• Өнөөдөр 2024-05-19

Баян-Өлгий аймгийн эмч Б.Сүраүжан: Манай аймгийн сумд эмнэлгийн тоног төхөөрөмжгүй учир хагалгаа хийхэд хүндрэлтэй байдаг

2021-05-24,   3125

   -Манай аймгийн сумдын эмнэлэгт унтуулгын аппарат байдаггүй. Бид зөөврийн 100 хувийн хүчилтөрөгч холбож өвчтөнөө унтуулдаг-

  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 32 настай эрэгтэй мотоциклтой осолдож, тархи, цээж хэвлий битүү гэмтсэн гэх дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн эмч нар энэ сарын 20-нд Цэнгэл суманд очиж, тус өвчтөнд хагалгаа хийж, амийг нь аварчээ. Одоогоор өвчтөний биеийн байдал ямар байгаа, эмнэлгийн тоног төхөөрөмжгүй нөхцөлд хагалгааг хэрхэн хийсэн талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Сүраүжанаас тодрууллаа.

-Энэ сарын 20-нд цээж, хэвлий нь битүү гэмтсэн өвчтөнд хагалгаа хийсэн байна. Та бүхнийг очиход өвчтөний биеийн байдал ямар байсан бэ?

     -Биднийг очиход өвчтөний хэвлий болон цээж битүү гэмтэлтэй, дотроо цус алдчихсан, дэлүү задарсан, гурван хавирга хугарсан, нэг талын уушги нь унаж, амьсгалж чадахгүй, тархи гэмтэлтэй байсан. Битүү цус алдсан тохиолдолд зөөвөрлөж болдоггүй юм. Тиймээс Цэнгэл сумын эмнэлэгт дэлүү авч, цус тогтоох хагалгаа хийсэн. Цэнгэл сумын эмнэлэгт эмчилгээ, хагалгаа хийх тоног төхөөрөмж байгаагүй. Тийм учраас Баян-Өлгий аймгаас хоёр дахь ээлжийн эмч нар зөөвөрлөх боломжтой тоног төхөөрөмж авчирч, хагалгаа хийсэн.

-Зориулалтын тоног төхөөрөмжгүй нөхцөлд унтуулах эмчилгээг хэрхэн хийдэг вэ. Мэс заслын эмчээс гадна сэхээний эмчийн ур чадвар чухал санагдлаа?

     -Өвчтөнийг хагалгаанд оруулахаас өмнө 4-5 цаг хянаж, цусны бүлэг таарсан ар гэрийнхнээс гурван нэгж буюу 1000 мл цус авч, залгаад биеийг нь тайвшруулж, хагалгаа хийсэн. Зориулалтын тоног төхөөрөмжгүй нөхцөлд унтуулга хийх маш хэцүү байдаг.

-Тус хагалгааг хэдэн эмч хийсэн бэ?

      -Мэс заслын хоёр эмч, унтуулгын эмч нь би, унтуулгын хоёр сувилагч, хагалгааны нэг сувилагч, Цэнгэл сумын хагалгааны туслах сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг ажилласан.

-Дэлүү авахад хүний биед өөрчлөлт гардаг уу?

     -Дэлүү нь биеийн дархлаа дэмжих, цус төлжүүлэх үүрэгтэй эрхтэн. Гэхдээ ясны чөмөг зэрэг бусад эрхтэн оролцдог учир хүний биед өөрчлөлт ордоггүй. Хүнд хагалгаа биш гэсэн үг. Цусны хавдартай өвчтөнүүдэд энэ хагалгааг түлхүү хийдэг.

-Одоогоор өвчтөний биеийн байдал ямар байна вэ?

     -Тус өвчтөнийг энэ сарын 21-ны өглөө Баян-Өлгий аймаг руу тээвэрлэж авчирсан. Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Хэвлийн цус алдалт тогтсон. Гэмтсэн уушгийг аппаратаар эмчилж байна.

-Хөдөө орон нутагт хагалгаа хийхэд эмч нарт тулгардаг бэрхшээл юу байна вэ?

      -Манай аймгийн сумдын эмнэлэгт унтуулгын аппарат байдаггүй. Бид зөөврийн 100 хувийн хүчилтөрөгч холбож өвчтөнөө унтуулдаг. Энэ нь маш эрсдэлтэй ажил. Бид хүний амь аврахын тулд зайлшгүй тус аргыг хэрэглэдэг.

Мөн цус алдсан тохиолдолд зориулалтын цус төлөх, тогтоох аппарат, зөөврийн унтуулгын аппарат, хүчилтөрөгч багаж, хэрэгсэл байдаггүй. Тоног, төхөөрөмж л дутагдалтай байдаг даа.  

-Та Баян-Өлгий аймагт Эрчимт эмчилгээний тасгийн эмчээр хэдэн жил ажиллаж байна вэ?

     -Би Баян-Өлгий аймгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмчээр хоёр жил ажиллаж байна. Өмнө нь Цагааннуур суманд хоёр жил ажилласан.

- Та жилд хэчнээн дуудлагад явдаг вэ. Таны хийсэн хамгийн хэцүү хагалгаа юу вэ?

      -Эмэгтэйчүүдэд хагалгаа хийх хэцүү байдаг. Би энэ төрлийн хагалгааны дуудлагад  жилд 40 гаруй удаа явсан байна. Манай аймгийн эмч нар  жилд дунджаар 60 гаруй эмэгтэйд хагалгаа хийдэг. Тэдний 20 гаруй нь аймгийн төв дээр ирж хагалгаанд ордог. Сумдын эмнэлэг тоног төхөөрөмжгүй учир аймгийнхаа эмнэлгийн зөөвөрлөж болох багажийг авч явахаар аймагт хагалгаа, эмчилгээ хийх боломжгүй болдог.

      Би жилд дунджаар 60 гаруй дуудлагад явсан байна. Манай аймаг 13 сумтай, 110 мянган хүнтэй. Манай сумд аймгийн төвөөс хол учир түргэн тусламжаар явахад хүндрэлтэй байдаг. Тухайлбал, Булган сум аймгийн төвөөс 600 гаруй км байдаг. Өвлийн цагт цас ихтэй, машин явах боломжгүй болдог. Тус сум руу очиход 24 цаг болно. Уул, хад ихтэй, цаг агаарын нөхцөл байдлаас болж явахад хүндрэлтэй байдаг.


Баян-Өлгий аймгийн эмч Б.Сүраүжан: Манай аймгийн сумд эмнэлгийн тоног төхөөрөмжгүй учир хагалгаа хийхэд хүндрэлтэй байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-24 22:20:25
    Zochin: ********biz Bulgan sum 300 km shuu! Ajild n amjilt husie. Ene yriltslaga awsan gar jaahan ug uguulweriin utga nairuulga usgiin aldaa ntr hardaggui ymu esul iim l bolowsroltoi ymu iim yum oruulhaas icheech
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188