• Өнөөдөр 2026-03-27

О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД

2026-03-27,   70

Тухайн жилийнхээ онцлох трендүүдийг хувцаслалтдаа шингээх нь тун чухал зүйл болоод удаж байна. Тэгвэл энэ хавар, зуны хувцасны голлох тренд, өнгө, хээ тэргүүтэй зүйлсийн талаар стилист StylemeDz буюу О.Дөлгөөнзаяатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

                -Сайн байна уу, уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг О.Дөлгөөнзаяа гэдэг, “Дз” гэж товчлон дууддаг тул сошиал хаягуудаа StylemeDz буюу “Дз намайг загварлаг болгооч” нэрээр хөтөлдөг. Би Украйн Улсын Modeisme сургалтын платформын албан ёсны сертификаттай хувийн стилист бөгөөд 2022 оноос энэ чиглэлээр ажиллаж байна. Бүсгүйчүүд болон залуучуудад өөрийн стиль, хувийн өнгө, биеийн хэлбэрээ зөв тодорхойлж, зан ааш болон дотоод ертөнцөө гадаад дүр төрхөөрөө илэрхийлэхэд нь тусалдаг. Мөн үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацаа, энерги, санхүүг хэмнэхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг. Үүнд хувцасны шүүгээ цэгцлэх, капсул хувцасны шүүгээ бүрдүүлэх, хамтын худалдан зэрэг багтдаг.

-Энэ хавар, зуны загварыг чиг хандлага юу байх бол?

                - Энэ хавар, зуны загварын чиг хандлага нь 1990 болон 2000-аад оны стилийг орчин үеийн хэв маягтай хослуулсан “Vintage Chic” уур амьсгал давамгайлж байна. Миний хамгийн эхэнд дурдах тренд бол илүү бэлхүүс тодотгосон богино пиджак. Хэдхэн улирлын өмнө өргөн мөртэй oversize сул шулуун загвартай пиджак тренд болж бүгд л өмсөж дассан бол аажмаар шулуун загварын оронд бэлхүүс тодотгосон пиджак моданд орсон ч “Power Shoulder” хэвээр үлдсээр байсан. Харин одоо “Little Black Dress” гэдэг шиг бүх утгаараа жижиг буюу мөр хэсэгт элдэв хатуулгагүй яг хэвийн хэмжээтэй, сул шулуун биш бэлхүүс тодотгосон, богино пиджак тренд болж байна. Зөвхөн пиджак гэлтгүй сорочканы загвар хүртэл тийм болсныг бүсгүйчүүд маань анзаарсан байх. Мэдээж “90’s Minimalism”. “Old Money” болон “Quiet Luxury” зэрэг стильтэй агаар нэг боловч энэ трендийн төлөөлөл болсон АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн бэр Кэролин Бессетт-Кеннедигийн хувцаслалтын талаар загварын хорхойтнууд шуугьж байгаа. Маш энгийн элдэв хээ, принт, логогүй сайн чанарын материалаар хийгдсэн биед нь төгс сууж пропорцыг нь тодотгодог “Basic” буюу энгийн зүгээр л хувцасны шүүгээний суурь хувцаснууд. Энгийн боловч уйтгартай биш. Гадуур хувцасны хувьд пальто, цув, савхин куртка аль нь ч байсан өндөр босоо захтай бол энэ хаврын топ трендүүдийн нэг юм. Нам суудалтай өмд, юбканд дөнгөж дасав уу үгүй юу гадуур хувцасны загварт хүртэл нөлөөлчихсөн. Бүс бэлхүүс тодотгох зориулалттай байсан бол одоо ташаа хэсэг рүү буусан. Энэ нь мэдээж биеийн пропорцыг эвдэж илүү сонирхолтой харагдуулах арга юм л даа. Шулуун эсвэл монголчууд трапецан өмд гэж ярьдаг өгзөг гуя хэсгээрээ бариу доод хэсгээрээ өргөн загвар тренд болж байгаа ба “Barrel” буюу торхон загвар хувцаслалтыг илүү сонирхолтой загварлаг харагдуулна. Хэрвээ таны биеийн хэлбэрт тохирдог бол суудлын хувьд дээр дурдсанчлан нам суудалтайг сонгоорой. Харин юбканы хувьд өвдөг хүрсэн урттай, А хэлбэрийн буюу хормой хэсгээрээ бага зэрэг өргөсдөг загвар. Хавар урт түрийтэй гуталтай, зун балеринатай хослуулан өмсөхөд тохиромжтой. “Мандарин”, “Напалеон” жакет гэх мэт микро трендүүд зөндөө байгаа ч өдөр тутамд ашиглагдах арай амьдралд ойр макро трендүүдийг та нартаа танилцууллаа.

-Улирал, жил бүр тренд өнгөтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ хавар, зуны тренд өнгө, хээ ямар байх бол?

                - Мэдээж хавар, зуны улиралд гэгээлэг, өнгөлөг өнгөнүүд зонхилдог шүү дээ. Энэ улирлын онцлох өнгөнүүдийн нэг бол Pantone компанийн нэрлэснээр “Angel Falls” буюу цайвар цэнхэр өнгө. Атласан торгомсог материал болон цайвар цэнхэр өнгө хоорондоо төгс зохицдог юм шиг санагддаг. Стресс бууруулах увдистай дулаан сэтгэл татам “Mandarin Orange” өнгө, нүдээ салгаж ядам анхаарал татах шидтэй “Yellow Plum” өнгө, үнэтэй дарснаас ч амттай харагдуулах “Amethyst Orchid” өнгө зэрэг олон сонирхолтой тренд өнгөнүүдийг нэрлэж болохоор байна. Хээний хувьд “Leopard Print” буюу барын эрээн хээ одоо тренд гэхээсээ илүү “animal print” амьтны хээнүүд дундаа бид бүхний ойрын танил дасал болсон гэхэд хилсдэхгүй байх. Харин шинээр “Bambi” янзаганы хээ, “Zebra”эрээн тахьны хээ болон “Polka Dot” буюу дугуй дүрсэн хээ зонхилж байна.

-Хувцаслалтдаа огт мартаж болохгүй чамин харагдуулах зүйл нь юу байх бол?

                - Таныг илэрхийлэх 1–2 жижиг деталь. Дэлхийн загварын салбарт “Style Icon” гэж нэрлэгддэг хүмүүсийг харахад тэд бүгд өөрийн гэсэн танигдах онцлог детальтай байдаг. Жишээлбэл, Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурыг загвар сонирхдоггүй хүн ч таних байх. Түүний төгс зассан чёлк, богино “bob” тайралт болон том хар нарны шил нь түүний нэрийн хуудас болсон. Үүнтэй адил хүн бүр өөрийгөө илэрхийлэх, давтагдашгүй болгож харагдуулах жижиг детальтай байх боломжтой. Энэ нь аксессуар, үсний засалт, эсвэл хувцаслалтын тодорхой элемент ч байж болно. Өөрийн гэсэн ийм детальтай болсноор таны хувцаслалт илүү цэгцтэй, чамин, бас хамгийн чухал нь давтагдашгүй харагддаг.

-Хувцаснаас гадна гоёл чимэглэл ямар өнгө, загвартай байвал илүү тохиромжтой вэ?

                - Энэ хавар тренд аксесуар авахаар шийдсэн бол том, маш том хүрээтэй нарны шил сонгохыг танд зөвлөж байна. Нарнаас таны нүдийг хамгаалах ажлаа сайн хийхээс гадна таны хувцаслалтыг амь оруулна гэдэгт итгэлтэй байна.  Гутал ч мөн адил загварын аксесуаранд тооцогддог тул энэ хавар, зун лоафер болон балерина бүх төрлийн пүүз, кетийг орлох төлөвтэй байна. Мөн дөрвөлжин, ташуу, бөөрөнхий гэх мэт өвөрмөц хоншоортой гутал болон урд хэсгээрээ үдээстэй түрийтэй өсгийтэй гутал тренд болж байгаа.

-Энэ улиралд ер нь моданаас гардаггүй, шүүгээд байвал зохих хувцаснуудыг нэрлэхгүй юу?

                - Тренд загвар, өнгө, хээнүүд хэрхэн улирлаас улиралд хувьсан өөрчлөгдөж байгааг та нар маань ойлгосон байх. Тиймээс хамгийн түрүүнд тренд дагах биш маш сайн төлөвлөж “Basic” суурь хувцасны шүүгээгээ бэлдэх хэрэгтэй. Харин түүнийхээ дараагаар өөрийн хувийн стильдээ тохирох акцент бүхий загваруудыг нэмснээр тренд үл харгалзан зөвхөн таныг илтгэх “Capsule” ухаалаг хувцасны шүүгээтэй болох боломжтой.

-Он гарч байх үеэр энэ жил 2016 оны хувцас, хэрэглэл тренд болох талаар ярьж байсан. Энэ хэр үнэн бэ. Үнэн бол 2016 оны загвараас юу нь хамгийн тренд болох бол?

                -Сошиал хаягуудаар бараг хүн болгон өөрийн 10 жилийн өмнөх зургуудаа хуваалцан тухайн үеийн хувцаслалтаа шоолонгуй бага зэрэг ичингүйрч байсан шүү дээ. Гэхдээ үнэхээр мода эргэсэн үү гэвэл тийм. Миний дээр дурдсан тренд болох лоафер, балерина, наполеон жакет зэрэг нь бидэнд 2016 оноос эргэн ирсэн. Мөн өвдөг давсан урт бариу түрийтэй гутал, “Ankle boots” шагай хүрсэн богино бариу түрийтэй гутал ч дахин тренд болж байгаа.

-Монголчуудын хувцаслалтдаа гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

                -Хувийн стилистээр ажиллах хугацаанд ажиглагддаг нийтлэг алдаа бол хүмүүс зөвхөн хувийн өнгөө тодорхойлсноор хувцаслалттай холбоотой бүх асуудлаа шийднэ гэж ойлгодог явдал юм. Гэвч өнгө бол зөвхөн нэг хэсэг. Хувцаслалтын хамгийн чухал суурь нь тухайн хүний хувийн стиль байдаг. Үүний дараа өөрийн биеийн хэлбэрт тохирсон эсгүүр, загваруудаа мэдэж, зөв сонголт хийх нь чухал. Харин зөв өнгөний сонголт нэмэгдсэнээр илүү цогц, тэнцвэртэй дүр төрх бүрддэг. Хувцаслалт бол системтэй ойлголт бөгөөд зөв дараалалтайгаар хандах нь хамгийн чухал гэж боддог.

-Хувийн өнгө, имижээ олсноор тухайн хүнд хэр их өөрчлөлт гардаг бол?

                -Мэдээж хувийн загвараа олсноор хүн өөртөө илүү итгэлтэй болж, биеийн хэлэмж хүртэл өөрчлөгддөг. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн олон “block” буюу дотоод хязгаарлалтууд аажмаар тайлагддаг. Өөрийгөө хайрлах мэдрэмж нэмэгдэж, цор ганц, давтагдашгүй гэдгээ илүү тодорхой мэдэрч эхэлдэг. Мөн илүү нээлттэй, аз жаргалтай болж, нүүрэнд инээмсэглэл тодорч, өдөр тутмын харилцаанд хүртэл эерэг өөрчлөлт ажиглагддаг. Ийм төрлийн олон эерэг өөрчлөлтийг би үйлчлүүлэгчдийнхээ туршлагаас байнга харж, мэдэрч байдаг.

-Хувцаслалтыг хамгийн сайн тодруулж, чамин харагдуулдаг зүйл нь юу байдаг вэ?

                -Өөрөөрөө байх нь хамгийн чухал. Загварын салбарт ажилладаг олон хүн үүнтэй санал нийлэх байх. Хувцас бүр өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Тэр нь тухайн хүний зан характер, биеийн хэлбэр, өнгө, амьдралын хэв маягт нь тохирсон байх ёстой. Өөр хэн нэгэнд зориулагдсан биш, яг өөрт нь тохирсон хувцсаа өмссөн үед хүн гадаад төрхөөрөө ч, дотоод мэдрэмжээрээ ч өөрөөрөө байж, илүү өөртөө итгэлтэй, сэтгэл татам харагддаг.

-Ажлаасаа ямар үед хамгийн сайхан мэдрэмж авдаг вэ?

                -Үйлчлүүлэгчдийнхээ талархсан сэтгэлийн үгийг сонсох хамгийн сайхан мэдрэмж байдаг. Ажлын явцад бие биедээ илүү дотно болж, найз, эгч дүүс шиг болчихдог. Үйлчилгээний дараа өдөр тутмын хувцаслалтаа хуваалцаж, зөвлөгөө авсаар байдаг нь надад маш үнэ цэнтэй санагддаг. Зарим үйлчлүүлэгчид маань 10 жилийн уулзалтдаа илүү өөртөө итгэлтэй оролцсон тухайгаа бичиж, зургаа хүртэл явуулдаг. Мөн төрсөн өдөр, онцгой мөчүүдээ хуваалцан, өөртөө итгэх итгэл нь хэрхэн нэмэгдэж байгааг хэлэхийг сонсоход үнэхээр урам өгдөг. Ийм эерэг өөрчлөлтүүдийг өдөр бүр мэдэрч, хүмүүсийн амьдралд бага ч гэсэн нөлөө үзүүлж байгаагаа ойлгох нь сонгосон мэргэжлээ улам хайрлах шалтгаан болдог.

-Стилистийн хувьд ярилцлагын төгсгөлд уншигчдад өөрийнхөө анзаарсан туршлагаас зөвлөгөө өгөхгүй юу?

                  -Хувцсыг зүгээр л нэг өмсдөг зүйл гэж битгий хараасай. Бид өдөр тутамдаа гэртээ ч, гадуур ч үргэлж хувцастай байдаг тул энэ нь бидний салшгүй нэг хэсэг юм. Тиймээс хувцаслалт гэдэг нь зөвхөн гадаад төрх биш, харин өөрийгөө илэрхийлэх хүчтэй хэрэгсэл. Хувцаслалтаараа дамжуулан өөрийгөө тодорхойлж, зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд дэмжлэг болох “зэвсэг” болгон ухаалгаар ашиглаж сураасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.


О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188