• Өнөөдөр 2025-04-02

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

2025-01-22,   935

Хөгжмийн зохиолч, багш Ч.Сангидоржийн гэргий Б.Бадамгэрэлтэй нөхрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай ярилцлагийг энд дарж уншаарай.

 

Оюунлаг хүн хажууд байхгүй болчихоор тархины нэг тал тэр чигтээ хоосорчих шиг санагдсан.

 

Сангиа өөрөө амьтанд хайртай байхаас гадна амьтад ч түүнд их ойр. Нэг удаа Долоон буудлаас нэг ямаа өвгөнийг дагаад автобусанд суугаад ирсэн байгаа юм.

 

Зан чанарын нь төлөв төвшин, томоотой биш, харин ч чөлөөтэй, алиа хошин,  өөдрөг, нээлттэй хүн байсан.

 

Бичсэн нотоос төрөх уран бүтээлийнх нь анхны сонсогч болдог байлаа.

 

Сангиа хөгжмөө бичээд, би дуулж аялаад, хүүхдүүд минь энд тэндгүй төгөлдөр хуураа давтаад дуу шуутай гэж жигтэйхэн айл байлаа. 

 

Манай гурван давхрын айл хүүхдүүдээ “Босоорой, найз нар чинь хөгжмөө тоглоод эхэлж байна шүү” гэж сэрээдэг байсан гэж ярьж билээ.

 

Гэрийнхээ арыг би, Сангиа хөгжим, хичээлийг нь хариуцдаг хуваарьтай байлаа.

 

Урвах, шарвахыг мэдэхгүй, дарга нарт тал засах дургүй байлаа. Гэхдээ найзалж нөхөрлөхийн тухайд сайдтай ч, зуун грамм хуваагаад уух нэгэнтэй ч нөхөрлөнө.

 

Хүүхдүүд минь аавынхаа хэнийг ч ялгадаггүй нөхөрлөдөг, хүний сайхныг олж хардаг зан чанараар өсөж хүмүүжсэн.

 

 

Нэг өдөр гэртээ очоод пальтоныхоо халаасыг уудалтал, дөрвөлжлөөд нугалсан цаас байдаг юм байна. Өнөө цаасаа гайхаад нээтэл, “Би чамд хайртай” гэсэн гурван үг бичээд гарын үсгээ зурсан байсан. Тэгж л танилцсан. 

 

Ажлаасаа ирэхээр нь “Чамайг байхгүйд хөл даараад” гээд хэлж байсан юм. Тэр ярианаас үүдэн надад зориулсан нэг дуу бий.

“Тэнгэрийн нарыг дэргэдээ авчирсан ч

Гэрийн жавар арилахгүй дээ” гэх үгтэй ардын маягийн дуу.

 

Нэг удаа хүүхдийнхээ өвлийн хувцасны дотор талд даавуугаар халаас хийж өгсөн байсан. Учрыг нь асуутал, хүүхдүүддээ нууц халаас хийж өгч байгаа юм гэнэ.

 

Уран бүтээлийг нь хүмүүс дуулж, түгээхэд их баярладаг байсан санагддаг.

 

Сангиа шүгэлдээд, амандаа дуу аялаад л алхана. Ямар сайндаа гэрийнхээ хаалгыг андуураад, айлын хаалга тогшсон гэх хөгжилтэй тохиол цөөнгүй бий.

 

 

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-01-25 07:24:34
    Маналсүрэн Д. : Арслантай гүүрнии тэнд явж бтал 2 Халамцуу хүн өөдөөс ирж явсан аа Та Сангдорж гдг хүнииг таних уу гж надаас асуухад танина Зулай цагаан алтай зохиосон хүн ш дээ Та мөн шиг бна гхд үгүй мөн баярлаж нөгөө хүндээ за тэр шүү дээ намайг танихгүй хүн байхгүй хөөрч билээ би өөрии нь эчнээ таньдан бсан Алма атад урлгиин дээд төгссөн гэж мэднэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188