыг дулаахан хувцсаа өмс гэж дандаа хэлдэг. Тэгсэн хэр нь өөрөө яагаад ийм нимгэхэн явж байгаа юм бэ. Ээж таныг загнана даа” гэлээ. Охид гэдэг цаанаа адтай байдаг шүү. Халамж тавьсанд нь баярласан өвөө нь баярлан инээж охиныхоо толгойг илсээр сургуулийн хашаанаас гарч одов. 
Та ажлаасаа гарчихвал дүү бид хоёр өлсөнө биздээ
Сурагчдаа тосч авсан сургуулийн үүдний сандлаас эхлэх бүх зүйлс шинэ мэт байх аж. Угаас жил бүрийн хичээлийн шинэ жилээс өмнө амжиж засвар хийдэг дээ. Будаг нь ханхалсан сандал дээр сууж, сургуулийн хашаан дахь модод шуугиж, үл мэдэг салхинд навчис яаж хөгжихийг харах хэчнээн сайхан. Бага ангидаа бол бужигнан тоглож ахлах ангид ороод хичээл, шалгалтаа бодсоор ер сургуулийн үүдэн дэх гэгээн орчныг мэдэрч чадаагүй мэт санагдана. Хоёрдугаар ангийн болов уу гэмээр сэргэлэн бор хүү хөтөлсөн 40 орчим насны эрэгтэй хажууд минь суув. Энэ хүүхэд чихэр эсвэл тоглоомын аль нэгийг бариагүй бөгөөд байс гээд л өмднийхөө тоосийг гөвнө. Тэдний хооронд ийм яриа болж өнгөрөв. Хүү “Ааваа, ээж дандаа намайг сургуульд хүргэж өгдөг. Орой агаа авдаг. Та намайг дандаа ирж аваад гэр рүүгээ хамт явж болдоггүй юмуу” гэлээ. “Аав нь завгүй ажилтай болохоор хүүгээ заримдаа л ирж авч чадна. Ажил хийхгүй хүүтэйгээ хамт яваад байж болно л доо. Гэхдээ ажил хийхгүй бол аавынх нь дарга цалин өгөхгүйг мэднэ тиймээ” хэмээн аргадан асуухад хүү “Ааваа, ааваа та ажилдаа явахгүй бол надад гоё байна л даа. Гэхдээ ажлаасаа гарчихвал цалин авахгүй. Тэгэхээр дүү бид хоёр өлсөнө биздээ” гэв. 

Намайг нэгдүгээр ангид ороход энэ модыг тарьсан

элэг хөшөөм басхүү хайр хүргэм эдгээр яриаг сонсож суусаар багагүй хором өнгөрчээ. Сургуулийн хашаанаас гарах санаатай алхаж байтал эгч нь дүүгээ хичээлд нь хүргэж өгөхөөр ирж байв. Дүү нь “Аниа, та тэр өндөр модыг харж байна уу. Намайг нэгдүгээр ангид ордог жил тарьсан гэж манай багш надад хэлсэн” гэж эгчдээ сонирхуулав. Харин эгч нь “Хөөе, өдий том болчхоод чи бодоод үздээ. Гуравхан жилийн дотор мод ийм өндөр ургах уу” гэхэд дүү нь “Тэгвэл манай багш худлаа ярьсан юм байхдаа” гэж гайхшран ганц өндөр мод руу гөлөрч орхив. Харин эгч нь “Багш хүн худлаа ярьдаггүй юм аа миний дүү. Чи л андуурсан байх. Тэр том модны наана байгаа жижиг модыг харж байна уу. Тэр л танай ангийханд зориулж тарьсан мод байх” хэмээн учирлав. 
 
Та цаг хугацаатай уралдаж, сайхан амьдралын төлөө завгүй ажиллаж байгаа хэдий ч цаг гаргаж, энхэр нялх охин, эрх танхи хүүгээ сургуульд нь хүргэж өгч, хичээлээс нь очиж аваарай. Хүүхдийн ертөнц дэндүү гэгээн байх болно. 
 

“Хөлтэй цүнхнүүд”-ийн хөгжилтэй яриа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188