• Өнөөдөр 2024-04-26

ГАВЬЯАТ ЭМЧ С.ГАНБОЛД: Эмч болоод анх эх барьж авсан охиныхоо охиныг бас эх барьсан, их билэгшээдэг юм

2021-03-07,   6097

     Эх нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр 34 жил тасралтгүй зүтгэж яваа Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор, Нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Хүний гавьяат эмч С.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр хулгана жилийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ хэмээн хүндтэй цолоор шагнагдаж, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах хугацаандаа 16 мянган хүүхэд эх барьж, 40 мянга гаруй эхийн амь насыг аварсан ариун хөдөлмөрөө төрд үнэлүүлсэн юм. 
 
-Юун түрүүнд “Хүний гавьяат эмч” болсонд тань баяр хүргэе. Хулгана жилийн шагналаа үхэр жилд хүлээж авлаа шүү дээ. Баярын мэдрэмж тань шинээрээ байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хулгана жилийн төгсгөлд “Хүний гавьяат эмч” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан. Гавьяат эмч болж байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд мэдсэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэр үед манай эмнэлэгт коронавирусийн халдвар гарч, бид тусгаарлалтын нөхцөлд ажиллаж байсан учраас цолоо өөрийн биеэр очиж авч чадаагүй. Тэгээд энэ сарын 1-нд л хүлээж авлаа. Гавьяат эмч болсон гэж чихээрээ сонсох, гавьяатын тэмдгээ энгэртээ зүүгээд нүдээрээ харж баярлах хоёр өөр байлгүй яахав.\инээв\ Тиймээс баяр, догдлол одоо ч байна.
 

-Гавьяат эмч болсноо анх сонсоод баяраа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Та гавьяат эмч боллоо” гэж ярьсан. Энэ сайхан мэдээг сонсоод дотроо үнэхээр огшдог юм билээ. Миний ээж энэ жил 80 хүрч байгаа. Хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаж, гавьяат эмч болсноо дуулгахад шууд л уйлчихсан. Дараа нь хань, үр хүүхдүүддээ, тэгээд байгууллагын хамт олондоо хуваалцсан. 
 
-Ээж тань хүүгээрээ их бахархсан байх даа?
-Ээж минь “Амьд байхдаа хүүгээ ийм сайхан шагнал авч, нэр төртэй явахыг нь харах их буян заяа юм” гээд уйлж байсан. Ээжийнхээ ачийг бүрэн хариулж дийлэхгүй ч гэлээ баярлуулж, бахархуулсандаа туйлын баяртай байгаа. 
 
-Харин гавьяатын цолоо энгэртээ зүүлгэж зогсоход юу бодогдож байв?
-Их олон юм бодогддог юм байна лээ. Энэ шагнал дан ганц миний биш баг хамт олны минь шагнал гэж юун түрүүнд бодогдсон. XVII зуунд л хүнийг хөдөө, гэрт нь  төрүүлдэг байсан байх. Харин орчин цагийн анагаах ухаанд ганцхан хүн хүнийг төрүүлдэггүй, бүхэл бүтэн баг ажилладаг шүү дээ. Бас мэдээж энэ эрхэм цолыг хүн болгон авдаггүй гэж бодхоор бахархах сэтгэл эрхгүй төрсөн. Монголын эхчүүд, эмэгтэйчүүд, эх нярайн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, улсад 34 жил ажилласан үр бүтээлийг минь үнэлж байна гэж ойлгосон. Төрж өссөн нутаг орондоо сөгдөж байгаа, төрүүлсэн аав ээждээ баярлаж байгаа, цаг үргэлж түшиж тулж, дэмжиж ирсэн ханилсан хань, үр хүүхэд, найз нөхөд, хамт олноороо үнэхээр бахархаж байгаа. 
 
-Таныг өнгөрсөн 34 жилд 16 мянга гаруй хүүхэд эх барьж авсан гэж сонссон. Энэ урт хугацаанд эх баригч эмчийнхээ хувьд мэдэрсэн хамгийн сайхан зүйл нь юу байв?
-Ер нь эмч хүн тэр тусмаа эх барих эмч гэдэг бол үнэхээр буянтай сайхан ажил. Дөнгөж төрсөн хүүхдийнх нь дуу цангинахад ээжийнх нь нүүрэнд баясал, нүдэнд нь оч гялалзахыг харах их гоё урам хайрладаг. Залуудаа сард 10-15 удаа хонож жижүүрлэдэг байлаа. Тэр үед маш олон хүн төрүүлж байсан. Харин одоо залгамжлагчид маанв гарч ирсэн учраас би зөвхөн хүндрэлтэй төрөлт дээр л ажиллаж байна. Ер нь бол миний эх барьж авсан хүүхдийн тоо 16 мянга гарна. 
 
"Би залуу байхаасаа л жижүүрт гарах дуртай байсан. Жижүүртэй хонож байхад хамгийн сайхан үе нь өглөө  таван цагт байдаг. Тэр үед төрөх эмнэлэгт байгаа 70 , 80, 100 хүүхэд нэгэн зэрэг уйлдаг. Нэг нь уйлхаар бүгд дагаад л уйлчихна. Тэр үе эх баригч хүний хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Яагаад гэвэл уйлж байна гэдэг тэр нярай эрүүл саруул, хорвоод хүн болсноо зарлаж байгаа хэрэг шүү дээ. Эндээс асар их эрч хүч, энерги авдаг.  Би одоо өглөө 7 өнгөрөөгөөд ажилдаа эрт ирдэг. Хувцсаа солиод шууд төрөх өрөө рүү орно. Тэндээс би ажиллах эрч хүч, амьдралын энергиэ аваад сурчихсан. Төрөх өрөө гэх гэрэл гэгээтэй, сайхан газраас энергиэ авчихсан байхад амралтгүй бүтэн хоногоор ажиллах, нойр, хоолгүй байх асуудалгүй болдог. Одоо манай залуу эмч нар ч гэсэн дуурайгаад эрт ирдэг болж байна. Энэ бол бидний мэргэжлийн хамгийн сайхан мэдрэмж" 
 

-Ингэхэд таныг ямар эмч эх барьж авсан юм бэ?

-Би  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрж өссөн. Намайг хааш хаашаа хоёр, гуравхан алхам жижиг байшинд сумын бага эмч эх барьж авсан гэсэн. Тэр бага эмч сумандаа л ганц эх барихын 45 хоногийн курс төгссөн хүн байсан юм. Би 1992 онд эх баригч болоод өөрийн төрсөн сумандаа очиж ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө төрөлтийн түүхийг архиваас олж авсан юм. Миний төрөхийн тэмдэглэлд “Хүү төрж, ээж нь ухаан алдав. Хүүхдийн жин ойролцоогоор таван килограмм” гэж бичсэн байсан. Тухайн үед үнэхээр л жин байхгүй байсан юм шиг байна лээ. Лав л их л том биетэй төрсөн\инээв\. 

 
-Тэр тэмдэглэлд өөр зүйл бичиж үү?
-Ээжийгээ их ядрааж, зовоож төрсөн тухай тэмдэглэсэн байна лээ. Би жин ихтэй, дээрээс нь 45 хоногийн курс төгссөн ганцхан эмч гээд одоо төсөөлөхөөр ээж минь их л зовж төрсөн байх. 
 
-Танд анх яагаад эх барих эмэгтэйчүүдын эмч болох хүсэл төрж байв?
-Би 1988 онд Анагаахын дээдийн цэргийн ангид сурч байсан. Нийт 25 эрэгтэй хүүхэд суралцаж байлаа. Цэргийн ангийн офицероос эмэгтэйчүүдын эх барих эмч болох боломж байгаагүй. Сая намайг шагнал авсан зурагны доор хамт сурч байсан ангийн найз, одоо Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч, Төрийн соёрхолт н.Чулуунбаатар бичсэн байсан. “Сурч байхдаа л эх барих эмэгтэйчүүдийн эмч болно гээд ном цуглуулаад байсан. Анхнаасаа зорилготой зүтгэсэн хүн ингээд гавьяа байгуулж чаддаг юм байна” гэж бичсэн байсан. Би өөрөө сайн санадаггүй. Тэр үед л эх барих эмэгтэйчүүдийн эмч болхоор шулуудсан юм шиг байгаа юм. Анагаахын дээдийн цэргийн ангиа төгсөөд тэндээ мэс заслын эмчээр хэсэг ажилласан. Дараа нь Өвөрхангай аймагтаа мэс заслын эмчээрээ  ажиллаж байгаад тэгээд л эх барих эмэгтэйчүүдийн эмч болсон доо. 
Сум, аймагтаа 13 жил ажиллаад хотод шилжиж ирээд 21 жил болж байна. Ирээд л энэ эмнэлэгтэйгээ хувь заяагаа холбосон.
 
-Хамгийн анх эх барьж авсан хүүхэд тань одоо хэдэн нас хүрч байгаа вэ?
-Миний эх барьсан хамгийн анхны хүүхэд одоо 30 настай. Талийгаач М.Батчимэг гишүүний охин. Одоо хоёр хүүхдийн ээж. Би том охиныг нь бас эх барьж авсан юм. Хамгийн анхны эх барьж авсан охиныхоо охиныг бас эх барьна гэдэг ховор завшаан гэж би их билэгшээдэг юм. 
 
-Ховор бас сайхан тохиол байна. Та гэр бүлээ танилцуулаач. Хүүхдүүдээ, ач зээгээ төрөхөд өөрөө эх барьж авсан уу?

-Эхнэр бид хоёр нэг нутгийн хүмүүс. Эм зүйн салбарт ажилладаг. Бид хоёр хүүхэдтэй, том охин маань тусдаа гарчихсан. Бага нь одоо анагаахын дөрөв дүгээр күрсын оюутан. Мэргэжлээ өвлүүлж байна гэх үү дээ. Би хоёр хүүхдээ төрөхөд өөрөө дэргэд нь байсан. Том зээгээ төрөхөд эх барьж авсан. Өөрийн болоод ч тэр үү, өвдөлт нь ихсээд эхлэнгүүт л сандарч, чичрээд, бачимдаад байсан\инээв\. Гэхдээ аз болж шавь нар маань дэргэд байсан болхоор тал талаас оролцоод намайг нэг их оролцуулаагүй. Охиныхоо багыг төрхөд эх барьна гэж бодож байсан ч өнгөрсөн жилийн хөл хорионоор Амеркид байж таараад ирж амжилгүй тэндээ төрсөн. Би дөрөвдүгээр сарын 20-нд, зээ маань  надтай нэг өдөр төрсөн. Хулгана жилд зээ маань төрж, бас би гавьяат боллоо. Их билэгшээж байгаа. 

 
-Эх, үр хоёрын амьдрал, эсэн мэнд үлдэх эсэх нь таны гарт байх маш их хариуцлага. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн даван туулдаг хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Мэдээж давагдашгүй хүчин зүйл гэж байдаг. Хичнээн чадвартай, багаж технологи сайн байлаа ч эх, үрийг аврах боломж багатай тохиолдлууд бас байна. Хамгийн хэцүү нь эх, үр аль нь ч байлаа эндэгдэл, нас баралтийг ар гэрт нь хэлэх тэр мөч. Аав ээжид нь үр нь эндсэнийг хэлэх, эмээ өвөө болно гэж хүлээж байсан эцэг, эхэд нь муу мэдээ дуулгах туйлын хэцүү. Эмчийн сэтгэл зүрх энэ үед урагдаж байдаг. Гэхдээ эмч хүн бол энэ бүхнийг давж, хариуцлагатайгаар тухайн цаг үед нь ар гэрт нь мэдээлэл өгөх үүрэгтэй.
 
-Таны даван туулж байсан хүнд жишээ гэвэл?

-34 жил гэдэг бага хугацаа биш. Давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, даван туулхад хүнд санагдаж байсан хэцүү мөч надад бий. Заримдаа миний чихэнд сонсогдоод байдаг байсан. “Миний охиныг аварчихгүй яав даа” гэх хоолой сонсогдох болгонд, төрөх өрөөрүү орох болгондоо би айдаг байсан. Гэхдээ энэ хорвоод сайн зүйл нь муугаасаа хавьгүй их шүү дээ. Мянга мянган хүүхэд дуугаа хадаан мэндэлж, эрүүл саруул, элэг бүтэн бойжиж буйг хараад мэргэжлээрээ бахархдаг юм. 

-Эх барих эмчилгээ үйлчилгээний  өнгөрсөн ба одоо харьцуулаад үзвэл эрс ялгаа гарах байх. Ялангуяа эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр дорвитой олон ажлууд хийгдэж, тэр чинээгээрээ үр дүнд хүрч байгаа харагддаг.
-Ер нь эх барих салбар гэлтгүй Анагаах ухааны салбар ихээр өөрчлөгдөж байна. 1990 онд 100 мянган эх төрж, 200 хүүхэд эндэж байсан. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн өндөр эхийн эндэгдэлтэй оронд тооцогдсон. Тэндээс 25 жилийн хөтөлбөр боловсруулж, 2015 он гэхэд 25 болгоно гэдэг зорилт тавьж байлаа. Мэдээж хөрөнгө оруулалт их орсон, мэдлэг боловсрол, чиг хандлага удирдамж зааврууд ихээр өөрчлөгдсөн. Улмаар 2016 он гэхэд эхийн эндэгдлийг 25 дотор оруулсан орон болсон. 2016 онд мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн орон болж, эхийн эндэгдлийг эрс бууруулсан найман орны нэг болж дэлхийд үнэлэгдсэн. Мөн одоогийн залуучууд харьцангуй боловсролтой болж байна. Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох вэ гээд төрөлтөө төлөвлөж, түүндээ биеэ бэлдэж, эрүүл мэнддээ анхаарч байна. Хаа хаанаа хичээсний үр дүнд амаржих газраас баярын мишээлтэй хүүхдээ тэврээд гарч байгааг харах сайхан байдаг.
 
-Та 34 жилийн хөдөлмөр, зүтгэлийнхээ үр дүнд  гавьяат эмч боллоо. Шавь нар нь танаар бахархаж байгаа байх. Цаашид залуу хойш үеэ бэлтгэхэд илүү анхаарах уу? 
-Төрөөс өгч байгаа энэ эрхэм шагналын хариуд би залгамж халаагаа сайн бэлдэнэ.  Өөрийгөө улам хөгжүүлэх, цаашлаад залуу үедээ үлгэрлэж, илүү ихийг зааж, туршлагаа өвлүүлэх эрч хүчийг надад өглөө. Залгамж халаагаа бэлдэхэд өөрийнхөө бүх зүйлийг зарцуулах болно. 
 
-Ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Монголын үрс маш олон болтугай. 
-Баярлалаа. 
 

ГАВЬЯАТ ЭМЧ С.ГАНБОЛД: Эмч болоод анх эх барьж авсан охиныхоо охиныг бас эх барьсан, их билэгшээдэг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-08 00:45:15
    Munkhjingoo: Namaig esen mend iim saihan turvvlj ugsund bayrlalaa. Bvhel bvten 34 jil ene ajild biy setgelee zoriulan baij ajillana gedeg bol aguu zvil gej bi boddog. Tand bolon ger bvld tani ervvl enhiig hvsey
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-06 17:32:43
    Р. ТУЯАЦЭЦЭГ: ЭМЧ ТАНЬД БАЯР ХҮРГЭЕ. БИ 43 НАСАНДАА ГАНЦ ОХИН ТӨРҮҮЛСЭН. УДАХГҮЙ 6 САРЫН СҮҮЛЭЭР ОХИН МИНЬ ТӨРНӨ. ЭМЧ ТА ОХИНЫГ МИНЬ ТӨРХӨД ЭХ БАРЬЖ АВААРАЙ. ТАНАЙ ГЭР БҮЛД САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ ЕРӨӨЕ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-06 16:30:57
    О.Гантулга/Галсан-адъяа багшийн зээ/: Танд болон танай гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе. Аав ээж,ахан дүүс,нутаг усныхаа нэр алдрыг өндөрт өргөж яваа Ах тандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-05 13:49:04
    Оюунцэрэн: Эмчдээ болоод гэр бүл ач зээ нарт нь аз жаргал эрүүл энхийг хүсье танд маш их баярлаж явдаг шүү охин болон 3 зээ нарт минь амидрал аз жаргал бэлгэлсэн ачтан шүү та
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-05 08:20:41
    Dima Dima: Toroh bolgond mini vzdeg ygd yum be
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-05 00:16:33
    З.Дагвасүрэн: Нутгийн эмч ангийн найзынхаа ахад бачр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 16:41:01
    Ж.Авиасүрэн эмч: Дүү эмчдээ болон хамт олонд нь баяр хүргэе Хөдөө суманд зүтгэлтэй сайн ажиллаж байгаад хот орж мэргэжлээрээ дэвшин сайхан ажиллаж эх үрсд буянаа хайрласан өлзий дэмбэрэл буяны үр шим юмшүү Сайхан байнаа Хайрхан дулаан сумынхан Өвөрхангайчууд ээжтэй нь хамт баярлаж байгаа мөн залуу эмч байх үеэс хамтран ажиллаж байсан ахмад эмч нар бахархаж байнаа цаашдын ажилд нь дүүрэн бэлэгтэй амжилт Гэр бүлд нь аз жаргал ерөөе.УБ дахь ӨВ ахмад нар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 14:49:18
    Цэцэгмаа: Миний зээ охин хагалгаагаар 2004 онд төрж байсан. Алтан гартай ачтай эмчдээ баяр хүргэе. Хагалгааны оёдлыг бусад эмч нар гайхахаар мэдэгдэхгүй тавьдаг эмч дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 11:50:35
    enhnyam: amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 11:48:39
    uugan: төлөв төвшин дөлгөөхөн мундаг хүн шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 11:36:04
    Сугараа: Мундаг эмч шүү ажилд нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 11:30:32
    Бадамцэцэг: Таньд баяр хүргэе. Сайхан үрсийг минь эх барьж авсан маш их баярлаж явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-04 10:39:55
    Зочин: Үнэхээр мундаг эмч 2020 онд өндгөвчний хавдар авахуулсан.сайн эмчийн ачаар 2 хоноод л бие минь тэнхэрсэн.олон удаа хагалгаанд орсон болохоор их л айж бсан.эмчдээ баяр хүргье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188