• Өнөөдөр 2026-02-10

Г.Ганбат: Таеквондотой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй

2026-02-10,   127

Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны ерөнхийлөгч асан, “Түшиг багана” ХХК-ийн захирал Г.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад таеквондо-гийн спортыг хөгжин, дэлгэрэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан нэгэн билээ. Г.Ганбат “ITF”-ийн таеквондо-гийн олон улсын хар бүс нэгдүгээр дантай тамирчин явсан юм.

-Таеквондо-гоор хэдэн оноос эхлэн хичээллэж байсан бэ?

      -Намайг тавдугаар ангид байхад гудамжинд Олон улсын таеквондо-гийн клуб суралцах хүүхэд, залуучуудыг бүртгэж байна гэсэн зар байсан. Тэр зарын дагуу ангийнхаа Б.Ган-Эрдэнэ, байрныхаа найз  И.Отгонбаярын хамт хуучин Барилгын техникум одоогийн “Дархан-Өргөө” коллежийн заалан очиж бүртгүүлэн “Зэн” клубийн багш С.Чойжилсүрэн, Д.Цэнгэлбаяр нарын шавь болж байлаа.

-Хэдэн жил таеквондогийн спортоор хичээллэсэн бэ. Ямар зэрэг, цолтой вэ.

     -Таеквондо-гийн спортоор 1994-1995 он хүртэл ”Зэн” клуб дээр хичээллэсэн. Тэгтэл С.Чойжилсүрэн, Д.Цэнгэлбаяр багш нар Улаанбаатар хот руугаа буцсан. Тэгээд IX дунд сургуулийн “ХАСТ” клуб руу шилжиж.  үргэлжлүүлэн хичээллэсэн юм. 1995 онд БНАСАУ-ын мастер багш Юн Нам Гүн Дарханд ирж, “ITF”-ийн олон улсын хар бүс нэгдүгээр данын  шалгалт авсан юм. Тэр шалгалтад манай клубийн Оогоо багш, И.Отгонбаяр, А.Түвшинбаяр, Б.Батширээт,  Д.Уянга нар тэнцэж, хар бүс олон улсын I данын болзол хангаж байлаа.

     1998 онд дунд сургуулиа төгсөж “Цагдаагийн академи”-ийн оюутан сонсогч болоод хоёр жил таеквондо-гийн клубууд дээр очиж бэлтгэл хийж байгаад, хичээл, сургууль, ажил, амьдралын замаа хөөгөөд больсон. Таеквондо-той миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй 2019 оны долдугаар сараас Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авч ажиллаж байна.

-Танай клубийн багш тань та нартаа цуг олон улсын хар бүс, I данын шалгалт өгсөн юм уу. Таеквондо-гийн мэргэжлийн багш биш байжээ?

    -Дарханы Оогоо багш хөнгөн атлетикаар хичээллэж байсан гэсэн. Таеквондо-гоор хичээллэж байгаагүй гэсэн. Дарханд 1991 онд таэквондогийн спортыг хөгжүүлэх гэж тулааны спорт сонирхдог Баярсайхан, Эрдэнэбат гэдэг хоёр найзын хамт “Шүтээн” клубийг анх байгуулсан юм билээ. Баярсайхан нь Оросод оюутан байхдаа ушу, каратэгээр хичээллэж байсан гэнэ лээ. Харин Эрдэнэбат нь чөлөөт бөхийн тамирчин. 1992 онд “Шүтээн” клубийн тэр гурав, Дархан хотын  БХТН-ийн дасгалжуулагч Лхагважав гэдэг хүнд хүсэлт гарган таеквондо-гийн мэргэжлийн багшийг Дарханд авчирах асуудлыг тавьсан байдаг.

    1992 оны намар Улаанбаатар хотоос УБХТН-ийн орлогч дарга Дашзэвэг, Адъяа багш, БНАСАУ-ын мастер багш Пак Хак Кил нар Дархан ирж анхны нэг сарын хугацаатай сургалтыг явуулсан юм билээ. 1993 онд “Одод” клубийн багш Гансүрэн, Б.Оюунжаргал нар хувиараа таеквондо-гийн гурван сарын сургалт явуулаад буцсан байдаг. Түүний дараа “Зэн” клубийн багш С.Чойжилсүрэн, Д.Цэнгэлбаяр, Бадмаараг, “Спорт сургалтын төвийн Гансүх, Алтангадас, Ж.Ганболд нар Дарханд ирж ажиллаж байсан. 

-Тэр үед Дархан олон клуб байсан юм уу?

   -Намайг “Зэн” клубт орохоос өмнө I сургууль дээр Б.Оюунжаргал, Гансүрэн багшийн “Одод”, XVIII сургууль дээр Баярсайхан багшийн “Шүтээн”, Оросын 20-р сургууль дээр Эрдэнэбат багшийн “Умард”, IX сургууль дээр Оогоо багшийн “ХАСТ” клуб, I ТМС дээр Батнасан багшийн, III сургууль дээр Лхагвасүрэн багшийн хувийн  секц, дугуйлангууд байсан юм билээ. 1995 онд эдгээр клубуудийг ОУТМХ-оос бүртгэлгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явууллаа гэж хориглосон учраас Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх “ХАСТ” клубээс бусад нь үйл ажиллагаагаа зогсоосон гэдэг. Тэгээд бусад клубуудийн хүүхдүүд “ХАСТ” клуб дээр ирсэн юм билээ.

-Тэр үед уралдаан тэмцээн олон болдог байв уу?

     -Олон Улсын таеквондо-гийн Монгол Улсын шигшээ багийн тамирчид 1993 онд Узбекстаны Ташкент хотод болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрэгтэйчүүд хатуугийн төрлөөр мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн тулааны 52 кг жинд Маналжав мөнгөн медаль хүртсэн байдаг.

     Тэгсэн хэрнээ 1995 он хүртэл Монгол Улсынхаа дотоодын нэг ч тэмцээнийг зохион явуулаагүй байсан байгаа юм. Тэгээд Чойжилсүрэн, Цэнгэлбаяр, Оогоо багш нар анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дарханд зохион явуулах саналыг Олон улсын таеквондо-гийн Монголын холбоонд тавьсан юм билээ. Таеквондо-гийн холбооноос “Бид анхныхаа УАШТ-ийг хөдөө, орон нутаг хийхгүй” гэсэн хариу өгч л дөө. Тэгээд гурван багш ярилцаж байгаад таеквондо-гийн анхдугаар цомын тэмцээнийг 1995 онд Дархан хотод зохион явуулсан юм.

    Тэр тэмцээнд “Хаст” болон “Зэн” клубийн хамтарсан баг, “Спорт, сургалтын төв”, “Растан” клуб, “Чим Кин Ир”-ийн нэрэмжит сургууль,“Бат-Ирээдүй” клубийн тамирчид оролцсон байдаг. Тэр 1995 оны анхдугаар цомын тэмцээнийг “ХОТШ” банк, “Шагай” ХХК, “Залуу Монгол” групп, “Хараа” ХХК, “Одод” ХХК, “Андууд” ХХК, “Мазаалай” ХХК, “Сликат” компаниуд ивээн тэтгэж явуулсан байдаг юм.

    Би тэр таеквондо-гийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрлөөр өрсөлдсөн. Зэргийн түйль болон тулааны 36 кг-ын жинд оролцож анх удаа хоёр хүрэл медалиа хүртсэн. Тэр үед медаль их ховор байж дээ. Зэсийг хөөмөлдөж “ITF” гэсэн гурван үсгийг товойлгож цохьсон медаль байж билээ. Түүний дараа  “Ким Чен Ир”-ийн нэрэмжит тэмцээнээс хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан. Ахиж тэмцээн уралдаанд ороогүй.

    Ер нь манай Дарханы хүүхдүүд оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон ирж байгаагүй. 1995, 1996, 1997 оны цомын аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан багаараа хоёрдугаар байрт шалгарч байлаа. Багийн дүнгээр “Спорт сургалтын төв” түрүүлдэг байв. Манай “ХАСТ” клубийн бага жингийнхэн ихэнх алтан медалийг хүртдэг, том жингийн алтан медалиудыг “Спорт сургалтын төв”-ийн хүүхдүүд хүртэнэ. Тэднийх манайхаас нэг, хоёр алтан медалиар илүү гардаг байсан.

-Тулааны урлаг, спортыг сонирхох шалтгаан юу байв. Тулааны спортын олон төрөл, урсгал байхад яагаад таеквондог онцлон сонгов оо?

     -Намайг бага байхад Монголд приставк дэлгэрч Ван Дам, Брюс Ли, Чак Норис, Жеки Чан, Жет Ли, Дони Вен нарын тоглосон тулаантай кинонууд моодонд орж байлаа. Тэд нар шиг зодолдож сурах гэж тулааны спортыг сонгож, сонирхсон. Анх Чинзориг багшийн каратэ-гийн дугуйланд орсон. Каратэ-гийн тулааны техник сэтгэлд хүрээгүй болохоор сар ч бололгүй гарсан. Тэгээд таеквондо-гийн клубт орсон чинь миний хүсээд байсан нөгөө кинон дээр хийдэг, үсрэлт, эргэлттэй хөлийн сонгодог техникүүдийг зааж эхэлсэн.

-Хөрөнгө оруулалт, материалаг бааз сайтай  Өмнөд Солонгосын таеквондо-г сонгож болоогүй юм уу. Хойд Солонгосын таеквондо-гийн спортыг бусад улс орнууд төдийлөн дэмждэггүй юм биш үү?

     -Таэквондо тае-хөл, квон- гар, до-урлаг гэсэн үгнээс бүрддэг. Хөл, гарын урлаг гэдэг утгыг агуулж байгаа. Гэтэл Өмнөд Солонгосын таеквондо гараар зөвхөн цээжинд цохихыг зөвшөөрдөг. Гарын урлаг гэдэг утга нь алдагдсан байгаа биз. Хойд Солонгосын таеквондо хөл, гарын бүх цохилтыг хүлээн зөвшөөрдөг. Дүрмийн энэ өөрчлөлт нь энэ хоёр таеквондо-гийн төрлийг өөр спорт мэт харагдуулаад байдаг.

     Нэг таеквондо-гийн төрөл Солонгос Улсыг хоёр хуваадсны дараа хоёр урсгал болон хөгжсөн юм. Ер нь алсдаа энэ хоёр таеквондо нийлж, нэгдэж магадгүй. Хойд Солонгос таеквондо-гийн язгуур үндэсийг өөрчлөлгүй хөгжүүлж яваа. Харин Өмнөд Солонгос хөрөнгө мөнгө, цаг үе, хөгжил, дэвшил, техник, технологитой уялдуулан хөгжүүлхийг хичээж байгаа. Олимпын хөтөлбөрт оруулсан ч төдийлөн олны сонирхлыг татаж чадахгүй байна. Таеквондо-гийн спортын язгуур үндэсийг өөрчилсөнтэй холбоотой байж магадгүй юм.

-Танай үеийн хүүхдүүд ер нь ямар спортын төрлийг илүү сонирхдог байв?

        -Ер нь 1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжээд спортын салбар уналтад орчихсон үе байв. Хүүхдүүд сагс, хөл бөмбөг, тулааны спортыг гол төлөв сонирхон хичээллэдэг байлаа. Нийгмийн шилжилтийн үе байсан болохоор сагс, хөл бөмбөг тоглох бөмбөг ховор, бараг олдохгүй. Харин тулааны спортууд “Борооны дараах мөөг” шиг дэлгэрч эхэлсэн. Социалист нийгмийн үед хааж, хорьж байсан тулааны спорт 1990 оны ардчилсан хувьсгалын буянаар дэлгэрсэн болохоор хүмүүс маш их сонирхож хичээллэж байлаа.  Харин настай хүмүүс тийм ч дуртай байгаагүй. Хүүхэд, залуучуудад зодоон заагаад гудамжны хулгиануудыг бэлтгэж байна гэдэг байсан.

- Олон улсын таеквондо-гийн спортоор хичнээн хүүхэд, залуус хичээллэж байгаа вэ

   Манай улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд, залуус, сонирхон хичээллэж байгаа. Завхан, Увс, Ховд, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Улаанбаатар хотод гэвэл “Эрч хүч”, “Чоно”, “Эхлэл”, “Эр зориг”, “Хос-Аварга”, “Мөнх хөх сүлд” гээд 10 гаруй клуб хичээллэдэг.

-Танай холбоонд БНАСАУ-ын мэргэжилтэн багш байгаа юу?

   -НҮБ-ын хоригоос шалтгаалан манай хоёр улсын харилцаанд асуудал үүссэн. Үүнээс болоод Хойд Солонгос иргэдээ Монголоос татаж байгаа юм. Монгол Улсад энэ спортыг анх түгээн дэлгэрүүлсэн мастер багш Цүн Си Хуа ажиллаж байгаад нутаг буцсан. Боломж гарвал БНАСАУ-аас тулаан, түйлийн таваас дээш дантай мастер залуу хоёр багшийг явуулна гэж байна лээ.

 

 

 

 

 


 

 


Г.Ганбат: Таеквондотой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188