• Өнөөдөр 2024-05-05

ХЭМНЭХИЙГ БИШ ХАРАМЛАХЫГ СУРСАН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

2023-10-21,   1505

      УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох санал гаргаж, уржигдраас иргэдээс цахимаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрвээ 30 хоногт 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцэх учиртай. Гэхдээ цахимаар санал авч эхэлснээс 20 цагийн дараа 36 мянга, 40 цагийн дараа 54 мянга гэх мэтээр дэмжигчид нэмэгдэж байгаагаас үзвэл ирэх долоо хоног гэхэд 100 мянга давах нь тодорхой болчихлоо. 
 
     Д.Сарангэрэлд “Улныхан” гэж доромжлуулж, Н.Учралд “НӨАТ-аар амь зуугсад” гэж даапаалуулсандаа ихэд эгдүүцдэг байлаа, бид. Гэвч урагшгүй улстөрчдийн “буян”-аар үнэхээр л “улныхан” бидний орлогын нэг эх үүсвэр нь НӨАТ-ын буцаан олголт болчихлоо. Тиймдээ ч сар махийж олсон сая төгрөгөөрөө худалдаж авсан хоёр тор хүнснийхээ НӨАТ-ын буцаалт хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэхийг нийгмээрээ дэмжиж байна. “Атар” талхны ч болтугай мөнгө нэмэгдэж орж ирэх нь ард түмэнд юу юунаас илүү хэрэгтэй байна гэсэн үг. 
 
    Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол сонгууль угтсан хийрхэл. Ирэх жил буцаан олголтод 400 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон. Хэрвээ таван хувь болговол нэмээд 600 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Ирэх оны төсөвт ийм хэмжээний мөнгө гаргах боломж байхгүй” хэмээн эрс эсэргүүцэв. Ирэх онд 27 их наяд төгрөг зарлагадана гэж тооцоолж суугаа Сангийн сайд Б.Жавхлан 600 тэрбум төгрөг гаргах ямар ч боломжгүй юм гэнэ. Түүний ярьж байгаагаар ард түмэнд 600 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаалт болгоод тараачихвал ирэх оны төсөв тасалдаж, Шри Ланка улсын араас дампуурлаа зарлах юм байх. Уг нь ард түмэн худалдаж авсан бараа бүхэндээ НӨАТ-ын 10 хувиа төлж байгаа. Түүнийхээ талыг буцааж авъя, тал нь төсөвтөө орлого болоод үлдэг л гэж байгаа юм. 10 мянган төгрөг өгчихөөд таван мянгыг нь буцааж авъя гэхээр “Төсвийн орлого таслах гэлээ” гэж загнах нь шударга явдал уу. 
 
Сангийн сайд Б.Жавхлангийн дээрх “Боломжгүй” гэж мэдэгдлийн хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар ч хариу барьлаа. Тэрбээр “Яагаад тэр бүх зүйлийг ингэж жадлан эсэргүүцэж байдаг юм. Яагаад болохгүй гэдэг ганц үгээр мянган үгний таглаа хийж байдаг м. Болно, боломж байгаа гэдгийг манай эрдэмтэн судлаачид ярьж байгаа. Энэ асуудлаар Төсөв, эдийн засгийн байнгын хорооны дэргэд Ажлын хэсэг байгуулна” гэлээ. Түүний энэ тайлбараас, ямартай ч НӨАТ-ын хоёр хувийг тав болгох боломж төсөвт байгаа юм, харин Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслөө дахин задлахаас төвөгшөөж, жадлан эсэргүүцэж, хатуухан хэлэхэд харамлаад байгаа юм байна гэж ойлгогдов. 
 
Ер нь ч Сангийн сайд Б.Жавхлангийн амнаас “болно, бүтнэ, боломжтой” гэсэн үгс гарч байсан удаа ховор. Үнэхээр татвар төлөгчдөөс татан төвлөрүүлсэн төсвийн мөнгөнд тийм хямгатай хүн үү, хэмнэнд байна уу гэхээр тийм биш. Түүнийг Сангийн сайд болсноос хойш төсвийн зарлага их наяд, их наядаар нэмэгдсээр л буй. Тэгэх мөртөө хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэх эсэх асуудал бүр дээр “боломжгүй” гэсэн үгээр няцааж ирсэн. 
 
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн ард түмнээс “харамлаад” байгаа 600 тэрбум төгрөг төсөвт цоорхой үүсгэх, улс дампууруулах хэмжээний их мөнгө мөн үү гэдгийг харуулахын тулд нийгэмд дуулиан болсон хэдэн жишээтэй харьцуулж үзлээ. Дүгнэлтийг уншигч та хийх биз.  
 
- Халдварт тахлын хоёр жил гаруй хугацаанд Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд нар хэдэн их наяд төгрөгөөр “тоглосныг” одоо ч олон нийтэд ил болгоогүй байгаа. Эхэндээ тэд “халдвартай нэг өвчтөнг 12 сая төгрөгөөр эмчилж байгаа” гэж хуурдаг байсан ч, эцэстээ нэг өвчтөнг 250 мянган төгрөгийн эм, тариагаар л эмчилдэг байсан нь илчлэгдсэн. Хадварт тахлаар дамилдуулж “завшсан” зөрүү мөнгийг нь тооцвол 600 тэрбум төгрөгөөс давах нь дамжиггүй. Халдварт тахалд төсвөөс болон гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар нийт хэчнээн их наяд төгрөг зарцуулсныг, хэд нь хэний халаас руу, хаашаа орсныг хамгийн сайн мэдэх учиртай хүн нь 2020 оноос хойш Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан. 
 
- Өнгөрсөн онд Хөгжлийн банкнаас 900 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй 25 найдваргүй зээлдэгчийнхээ нэрийг нийтэд зарлаж, шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэж байв. Тухайн 25 найдваргүй зээлдэгчийн жагсаалтыг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью эс си” ХХК 213 тэрбум, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” ХХК 161 тэрбум, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Монгол мах экспо” ХХК 38 тэрбум, Т.Бадамжунайгийн хайрт дүү Х.Бат-Эрдэнийн “Монгол драй милк” ХХК 49 тэрбум гэх мэтээр тэргүүлж байлаа. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн жагсаалтыг тэргүүлсэн “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банканд Сангийн сайд Б.Жавхлан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намтартай. Цаашилбал, дээрх компаниудыг Хөгжлийн банкнаас зээл авч байх үед Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкыг хянаж шалгах үүрэгтэй Монголбанканд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай сууж байлаа. Бүр цаашилбал, 900 тэрбум төгрөгийг төрийн томчуудын хамаарал бүхий 25-хан компанид найдваргүй зээл болгоод тараачихсан Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд дунд хүзүүндээ “Б.Жавхлангийн хүн” гэх хаяг зүүсэн хүмүүс олон байсныг дурдах нь зүйтэй. Атал одоо ард түмэнд 600 тэрбум төгрөгийн буцаан олголт хийх болохоор Сангийн сайд Б.Жавхлан ийм мөнгөний тоо сонсож байгаагүй юм шиг “Төрд, төсөвт мөнгө гаргах ямар ч боломжгүй” гэж яриад сууж байна.  
 
- Сангийн сайд Б.Жавхлан “Чингис хаан” банктай нэг биш сэжмээр холбогддог. Холбоо хамаарал нь нийгэмд нэгэнт ил болчихсон учраас энд нурших илүүц биз.  “Чингис хаан” банк Энхтайваны гүүрний хажуугийн хар шилэн оффист ганц салбартай, дампуурлын ирмэгт дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг боловч татвар төлөгчдийн, төсвийн, төрийн мөнгөөр амь голтой өдий хүрч буй. Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 53 тэрбум гэх мэтээр үргэлжилнэ. Хэзээ мөдгүй дампуурахад бэлэн банканд төр мөнгөө хадгалуулахаар өгөөд байдаг нь гайхмаар. Энэ банк руу орсон татвар төлөгчдийн мөнгийг тооцож үзвэл Б.Жавхлангийн ард түмнээс “харамлаад” буй 600 тэрбум төгрөг тийм ч их мөнгө санагдахгүй байх.  
 
- Өнгөрсөн онд Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарт “түгжрэл бууруул” гэж 420 тэрбум төгрөгтэй түрийвч “атгуулсан”. Харамсалтай нь, жил гаруй сайд сэтэр зүүж, түгжрэлийн төсвийг захиран зарцуулсан Ж.Сүхбаатар чухам юу хийсэн бэ гэдэг асуултад хариулт алга. Вьетнамд угсарсан “хэмхэрхий” хэдэн автобус оруулж ирснээс өөрөөр өнөөдөр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй үр дүн алга, өнөөх янзаараа түгжирсээр л байна. Үнэхээр л төсвөөс төгрөг ч илүү зарцуулж болдоггүй юм бол 420 тэрбум төгрөгөөр юу хийснийг Ж.Сүхбаатараас тодруулж, хариуцлага тооцох нь зөв биз. 
 
- “Нүүрсний хулгай”-н гэмт хэрэгтнүүдийн төрд, түмэнд учруулсан нийт хохирол буюу завшсан мөнгө нь 40 их наядаар яригдаж буй. Ганцхан жишээ дурдахад, “нүүрсний хулгай”-н хэргээр хамтдаа баривчлагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж хоёрын хуйвалдаж, хоорондоо байгуулсан хөрс хуулалтын гэрээнүүдийнх нь нийт өртөг 1.2 их наяд төгрөг. Цаашилбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн хуурай дүү, хурдан морины хобби нэгт хамтрагчийнх нь компанийн Б.Ганхуягтай байгуулсан гэрээний үнийн дүн нь 780 тэрбум гэх мэтээр үргэлжилнэ. Товчхондоо, Сангийн сайд Б.Жавхлангийн “горойгоод” байгаа 600 тэрбум төгрөг бол Б.Ганхуягийг ганц гарын үсгээр л шилжүүлж байсан мөнгө. 
 
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбум төгрөгөөр Хятадаас коксон нүүрс оруулж ирж, гэр хороололд турших төсөл танилцуулж, түүнийгээ сая намар УИХ, Засгийн газраар дэмжүүлэх гэж баахан зүтгүүлсэн. Ард түмэн хэл ул болж байж арай  гэж 177 тэрбум төгрөгийг нь 34 тэрбум төгрөг болгож бууруулсан. НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг зарцуулдаг гэхээр 177 тэрбум төгрөг гэдэг бол НӨАТ-ын буцаан олголтыг гурван болгох боломжтой мөнгө.
 
- Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ үзэглэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьсан. Өөрөө хэлбэл, Б.Дэлгэрсайхан өөрөөсөө 400 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг гаргаж энэ төмөр замыг барьсан. Б.Дэлгэрсайхан ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төмөр замын “амбиц”-ыг гүйцэлдүүлж өгснийхөө хариуд саяхан Түгжрэлийн сайд болоод Засгийн газарт заларчихсан. Ингэж харвал, 600 тэрбум төгрөг гэдэг Засгийн газрын ганц сайдын “халаасанд” л байдаг мөнгө аж. 
 
    Товчхондоо, төрийн түшээд 600 тэрбум төгрөг байтугайгаар л тоглож, салхинд хийсгэдэг. Тэр бүрдээ хариуцлага үүрч байсан уу гэвэл үгүй. Гэтэл НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван болгож, талхны мөнгө ч болтугай илүү олгоё гэснийг Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү жадлан эсэргүүцэж байна. 
 

ХЭМНЭХИЙГ БИШ ХАРАМЛАХЫГ СУРСАН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-22 16:22:50
    Зочин: Амундра гэгч мундаг л амьтан байх л даа. Хүнээс мөнгө харамлалаа гээд бичээд муу хүн болгох гэж зүтгэх ч яахав. Дундаж хэрэглээтэй айл өрх улиралд 70-80 орчим мянгаас хэтрэхгүй НӨАТ- ын буцаалт хийгддэг. Дундаас доош хэрэглээтэй нь бүр доош. НӨАТ нэмэх нь хэрэглээ өндөр хэсэгт л аштгтай тусна. Нөгөө талаар инфляци хөөрөгдөж үнийн өсөлтийн дарамт нөгөө л дундаас доош хэсэгт чанга бууна. Жавхлан үүнийг мэдэж, харж чадаж байгаа болоод л үнэнийг хэлж ад болоод Зандан дарга ардаа боддог од болоод байх шиг. Ер нь энэ засагт Жавхлан, Батцэцэг хоёр л улстөр ярилгүй, өмнөх ажлаа мэргэжлийн үүднээс сайн хийж байгаа нь гэж хардаг. Бусад нь ч дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 11:57:39
    Зочин: Яагаад дандаа арьс өнгөөр ялгаварлаж байгаа юм шиг юм ярьж Үндсэн хуулиа зөрчиж байдгийн. Юм л бол ха-ла-мж ярьж солиорч байх юм. Яагаад татвар хураамж, хэрэглээний төлбөр мөнгөө хугацаанд нь төлөөд арай ядан амьдарч буй хүмүүст ингэж хатуурхаж байдгийн. Өндөр дүнтэй худалдан авалт хийж байгаа ч цаанаа зээл аваад хэрэглээгээ хангаж байгаа хүмүүс ч байгаа шүү дээ. Бусад улс орнууд хүн амаа дэмжиж дундаж орлоготой иргэдээ нэмэгдүүлэх замаар хөгждөг байгаа шүү. Ийм хариуцлагаггүй юм ярьдаг сангийн сайдаар ер нь яадгийн. Жавхлангийн ярьж байгаа зүйл явж явж д-а-лд эдийн засаг руу түлхэнэ шүү. Хүн болгон л НӨАТ-гүй худалдан авалт хийх сонирхолтой болдог юм байгаа биз дээ. Арай гэж бүрдэж тогтох гэж байгаа НӨАТ-ийн системийг устгах нь л дээ. Битгий дандаа ха-ламжийн бодлого хэрэгжүүлж иргэдээ ядуу байлгах бодлого барьж байгаач энэ улс төряид. Ер нь чадан ядан амьдарч эдийн засагт хувь нэмрээ оруулж яваа шударгаар амьдарч байгаа дундаж давхаргыг дандаа ингэж гадуурхдагаа болиорой. Бид ямар буруутай юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 11:37:46
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 07:43:43
    zochin: MGLd uls turiin es zui bnuu.Ichdeggui nuhduudee Nymbaatar gj dampuursan huviin surguuli tugssen tulgen komunist huuliin said blaa.Ah duus boloh ES n hotiin darga gj mungenii uutni amand tavila.Javhlan gj hamgiin No toi nuher mun l EK iin ah duu ueeeluud gesen Sangiin yam gj hamgiin tom uutni am barij bga.Munge dutval tatvar.torguuliar ard tumnee daramtlana.NUT gj hamgiin 2 hudlaa uom gargaj ireed.2.5 huvi hereldeed Javhlan bol bayn hun.ard tumnii tulee negch uom hhhgui.Zandan gj nuher Ahduuseeree tur barihiig zogsooh.tatgalzah huuli batlana gesen tsaanaas n daramt irsenuu yasan.daraad hevtej bga.Ene huulia.mun.Gishuunii darhan erhiig bolih huuliudaa hurdan garga.Heden ahduus.buleglel MGLiig udirdaj bn.Ard tumend egeejtei bol yahav.iim hogiin ******** ees naashtai uo ch garahgui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-19 07:34:01
    а: уг нь төлсөн 10%-ийн татварынхаа 5%-ийг нь буцааж авий гэхээр юу яриад байгаам бэ.Бид нар төлсөн мөнгөнөөсөө л авах гэж байгаа штэ. Түүнээс өөр мөнгө төсөвт суулгуулж авах гэж байгаа биш шүү шүү дээ. Өгсөн мөнгныхөө талыг нь буцааж авий. Энэ бол ард түмэн чинь ядуураад аргаа ядсан хүний үйлдэл шүү дээ сайдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188