• Өнөөдөр 2025-05-24

АВРАГЧ Д.ЖАНЧИВ АГСНЫ ГЭРГИЙ Б.ГАНЦЭЦЭГ: ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ҮНСЭЭД ГАРСАН ХАНИЙНХАА ХӨШӨӨГ БОСГОЧИХООД, “ХАЦАР”-ЫГ НЬ ИЛЭЭД ЗОГСОХ ШИГ АЙМШИГТАЙ ЗҮЙЛ МИНИЙ АМЬДРАЛД БАЙСАНГҮЙ

2024-06-01,   998

ХАНЬ МИНЬ НЭГ НОМЕРЫН ГАЛ СӨНӨӨГЧ БАЙСАН 

     Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад дөрөвдүгээр сарын 8-ны 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийг унтраасан байдаг. Тухайн үед Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэгтэй ханийнх нь талаар ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. 49 хоног нь саяхан өнгөрсөн үү?

      -Ханийн минь 49 хоног нь уржигдар дууслаа. 49 хоногоос нь өмнө 300 мод тарьж, алдрын хөшөө бүтээлгэж, НОБГ-ын сургалтын танхимд байршуулсан.

-Ханийнхаа гэгээн дурсгалд зориулж “Юу хийвэл зүгээр вэ, ямар буян хийх вэ” гэж бодож, хайсны эцэст хөшөө босгохоор шийдсэн байх?

     -Эхний хэд хоног юм бодох сөхөөгүй, ухаан санаа орон, гаран байсан. Ханийгаа “Намайг яагаад орхиод явчихсан юм бол” гэж гомдсон, их ч уйлсан. Тэгээд “Хамгийн дээдийн буян гэж юу байдаг юм бол. Ямар буян хийх вэ” гэж бодож, хайсан. Тэгээд 1000 мод тарих зорилготой байсан ч цэцэрлэгийн багтаамж хүрэлцээгүй учир 300 мод тарьсан. Дараа нь Гал унтраах, аврах 10 дугаар ангийн дарга нараас хөшөө байршуулах зөвшөөрөл аваад ханийнхаа амь насны даатгалын мөнгөөр хөшөөг нь хийлгэж, НОБГ-ын сургалтын танхимд байршуулсан. Энэ бол миний ханьдаа зориулж байгаа өчүүхэн сэтгэл юм шүү дээ. Жаахан ч болтугай зүйлийг түүнийхээ гэгээн дурсгалд зориулахгүй байхын аргагүй. Намайг хэмжээлшгүй их хайраар хайрласан хүн бол миний хань.

-Ханийнхаа хөшөөг илээд зогсож байгаа таны зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хөшөөнд хүрээд зогсож байсан үеийнхээ тухай хуваалцаж болох уу?

     -Хөшөөг хийж байхад л тэвэрмээр санагдаад байсан. Хөшөө хийлгэхэд хамгийн чухал нь харц байдаг гэж сонсож байсан. Миний ханийн дүр төрх, царайг урласан алтан гартай уран барималчид ханийн минь хөшөөг санаанд минь нийцэхээр сайхан урлаж өгсөн. Тэдэнд баярлаж байгаагаа дахин илэрхийлмээр байна.

Хөшөөг хийж дуусахаар нь сүүлчийн удаа тэвэрчихвэл, ганцхан удаа үнсчихвэл тайтгарчих юм шиг санагдаж байсан. Харин өндөр суурин дээр байрлуулсан учир тэвэрч, үнсэж  чадаагүй. “Хацар”-ыг нь илчихээд л явсан даа. Хайртай хүнийхээ хөшөөг илээд зогсох хүний амьдралын хамгийн хэцүү зовлон байдаг юм байна. Тэр үед төрж байсан мэдрэмж, сэтгэгдлийг үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай байсан.

Ханийнхаа хөшөөг босгочихоод хүүхдүүдтэйгээ өөдөөс нь хараад зогсох итгэмээргүй байлаа. Гэхдээ үнэнтэй нүүр тулахаас өөр сонголт бидэнд үлдээгүй.

-“Миний сүлжээ” дэлгүүрт гал гардаг өдөр таны хань хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан уу. Хамгийн сүүлд ажилдаа гарахдаа танд хэлсэн зүйл бий юү?

      -Ханийнхаа ажилд гарахынх нь өмнөх өдөр бид байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг угаасан. Бид тоглоомын талбайгаа угааж дуусчихаад “Хүмүүс хог, шүлсээ хаяад байдаг хэсэгт байшин хэлбэртэй хогийн сав хийлгэе” гэж ярилцаад хүн дуудаж, хэмжээ авхуулсан. Тэгээд гэрийнхээ тагтан дээр байдаг ногоон зүлгийг байрныхаа үүдэнд дэвсэхээр ярилцаж байлаа. Бид сүүлийн дөрвөн жил байрныхаа гаднах тоглоомын талбайг угааж, хүүхдүүд баярлуулж байгаа юм.

Орой нь хань минь гэртээ орж ирэхдээ яг л явах гэж байгаа юм шиг мэдрэмж надад төрүүлсэн. Өмнө нь хүүхдүүдийнхээ гутал, хувцсыг угаадаг байсан ч тэр орой таван хүүхдийнхээ гутлыг өөрдсийнхөө гуталтай угаагаад эгнүүлж тавьчихаад унтсан. Би кино үзсээр байгаад өглөөний 06:30 цаг хүргэж, ханийгаа сэрээчихээд зөрөөд унтсан. Тэр өглөө ажилдаа явахдаа урьдынхаараа намайг үнсчихээд л ажилдаа гарсан даа.

Тэгээд маргааш нь ханийгаа Баянхошуу руу гал унтраахаар явсныг нь мэдсэн. 11:00 цагийн үед фэйсбүүкээс Баянхошуунд гарч байгаа галыг харчихаад дүү рүүгээ залгаж “Ах нь угаартчихсан байж магадгүй, хоёулаа сүү аваачиж өгье” гээд явж байтал найз нь “Жанчив галаас гарч ирэхгүй байна гэнэ” гэсэн. Тэгээд бид Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дээр очоод ханийгаа бурхан болсныг мэдсэн. Өмнө нь өчнөөн гал гарч, тэр байтугай галыг унтраахаар явж байхад нь би хойноос нь очиж байгаагүй. Тэр өдрийнх шиг тийм хачин зөн совин татаж байгаагүй.  24 жил гал унтраасан туршлагатай ханийгаа тийм хэмжээний галд амиа алдсан гэхэд бас итгэхгүй байгаа.

-Талийгаачийг тэтгэвэртээ гарах өргөдлөө удаа дараа өгч байсан ч онцгой байдлынхан тэтгэвэрт нь гаргаагүй гэх асуудал яригдаж байсан шүү дээ. Үнэн болов уу?

      -Тэтгэвэрт гарах хүсэлт гаргахын тулд хугацаагаа нарийн бодож, нийгмийн даатгал төлсөн байдлаа тооцоолдог. Хань минь хоёр жилийн өмнөөс л “Тэтгэвэрт гарахад төдий хугацаа үлдсэн байна” гэж тооцож ярьдаг байсан. Тэгээд ханийг минь тэтгэвэрт гарах хүсэлтээ өгье гэхэд нь зургадугаар сарын 1 хүртэл ямар ч материал хүлээж авахгүй гэсэн юм билээ. Хань минь "Онцгой байдлын албанд олон жил ажиллачихсан юм чинь байгууллагынхаа  20 жилийн ойг үзнэ" гэж төлөвлөж, хүлээж байсан. Би дөрөвдүгээр сарын 19-нд хагалгаанд орох ёстой байсан болохоор амиа алдах өдрөө ажлынхандаа “Өнөөдөр ажилдаа гарчихаад амралтаа бодуулдаг юм билүү” гэж ярьж байсан гэсэн.

-Таны ханийг Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамгийн туршлагатай гал сөнөөгч нь байсан гэж ярьдаг юм билээ?

     -1-1 буюу нэгдүгээр салааны нэгдүгээр тасгийн нэг номерийн гал сөнөөгч байсан. Тэр минь нэг номерыг гал сөнөөгчөөр олон жил ажилласан, онцгой байдлынхны өмнөө барьдаг туршлагатай алба хаагч байлаа. Том биетэй хүн айлын цонхоор багтахгүй шүү дээ. Тэгэхээр бие бялдар, хурдан шаламгай хөдөлгөөнөөрөө бусдыгаа манлайлдаг шилдэг аврагч байсныг нь хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлэх байх. Сүүлийн жилүүдэд бага дарга болоод гал руу ордоггүй ч зааварчилдаг байсан. “Миний сүлжээ” дэлгүүр шатахад гал сөнөөгчөөр ажилласан.

-Хань нь гал сөнөөгчийн авах ёстой бүхий л шагналыг авсан байсан. Аль шагналдаа сэтгэл хангалуун байсан бэ?

       -Онц гал сөнөөгч шагналдаа их хайртай байсан. Аврагч хүний хамгийн бахархалт шагнал гэж боддог. Тэр шагналаа залуудаа авч байсан болохоор бусдаас илүүтэй баярлаж байсан байх. Хань минь хүний төлөө хүн байсан нь одоо надад мэдрэгдэж байгаа. 10 дугаар ангийн хашаагаар ороход л алба хаагчид, цэргүүд, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж  байсан найзуудынх нь үг, үйлдэл, харцнаас л түүнийг минь хүндэлж байсан шиг хүндлэл надад мэдрэгддэг. Анги руу ороод гараад ирэхэд л машиныг минь угаачихсан байх сэтгэлтэй дүү нар нь байгаад баярлаж байгаа. Ойрд нулимс их ойрхон болчихсон байна.

-Ханийнх нь аврагч болсон түүх нь юу вэ. Өөрийнх нь чин хүсэл, мөрөөдөл нь байсан уу, амьдралын шаардлагаар аврагч болохоор шийдсэн юм болов уу?

       -Талийгаач минь 16 настайдаа ээжийгээ, 17 настайдаа аавыгаа алдаж, гурван дүүтэйгээ өнчирч байсан. Багасаа дүү нарыгаа өсгөх үүрэгтэй болсон болохоор ажил хийхээс өөр арга байгаагүй. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангид дадлагажигчаар ажилд ороод 2002 онд НОБГ-ын Гал сөнөөх, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орж байсан.

Нөгөөтэйгүүр аавынхаа ажил, үүргийг өвлөсөн. Тийм болохоор аврагч болох хүсэл мөрөөдөлтэй, сонирхолтой байсан гэсэн үг. Хадам аав хуучны нэршлээр Гал түймэртэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан юм. Том хүү минь “Гурав дахь үеэ бүтээнэ” гэж ярьдаг. Зургадугаар ангид байхаасаа бие дааж сунайж, гүйж, бэлтгэлээ хийсээр байгаад “Тэмүүжин өрлөг” сургуульд шилжиж ирсэн. Уг нь манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан юм. Хүүгээ дагаад Улаанхуаранд нүүгээд ирчихсэн.

Сургуулиа төгсчихөөд Онцгой байдлын албанд орж, аав, өвөө хоёрынхоо мэргэжлийг өвлөнө гэж ярьдаг. Харамсалтай явдал болсны дараа бид дахин ярилцаж үзсэн. Хүүгийн минь бодол өөрчлөгдөөгүй байна лээ. “Би аавдаа аавынхаа аваагүй цолыг авна” гээд амалчихсан гэж байна лээ.

-Хань нь 1500 гаруй хүний амь аварсан юм билээ. Ямар, ямар галыг унтраалцаж байсан тухай нь та дурдвал?

       -Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангид ажиллаж байхдаа аварсан хүнийх нь тоо тодорхойгүй байдаг. Тэгэхээр ханийн минь аварсан хүн 1500-гаар хязгаарлагдахгүй гэсэн үг. Тэр олон хүнд үхэл хагацал, уйтгар гуниг үзүүлээгүй, олон хүүхдийг элэг бүтэн үлдээсэн гэж бодохоор хааяа тайвшрах юм. Хань минь Сэлэнгийн түймэр,  “Бөмбөгөр” худалдааны төв, “Оргил” сувилал, “Улсын их дэлгүүр”-ийн гал унтраах, аврах ажиллагаанд оролцож байсан. Улсын хэмжээнд 20 гал гарлаа гэхэд 13-ыг нь төв анги хариуцдаг юм билээ. Өдөрт дунджаар 7-8 удаа гал унтраах ажиллагаанд явдаг байсан. Зарим үед арай бага дуудлагад гарна.

-Таны санааг хамгийн их зовоосон ямар ажиллагаа байсан бэ?

      -Сэлэнгийн түймрээр 14 хоног алга болж байсан. Сая сүү аваад очсон шиг сонин зөн совин татаад анги руу нь очиход сураггүй болчихсон байсан. Тэр үед энэ хорвоод төрснөөсөө хойших хамгийн их айдсыг мэдэрч байсан. Би харангуйгаас айдаггүй ч тэр өдрүүдээс их айдаг, бодохгүй байхыг хичээдэг байсан. Тэр 14 хоногт их ч юм бодогдсон. Тэр түймрээс хойш хээрийн түймэрт яваагүй.

-Онцгой байдлын алба хаагчдийн ар гэрийнхнийг хүлээлтээс хүлээлтийн хооронд амьдардаг байх гэж боддог. Аврагчийн эхнэр байхын жаргал, зовлонгоос та ярьж өгөөч?

      -Ханийгаа гал унтраахаар явахад нь цай сүүнийхээ дээжийг өргөдөггүй юм аа гэхэд залбирдаггүй ээж, эхнэр гэж лав байхгүй байх. Ээлжнээсээ буугаад ороод ирэхэд нь ямар сайхан байдаг гэж санана. Гэр дүүрээд л би ч хүүхдүүдээсээ дутахгүй баярладаг байсан. Гэртээ орж ирэх нь миний болон хүүхдүүдийн минь хамгийн жаргалтай агшин. Ээлжтэй үед нь ханийгаа утсаар ярихыг нь хүлээнэ. Тэр минь галд гарах болгоныхоо өмнө бичлэг явуулдаг байсан. Хамгийн сүүлд ч гэсэн бичлэгээ явуулсан. Ганц бие ээж юм шиг амьдрах үе олон байсан. Жилийн дөрвөн улирлын бүхий л цаг үед бусдын амь нас, аюулгүй байдлын төлөө явдаг хүний ар талыг хариуцаж амьдарна гэдэг амаргүй. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгнө. Хүүхэд өвдөхөд нөхөргүй юм шиг ганцаараа эмнэлэгээр явдаг байсан. Нөгөөтэйгүүр бусдын төлөө амь, амьдралаа зориулаад явж байгаа ханиараа бахархах сайхан байдаг. Тэр бахархлаас би урам авч, хэнд ч гомдлохгүйгээр амьдардаг байсан. Өдийд хань минь байсан бол ажлаасаа буучихаад шар усны үерээс иргэдийг аврахаар гол, ус дагаад л явах байсан байх.

-Онцгой байдлын алба хаагчдийг улаан гараараа гал унтраахаар явдаг гэж ярьдаг шүү дээ. Ханьд нь тийм үе байсан уу?

     -“Даху ван” бэлэн гоймонг ТҮЦ-ээс хайрцгаар нь зээлж аваад хээрийн түймэр унтраахаар явдаг байсан. Цөөхөн хоногийн хоол ундтай явдаг учраас өөрсдөө хувийн бэлтгэлээ хангадаг байсан нь тэр. Нойтон берзентээр гал унтраадаг байлаа шүү дээ. Тэгэхээр улаан гараараа л гал руу ордог байсан гэсэн үг биз дээ. Сүүлийн үед хувцас хунар, багаж, хэрэгслийг нь журмынх нь дагуу олгож байгаа байх. Гэхдээ Онцгой байдлын албаны хүмүүс онцгой хувцастай, онцгой байх ёстой. Аврагчид гамшгийн өмнө нуруу бөхийхгүй гэж тангараг өргөсөн ч Онцгой байдлынхан алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Яагаад өдий хүртэл Онцгой байдлын алба нь холбоо станцгүй байгаа юм бол гэдэгт би одоо хүртэл гайхдаг, бас харамсдаг. Дотоод холбоо байсан бол миний хань амьд байх байсан байх. Бид ингэж зовохдоо зовж, жаргахдаа жаргасаар амьдралаа хамтдаа босгосон. Гурван дүү, хүүхдүүд минь гараас гарч “Одоо л сайхан амьдрана даа” гэж  байтал бүх зүйл нурчихлаа. Тэтгэвэрт гарчихаад хамтдаа “Бяцхан бумбардай” дэлгүүрээ ажиллуулж, нэрийн брендтэй болно гэж ярьцгаадаг байсан юм шүү дээ. 

-Улсаас гурван өрөө байр олгон гэж байсан. Танд хариу ирсэн үү?

      -Одоогийн байдлаар надад ямар ч хариу ирээгүй байна.

-Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?

     -Бид Төмөр замын шар байрны найзууд байсан. Тухайн үеийн хүүхдүүдийн тоглодог тоглоомоор тоглож, нэгнийхээрээ орж, гарцгаадаг чин үнэнч найзууд байсан. Харин  ТҮЦ-ний цонхоор хөл бөмбөг үзсэн цагаас үерхэж эхэлсэн. Тэр минь дуугүй, тайван хүн байсан. Намайг дуудаж гаргаж ирчихээд юу ч ярихгүй хоёр цаг болгочихдог байлаа. Би л хамаг юмаа илэн далангүй ярьдаг байсан даа. Үерхэж эхэлснээсээ хойш ханийгаа ээлжинд гарахад нь дүү нартаа хоол хийж, хувцсыг нь угааж өгдөг байсан. Тэгээд бид гэр бүл болсондоо. 2022 онд мөрөөдлийнхөө хуримыг хийсэн.

-Таны хань ямар зан чанартай хүн байсан бэ?

     -Хань минь их халамжтай. Хүнлэг, зөөлөн сэтгэлтэй хүн байсан хүүхдүүдтэйгээ байх үедээ хүүхдүүддээ халамжийн дээдийг мэдрүүлдэг байлаа. Хүүхдүүдээ надаас илүү асран хамгаалдаг байсан. Би нэг ч удаа хүүхдийнхээ живхийг шөнөөр сольж байгаагүй. Тийм л халамжтай, эмэгтэй хүнээс дутахааргүй аав байсан юм шүү дээ. Бас спортод дуртай. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийн  тэмцээнд алгасахгүй ордог. Бас гутал, хувцас сайн оёдог. Их цэвэрч, нямбай хүн байсан. Угаасан оймс өмсөж дэлгүүр гарчихаад орж ирээд дахиад угааж байх жишээний. Тийм болохоор бидний хажуугаар зүгээр гарахгүй. Хэний оймс хиртэй байна гэж харна. Ажлынх нь хувцсанд нь үнэр нь байдаг. Шөнө болгон бага охинтойгоо хоёулаа цамцыг нь өвөртөлж унтаж байгаа. Сүүлийн үед үнэр нь бага багаар арилаад байгаа юм шиг санагдаад байгаа.


АВРАГЧ Д.ЖАНЧИВ АГСНЫ ГЭРГИЙ Б.ГАНЦЭЦЭГ: ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ ҮНСЭЭД ГАРСАН ХАНИЙНХАА ХӨШӨӨГ БОСГОЧИХООД, “ХАЦАР”-ЫГ НЬ ИЛЭЭД ЗОГСОХ ШИГ АЙМШИГТАЙ ЗҮЙЛ МИНИЙ АМЬДРАЛД БАЙСАНГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-01 13:29:14
    Отгонтуяа: Ийм саыхан гэр бүл....Саыхан 5 хүүхэд төрүүлсэн саыхан монгол эмэгтэй танд...баярлалаа...үр хүүхдүүд нь таныг сайхан аваад явнаа.....Та бол мундаг хань саыхан эмэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188