• Өнөөдөр 2024-05-17

Ц.УЯНГА: “Айл бүрийг шагайжуулъя” уриатай шагай борлуулах санааг хүү маань гаргасан

2021-02-08,   1431

Өнгөрсөн жилийн гуравдугаар сараас манай улс коронавирус цар тахлын улмаас хөл хорио тогтоож эхэлсэн. Тэр цагаас хойш “Айл бүрийг шагайжуулъя” уриатай шагай борлуулах бизнес хийж эхэлсэн Ц.Уянгатай ярилцлаа. Түүний том хүү П.Төгс-Амгалан анх шагай борлуулах санааг гаргаж, өнөөдрийг хүртэл ээж, аавдаа туслан, шагай цэвэрлэж, шүүрч тоглох гинжээ хэлхэх гэх мэт уутыг нь оёхоос бусад ажилд тусалдаг байна. Тэдний гэр бүлийн бизнес амжилттай үргэлжилж, худалдан авах иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байгаа гэнэ. 

-Шагай цэвэрлэж, ууталж, борлуулах санааг том хүү нь гаргасан гэл үү?

-Би гурван хүүхэдтэй. Миний том хүү П.Төгс-Амгалан маань “Ээж ээ, манай ангийн зарим хүүхэд шагай мэддэггүй. Шагай уламжлалт тоглоом юм чинь “Айл бүрийг шагайжуулъя” уриатайгаар шагай түгээвэл зүгээр юм байна” гэж анх энэ санааг гаргаж байсан. Тэгээд 400 мянган төгрөгөөр бизнесийн гараагаа эхэлж, 800 мянган шагай "Дэнжийн 1000"-аас худалдан авч байлаа. Би хөдөө өссөн хүүхэд болохоор шагай их тоглох дуртай. Одоо ч хүүхдүүдтэйгээ шагайгаар нааддаг.  Заримдаа гэрийн ажил хийхээр бооцоо тавьж тоглодог.

-Шагайгаа хэдэн төгрөгөөр зардаг вэ?

-108 ширхэгтэй нь 35000, 208 ширхэг нь 55000, 308 ширхгийг 75000 төгрөгөөр зардаг. Шагай айлд удаан байдаг учир бат бөх сав хэрэгтэй. Тийм учраас торгоор дотортой уут оёж хийж өгч байгаа. Мөн шагай шүүрч тоглоход зориулсан хөө хуяг буюу гинж гэж бий. Нутгийн хэллэгээр хантарга, хөнтөргө, шүүргэ, сум гэх мэт янз бүрээр нэрлэдэг. Бид өөрсдөө тоглох гинж хийх гэж их ажил болж байсан. Тийм учраас шагайгаа шүүрч тоглох гинжийг нь хийж зарвал зүгээр юм байна гэж зориуд хийж өгч байгаа. Мөн захиалгын дагуу шагайгаа хүргэж өгдөг.

-Шагай шүүрч тоглоход хэрэглэдэг гинж болон шагайны уут хийх материалаа хаанаас авдаг вэ?

-Шагайны уутаа дан торгоор хийдэг. Худалдааны төвөөс материалаа бөөндөж авдаг. Харин гинжийг манай хоёр хүү хийдэг. Зэс утсаа ороох, давтах, хэлхэх гээд их хөдөлмөр шаарддаг. Мөн шагайныхаа уутан дээр “Мөнх шагай” хэмээх брэндийнхээ нэрийг хаддаг. Манайхан шагай уралдуулаад, түрүүлсэн нь нэр өгөхөөр тохирч байсан юм. Тэгээд манай дундах түрүүлж тус нэрийг өгч байсан. Их сайхан нэр өгсөн гэж боддог. Айл бүрт шагай  мөнх байх болтугай.

Шагай цэвэрлэх,  гинж хэлхэх, шагайны уутны оосорт бөмбөлөг хийх гэх мэт оёхоос бусдыг хүүхдүүд маань хийдэг. Шагайгаа олон цаг чанаж зөөлрүүлэх, сойтгоор үрж угаах зэрэг их хөдөлмөр шаарддаг. Анх маш олон янзаар туршиж байж шагайг хэрхэн зөөлрүүлэх аргаа олсон учир нарийн зүйл яримааргүй байна.

-Цагаан сарын баяр ойртож байна. Шагайны борлуулалт, худалдан авагчдын сэтгэл ханамж хэр байгаа вэ?

-Цагаан сар, хүүхдийн төрсөн өдөр, гэрийн найр, хүүхдийн үсний найрны бэлгэнд өгөхөөр их авдаг. Цагаан сараар настай хүмүүс хүүхдүүддээ өгнө гэж захиалж байна. Худалдан авч байгаа иргэдийн сэтгэл ханамж өндөр байдаг. Тэд “Ямар гоё юм бэ. Багадаа шагай тоглож байсан. Одоо хотынхны хувьд шагай ховор болсон. Цэвэрхэн, гоё шагай байна” гэдэг.

-Шагай тоглох нь хүүхдийн зан төлөвт нөлөөлдөг үү?

-Шагайгаар маш олон төрлийн тоглоом тоглох боломжтой. Шагай няслах, шүүрэх, таалцах, морь уралдахыг өргөн дэлгэр тоглодог. Шагай нясалахад хүүхдийн жижиг булчин сайтар хөгждөг. Мөн ой тогтоолт, нүдний хараа, баримжаа сайтай болдог. Шагай шүүрэхэд гар, зүүн, баруун тархи зэрэг ажилладаг. Хүүхдээс самбаа, мэдрэмж шаарддаг. Харин шагай таалцахад тоо бодож сурах, гүйлгээ ухаантай болох давуу талтай. Харин морь уралдахад бусадтай өрсөлдөж сурдаг. Хөл хорионы үед хүн бүр хүүхдээ "Утас их тоглож байна, утаснаас салгаж чадахгүй байна" гэж ярьдаг. Харин шагайгаар тоглуулснаар түр хугацаанд ч атугай утсаар оролдохгүй байх боломжтой. Мөн шагайн наадгайгаар тоглох нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

-Шагайны бизнесээ цаашид хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Аливаа нэг зүйл хийж эхлэхээр олон төрлийн санаа төрдөг юм байна. Дээр үеэс уламжилж ирсэн наадгай учир өвөрмонголчууд, буриадууд их тоглодог. Гаднын орнууд руу зарвал илүү том бизнес болох байх.

 

 


Ц.УЯНГА: “Айл бүрийг шагайжуулъя” уриатай шагай борлуулах санааг хүү маань гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 10:15:18
    Зочин : Энэ хүний холбогдох дугаар байна уу бичсэн юм бол холбогдох хаяг утсыг нь өгчихгүй дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-25 20:54:09
    Оооооо: Энэ хүнтэй яаж холбогдох вэ дугаар нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-25 20:54:08
    Оооооо: Энэ хүнтэй яаж холбогдох вэ дугаар нь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188