• Өнөөдөр 2024-11-09

С.ГОМБО-ОЧИР: “АРГАМЖАА” КИНОНД ТОГЛОЖ ДУУСААГҮЙ БАЙТАЛ Ж.БУНТАР НАЙРУУЛАГЧ НАМАЙГ “БУЛИНГАР” КИНОНЫ ГОЛД ДҮРД ТОГЛО” ГЭЖ УРЬСАН

2024-09-13,   370

"Аргамжаа" киноны Төгөлдөр, "Булингар"-ын гол дүр Нүрздэд тоглосон уран бүтээлч С.Гомбо-Очиртой ярилцлаа.


НАМАЙГ УРАН БҮТЭЭЛЧИД "НҮДЭЭРЭЭ ЯРЬДАГ, АВЬЯАСТАЙ ХҮҮХЭД" ГЭЖ МАГТДАГ БАЙСАН

-Та хэдэн настайдаа “Аргамжаа” кинонд тоглосон бэ. Хэчнээн хүүхдээс шалгарч, гол дүрийн жүжигчин болж байв?

     -Би долоон настайдаа “Аргамжаа” киноны гол дүр болох Төгөлдөрт тоглож байлаа. 1991 онд тус киноны сонгон шалгаруулалт эхэлж, 5-7 дугаар ангийн 300 гаруй хүүхэд шалгуулж, 150 хүүхдийг нь шигшиж, дараа нь 10 хүүхэд тунаж үлдсэн. Хамгийн сүүлд нь гол ба туслах дүрд тоглуулахаар “Аргамжаа” киноны Энхээгийн дүрд тоглосон Ч.Мөнхтөр бид хоёр үлдсэн юм. Энхний шатны сонгон шалгаруулалтад дуулж, шүлэг уншиж, бүжиглэж байсан бол хамгийн эцсийн шатанд Ч.Мөнхтөр бид хоёр дүрийнхээ текстийг цээжилж, мэргэжлийн жүжигчний шалгалт өгч байсан. Текст уншуулахаас гадна бид хоёроор талх идүүлж, камерт хэрхэн харагдаж буй талаас нь илүүтэй харсан байх. Тэгж тэгж бид хоёрыг “Хариуг нь дараа хэлнэ” гээд явуулчихсан. Дөрөв, тав хоногийн дараа манай сургууль дээр “Танай сургуулийн сурагч С.Гомбо-Очир “Аргамжаа” киноны гол дүрд шалгарсан байна” гэсэн мэдэгдэл ирж, би киноныхоо бэлтгэл ажилд яаралтай орохоор болж билээ. Эхлээд өмсөх ёстой дээл, бакалиа хайсан. Зарим нь ч миний өөрийн хувцас байсан л даа.

-300 гаруй хүүхдээс, тэр дундаа тантай тунаж үлдсэн Ч.Мөнхтөрөөс та юугаараа онцгойрч шалгарсан юм бол?

    -Уг нь, Төгөлдөрийн дүрд тавдугаар ангийн хүүхэд тоглох ёстой байсан. Би долдугаар анги ч гэлээ жижигхэн биетэй байсан юм. Тухайн үед би юугаараа онцгойрч, шалгарсныг нь сайн мэдээгүй. Кинонд тоглосны дараа уран бүтээлчид намайг “Нүдээрээ ихийг ярьдаг, авьяастай хүүхэд” гэж магтаж байсан. Тийм болохоор миний царай төрх Төгөлдөрийн дүрд тохирсон байж мэдэх юм.

-Та жүжигчин болох мөрөөдөлтэй байсан хэрэг үү. Тохиолдлоор сонгон шалгаруулалтад орсон уу?

    -Тухайн үед биднийг зохиолч, найруулагч Ч.Уранчимэг, зураглаач Ж.Биндэр, туслах найруулагч Ш.Цэцэгээ эгч болон бусад техникийн албаныхан шалгаруулж байсан. Би Төмөр замын Соёлын ордны хүүхдийн дугуйланд явдаг байсан юм. Төгөлдөр хуур, гитар тоглодог, дуулдаг, бүжиглэдэг хүүхэд байлаа. Тэгээд төмөр замын соёлын ордныхонтой орон нутаг руу явж тоглолтод оролцдог, авьяастай хүүхэд байсан. Дугуйлангуудын хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт явагдсан. Би бараг илүү зангаар л шалгаруулалтад оролцсон байх. Тухайн үед манай нөгөө ангийн хүүхэд “Модон могой” киноны гол дүрд, манай ангийн хүүхэд туслах дүрд нь тоглож байсан. Тэднийг дуурайсан байж мэднэ.  

12 ДАВХАР РУУ ОЛСООР АВИРДАГ ХЭСЭГТ ЦИРКИЙН ЖҮЖИГЧИН ТОГЛОСОН

-Кино зураг авалтын эхний өдөр ямар байсан бэ. Аль дүрсийг эхэлж авсан бэ?

    -Их салхитай, хүйтэн өдөр байсан санагдаж байна. Эхний өдөр аавынхаа шарилыг хайгаад 70 давхар дээр очиж байгаа зургийг авсан. Тэнд би Нямын Цэгмэд ахтай буюу өвөөтэй таарч, тэднийх рүү хамт явдаг шүү дээ. Дараа нь нэгдүгээр хороололд айлын цонхоор олсоор дамжиж орж байгаа зураг авсан.

-12 давхрын цонх руу олсоор авирч, буудаг хэсэгт та өөрөө тоглосон уу. Дүрийг орлуулсан уу?

   -Олсоор дамжиж байгаа зургуудыг хорооллын “Эв нэгдэл найрамдал” гэсэн 12 давхар цэнхэр байшин дээрээс, мөн Эх нялхсын 12 давхар байшингаас авч байсан. Намайг олсоор бууж байгаагаар харуулсан болохоос биш, циркийн жүжигчин миний оронд тоглосон юм. Би жаахан байсан болохоор олсоор өгсөж, бууж чадахгүй шүү дээ. Бас аюулгүй байдлыг хангасан нь тэр байх.

-Төгөлдөрийн дүрд тэнцсэнээ мэдээд ихэд баярлаж байв уу. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

    -Хүүхэд байсан болохоор мэдээж баярласан. Ангийнхан, сургуулийнхан минь надаас дутахгүй баярлаж байсан байх. Кинонд тоглож байхад болон тоглосны дараа намайг танихгүй хүүхэд гэж байхгүй болсон. Бүгд л надтай найз болохыг хүсдэг, охидууд нь захиа бичдэг байлаа шүү дээ. Гэхдээ би хэдий гол дүрд тэнцсэн ч гэлээ зураг авалт болохоор загнуулна. Заримдаа уйлна.

"АРГАМЖАА" КИНОНД ТОГЛОСНЫ ДАРАА ХӨВГҮҮД НАДТАЙ НАЙЗ БОЛОХЫГ ХҮСЭЖ, ОХИД ХАЙРЫН ЗАХИА БИЧДЭГ БАЙЛАА 

-Киноны хамгийн хэцүү хэсэг нь аль байсан бэ. Кино зохиолоо та хэрхэн өөрийн болгож, бэлддэг байв?

    -Киноны эхэнд зүүдэлдэг хэсэг гардаг юм. Тэр хэсэгт тоглох үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ миний хоолой гарахаа больсон. Зүүдэлж байгаа хүний дуу авиа гаргана гэдэг хүүхдийн хувьд амаргүй байсан байх. Намайг хэд оролдсоны дараа Ш.Цэцэгээ эгч хажуугаас чимхчихсэн. Гэтэл би орилоод л яг тохирсон авиаг гаргачихаж байгаа юм. Зохиолоо эхлээд бүтнээр нь уншиж, ойлгоно. Дараа нь хэсэг хэсгээр нь цээжилж, дүрдээ ордог болохоор харьцангүй гайгүй. Ой сайтай байсан болохоор текстээ амархан цээжилчихдэг байсан. Хүүхэд байхдаа орос, итали дууны үгийг дор нь цээжилчихдэг байсан. Тэр чадвар их хэрэг болсон.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Таны зан чанар, гадаад төрх “Аргамжаа” киноны Төгөлдөр, “Булингар” киноны Нүрзэдийн дүрийг бүтээхэд ихээхэн нөлөөлсөн байх?

    -Магадгүй ээ. Би жижигхэн биетэй, их адтай, сахилгагүй хүүхэд байсан. Киноны зургийг хэсэг хэсгээр нь авдаг болохоор ямар кино болж байгааг, би өөрийгөө камерт хэрхэн харагдаж байгаагаа ч мэддэггүй байсан. Зураг авалт дууссаны дуу оруулах гээд Кино үйлдвэр дээр очоод “Булингар” киноны Нүрзэдийн дүрд тоглосон өөрийгөө хараад бараг л таниагүй. Ямар “аймар” хэрсүү хүүгийн дүрд тоглочихсон  байсан гэж санана. Надаас тийм дүр төрх, дуу хоолой гарна гэж бодож байгаагүй.  

 -“Аргамжаа” киноны Энхээгийн дүрд тоглосон Ч.Мөнхтөртэй та найз байв уу?

    -Бид уулзсан цагаасаа хойш амьдралын, уран бүтээлийн найзууд болцгоосон. Төрөө “Аргамжаа” кинонд тоглохдоо тавдугаар ангийн хүүхэд байсан. Тэднийх Хайлаастад манайх, Төмөр замд байлаа.

-“Аргамжаа”, “Булингар” кинонд тоглохдоо хэчнээн төгрөгийн цалин, урамшуулал авч байв. Анхны цалингаараа юу авч байсан бэ?

    -“Аргамжаа” кинонд тоглоод 15 мянган төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед маш их мөнгө байлаа. Талыг нь банканд хийгээд, талаар нь өөрийгөө бүрэн хувцаслаад, хоёр тор дүүрэн хүнс аваад харьж байсан. Харин “Булингар”-т тоглохдоо 15 мянгаас илүү цалин авч байсан санагддаг. Тухайн үедээ хурааж, хумихаа мэдэхгүй, идэж, уугаад л дуусгадаг байж дээ.

-Та “Аргамжаа” кинонд тоглоод удаагүй байхдаа “Булингар” киноны Нүрзэдийн дүрд тоглосон байдаг. Тухайн дүрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн юм уу. Урилгаар тоглож байв уу?

    -“Аргамжаа” кинонд тоглоод дуусаагүй байтал Ж.Бунтар найруулагч намайг “Булингар” киноны гол дүрд сонгон шалгаруулалтгүй авч байсан. Тэгээд 1991 оны дөрөв, тавдугаар сар хүртэл “Аргамжаа” киноны зурагт орж дуусчихаад, зун, намар нь “Булингар”-ын зураг авалтаар Өмнөговь аймгийн Номгон, Төв аймгийн Алтанбулаг сум руу явж байсан юм.

-“Аргамжаа”, “Булингар” кинонд тоглочихоод өөрийгөө “од” болчихлоо гэж бодож, онгирч байв уу?

    -Надад онгирох, биеэ тоох зан байгаагүй. Олон сар кино зураг авалтад яваад ирэхээр ангийнхан минь намайг тосож авдаг, сургуулиараа хүлээдэг байсан юм билээ. Тэр үедээ л “од” байсан.  Автобусанд явахад хүртэл хүүхдүүд их таньдаг байсан. Хүүхдүүд надаас “Кинонд тоглохдоо яаж уйлсан юм. Байрны цонхоор орохдоо олсоор яаж дамжиж орсон юм” гээд л байцаачихдаг байсан.

-Тэгээд та кинонд хэрхэн тоглодог тухайгаа найзууддаа ярьж өгдөг байсан уу?

    -Ярьж өгнө. Найруулагч, жүжигчид надад тусалдаг байсан. Миний сэтгэл зүйгээр тоглоно. “Аав, ээж чинь бурхан болчихлоо. Хэдэн дүү нар чинь өнчирчихлөө” гэхээр нь би асгартал уйлчихдаг байлаа. Хүүхэд байсан болохоор сэтгэл зүй амархан хувирна.

ДУУЧИН БОЛНО ГЭЖ МӨРӨӨДДӨГ БАЙСАН Ч АМЬДРАЛЫН ЭРХЭЭР ТОГООЧ БОЛЧИХСОН

-Таны удамд дуулдаг, урлагийн авьяастай хүн байсан уу?

    -Аавын төрсөн дүү Б.Жамьянсүрэн ах Ардын дуу бүжгийн чуулгын уртын дуучин. СУИС-д багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай удамд өөр урлагийн хүн байгаагүй.

-Та дуучин болно гэж мөрөөддөг байсан юм билээ. Тухайн үедээ хэнийг дуурайдаг, дууг нь дагаж дуулдаг байв?

    -Би СУИС-д ороогүй байхдаа  ОХУ-ын буриад дуучин Дугардашийн дуунуудыг цээжилчихээд, дагаж дуулдаг, бичлэгийг нь үздэг байсан. Бас Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Аав, ээж хоёр минь” дууг дагаж дуулдаг байлаа. Харин одоо тогооч болчихсон явж байна.

-Та хүүхэд байхаасаа  хоёр, гурван кинонд зэрэг тоглож, амжилттай уран бүтээлчдийн эгнээнд явж байжээ. Урлагийн салбараас гарсан шалтгаан нь юу байсан бэ. Та энэ салбараас гарсандаа харамсдаг уу?

     -Би дөрвөн дүүтэй айлын том хүүхэд. Аав, ээжийн цалин мөнгө амьдралд хүрэхгүй байсан болохоор дүү нарынхаа сургалтын төлбөрийг олохоор Солонгос явсан минь тэр. Тэнд 7-8 жил болсон. Дөрвөн дүүгийнхээ сургалтын төлбөрийг бэлдэж, одоогийн амьдарч байгаа орон сууцаа худалдаж авч байсан. Гэр бүлийнхнийхээ төлөө зүтгэж байгаад өөрийгөө, хүсэл мөрөөдлөө золиослочихсон гэх юм уу даа. Урлагаас хөндийрсөндөө би харамсдаг. Өдийд бусдын дайтай уран бүтээлч болчихсон байх байсан болов уу гэж боддог.

КИНОНД МӨНХӨЛСӨН ӨӨРИЙНХӨӨ БАГА НАСЫГ ҮЗЭХЭЭР УЙЛЧИХ ГЭЭД БАЙДАГ БОЛЖ

-Одоо өөрийнхөө бага насыг үзэхээр ямар санагддаг вэ?

    -Шингэн хоолойтой хүүхэд байсан юм шиг санагддаг. Киногоо ганцаараа үзэх юм бол бараг л уйлна. Миний хүүхэд насны дурсамж, түүхийг “Аргамжаа”, “Булингар” кино мөнхөлсөн.

-Та Улаанбаатар хотод төрж, өссөн үү?

    -Тийм ээ, би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Төмөр замын 20 дугаар сургуулийг төгссөн. Аав, ээж минь төмөр замд ажилладаг байсан.

-Та 20 дугаар сургуулиа төгсчихөөд ямар сургуульд элссэн юм бэ?

    -“Аргамжаа”, “Булингар” кинонд тоглосны дараа Пионерын ордноос надад “Авьяас” хүүхдийн алтан медаль, СУИС-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг өгч байсан юм.Тэгээд би аравдугаар ангиа төгсөөд СУИС-д оролгүй, “Харцага” кино урлагийн дээд сургуульд кино найруулагчийн ангид суралцаж байгаад, Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн анги руу шилжсэн. Тэндээсээ дахиад СУИС-ийн дуулаачийн анги руу шилжиж, дуурийн дуучин мэргэжлэээр сургуулиа төгссөн. Тэгээд Дуурь бүжгийн эрдмийн театрт оюутан байхдаа ажиллаж, гурав, дөрвөн жил болсон. Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн болохоор зарим хүн намайг Дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн дуучин МУГЖ Б.Гомбо-Очиртой андуурдаг. Бидний нэрийг нэг лам өгч байсан юм билээ.

 


С.ГОМБО-ОЧИР: “АРГАМЖАА” КИНОНД ТОГЛОЖ ДУУСААГҮЙ БАЙТАЛ Ж.БУНТАР НАЙРУУЛАГЧ НАМАЙГ “БУЛИНГАР” КИНОНЫ ГОЛД ДҮРД ТОГЛО” ГЭЖ УРЬСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-13 10:13:17
    Wow: Ёстой олж үзье гэсэн хүнээ олж харлаа. Аргамжаа кино - нээх гунигтай, өвөөгийн дүр, хүүгийн дүрийг би яг бодит юм шиг хүлээж аваад бдаг. Хэдий кино гэж мэдэж байгаа ч. Ёстой гунигтай. Супер жүжиглэлт, тухайн 90 ээд оны байдлыг яг бодитоор харуулсан. Танд эрүүл энх, хүсэл зоригоо буцаан сэргээх урам зоригийг хүсэн ерөөе. Жинхэнэ жүжигчин байх байсан ч байж мэднэ. (Өнөө цагт хиймэл зүйлс, дүр эсгэлтүүд ихсээд жинхэнэ эзэд нь биш хуурамч гарууд суудал эзэлдэг болсоны Гор ихээр гарч, гарсаар байгаа. Энэ хүн жинхэнэ жүжигчин хүн шүү миний хувьд) ( танай сайтны бичигч авах юм алга, хайран ярилцлага)
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188