• Өнөөдөр 2024-04-27

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ

2024-03-17,   5847

     “Сангиа хөгжмөө бичихээрээ хөлс нь бурзайчихсан харандаагаа амандаа зуугаад суудаг сан. Биеийн хүчний ажил хийхээр л хөлс гардаг даа. Гэтэл оюун санааны бүтээл хийж байж тэгж их хөлөрдөг байсныг нь бодохоор их л энерги, хүч зарцуулдаг байж дээ гэж санадаг юм. Монголын хөгжмийн урлагт ханийн минь авьяас билиг, ухаан, хөлс хөдөлмөрөөр бүтсэн хөгжим олон бий” гэж түүний гэргий Б.Бадамгэрэл өгүүлнэ. Монголын нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гэж эрхмийн тухай хөөрөлдөхөөр түүнтэй холбогдоход, “Эгч нь ажил дээр нь өөрөө яваад очье” гэсэн нь ихэд  сайхан санагдсан бөгөөд ханийнхаа тухай ярих гэж яарч байна уу гэмээр. Харин яриа өрнөхөд  “Оюунлаг хүн хажууд байхгүй болчихоор тархины нэг тал тэр чигтээ хоосорчих шиг санагдсан. Олон гоё хөгжим бичнэ, их зүйл хийнэ гэж ярьж байсан ч бие нь дийлсэнгүй дээ” гэж хэлэх түүнийг хань нь оюун санаа, хайр энэрлийн хувьд хэрхэн тэтгэн өргөж, нөмөрлөн, дүүргэж байсан нь илэрхий байв. Чаддаг сан бол тэр хийхээр төлөвлөж байсан хөгжмийг өмнөөс нь бичиж, хүслийг нь гүйцээх хүсэлтэй байгаа нь автай.

Ч.Сангидорж хөгжмийн зохиолч “Зулай цагаан Алтай”, “Монгол далай”, “Хатан тунамал туул”, “Хамгийн сайхан ээж”, “Хүүгийн бодол”, “Миний ээж тэмээчин” зэрэг дууны хөгжмөөс гадна “Хирошима 1945”, “Рихард Зорге” зэрэг симфони уран сэтгэмж, “Халх гол” симфони найраглал, симфони удиртгал, төгөлдөр хуурын сонатууд, ардын дууны 60 гаруй найруулга, прелюди 50 гаруй, жүжиг, киноны хөгжим зэрэг дан хөгжмийн олон арван бүтээл туурвиснаас төгөлдөр хуурт зориулсан 3,4,11 дүгээр сонатууд нь онцгой гэгддэг юм.          

-Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гуайн хөгжмийн бүтээл, аялгууг нь хийсэн дуунуудыг мэдэхгүй хүн цөөн байх. Тэр дундаа төгөлдөр хуурт зориулан бүтээсэн олон сайхан сонатыг нь өнөөдөр ч хойч үе нь тоглож, суралцаж явна. Дууны тухайд харин “Монгол далай”, “Зулай цагаан Алтай” гээд дуучны хоолойн  чансаа сорьсон дуунууд нь эгшиглэсээр байна. Харин хувь хүн талаас нь, ямархан аав, хань байсныг нь хүмүүс төдийлэн мэддэггүй. Таны хань ямар зан чанартай хүн байв?

      -Хань минь ясны уран бүтээлч хүн байлаа. Зан чанарын тухайд төлөв төвшин, томоотой биш, харин ч чөлөөтэй, алиа хошин,  өөдрөг, нээлттэй. Ямар ч хүнтэй яриа хөөрөө дэлгэхэд сэтгэл дүүрэн байдаг сан. Хүнд их итгэмтгий, амархан гомддог ч дорхноо арилна. Түүнээс удаан сэтгэлдээ тээгээд явахгүй. Амьтанд их хайртай, хүүхдэд амь гэж жигтэйхэн хүн байлаа. Хүүхдүүдтэйгээ, шавь нартайгаа байнга инээд наргиан үүсгэж, өнөө хэдийгээ “явуулна”. Сангиа өөрөө амьтанд хайртай байхаас гадна амьтад ч түүнд их ойр. Нэг удаа Долоон буудлаас нэг ямаа өвгөнийг дагаад автобусанд суугаад ирсэн байгаа юм. Тэгж дагасан гэхээр хүний энерги гэж байдаг болов уу гэж бодогддог. Хөгжмийн хүн болохоор тэр юм уу их уяхан, сэтгэлийн хөөрөл их. Гэхдээ сэтгэл хөөрөл гэдэг уран бүтээлч хүний гол чанар шүү дээ. Хөлдүү мөс шиг сэтгэлээс бүтээл төрнө гэж байхгүй. Хань минь илүү дутуу зангүй ийм л хүн байлаа.

-Хөгжмөө бичээд суухаараа ахуйгаас тасарч, төлөв төвшин болдог байсан уу?

     -Балын харандаагаар нотоо их гоё бичнэ. Харандаагаа жижиг болтол нь үзүүрлэнэ. Ихэнхдээ би үзүүрлэж өгнө. Тэгж бичсэн нотоос төрөх уран бүтээлийнх нь анхны сонсогч болдог байлаа. Гал тогоонд цай, хоолоо хийгээд байж байхад л “Хөгшөөн, энэ ямар байна вэ” гээд л дуудна. Тэгээд санаагаа хэлэхээр дуртай гэж. Ямар сайндаа нэг ярилцлагадаа “Миний бүтээлийн анхны дуучин бол манай хөгшин” гэж ярьсан байсан. Харин дууны хөгжим хийхээрээ надаар аялуулж үзнэ. Манайх гэж ийм л уран бүтээл өрнөсөн айл байлаа. Сангиа хөгжмөө бичээд, би дуулж аялаад, хүүхдүүд минь энд тэндгүй төгөлдөр хуураа давтаад дуу шуутай гэж жигтэйхэн. Одоо бодоход хөршүүд минь хөгжим ойлгодог, мундаг хүмүүс байж. Нэг ч айл манайд гомдол мэдүүлж байгаагүй. Бид ч тэр зоргоор хөгжмөө байнга хангинуулаад байхгүй журамтай байлаа. Өглөө, хүмүүс босдог цагаар багачуудынхаа хөгжмийг нь давтуулна. Орой 22:00 цагаас хойш хөгжим тоглуулахгүй. Манай гурван давхрын айл хүүхдүүдээ “Босоорой, найз нар чинь хөгжмөө тоглоод эхэлж байна шүү” гэж сэрээдэг байсан гэж ярьж билээ. Тийм сайхан нэгнээ хүндэлдэг, эерэг сайхан айл хөршүүдтэй байлаа шүү дээ.

 -Хүүхдүүд нь аав шигээ ард түмний хайртай уран бүтээлчид болсон. Энэ таны болон ханийн тань үлгэр дуурайллын үр дүн мөн байх аа. Мэдээж өөрсдөө барьж авсан зүйлдээ тууштай, сэтгэлтэй хандсан хөдөлмөр ч бий л байх?

     -Тэгэлгүй яах вэ, хань минь дөрвөн хүүхдээ өөрөө мэдээд л төгөлдөр хуур сургасан. Хичээлд нь хүргэж өгнө, давтуулна. Өглөө 6:00 цагт хүүхдүүдээ босгоод хоёр томынх нь хоол, цайг цүнхэнд нь хийж өгөөд хичээлд нь явуулна. Бага хоёрыг нь 30 минут хөгжмийг нь давтуулж байгаад хань минь өөрөө хөтлөөд хүргэж өгнө. Гэрийнхээ арыг би, Сангиа хөгжим, хичээлийг нь хариуцдаг хуваарьтай байлаа шүү дээ. Хүүхдүүдээ сургахаас гадна сургуульд хөгжмийн багшаар ажиллана, уран бүтээлээ хийх гээд түмэн завгүй. Бүтээлээ их бодно. Тухайлбал, дуу хийнэ гэвэл дууныхаа шүлгийг бодно, цэгнэнэ. Урвах, шарвахыг мэдэхгүй, дарга нарт тал засах дургүй байлаа. Гэхдээ найзалж нөхөрлөхийн тухайд сайдтай ч, зуун грамм хуваагаад уух нэгэнтэй ч нөхөрлөнө. Хүүхдүүд минь аавынхаа хэнийг ч ялгадаггүй нөхөрлөдөг, хүний сайхныг олж хардаг зан чанараар өсөж хүмүүжсэн. Харин эгч нь эмнэлгийн хүн, насаараа түмний төлөө ажилласан. Мөн сайн дурын уран сайханчийн ажилдаа дуртай байлаа. Багагүй дуулж, бүжиглэж, уран сайханч болж явсан болохоор л Сангиагийнхаа тэр гайхамшигтай бүтээлүүдийнх нь анхны сонсогч болж байхгүй юу.

-Ч.Сангидорж хөгжмийн зохиолч Хүн эмнэлгийн техникумын эм зүйчийн ангийг төгсөж, эмнэлэгт ажиллаж байсан гэдэг. Хэзээ хөгжмийн анги руу орж, хөгжмийн зохиолч болсон юм бэ?

     -Тийм ээ, эм найруулагчаар ажиллаж байсан. Эмийн сангийн эрхлэгч ч хийж байсан юм билээ. 1962 онд Багш нарыг бэлтгэх сургуульд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Жанчив багш санаачлан хөгжмийн багшийн анги шинээр нээсэн байдаг. Манай хүн угаас хөгжимд дуртай байсан болохоор хүссэн анги нь нээгдсэнд чавхдаад л очихгүй юу. Энэ гайхамшигтай хүнийг би өнөөдрийн мундаг хөгжмийн зохиолч, багш нарыг төрүүлсэн гэж боддог юм. Хүмүүс түүнийггавьяаг төдийлөн дурсдаггүй юм шиг санагддаг. Монгол Улсад хөгжмийн зохиолч, авьяастнуудыг бэлтгэж, өнөөдрийн бидний бишрэн сонсдог том бүтээл, туурвил төрөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн яах аргагүй Л.Жанчив багш.

-Хөгжимд хүсэл сонирхолтой байсан гэхээр аав, ээжээс өвлөсөн удмын авьяас байсан байх нь?

    -Тэгэлгүй яах вэ, гэр бүлээрээ л хөгжим тоглоно. Аав нь хуур хийнэ, ах нь бүжиглэнэ, дүү нь сайхан хөгжимдөнө. Сангиа минь эхээс уг нь олуулаа. Гэхдээ нагацындаа өргөгдсөн юм шүү дээ.

-Таны хань Улсын багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангийг төгссөн. Зөвлөлтөд мөн сурсан байдаг байх аа?

     -Тэгсэн, бид айл болоод, хүүхдүүд минь төрсөн хойно Зөвлөлт холбоот улсын Хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн мэргэжлийн ангид суралцсан. Мөн 1978 онд Улсын Багшийн их сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Уран бүтээлээ хийхээсээ гадна арван жилийн сургуульд хөгжмийн багшаар ажиллана. Одоо энд тэнд явахаар “Би Сангиа багшийн шавь” гээд хүмүүс ирдэг юм.

-ХАНЬ МИНЬ НЯЛУУН ХҮН БИШ, АНХ НАДАД ӨГСӨН ЗАХИАНДАА “БИ ЧАМД ХАЙРТАЙ” ГЭСЭН ГУРВАН ҮГ БИЧЭЭД Л ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН БАЙСАН-

-Тантай танилцахдаа хөгжмийн зохиолч болсон байв уу. Анх хэдэн настайдаа хэрхэн танилцаж байсан бэ?

     -Би хорь ч хүрээгүй байхдаа л танилцаж байлаа. Сангиа хорин нэг, хоёртой л байсан юм уу даа. Би 1963 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний бага эмч, шинжилгээ хариуцсан ажил хийж байлаа. Тэгэхэд байгууллагуудын дунд урлагийн үзлэг болсон. Сайн дурын уран сайханч хүн чинь дуртай орохгүй юу. Дараа жил нь Сайн дурын драмын театр гэж байгуулагдлаа. Тэгсэн намайг дуудаад, жүжигт тоглуулах юм болов оо. Хэд хэдэн жүжиг тавихаар төлөвлөснөөс анхлан Ч.Ойдовын “Жаргалыг хүссэн Мөнхөө” жүжгийг тавихаар болж, би дурлалт бүсгүй Төгсжаргалын дүрд хуваарилагддаг юм байна. Тэр жүжгийн хөгжмийг Сангиа хийж таарсан юм байна лээ. Тэгээд л би нүдэнд нь өртөж л дээ. Түүнээс бид бол эрэгтэй хүний өөдөөс эгцэлж хардаг ч үгүй үе байв. Нэг өдөр жүжиг тараад гэртээ очоод пальтоныхоо халаасыг уудалтал, дөрвөлжлөөд нугалсан цаас байдаг юм байна. Би хорин дөрвийн чихэрт их дуртай. Нэг килограммыг аваад гэртээ тавьчихдаг, түүнээсээ халааслаад явдаг байлаа. Тэгсэн чихэр алга. Өнөө цаасаа гайхаад нээтэл, “Би чамд хайртай” гэсэн гурван үг бичээд гарын үсгээ зуржээ. Надад бичгийн хэвээс нь харахад тун ухаалаг сайхан хүн шиг санагдсан. Ингээд л уулзаж, гэрт хүргэж өгдөг болоод дотносож эхэлсэн дээ. Дараа нь Сангиа надад “Чамайг захиа аваад яах нь вэ гэж бодсон чинь их нүүрэмгий над руу хараад байсан” гэж хэлсэн. Миний нүүрэмгий гэж юу байх вэ, орой нь захиагаа үзчихээд, маргааш нь жүжгийн үг гээд мартсан л явж байхгүй юу. Уг нь би тэгэхэд Улсын багшийн их сургуулийн уран зургийн ангид сурах төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл мөрөөдөл өөр тийш эргэсэн. Тэгээд ч зөв зам руу орсон гэж боддог. Уран зургийн ангид орсон бол амьдрал яаж ч эргэх байсан юм билээ. Сангиаг анх харахад хүнхэр нүдтэй, европжуу царайтай, туранхай залуу байсан. Нэг тийм нялуун биш, надад ердөө тун тодорхой гурван үг хэлээд л бид ханилсан юм даа. Бага залуу байсан болохоор төдийлөн нарийн ширийн зүйл мэддэггүй ч байж. Тэгээд л бид хоёр дараа жил нь хот руу орж, Төмөр замд айл гэр болж, гал голомтоо бадраасан юм даа. Төмөр замчдын дүүрэгт бид хоёр 50 гаруй жил амьдарсан, би одоо ч амьдарч байгаа. Намайг Төв аймагт ажилладаг тэр жил Сангиа Багшийн сургуулиасаа жилийн чөлөө аваад, тэр хугацаандаа Төв аймгийн сургуульд багшаар ажиллаж байсан юм байна лээ. Хөгжмөө бол бичээд эхэлсэн байсан.

-“Жаргалыг хүссэн Мөнхөө” жүжгийн хөгжмийг хийж байхад нь хөгжмийн зохиолч гэдгийг нь мэдсэн үү?

      -Үгүй ээ, хөгжмийн зохиолч гэдэг миний хувьд хол, тэнгэрийн хүн. Мань мэтийн хажууд байхгүй шигээр ойлгохгүй юу. Сангиатай үерхэж байхдаа би мэддэггүй байсан. Гэтэл нэг өдөр жүжгээ бэлдэж байхад аймгийн Хариуцлагатай намын дарга гэж хүн ирлээ. Тэр хүн бидэнтэй хурал хийж байхдаа  “Энэ хүн бол хөгжмийн зохиолч” гэдэг юм байна. Хөгжмийн зохиолч гэхээр С.Гончигсумлаа, Л.Мөрдорж гуайгаар л төсөөлж явсан надад гайхмаар санагдаж, анх удаа “Ийм мундаг хүн юм уу” гэж бишрэн бодож билээ. Бүр хэд хэдэн дуу нь гарчихсан байхад л мэдээгүй байсан байгаа юм. Тэгэхэд ханийн минь “Саранд хүртэл дуулаарай”, “Ээж минь” гээд дуунууд гарсан байсан юм билээ.

-Хөгжмийн том бүтээлээс нь гадна онцолж “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” дуунуудын бүтсэн түүхийг асуумаар байна. Та ханийнхаа дуунаас алинд нь илүү хайртай вэ. “Монгол далай” дууг нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээс үүдэн бичсэн гэдэг?

     -“Монгол далай” дуунд нь би их хайртай. Энэ дууны үг, аяын зохилдолгоог зүйрлэвэл дээлийн эмжээр зохихтой л ижил. Өөрөө ч “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг уншаад их үймэрч, эмзэглэж, шаналж бичсэн бүтээл болоод тэр үү их сайхан дуу. “Зулай цагаан Алтай” бол харин их ухаалаг бүтсэн дуу гэж боддог. Үгийг нь бичсэн З.Гүнсэн өөрөө Говь-Алтайн хүн л дээ. Тэгээд Сангиад шүлгээ үзүүлж, ая хийж өгөх санал тавьсан юм билээ. Ердөө 15 минутад л бүтсэн гэдэг.  

-Хань нь танд олон сайхан үг хэлж байсан байх аа. Онцолж таны сэтгэл зүрхэнд ямар үг явдаг бол, танд зориулсан ямар бүтээл байдаг вэ?

      -Айхтар нялуун хүн биш гэж хэлж байсан даа. Онцгой тохиолдолд дух, хацар дээр л үнсэнэ. Надад бол их итгэлтэй, хэзээ ч урвахгүй, шарвахгүй гэдгийг мэдэрдэг байсан. Миний хувьд ханийгаа  ингэх вий, тэгэх вий гэдэг бодол төрж байгаагүй. Тийм бодол төрөхгүй болохоор амьдралын багана ганхдаггүй байх гэж би боддог. Надад зориулсан бүтээлийн тухайд хань минь сургуульд багшилж байхдаа хөдөөгүүр их явдаг байсан. Нэг удаа өвгөнийгөө байхгүй хойгуур унтах гээд хэвттэл хөл даараад болдоггүй. Одоо бодоход ханийгаа үгүйлж байсан юм байна лээ. Тэгээд ажлаасаа ирэхээр нь “Чамайг байхгүйд хөл даараад” гээд хэлж байсан юм. Тэр ярианаас үүдэн надад зориулсан нэг дуу бий.

“Тэнгэрийн нарыг дэргэдээ авчирсан ч

Гэрийн жавар арилахгүй дээ” гэх үгтэй ардын маягийн дуу. Одоо бол ханийгаа хачин их үгүйлж, дутаж байна. Хажууд байсан оюунлаг хүн эзгүй болчихоор том орон зай үлдэж, тархины өрөөсөн зай хов хоосон болчихож байгаа юм. Ханийг минь байхад гэрээр дүүрэн шуугиан, энд хөгжим, тэнд хоол, ач, гуч гээд бужигнадаг байлаа. Одоо хүүхдүүд тусдаа гарсан, гэртээ ганцаараа л сууна даа.

-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг хүн байсан бэ. Эрхлүүлж байна гэхээр хүмүүс амттан өгөөд л, эсвэл дуртай зүйлийг авч өгөхөөр ойлгоод байдаг?

     -Хүүхдүүдээ эрхлүүлэх гэхээс илүү их хайрлана. Гараа эсгэнэ, өндгөө зүснэ гээд хутга, хурц үзүүртэй зүйл бариулахгүй, паар мөргөнө гээд хамаг сандлаараа хаачихна. Байнга л даарах вий, өлсөх вий гэж араас нь санаа зовно. Нэг удаа хүүхдийнхээ өвлийн хувцасны дотор талд даавуугаар халаас хийж өгсөн байсан. Учрыг нь асуутал, хүүхдүүддээ нууц халаас хийж өгч байгаа юм гэнэ. Хүүхдүүддээ, надад ийм л халамжтай хүн байлаа. Аливаа зүйлээс ер нь л болгоомжлуулж, анхааруулна.

-Ямар үед хамгийн их баярладаг байв?

     -Хөөрхий, хань минь баярлахаараа ёстой нар мандаж байгаа шиг л хөөрнө дөө. Уран бүтээлийг нь хүмүүс дуулж, түгээхэд их баярладаг байсан санагддаг. Хүүхдүүдээ төрөхөд мөн их баярласан. Тэднийхээ нэрийг хүртэл их ач холбогдол өгч байсан. Хамгийн сайн сайхнаар юмыг төсөөлдөг, хүүхэд шиг дэврүүн сэтгэлтэй хүн байлаа даа.

-Уран бүтээлчийн хувьд ямар зуршилтай байсан бол?

      -Сангиа шүгэлдээд, амандаа дуу аялаад л алхана. Санаагаа эрж байгаа нь тэр л дээ. Ямар сайндаа гэрийнхээ хаалгыг андуураад, айлын хаалга тогшсон гэх хөгжилтэй тохиол цөөнгүй бий. Дандаа юм бодож явна. Ийн явж байгаад аялгуу нь ороод ирвэл гялс тэмдэглэнэ. Унтаж байснаа гэнэт босоод нот тэмдэглэнэ. Зүүдэнд нь хүртэл санаа төрдөг шиг байгаа юм. Нойронд тун сэргэг.

-Өдрийн аль цагт илүү ажиллаж, хөгжмөө бичдэг байсан бэ?

      -Тогтсон цаг байхгүй. Ямар ч үед санаа төрнө, тэр бүхнийгээ алдахгүй л тэмдэглэдэг, боддог байсан. Нэг сонин нь их мэргэн. Түүнийгээ их нууна. Хаа нэг мөнгөний зоосоор үзнэ. Хэлсэн, ярьсан нь яг таараад байдаг байсан. Эргээд бодохоор мэргэлдэг байсан нь жирийн зүйл биш байсан болов уу гэж санадаг. Тэр совин билгээрээ ч юм уу “Миний хамаг юм бүтээд байна, хөгшөөн” гэж  хэлж байсан. Бурхан болохоосоо өмнө хань минь юунд ч юм яараад байгаа юм шиг санагддаг байсан. Хүн өөрийгөө мэддэг юм билээ.

Тэр одоо ханьтайгаа хамт гал голомтоо бадраасан Төмөр замынхаа гэрт дурсамжаа нэхэн сууна. Уран бүтээлч хүний гэргий болон амьдарч, түүнийг санаа амар бүтээлээ туурвихад нь тулах цэг, итгэл нь болж, нэгэн амьдралаа зориулсан тэрбээр  “Багшийн дээдийн уран зургийн ангид орох төлөвлөгөөгөө дагасан бол хувь тавилан хаашаа эргэх байсныг мэдэхгүй ч авьяас билигтэй хүний дэргэд эгч нь жаргалтай амьдарсан. Хань минь миний насан туршийн бахархал” гэсэн юм.


ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:10:50
    39р байрны хүүхэд: Тэгээд СТО хавиар загвар нтр гээд сүүлд сайхан хүүхнүүд болсон доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:06:54
    39р байрны хүүхэд: Нээрээ аав нь оройд л нэг хар цүнх барьчихсан шал согтуу ирдэг Саян эгч арай том тэр үийн гадаадуудтай явалддаг урд саадан дотор баваа их хйдэг харин шудрага байрны охидыг цонхоор нь дуудаад л жоохон хөвөн маарль шидчих гээд л кккк бид дагаад л хаана баваа хийхийг харах гээд л дагаад кккк заримдаа машинд суугаад явчихдаг харин ээж нь их сайхан эгч байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-24 09:03:03
    12345: Манай байрных шд төмөр замын,Ижлээ нь ла руугаа хуруугаа дүрүүлээд тэр үеийн 5нтөгрөг авдаг охин байсан шд ккккк хүүхэд байхад сайхан байж дээ Ижлээгийн сандал гээд байх кккк хөвгүүд ээлжлээд хажууд нь суугаад л хурууга хийгээд л 5н цаа будаа кккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-18 22:14:35
    Зочин: Ганцаараа амьдардаг гэхээр өрөвдөж байнаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-17 23:55:27
    Дармаа: Төмөр замын 53 дугаар байрны 1 давхарт байлаа.Дээд давхарт нь байлаа сайхан айл байснаас
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-17 15:36:40
    Зочин: Сайхан ярилцлага байна. Нилээн хэдэн жилийн өмнө уулзаж байсан. Сайхан цаанаа л нэг ихэмсэг эмэгтэй байсан. Би дүүтэй нь хамт ажилладаг байлаа. Таньдаа эрүүл энхийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-16 12:39:27
    Баагий: Одоо хүн муулаад яахаав авъас бол авъас. Харин Сангидорж бол үнэн найгүй архичин байсан даа, өдөр бүр уудаг, энд тэнд таньдаг хүмүүсийнхээ ажил дээр очоод л архи ууна. Гэртээ байнга архидаж авгайгаа хар залууд нь их л зовоодог байсан даа. Хөршүүдээс авахуулаад хүүгийх нь найзууд бүгд мэднэ. Аймар агсан, аймаг ч уудаг байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 23:42:55
    Уншигч: ТЗ-ын 37-р байранд нэг байранд амьдардаг байлаа. Саянцэцэг, Сансар, Ижилцэцэг, Ихэрцэцэг гээд хөөрхөн хүүхдүүдтэй. 1970-аад оны эхээр Сангидорж гуай ЗХУ-д сурч байсан. Бадамгэрэл эгч ТЗ-ын эмнэлэгт лаборант бага эмч. Их гоё эгч , бүжиглэдэг байсан 4 жаахан хүүхэдтэй, нөхөр нь .оюутан. Ёстой дайчин, эрч хүчтэй, хөдөлмөрч эгч байсан. Хүүхэд байхдаа харж, бахархаж явдаг байлаа. Хөгжим дуу хуур , хүүхдийн инээд хөөр цалгисан сайхан айл байсныг дурсан санаж байна. Танд болон үр хүүхдүүдэд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 18:50:19
    Алтай: Сайхан оюунлаг айл байсан байна хүүхдүүд нь ч сайхан оюунлаг санагддаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 13:50:45
    Эгэл: Сэтгэл сэргээсэн сайхан ярилцлага болж.Танд сайн сайхныг хүсьэ.Сэтгүүлчид баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 08:17:15
    Иргэн: Сангидоржийн төрсөн нутаг Баянхонгор. Авъяаслаг охид, хөвгүүдийнх нь тухай яагаад асуугаагүй юм бол сэтгүүлч гуай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-13 21:51:27
    2024_03_1310_01: Сайхан ярилцлага байна . Эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-13 18:27:52
    Уншигч: Сайхан гэр бүл урлагын гэр бүл хүүхдүүд нь ухаантай авьяастай. Эрүүл энхийг хүсьe.Сайхан ярилцлага байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-13 18:27:46
    Уншигч: Сайхан гэр бүл урлагын гэр бүл хүүхдүүд нь ухаантай авьяастай. Эрүүл энхийг хүсьe.Сайхан ярилцлага байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188