• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.Ганчимэг: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан

2021-02-21,   717

“ЭРГЭЛТ.МН” мэдээллийн сайт энэ долоо хоногийн онцлох нийтлэлдээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэгтэй хөөрөлдсөн “Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан” хэмээх гарчигтай ярилцлагыг нэрлэж байна.

Монголд төдийгүй дэлхий дахинд үеийн үед дурсагдах сод авьяастан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч  Б.Шарав агсны туурвисан уран бүтээл, түүний зан чанар, үр хүүхэд, ханьдаа захиж үлдээсэн сургаал, суут бүтээлүүд нь төрөн гарч байх үеийн баяр бахдал болоод тэдний хамтдаа цогцлоон бүтээсэн амьдралын талаар түүний гэргий Д.Ганчимэгтэй ярилцсан юм. Д.Ганчимэг нөхөртэйгөө ханилсан цагаас л дуу хуур, ая, эгшигээр хөглөгдөж, хөгжмийн урлагийг ойлгож, дэмжиж ирсэн гэнэ.

Тэрбээр өөрийгөө “Би хөгжим тоглож чадахгүй болохоос биш, эчнээ хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж боддог. Аливаа нэг хөгжмийг сонсоод ямар хэмжээнд бичсэнийг нь гадарладаг болчихсон. Хүссэн, хүсээгүй хөгжимд суралцсан гэж өөрийгөө боддог” хэмээсэн юм

Энэ нь түүний нөхөртөө тусалдаг, санаа оноогоо хуваалцдаг ,түүний уран бүтээлийн амьдралыг ойлгож, хүндэлдэг байсан гэдгийг илэрхийлэх нэн тод жишээ юм.

            Б.Шарав агсан өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, хэзээ уран бүтээлээ хийх, хэзээ гэр бүлдээ цаг гаргах, хэзээ агаар салхинд хамт алхах вэ гэдгээс эхлээд бүхнийг хуваарийн дагуу хийдэг байсан тухай түүний хань Д.Ганчимэг дурссан. Ах, дүү нар нь “Б.Шарав ах өөрийн гэсэн дүрэмтэй” гээд инээлддэг байсан гэсэн шүү. Тиймдээ ч уран бүтээлдээ зориулах цаг хугацаандаа төгс бүтээл хийхийг зорьдог байсан гэх.

Гэргий Д.Ганчимэг нь түүний сод бүтээл болох “Морин хуурийн концерт”, “Сэтгэлийн эгшиг”, “Манан”, “Сэрсэн тал”, “Эхийн сэтгэл шиг” , “Аав, ээж хоёр минь”, “Монголын тал нутаг”, “Хүүгээ өрөвдөөд уйлмаар даа” зэрэг бүх уран бүтээлд нь хайртай. Сүүлийн үед “Эхийн сэтгэл шиг” бүтээлийг нь илүүтэй сонсож байгаа тухайгаа хүүрнэсэн юм.

            Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны хамгийн сүүлийн уран бүтээл бол “Эхийн сэтгэл шиг” зохиол юм. Тус бүтээлийг  хүнд өвчтэй, эмчлүүлж байхдаа эхнэртээ зориулж бичсэн гэдэг. Энэ талаар түүний гэргий Д.Ганчимэг ярихдаа “Өөрт нь эхийн сэтгэлээр хандаж, асарч, сувилж байсан болохоор надад зориулж тус бүтээлийг хийсэн байх гэж боддог. Тус бүтээл нь ертөнцийн бүх зүйл эхийн хайртай салшгүй холбоотой гэх агуулгатай, утга уянгын гайхамшигтай зохиол шүү дээСүүлдээ хань минь  хүртэл миний эх шиг болж хувирдаг юм байна даа гэдгийг ойлгосон байх. Миний хань ховорхон заяах авьяастай хүн байлаа. Эмнэлэгт асарч байхдаа гарыг нь харахаар маш их хайр төрдөг байв.Тэр гайхамшигтай гар дахиж хөгжмийн утас, товчлуур дээгүүр гүйхгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай, хэцүү байсан. Түүний минь гарыг өөр хэн ч хараад хэзээ ч тэгж бодохгүй, ойлгохгүй шүү дээ” гэсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан үнэхээр дөлгөөн, тайван хүн байжээ. Угаас төлөв төвшин, ухаалаг нэгэн тул аливаа зүйлд өөрийгөө барьж, хянаж чаддаг, хүнтэй эелдэг, эвтэй харьцдаг, хараалын үгийг хэлж үзээгүй тухай түүний гэргий Д.Ганчимэг дурсаж байлаа.

Тэрбээр, бүтээлийнхээ талаар судалгаа маш сайн хийдэг. Музей үзнэ, ном уншина, хэдэн сар бодно. Тэгж байж нэг өдөр төвлөрч суугаад бичиж эхэлдэг. Хэд хоног суугаад биччих бүтээл байна, хэдэн сараар сууж хийх бүтээлүүд ч түүнд байсан аж. Энэ талаар гэргий Д.Ганчимэг “Миний хань уран бүтээл хийж суухдаа гэрт байгаа, үгүй нь мэдэгдэхгүй. Орчноосоо тасарчихдаг байсан. Тэр үед нь сайн бүтээл гарах нь ээ гэж ойлгох хэрэгтэй. Харин надад хоол ундыг нь таслахгүй, сайн хийж өгөх, хэрэгтэй бүхнийг нь дөхүүлэх үүрэг ногддог байсан даа. Бүтээлээ хийж байхдаа бидэнтэй ховор ярьдаг байсан шүү.

Ханийн минь онгод хийморийг хөглөдөг гол хүчин зүйл нь аав, ээж, нутаг ус, байгаль, гэр бүл нь байсан. “Сэрсэн тал” хэмээх бүтээл нь багадаа хурдны морь унадаг байсантай нь холбоотой. Аав, ээж, нутаг устай холбоотой олон зохиол, бүтээл бий. Өөрийнхөө төрөлх нутгаасаа л энергиэ авдаг байсан сод авьяастан байлаа” хэмээн санаашрав.

ЭРГЭЛТ.МН сайтын онцлох нийтлэлд нэрлэгдсэн Д.Ганчимэг: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан ярилцлагыг бүрэн эхээр нь https://ergelt.mn/news/112/single/5587 холбоосоор уншаарай.

 

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.Ганчимэг: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188