• Өнөөдөр 2024-05-18

Л.БАТСАЙХАН: Чин сүжигт Номун хан гүр дууг хүний дотоод сэтгэлийг барих, хөдөлгөх, сэтгэлдээ ургуулан бодох зэргээр найруулсан

2021-04-30,   1693

-Чин сүжигт Номун ханы хүрээ нь Майдар эргэдэг, Цам гардаг, маанийн бүтээл хийдэг, Ганжуур эргэдэг, Сор залдаг, Хайлан хурдаг байжээ-

    Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун ханы хийдийн Хамба лам асан Л.Батсайхантай Чин сүжигт Номун хан Лувсанноровшэйрав хувилгааны талаар ярилцлаа.

Чин сүжигт Номун хан Лувсанноровшэйрав 1701 онд Халхын засаг Шаарын хошуунд мэндэлжээ. Тухайн үеийн хутагт хувилгаадын дундаас монгол сэтгэхүйтэй, халх хүний мөн чанар, өнгө аяс, эрдэм мэдлэг ур чадвартай, Монголын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй нэгэн байжээ.

     Мөн Дээрхийн гэгээнтэн Далай ламыг тодруулах үйлд оролцож, Гаанжуур, Даанжуур судрыг орчуулах ажилд тэргүүлж явсан гэдэг. Өндөр гэгээн Занабазар, Заяын гэгээний хамт шашин номыг бадруулахаар Архангай аймагт явж байхдаа гурвуулаа бадар аягаа гаргаж хоноод аяганд нь цэцэг ургаж хоносон хүн нь эндээ үлдэж, шашин ном дэлгэрүүлж, үлдсэн хоёр нь цааш явж шашин, номоо дэлгэрүүлье гэсэн гэдэг. Гэтэл Чин сүжигт Номун ханы аяганд цэцэг ургаж хоножээ. Заяын гэгээн өглөө түрүүлж босоод цэцэг ургасан аягыг өөрийнхтэйгөө сольж хөмөрсөн гэдэг. Түүнийг мэдсэн Чин сүжигт Номун хан

Хууль цааз мэддэггүй

Хуруу гар нь урт

Хулгай дээрмээр өвчилсөн....шавь нартай байж мэдэх юм даа” гэж хэлээд Өндөр гэгээн Занабазартай цааш явж Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн нутагт ирээд “Уул, ус, ургамал тэгширсэн, байгалийн өвөрмөц онцлогтой буян номын зан үйл хийхэд өлзий төгөлдөр газар байна” гэж хүрээ байгуулах газраа сонгосон гэнэ. Мөн манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшэйравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын Мандал багийн нутагт Чин Сүжигт Номун хааны хүрээ байгуулагдсан түүхтэй. Тухайн үед Өндөр гэгээн Занабазар, Чин сүжигт Номун хан, Заяын гэгээ гурав хоорондоо ээлжлэн багш, шавийн барилдлагатайгаар шашин номыг дэлгэрүүлсэн гэдэг.

XX зууны эхээр тус хийд нь 700 гаруй хуврагатай дөрвөн дацантай, 14 дугантай, долоон суваргатай, гэгээнээс гадна хоёр Бандид хувилгаан суудаг томоохон хийд байжээ. Чин сүжигт Номун ханы хүрээ нь Майдар эргэдэг, Цам гардаг, маанийн бүтээл хийдэг, Ганжуур эргэдэг, Сор залдаг, Хайлан хурдаг байсан ба ялангуяа Майдараараа Сайн ноён ханы аймагтаа алдартай байжээ. Майдарын зуны дунд сарын 15-нд гардаг ба хүрээгээ тойрон хоёр өдөр гороолдог хэрэглэл зэргээрээ алдартай байжээ.

Мөн өөрсдөө модон бартай байсан учир хүрээндээ номоо хэвлээд бусад хурал хүрээ хийдүүдийг хангадаг байжээ. Чин сүжигт Номун хан бурхан бүтээдэг уран хүн байжээ. Мөн тус хүрээнд алдартай 3-4 бурханч лам нар байсан аж. Хүрээний лам нар хийдийн орчмын Цагаан даваатын голын эхний Бүрэн хайрхан уул Согоо хайрхан уул, Ямбат хайрхан, Сүмбэн хайрхан хийдийн хойд талын Гэнэн цогтын овоо Баян нуур зэрэг уул усыг тахидаг байсан байна.

 1930-аад оны дундуур уг хүрээний лам нарыг баривчлан сүм дуган суварга хэрмийг сүйтгэж эхэлсэн ба бүрэн бүтэн үлдсэн зургаан дуганыг тэр үеийн сумын дэлгүүр грааш тосон зовууд зэргээр ашигласан байна. 1950-иад оны сүүлч үеэс уг байгууллагууд эндээс гарч шинэ барилга байшинд ороход дээрх сүм дуганууд эзгүйрэн үлджээ.1990-ээд оны эхээр монголд оронд гарсан ардчилсан хувьсгалын үр дүнд бурхны шашин дахин дэлгэрч хүний шүтэх эрх чөлөө бие болсон үед хуучин Чин сүжигт Номун ханы хүрээнд сууж байсан лам хувирга болох ахмад настнууд сүсэгтэн олны санаачилгаар энэ хүрээний туурин дээр шинэ цагийн хийд байгуулагдан өнөөдрийг болтол хурал номын үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, Монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг. Гүр дууны нот буюу "Ян-иг"-ийг Чин сүжигт Номун ханы анхдугаар хувилгаан Эрдэнэ бандид Чин сүжигт хутагт Лувсанноровшэйрав 1701-1768 онд амьдарч байжээ. Хоёрдугаар дүрийн Эрдэнэн бандид хутагт Лувсандандарванчиг 1772-1826 оны үед амьдарч байсан бөгөөд Төвд хэлээр нэг боть зохиол туурвисны дээр “Дара эхийн залбирал”, “Төвд орны шашин”, “Мөнх бусын дуртгал”, “Бурхны зохиол”, “Ламын ач” зэрэг олон гүр дууллыг монголоор айлдсаны заримыг нь Заваа Дамдин гавьж төвд хэлнээ орчуулжээ. Гуравдугаар хувилгаан Бадамдорж 1830-1882, дөрөвдүгээр дүр Лувсанданзан, тавдугаар дүр Цэдэнбалжир, зургаадугаар дүр Лувсан-Ёндон нар тодорсон байна. Тэдний эхний гурван хутагт хувилгаад нь  гүр дууг хуулбарлан суралцаж, хөгжүүлэн дэлгэрүүлэхэд хүчээ өргөж байжээ. Лувсанноровшэйрав нь гүр дуундаа монгол урт аялгуут дууны уртлаг хэмийн сэтгэлгээний онцлог, шашин номын бясалгалын гүн ухаарлын шүлэглэлийг хослуулан, монгол бичгийн хэлний сонгодог жишээн дээр нэгэн өвөрмөц бясалгалын дууны төрөл зүйлийг зохион буй болгожээ. Гүр дууг гэгээн хутагтуудын томоохон даншиг наадам, мөргөл, хошуу наадам, айлын найр, хурлын үеэр дуулдаг байсан гэнэ.

Мөн Чин сүжигт Номун хан 10 утастай ятга хөгжим бүтээж, гүр дууг аялгуулан тоглодог байсан гэх. Түүний эрдэм чадлын хүчээр Баянхонгор аймгаас Г.Бирваа, С.Гончигсумлаа хэмээх алдар цуутай хөгжимчид төрөн гарсан хэмээн нутгийн зон олон хуучилдаг байна.

Монголын гүр дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан хамгийн анхны хүн бол Чин сүжигт Номун хаан юм. Тэрбээр шашин номын гүр дууг ард олонд хүргэхийн тулд номын утга найруулга, сүсэг бишрэлээр хүний сэтгэлийг татах, дотоод сэтгэлийг барих, хөдөлгөх, нүдээр хараад бусдыг танин мэдэх, сэтгэлдээ ургуулан бодох зэргийг дууны өнгө аяс, үг хэллэгээр найруулсан гэдэг. Ийм шинжтэй дууг гүр дуу хэмээн нэрлэдэг байна. Тус аймгийн Содном, Гэндэн зэрэг тухайн үеийн ахмадууд гүр дууны тухай ярьдаг, дуулдаг байжээ. Үүний нэгэн адил доктор Л.Эрдэнэчимэг тус дууны талаар судалж бичиж байгаа гэнэ. Шашин номын зүгээс ерөөл магтаалын шинжтэй хүний дотоод сэтгэлийн шашны зан үйл бурхдын лагшин дүр байдал, үзүүлэх эрдэм ид шид хооронд уялдах энерги шидийг дуун аялгуугаар хүргэх нарийн ухаан байдаг аж. Мөн дуугаа бичгийн хэлбэрт оруулж цохилт, хэмнэлийг илэрхийлсэн байдаг.

Чин сүжигт Номун хаан ерөөл, магтаалыг дуун аялгууд шилжүүлэн бичихдээ үзэсгэлэнтэй сайхан зүйлс, төгс гэгээрэл, үзэгдэх, баригдах зүйлийг дуун аялгуугаар сэтгэлд тогтсон аялгуугаар шингээдэг байсан гэдэг.

Гүр дууг удаан хугацаагаар аялгуулан уншихдаа үгээ дүрсжүүлж бодож, өөрийнхөө сэтгэлд оршоож энергиэ авч, бусад хүнд түгээдэг увдистай юм.

Аливааг дэлгэрүүлэх Чин сүжигт Номун ханы тавдугаар дүрийнх нь бүтээж байсан орон хийд, сургуулиас Я.Цэвэлийн ногоон толь гарсан жишээтэй. Я.Цэвэл гуай Чин сүжигт Номун ханы тавдугаар хувилгааны шавь гэдэг.Тухайн үед тус сургууль нь номын сантай байсан учир Монгол хэлний товч тайлбар толь бүтсэн гэж ярьдаг байна.Энэ жил Чин сүжигт Номун ханы 320 жилийн ой тохиох аж. Эрхэм хувилгааны хүртсэн цолноос нь гадна гүр дууных нь тухай ном, бүтээл гаргаж түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун ханы хүрээний хамба лам Л.Батсайхан онцолсон юм. Тус хийдийн хашаанд гүр дууны хөшөө байдаг гэнэ.


Л.БАТСАЙХАН: Чин сүжигт Номун хан гүр дууг хүний дотоод сэтгэлийг барих, хөдөлгөх, сэтгэлдээ ургуулан бодох зэргээр найруулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-08 18:16:00
    Н.Баярхүү: алга болсон бурханууд бас бус эд зүйлүүд хайран бна...худал өөрийгөө сурталчлах яах вэ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-07 15:54:07
    Бямбажав : Батсайхандаа ажлын амжилт хүсье. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй ажилсаг хүн дээ .Нутаг орноороо аялаж яваа хүмүүст их тус хүргэж мэдээллээр хангадаг . Манай сумын иргэд нам дагаж даргаа сонгохгүй ажил хийдэг хүмүүсээ сумын удирдлага болгомоор санагдаж явдаг даа . Энэ залууг засаг даргаар томилохсон их юм хийнэ дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-01 06:35:53
    Цэцэгмаа : Нутгийн дүү Батсайхан даа цаашдынх нь бүтээж туурвих нөр их ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Мундаг дүүдээ эрүүл энх аз жаргал хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188