• Өнөөдөр 2025-04-02

АЛДАРТ УЯАЧ Ц.ХАНДДОРЖИЙН ХҮҮ МИЖИД: УЛСАД ГУРАВ ТҮРҮҮЛСЭН ХОНГОР ХАЛЗАН МААНЬ ХУРЦ ЧИХТЭЙ, ДӨЛГӨӨН НҮДТЭЙ, ЖИГТЭЙХЭН ЭРХ ХҮЛЭГ БАЙЛАА

2024-10-07,   605

    Монгол төрийн наадамд гурав түрүүлж, ХХ зууны манлай хүлгүүдийн нэгээр нэрлэгдсэн Ханддоржийн хонгор халзан морины талаар дуулаагүй хүн цөөн байх. Нэгэн цагийн бахдалт хүлгийн талаар нэрт уяачийн хүү, халзан морины уяаг тааруулж байсан Х.Мижидтэй ярилцлаа.


-1985, 1986, 1988 оны улсын баяр наадамд түрүүлсэн хонгор халзан морь нь ямар угшилтай хүлэг байсан бэ. Зарим нь барга адуу байсан гэж ярих юм билээ?

     -48 жилийн ойн баяр наадмаар манай шүдлэн үрээ аман хүзүүдсэн юм. Сумын наадам 18-нд болох байсан учир аав бид хоёр сумынхаа наадмыг зорьсон. Тэр үед аав минь буурал морьт Балбар гуайгаас буурал духтай хонгор үрээг нь худалдаж авахдаа хоёр нүдний дуран, хоёр унагатай гүүгээ бэлгэнд өгч, шүдлэн байдсаар худалдан авч авсан юм. Балбар гуайгаас авсан шүдлэн үрээ буюу хүмүүсийн нэрлэж сурснаар хонгор халзан азарганы төл нь төрийн наадамд гурав түрүүлсэн хонгор халзан морь, Чойдог гуайн хонгор, миний хонгор халзан азарга, Тод манлай уяач Д.Ононд очсон хонгор морь их хурдан байсан. Хонгор халзан азарганы төлүүд нь Баян-Өнжүүл, Баянбараатаар их тарсан. Миний авга ах Хэнтий аймгийн Галшар суманд цэргийн даргаар ажилладаг байсан юм билээ. Тэгээд 1952 онд хоёр хүрэн азаргатай цөөн адуу аав, өвөө хоёрт өгч явуулсан байдаг. Хонгор халзан морины минь эх тал нь Галшарынх болохоос барга адуу байгаагүй. Манай өөрийн адуу байсан.

-Галшараас авсан хүрэн азаргатай адууны төлүүдийг аав, өвөө хоёрт нь уяуулахаар зориуд явуулсан гэсэн үг үү?

    -Ах өөрөө морь уядаггүй байсан ч гэсэн багаасаа морь унаж өссөн болохоор моринд хайртай хүн байсан. Тэр утгаараа аав, дүү хоёртоо хурдан морь явуулж байсан нь тэр байх. Манайх гүү сайтай байсан ч аав минь нутгаасаа  олон азарга авсан. Хардал бээс Пүрэвжавын адуунаас, Галшарын өндөр Гомбожавын адуунаас авч байсан гэдэг. Галшараас адуу ирж, аавын минь морь уях авьяас илүүтэй “цоорсон” гэж ярьдаг юм.

-Өвөө нь морь уядаггүй байсан гэсэн. Тэгэхээр аав нь морь уях, морины уяа сойлгыг тааруулах ухааныг хэнээс өвлөсөн юм бол оо?

     -Морь уяхыг хэн нэгнээр заалгадаг ажил биш байх. Моринд хайртай, сонирхолтой бол өөрийнхөө мэдрэмж, хөдөлмөр, авьяасаар гаршдаг байх. Аав минь нутгийн залуучуудтайгаа нийлж байгаад өөрийнхөө сонирхлоор морь уяж эхэлсэн юм билээ. Багадаа хурдан морь унадаг байсан болохоор мориноос салж, хагацаж чадахгүй байсан болоод л уяач болсон болов уу гэж боддог. Өвөө минь морь уядаггүй ч моринд дуртай, хайртай хүн байсан гэдэг.

ААВ МИНЬ НААДАМ ДӨХӨХӨӨР УЯАНААСАА ХОЛДДОГГҮЙ, ХООЛ, ЦАЙГАА УУЧИХААД ГАРААД ЯВЧИХДАГ БАЙСАН

-Таны хонгор халзан морины онцлог юу вэ?

     -Дөлгөөн, тайван морь байсан. Баргийн юмнаас үргэж, цочино гэж байхгүй. Наадам болж байхад уяан дээрээ унтаж л байдаг зүрх сайтай морь байсан. Хурц чихтэй, толгой сайхантай, шулуун хөлтэй, дөрвөн таваг нь бусад мориныхоос их өөр байсан. Бас их эрх морь байлаа. Адуунд байхдаа эрхэлж, тонгочиж  л байна. Наадмын өглөө хүмүүс хонгор халзан морийг үзнэ гээд ирэхэд уяан дээрээ унтаж байна. Хүн ирээд бужигнаж байхыг тоохгүй. Албан хүчээр уяаг нь тойруулаад л гаргадаг байлаа даа. Харин морьд эргэхээр өөрөө давхичихдаг морь байсан.

-Наадмын өглөө таны сэтгэл их хөдөлдөг байсан байх. Аав нь наадамдаа хэрхэн бэлддэг байсан бэ?

     -Морио манаж хоноод, наадмын өглөө хүүхдүүдээ босгочихоод л “Өнөөдөр морь минь яаж уралдах бол” гэж догдолдог байлаа. Залуу байсан болоод ч тэр үү, сэтгэл их хөдөлдөг байсан. Цайгаа ч ууж чадахгүй гэгэлздэг байлаа шүү дээ. Аав минь наадам дөхөхөөр уяан дээрээ суухаас өөр ажил хийдэггүй, уяанаасаа холдож чаддаггүй байсан. Хоол, цай хийчихээд дуудахаар нь амсчихаад гараад явчихна. Тэгж их догдолдог, морио мэддэг байсан.

-Танай хонгор халзан морь тонгойж уралддаг байсан гэдэг. Үнэн үү?

    -Манай хонгор азарга, хонгор морь хоёр хоёулаа тонгойж уралддаг байсан. Охиноо унах жил нь буюу 1988 оны наадмаар “Жолоон дээрээс нь ингэж бариарай” гэж заагаад явуулахад гар нь цэврүүтчихээд ирж байсан. Тэгэхээр их тугтарч давхидаг адуунууд байсан. Зарим нь хазаар дарна гэж ярьдаг шүү дээ.

-Хонгор халзан морийг ямар хүүхдүүд унаж байсан бэ?

    -Манай эгчийн хүү Цогтбаатар хоёр жил унасан. Сүүлийн жилийн түрүүг манай охин унаж авсан юм. Морио ирэхийг нь хараад нулимс унагах үе ч бий. Сэтгэл догдлоод бөөн баяр болно.

-Түрүү моринд ямар бай өгдөг байсан бэ?

    -Түрүү моринд дарайсан 400 төгрөг өгдөг байсан. 200 төгрөгийг нь би уяснаараа авна. 200 төгрөгийг нь аавынх авдаг байлаа.

-Хурдан хүлгүүдээ улсын баяр наадамд айрагдаж, түрүүлэхэд ньхэрхэн баярладаг байсан тухайгаа ярьж өгөөч?

    -Анхны түрүүгээ авчихаад бөөн баяр болж байсан. Тэр жил манай сумынхан улсын наадамд ирж, халзан морийг уралдахаас нь өмнө үзчихээд “Хэрэггүй болчихож” гэж байсан юм. Гэтэл аав минь шөнө давхиж ирээд “Өө, сайхан болчихсон байна” гэж билээ. Уясан эзэн нь морио өөрөө л мэддэг юм билээ. Хонгор халзан минь тэгээд жил дараалан түрүүлсэн дээ.

-Та анх хэдэн онд улсын наадамд морь уяж байсан бэ?

     -1981 онд улсын наадамд хурдан морьтой очиж байлаа. Хонгор халзан морийг найман настайд нь улсад уяж, улсын 60 жилийн ойн баяр надмаар хоёр морьтой очиж байсан юм. Хонгор халзан морины хүүхэд сунгаа болгон дээр ойчоод байхаар нь ганзагаар нь даруулаад ташуур өгөлгүй явуултал зургаалсан юм. Нөгөөдөх нь ест хурдалсан нь тэр. 4-5 настай хоёр хүүхэд унаж байсан. Дараагийн жилүүдэд нь би гэр барьж, тусдаа гараад хурдан морины ажилд оролцоогүй юм. Хонгор халзан минь наадам болгонд ганцаараа гардаг морь байсан. Түрэгний гол гараад  Буянт-Ухаа руу  ганцаараа  л гардаг морь байсан. Тэгээд барианд орохынхоо алдад баригдаж, 10-аадаар ордог байсан. Анхны түрүүлдэг жил нь би авч явсан юм. Гурав дахь жил нь түр цэрэгт явж морио уяж чадаагүй. Тэгээд нэг жил өнжиж 1988  онд би уяа сойлгыг нь тааруулж, түрүүлгэж байсан.

-Таныг уяхаар л түрүүлээд байдаг морь байжээ. Та уяа сойлгыг нь хэрхэн тааруулдаг байсан юм бэ?

      -Аав минь настай болчихсон байсан болохоор мориныхоо арга эвийг хуучин шигээ олж чадахгүй хүнээр хөлсийг нь авахуулахаар дутуу авчихдаг байсан байх гэж боддог. Тэгээд намайг гар хүрэхээр аавын санаанд нийцдэг байсан юм байна. Хонгор халзан минь хүнд уяатай морь байсан. Хатуу гараар үзэхгүй бол давхидаггүй байсан гэсэн үг. Морио эхлээд 40 хоног уяна. Чанга ажил хийлгэж байж онгойдог морь байсан. Тэгэхгүй бол өнгөн хөлсөөрөө хуурчихаад бүрэн онгойдоггүй байсан юм.

-Та морио илүүтэй таньж, хүнээр бол занг нь олчихсон байсан юм уу даа?

     -Мориндоо илүү ажил хийдэг байсан гэх юм уу даа. Түүнээс өөр арга барил, нууц юм гэж байхгүй. Намайг морио хөлслөхөөр явахаар хүмүүс “Газрын хөрс онги онги авчихсан байх юм, чи яаж явдаг юм” гэж асууж байсан. Хөлсийг нь хүртэл ширүүхэн шиг авахгүй бол морио хайрлаж байна гээд хөлсөлж чаддаггүй хүмүүс байдаг.

-Тэгэхээр морины хөлс авна гэдэг амар ажил биш бололтой?

    -Бэлэн хөлс нь хэсэг асгарчихдаг юм. Тэр хөлс нь эвэрч байснаа дахин хөлөрдөг. Ясны хөлс гүйцэт гарч байгаа нь тэр. Ясных нь хөлсийг нь гүйцэт авахгүй бол морь уяж байна гэж яриад хэрэггүй.

-Ямар ч хурдан морь байсан уяачаас хүч хөдөлмөр, авьяас их шаарддаг юм байна?

      -Мориных нь идэж байгаа нэг шөнийн хоол хүртэл уяачтай хамаатай. Уяач морио ажиглаж байгаад хэзээ тарлах эсэхийг нь шийддэг, мэдэрдэг байх шаардлагатай. Хүн дуурайгаад байх юм бол утгагүй. Морио өөрийнхөөрөө мэдэрч, мориндоо тааруулж уях хэрэгтэй. Нэг уяад тавьчих ажил биш. Өвөл, хавартаа эдэлнэ. Ямар ногоотой газар байлгах вэ гэдгээ тооцоолно. Зуншлага муутай газар хэчнээн сайн уяад нэмэргүй шүү дээ. Байгалийн ногоо ямар ч тэжээлээс илүү шүү дээ. Аав минь намайг морьтой сумын төв орохоор явах гэтэл “Чи мориндоо ногоон өвс өгөв” гэдэг байсан. Ногоон өвс өгвөл ч яадаг байсан юм, уяач хүний л ухаан байсан байх. Адуутайгаа яаж харьцах нь уяач хүний эрдэм. Би ч ааваасаа мөн ч ихийг сурах байсан даа. Дутуу сурсан санагддаг юм.

-Та хэдэн настайдаа морь унасан бэ?

     -Ах минь морь унадаг байсан юм. Нэг удаа мориноосоо унаад арга ядаад би унасан гэдэг. Намайг анх морь унахад хүн өвөртөлж яваад морьд эргэхээр нь морин дээр тавьчихдаг байсан гэдэг. Тэгээд би уйлаад, эсвэл унтаад явдаггүй байсан гэдэг. Тийм жаахнаасаа морь унасан.

-Монгол морины гайхамшгийг та юу гэж боддог вэ?

     -Одооны морьдыг харахаар жаахан салхи гарвал нэмнэчихдэг болж. Монгол адуу байгальдаа зохицсон байдаг. Намайг уядаг байх үед нэмнээ, нэмэгдэл өвс, тэжээл байдаггүй байсан.

-Таны аав ямар морьд уяж  улсын алдарт уяач болсон бэ?

    -Аав улсын наадамд халтар үрээ, бор морь, хонгор азарга гээд таван айраг, гурван түрүүтэй алдарт уяач болж байсан юм. Суманд бол айраг, түрүү зөндөө авч байсан. Аав 1970-аад оноос хойш улсын наадамд жил алгасалгүй явдаг байсан. Бараг 20-оод жил явсан байх шүү. Аав морио мэддэг, газраа таньдаг хүн байсан даа.

-Тухайн үед аймаг, сумандаа төдийгүй улсдаа гайхагддаг адуутай айл байжээ. Уясан бол тэднээс ч хурдан адуу байсан байх?

     -Тийм ээ. Аавынхаас азарга авч тавиагүй айл манай суманд бараг байгаагүй. Дундговийнхон хүртэл манайхаас азарга авч байсан. Дандаа л манай унаган азарганы төлүүд дуулддаг юм. Адуу болгон минь хурдан байсан.

-Танайх Баян-Өнжүүлийн аль талаар нутагладаг байсан бэ?

     -Манайх хуучнаар Төв аймгийн Баянбараат гэдэг сумын айл байсан. Манай сум Баян-Өнжүүлтэй нийлсэн юм. Бараатын ар, Өвөр чархайд нутагладаг, айраг сайхантай айл байлаа. Адуу номхон гэж жигтэйхэн. Унагыг нь уячихаад эхийг нь саадаг байлаа шүү дээ. Айргаа өдөрт хоёр шавхдаг, хүн их цугладаг байсан.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Таниас өөр аавынхаа малч ухааныг өвлөсөн хүн бий юү?

     -Би эцэг, эхээс 13-уулаа. Би тав дахь нь. Намайг дөрөвдүгээр анги төгсөхөд аав минь “Чамайг малчин болгоно” гээд авч үлдсэн. Бусад нь төв газар бараадсан даа.

-Танай хонгор халзан түрүүлсэн жилүүдэд зуншлага хэр болж байв. Тухайн жилүүдийн наадмын өдрүүдийг ярьж өгөөч?

     -Зуншлага сайхантай жилүүд байсан. Тухайн үед Богд уулын ард наадам болдог байлаа. Тэнд л жинхэнэ сайхан наадам болдог байлаа шүү дээ. 10-ны орой уяачид цуглаж, бие биеийнхээ морийг үзнэ гээд л бужигнадаг байлаа. Уяа, уяагаараа явж, энд тэндгүй морь тарлаж пижигнэдэг байсан. Би хонгор халзан мориныхоо таван түрүүг гурав болгож дөнгөлөө дөө гэж боддог юм.

-Морио хараад өрөвдөж, хайрлах үе их байх?

     -Хайрлахгүй цаг гэж байхгүй шүү дээ. Бас хайрлаад байна гээд зүгээр сууж чадахгүй. Уяа нь орчихсон, ир нь орчихсон үед нь илүүтэй хайрлана. Ирийг нь тогтооно гэдэг бас л нэг эрдэм байдаг юм. Нэг таранд л ир алга болно шүү дээ. Тэр эрийг хадгална гэдэг учиртай. Хурц тар гэдэг чинь ир нь орчихсон морины ирийг мултлахыг хэлж байгаа юм. Ир нь орчихоор морины зүс хүртэл өөрчлөгдөөд андашгүй болдог. Тэрийг хадгалахын тулд хайрлах шаардлагатай юм. Бусад цагт нь яах вэ.

-Хонгор халзан морь улсын наадамд жил дараалан түрүүлээд ирж байхад нутгийнхан нь бөөн баяр болж байсан байх?

     -Миний аавыг л магтсан хүмүүс байдаг байсан. Аав минь ч сайн уядаг байсан. Аавыг нутгийнхан төдийгүй улсаараа л мэддэг байлаа. Би морины ажлыг л хийдэг байсан. Тэрийг мэдэхгүй хүн байхгүй. Алдар цолны хойноос хөөцөлддөггүй. Аавынхаа үргэлжлэл нь болоод явдаг байлаа.

-Та цолтой юу. Хүмүүс таниар морио шинжүүлье гэж дууддаг уу?

    -Би сумын ч цолгүй. Шинэ цагийн тэжээлийн морьдыг хараад мэдэх юм алга. Хуучны хурдан морь эрлийз адууг барахаа больсон юм уу гэж боддог. Эрлийз морины хурдыг гүйцэх адуу алга даа. Тийм болохоор залуучууд эрлийзтэй уралдаад яах вэ гэдэг болж дээ.

-Морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр байдаг байх?

     -Морь уяна гэдэг бүтэн жилийн ажил. Морь манаж нойргүй хонох шөнө олон. Шөнө морио сэрээхгүй хоолыг нь багадуулчихдаг уяачид байдаг. Тэгэхээр морио хэдэд унтаж, хэдэд сэрж байгааг нь тооцоолох хэрэгтэй. Хоолны алдаа их гардаг. Адуу шөнө сайхан унтдаг. Баригддаггүй ороо морийг хоёр шөнө дагаад унтахаар нь барьчихдаг байсан гэж ярьдаг байсан. Тэгэхээр их нойртой амьтан байгаа биз дээ. Шөнө хоёр, гурав унтдаг амьтан шүү дээ.

-Таны нэр дээр ямар морьд уралддаг байсан бэ?

    -Миний нэр дээр хонгор морь, хонгор халзан азарга, цоохор халзан азарга, халзан морины дүү хонгор халзан азарга байсан юм. Тэрийг улсад уралдуулаад айрагдуулж чадаагүй юм. Хонгор соёолонг улсад айрагдуулж, буруу эргэлт болж хасагдаад бас чадаагүй. Хонгор халзан морио гурван удаа түрүүлснээс хойш гурван сумын наадамд явж үзсэн. Баянцагаанд соёолон морь түрүүлгэсэн бол Батсүмбэрт хонгор халзан азаргаа зургаад, Алтанбулагт хонгор морио зургаалуулж байсан.

-Өнгөрсөн жил Баян-Өнжүүл сумын 50 жилийн ой болсон юм билээ. Та өөрийнхөө нэр дээр морь уралдуулсан уу?

     -Удам сайтай гэж даага сургасан чинь буруу сургачихсан юм уу, хадуурсаар байгаад таарсан. Аймгийн 100 жилд 90-дээр давхисан.

-Танай хонгор халзан морины хөшөөг Баян-Өнжүүл суманд босгосон байдаг. Ямар хүн хийсэн бэ?

     -Өнгөрсөн жил манай морины хөшөөг хандиваар босгосон. Хэлбэр, галбирыг нь сайхан гаргасан байна лээ. Өвөрхангай аймгийн морины шүтээнд бас манай морины хөшөө байдаг шүү дээ.

-Аав нь ямар уяачтай ойр дотно байсан бэ?

     -Данзанням гуайтай наадмын үеэр уулзалдаж, ойр дотно явдаг байсан. Мөн Баянцагааны анчин Дамдинсүрэн гуайтай дотно8 бие биедээ юм өгч, авдаг найзууд байсан. Тухайн үед морь уядаг болгон л найзууд байсан даа.

-Аав нь морины тухай танд юу гэж зөвлөдөг байсан бэ?

    -Морийг зөв эдэл гэдэг байсан. Морийг уяад тавихдаа гол нь биш, зөв эдэлж сурах ёстой гэдэг байлаа. Морийг мань мэтээс харамлана гэж байхгүй. Уна, эдэл, гэхдээ зөв эдэл, ногоон өвс өгөв гэж захидаг байлаа даа. Морьдынхоо төлөө амь, амьдралаа зориулсан хүн байсан даа. Бид унаганаас нь эхлээд л сургачихдаг байсан. Бүстэй 10-аад хүүхэд өөр юу хийх вэ дээ. Гүү  барихад унаганууд нь бүгд номхорчихсон байдаг байсан. Эхээс гарахад нь уургалсаар байгаад тийм номхон болгочихдог байж дээ. Тэгэхээр номхон адуутай байхгүй байхын аргагүй шүү дээ.

-Та хийморьтой амьтны хажууд залуу насаа өнгөрүүлжээ. Адуу ямар зантай амьтан бэ?

     -Адуу эдэлгээнээс л болдог юм байна. Багад нь эдлэхгүй юм. Миний үед унага, дааганаас нь л эдэлчихдэг байж. Морийг эдэлж байж л чангарна шүү дээ. Морь унаж хонь хариулах хүнгүй болж.

 


АЛДАРТ УЯАЧ Ц.ХАНДДОРЖИЙН ХҮҮ МИЖИД: УЛСАД ГУРАВ ТҮРҮҮЛСЭН ХОНГОР ХАЛЗАН МААНЬ ХУРЦ ЧИХТЭЙ, ДӨЛГӨӨН НҮДТЭЙ, ЖИГТЭЙХЭН ЭРХ ХҮЛЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188