...Ээж минь намайг багтаа оноо авах гээд ухаан жолоогүй довтолж байхад эсвэл самбараас бөмбөг авах гээд хар хурдаараа тэмцэлдэж байхад хэдийнэ зааланд ирчихсэн “Миний хүү, шууд дамжуул, залаад гүйгээрэй, одоо шид, шид” гээд л хоолойгоо сөөтөл хашхирч, доороо хэдэнтэй үсэрч, дэвхэрээд дэггүй охин шиг бөөн юм болж байдаг сан. Тэр олон хүний дундаас ээжийн минь хоолой л тодоос тод сонсогдоход, надад хурд, хүч, зориг, тэвчээр өмнөхөөсөө хэд дахин нэмэгдэх шиг л болдог байж билээ. Магадгүй би ээжийнхээ дэмжиж байгааг харчихаараа тэнд тоглож байсан тамирчдаас хамаагүй хурдан гүйж, байнга гурвын зооноос шидэж “онгирдог” байсан байж ч мэднэ. Тэр үед би залуухан тамирчин байсан болохоор ээжийгээ өдөр бүр дэмжихээр ирэхэд нь заримдаа ичнэ. Ичсэндээ болоод ээжийгээ гомдоох муухай үг бишгүй хэлчихдэг байж билээ. Гэсэн ч ээж минь огт тоохгүй. Миний тоглолтыг үзэж л байвал нүд нь гялалзаад л баярлаж байгаа гэж жигтэйхэн байдаг сан. Ээж минь манай багийн тоглолтыг, намайг үзэхээр ирэх бүрдээ сагсан бөмбөгт дурлаж, нэг л мэдэхэд миний багш шиг надад зөвлөгөө өгдөг болчихсон байсан. Тэр цагаас бид энэрэлт ээж, хүү байхаас гадна сагсан бөмбөгт хоббитой “найзууд” болцгоосон юм даа” хэмээн бахархал дүүрэн дурсамжаа өгүүлэх түүнийг Тунгалагийн Санчир гэдэг.
Тэр бол монголчуудын хайртай сагсан бөмбөгийн нэгэн том “од”. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн ачлалт хүү. Тэд хэн хэндээ ганцхан заяасан хүмүүс. Тиймээс үргэлж биедээ хань болдог байж. Өглөө босохдоо, хоолоо идэхдээ, инээж баярлахдаа, ажилдаа явахдаа, түрээсийн жижигхэн өрөөнд даарч хонох хүртэлх бүхий л жаргал, зовлонг хамт туулцгаажээ. Тэд энэ хорвоод төрсөн, төрүүлсэн цагаасаа хэзээ ч хагацахгүй юм шиг нэгнийгээ түшиж, биесийнхээ сэтгэлийн галыг өрдөж, дулаацуулсаар хэн нь ч хэнийгээ хайраар дутаалгүй хорвоогийн хамгийн жаргалтай ээж, хүүгийн амьдралаар амьдарсан юм билээ. Харамсалтай нь, жамын ёсоор түүний сайхан ээж энэ хорвоод үгүй болоод хоёр жилийг үдэж байна. Бид Т.Санчирын ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн жаргалтай, нандин мөч, амьдралынх нь үнэн түүхийг уншигч танд хүргэж байна.
-Таны ээжийг монголчууд МҮОНРТ-ийн сэтгүүлч байсан гэдгээр нь илүүтэй таньдаг. Харин та ээжийгээ ямархан эмэгтэй байсан гэж дурсах вэ?
-Ээж минь Завхан аймгийн Идэр суманд 1966 онд төрсөн юм билээ. Гурван настайдаа Улаанбаатарт ирсэн гэдэг. Өвөө, эмээ минь малчин хүмүүс байсан. Өвөө минь хотод ирээд Механик инженерийн сургуульд манаач, эмээ туслах тогоочоор ажиллаж байсан гэдэг. Ээж минь эцэг, эхээс хоёулаа байсан болохоор ээжийн талаас төрөл, садан гэх хүн цөөн. Ээж минь Кино үйлдвэрээс ажлынхаа гараагаа эхлүүлсэн. МҮОНРТ-д 30-аад жил ажилласан байна лээ. Би ээжийгээ ажлаа сайн мэддэг, чадварлаг, уран бүтээлч, авьяастай сэтгүүлч гэж боддог. Ээж минь хэтэрхий шударга, дайчин, зоригтой эмэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ээжийн минь бие өвдөөд эфирт гарах дургүй больчихсон байж билээ. Ээжийн минь гардаж хийдэг байсан “Олон нийтийн цаг”, “Нээлттэй хором”, “Эх сурвалж”, “Хос багана” гээд олон нэвтрүүлэг үзэгчдийн шимтэн үзэх дуртай бренд нэвтрүүлэг болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр дундаа “Хос багана” нэвтрүүлгээрээ ээж минь илүүтэй танигдаж, “Хос багана”-ын Тунгаа болтлоо алдаршиж байлаа шүү дээ. Ээж минь олон хоног ажил дээрээ нойргүй хонодог байсан. Тэр нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн болов уу гэж боддог. Телевизийн ажил их стресстэй, хэцүү шүү дээ.
Ээж бол миний амь, амьдралын эхлэл. Ээжээсээ эрч хүч, зоригийг, ааваасаа тамирчин хүнд байх ёстой төрөлх зан чанарыг авч төрсөн байх гэж боддог. Ээжийгээ би нэг ч удаа "Шантарч байна" гэхийг нь сонсож байгаагүй. "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэдэг шиг би ч гэсэн ээж шигээ хэцүү явдлаа хэн нэгэнд хэлээд байдаггүй. Тийм болохоор ээж миний амьдарлын толь байсан. Ээж минь намайг "Хүнд битгий муу юм хий, өс хонзон санаж болохгүй" гэж байнга захидаг сан.
-Ээж нь таныг сагсчин болно гэхэд нь хэрхэн дэмжиж байсан бэ. Таныг сагс тоглоод ирэхэд нь “Гадаа тоглож өдрийг барлаа, хувцсаа урлаа” гэж зэмлэдэг байсан уу?
-Тухайн үеийн хүүхдүүд эрэгтэй, эмэгтэйгүй байрны гадаа сагс тоглодог байсан. Би сагс сонирхож эхлэхдээ Лос-Анжелес Лейкерс багийн жинхэнэ фен байлаа. Өглөө нь тэдний тоглолтыг үзчихээд өдөржин сагс тоглодог байж билээ. Заримдаа хэтэрхий оройтчих үед ээж намайг “Манайд тэнэмэл хүүхэд хэрэггүй” гээд хаалгаа тайлж өгөхгүй чангалдаг байсан. Гэхдээ ихэнхдээ намайг ойлгож, дэмждэг байсан. Ялангуяа 2007, 2008 оноос миний бэлтгэлийн хувцас, пүүзийг хүртэл угааж өгдөг, хэрэгтэй хувцас хэрэгсэлийг минь авч өгдөг байсан юм. Бэлтгэлдээ яваад хичээлээсээ хоцрогдох юм бол гэрийн багш хүртэл хөлсөлж өгдөг байсан гээд л бод. Энэ бүхнийг эргээд бодоход, ээж минь миний боловсролд их анхаарч байсан. Ээж намайг сагс сонирхож эхлэхэд дургүйцдэггүй байсан нь учиртай байсан биз. Арван жилийн сурагч байхдаа сагсан бөмбөгийн дүүргийн аварга, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, оюутан болоод Ц.Цэвэрбал багшийн шавь болж байсан.
-Таныг сагсан бөмбөг сонирхохоосоо өмнө буюу дөрөв, тавдугаар ангийн сурагч байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэж сонссон. Та бөх болно гэж мөрөөддөг байсан юм уу?
-Намайг бөхийн удамтай гэдгийг уншигчид андахгүй байх. Аав минь намайг өөр шигээ, магадгүй өвөө шиг ард түмний хайртай бөх болгох гэж өөрийнхөө найз болох чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Оюунболд багшийн бэлтгэлд явуулдаг байсан. Спортын ордны “Хангай” клубэд би нэг жил чөлөөт бөхөөр хичээллэсэн. Багш минь Орос руу тамирчид авч яваад ирэх замдаа бурхан болчихсон юм. Тэгээд намайг спортод хөтлөх багш байхгүй болчихсон болохоор би чөлөөт бөхөө орхисон. Харин тавдугаар ангиасаа сагсан бөмбөг сонирхож, өнөөдрийг хүртэл сагсаа тоглож байна. Магадгүй спортын хүн болох эхлэлийг аав, багш хоёр минь тавьж өгсөн байж ч мэдэх юм. Гэхдээ би сагсаар хичээллэж байсан шигээ бөхөд дурлаагүй.
-Ээж нь таны тоглолтуудыг үзсээр байгаад сагсан бөмбөгт дуртай болчихсон гэдэг. Үнэхээр таны фен байсан юм уу?
-Нэг л мэдэхэд ээж минь сагсны “улаан галзуу” фанат болчихсон байсан. 2010-2011 онд ээж минь өдөр бүр Спортын төв ордонд ирж намайг үзэж, хамаг байдгаараа хашхирч, дэмждэг байсан. Тэр үед би ээжээсээ ичээд “Миний тоглолтыг өдөр болгон ирж үзэх хэрэггүй. Битгий байн байн орилоод бай” гэж дургүйцдэг байлаа. Тэр үед би 18 настайдаа улсын шигшээ багийн тамирчин болчихсон үеийнхнээсээ түрүүлээд амжилт гаргаад эхэлчихсэн байсан юм л даа. Ээждээ би тийм муухай зан гаргадаг байсандаа одоо харамсаж, өөрөөсөө ичдэг. 2014, 2015 оноос сагсан бөмбөг илүүтэй хөгжиж хүмүүс ихээр үздэг, дэмждэг болоод эхлэхээр тамирчдын аав, ээж, ойр дотнынх нь хүмүүс Спортын төв ордноос салддаггүй болсон. Ээжийн минь сагсан бөмбөгт дурлаж, надаар жинхэнэ бахархаж байсан үе нь тэр он жилүүд байж дээ гэдгийг би одоо л ухаарч байгаа.
-Ээжийнх нь хувьд хүүгийнхээ тоглолтыг үзэх нь амьдарлынх нь хамгийн жаргалтай мөчүүд, хүүгээрээ бахархсан өдрүүд байсан байх. Та ч бас сайн тоглож, ээжийгээ баярлуулж, ачийг нь хариулсан байх?
-Ээж минь ганц хүүгээ амжилттай явааг хараад баярласан байх. Би чинь ээжийнхээ цорын ганц үр нь шүү дээ. Ээжид сагс үзэхээс өөр хобби тэр үед байгаагүй. Сагсан бөмбөгт сонирхолтой болохоосоо өмнө зөвхөн ажлаа л хийдэг байсан. Ажлын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байсныг нь би мартдаггүй юм. Ээж минь зөвхөн намайг, манай багийг үзэхээс гадна олон тамирчин таньдаг, тоглолтыг нь үздэг, дэмждэг болчихсон байсан. Тоглолт үзэж байхдаа тамирчдыг “Ингэж алдаа, тэгж шидлээ” гэж анализ хийдэг хөндлөнгийн шүүгч, дасгалжуулагч шиг болчихсон байсан. Намайг ч гэсэн “Чи буруу тоглолоо” гэж шүүмжилнэ. Харин сайн тоглох юм бол тултал нь магтдаг байж билээ. Ээж минь өнгөрсөн бүх хугацаанд зөвхөн миний чин үнэнч фен байсан.
-Тухайлбал, таныг хэрхэн шүүмжилдэг байсан бэ. Ээжийнхээ шүүмжийг хүлээж авдаг байв уу?
-Ээж минь эхэндээ буруу, зөв шүүмж хэлдэг байсан. Тэр үед нь би “Та сагс мэдэхгүй байж битгий янз бүрийн юм яриад бай” гээд бас л муухай аашилдаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд оновчтой зөвлөгөө, шүүмж хэлдэг болчихоор нь ээждээ ихэд баярлаж билээ. Бас ээж минь намайг “Чи байнга ялах ёстой. Зөвхөн ялахын төлөө тоглох ёстой. Битгий оройтож унт, архи, дарснаас хол бай” гэж захидаг байсан амьдралын минь хамгийн том багш бол миний ээж байлаа.
-Ээж нь таниар бахархдаг тухайгаа хэрхэн илэрхийлдэг байсан бэ?
-“Ээж нь хүүгээрээ үргэлж бахархдаг” гэж дандаа хэлдэг байсан. Ээж минь бурхан болоод жил гарган болж байна. Ээж бид хоёрыг дахиад жаахан хамт байлгачихгүй дээ гэж юунд ч юм харамсдаг үе бий. Бас ээжтэйгээ хамт илүү их хугацааг өнгөрүүлж болох байсан ч юм шиг санагддаг. Уг нь надад ээжтэйгээ илүү их хугацааг хамт өнгөрүүлэх боломж байсан. Би гэр бүлтэй болоод сүүлийн хэдэн жил тусдаа амьдарсан. Ээжийг “Ирж хоол ид” гэхээр нь “Ядраад байна” гэж залхуураад очдоггүй байсандаа, илүү их хугацааг хамт өнгөрүүлж чадаагүйдээ одоог хүртэл харамсах юм даа. Ээж, аавтайгаа үргэлж хамт байх юм шиг санаж явдаг нь бидний хамгийн том алдаа болдог юм байна.
-Та 2006 онд Дээд лигийн анхны мэргэжлийн тамирчин болж байсан. Тухайн үеийнхээ баярт мэдээг ээждээ хэрхэн дуулгаж байсан бэ?
-2006-2007 оны Дээд лигт анхны мэргэжлийн тамирчин болж, 100 мянган төгрөгийн цалин авч байлаа. Тэр үед би Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байсан юм. “Ёлууд” багийн тамирчдаас сагс тоглоод анх удаа цалин авсан нь би. Тухайн үед ээж минь эмнэлэгт хэвтэж байсан. Цалингаараа ээждээ зориулж хүнс аваад “Ээж ээ, би сагс тоглоод цалин авлаа” гэтэл ээж “Сагс тоглоод цалин авдаг хүн байдаг юм уу. Ямар сайхан юм бэ” гээд итгэж ядан баярлаж байсан нь саяхан мэт л санагдаж байна.
-Та ч гэсэн анхныхаа цалинг аваад урам зориг авч, дэлхийн хэмжээний сагсчин болох хүсэл мөрөөдөл нь илүүтэй асаж байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь жигүүртэй юм шиг л "нисэж" явсан. Анхныхаа цалингаар ээжийгээ баярлуулах үнэхээр сайхан байсан шүү.
-Спорт хүнийг тэсвэр тэвчээртэй, зарчимтай, тууштай болгодог гэж олон хүн ярьдаг. Харин ээж нь таныг ямар хүмүүжлээр хүмүүжүүлсэн бэ. Айлын ганц хүү гээд эрх танхи, дураараа өссөн үү?
-Ганцаараа өссөн болохоор би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн шиг хувиа хичээсэн зантай болчихдог юм билээ. Бэлэг авсан ч ганцаараа авдаг, хоол идсэн ч хамгийн амттай, шимттэйг нь идэж өссөн. “Эцэггүй хүүхдийн толгой том” гэх яриа байдаг ч би тэр үгний эсрэг өсөж, хүмүүжсэн. Ээж минь хамгийн сайн ээж байхын хажуугаар аавын минь оронд аав болж, намайг зэмлэхдээ зэмлэж, хайрлахдаа хайрлаж өсгөсөн болохоор надад дутуу зүйл байгаагүй.
-Та үе дамжсан бөхийн удамтай. Өвөөгийнхөө тухай, аавынхаа тухай уншигчдад ярьж өгөөч. Тэдэнтэйгээ уулзаж байсан уу?
-Надад спортын өгөгдөл, ген өвлөгдөөгүй бол би өдий зэрэгт хүрээ ч үү, үгүй ч үү гэж боддог. Миний өвөө Дарийн Дамдин гэж хүн байсан юм билээ. Бөхөд хайртай хүн бүхэн мэдэх байх. Өвөө минь МУГЖ, Даяар дуурсагдах далай даян аварга, хүндийн өргөлтийн ОУХ-ны мастер гээд урлаг, спортын бүхий л том цолыг авч байсан. Сүүлд өвөөд минь Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг нөхөн олгосон. Харин аав минь 2003 онд улсын гарьд болж байсан. Мөн дэлхийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга. Ийм алдар цуутай хүмүүсийн үр, үргэлжлэл болохоор би өөрийгөө муу, муухай явж болохгүй гэж үргэлж боддог. Аав, ээж, өвөөгийнхөө нэр хүндийг дээд хэмжээнд авч явдаггүй юмаа гэхэд унагаачихгүй юм сан гэж өдөр бүр хичээдэг. Энэ бол миний хувьд маш том хариуцлага. Аавын талынхан болон таньдаг хүмүүс нь намайг үндэсний бөх рүү их шахсан. Бүгд л намайг барилдах ёстой гэж тулгаж байсан. Би учраа мэдэхгүй хүүхэд байсан болохоор аав шигээ, өвөө шигээ бөх болно гээд л дэвэрдэг байсан байх. Харин үндэсний бөх, жүдогоос илүү сагсан бөмбөг миний дуртай, бас хамгийн сайн чадах спорт гэдгийг би эрт ойлгож, мэдэрсэн.
-Та аавтайгаа хамт амьдраагүй ч гэлээ. Уулзаж байсан байх. Аавынх нь хэлж байсан сайхан үг таны сэтгэлд үлдсэн үү?
-Аав минь намайг дөрөв, таван настай байхад гэрт ирдэг байсан. Би тэр үед сургуульд ороогүй байсан болохоор аавтайгаа бараг юм ярьдаггүй байсан байх. Хүмүүс аавын тухай ярихдаа “Дуу цөөтэй. Хүнд тусархуу” хүн байсан гэдэг. Тэгээд би бусдын ярианаас аавыгаа хүчирхэг эр хүн байж дээ гэж төсөөлдөг юм. Ээж намайг бага байхад аавын тухай ярьдаггүй байсан. Харин хожуу аавыг их сайхан сэтгэлтэй, гүндүүгүй эр байсан тухай нь дурсдаг байлаа. Харин би өвөөгийнхөө тухай ном, сонин сэтгүүл, хүмүүсийн дурсамж ярианаас үзэж, сонирхож байсан. Өвөөтэйгөө бараг уулзаж байгаагүй байх. Би аймгийн арслан Б.Төрмагнай ахтайгаа холбоотой байдаг. Нэг эцгийн хүүхдүүд болохоор гар утсаар ярина. Хааяа уулзна. Аавыг заан болсон жилийнх нь наадмаар ах төрсөн гэж ярьдаг.
-Танд аавыгаа санадаг үе байсан л байх. Гэхдээ?
-Хүүхдүүд намайг “аавгүй” гэж гадуурхаж, дээрэлхэж байхад ээж, эмээ, эгч гурав минь л намайг хамгаалж өсгөсөн. Тэр үед би аавыгаа их боддог байсан. Хааяа бусдад дээрэлхүүлэхээрээ “Том болоод гэр бүлээ заавал хамгаана" гэж хатуужиж өссөн. Тэр үеийн амьдрал намайг хурцалсан гэх үү дээ. Ядаж л хүний үг дааж сурсан. Гэхдээ би гурван эмэгтэй хүний хайранд өссөн болохоор аливаад тэгтлээ их хатуурхаж чаддаггүй зөөлөн зантай.
-Та ээжийгээ баярлуулж чадсан гэж боддог уу. Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн хамгийн жаргалтай мөчүүдээсээ нэгийг нь дурсаж ярьж өгөөч?
-Хүмүүс ээжийгээ баярлуулж чадаагүй гэж ярьдаг. Би ч тэдний нэг. Бид хоёрын илүүтэй нягтарсан, биенийгээ ойлгож, хайрласан үе бол 2008, 2009 он. Тэр үед би оюутсан байсан. Ээжтэйгээ III, IV хороололд шинэ байр худалдаж аваад зун нь зараад, мөнгөө банканд хадгалчихсан юм. Гэтэл намар нь орон сууцны үнэ огцом өсөөд байр авахаар хадгалж байсан мөнгө минь дөнгөж талд нь хүрэхээр болчихсон. Тэгээд бид байр авч чадалгүй “Бичил” хороололийн түрээсийн байранд ээжтэйгээ хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Тэр байр маш хүйтэн бас хулганатай байж билээ. Ээж минь хулганаас их байдаг байсан болохоор манайх муур тэжээхээр болсон. Муурны тусгай өрөө, хэвтэр байхгүй болохоор гэрээс муурны шээс үнэртдэг байж билээ. Тэр үед бид илүү их ажиллаж, өмнөхөөсөө их мөнгө олох шаардлагатай болж, биенийгээ илүүтэй таньсан бас хайрласан гэх үү дээ.
-Та хоёр түрээсийн байранд амьдарч байхдаа амьдралыг илүүтэй таньж, хэн хэнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, зүтгэсэн юм шиг санагдаж байна?
-Түрээсийн байранд ээжтэйгээ амьдарч байсан үе минь хэзээ ч мартагддаггүй юм. Ээж минь миний төлөө зүтгэсэн, би ээжийгээ баярлуулах гэж хичээсэн жаргалтай мөч байсан. Би 2013 он хүртэл ээжтэйгээ амьдарсан. Бүх л цаг хугацаанд бид жаргалтай байсан. Өдөр бүр ээжийнхээ хийсэн хоолыг идэж, бэлтгэл сургуульдаа явдаг байж дээ. Ээж минь сэтгэл хөдлөл ихтэй ч гэлээ баргийн зүйлд баярладаггүй байсан. Хүмүүст хатуу хүн шиг харагддаг байсан байх. Хүмүүс ч тэгж ярьдаг байсан. Тийм болохоор ээжийгээ янз бүрийн баяраар тэгтлээ их баярлаж байхыг нь хараагүй. Харин ээжийн хамгийн их баярладаг байсан зүйл нь ердөө манай баг хожих, би хожих л байдаг байсан. Тэгэхээр ээж минь сагсан бөмбөгт үнэн сэтгэлээсээ дурлачихсан, орчихсон хүн байсан байгаа биз. Ээж минь зөвхөн миний төлөө бүх амьдралаа зориулсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд сагс үзэж, манай багийн ялалтыг харж л эрч хүч авдаг болчихсон байсан. Хэрвээ хожигдвол надтай хамт гуниглаад, хожвол хүүхэд шиг дагаж хөөрөөд л жаргалтай нь аргагүй сууж байдаг сан.
-Ээж нь насан туршдаа таниар бахархаж байсан шиг та ч байсан ээжээрээ бахархсаар байгаа байх. Ээжийнхээ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ээж минь ганцаараа энэ амьдарлыг авч явж, намайг өдий зэрэгт хүмүүжүүлсэн. Одоо ч гэсэн ээжээрээ бахархдаг. Амьдралынхаа төлөө, миний төлөө цор ганцаараа зүтгэсэн ээжийгээ бодохоор өрөвдөөд байдаг юм. Намайг бодсондоо л хүнтэй ханилаагүй байх гэж боддог. Ээж минь насан туршдаа гадаа гарч эр, гэрт орж эм болсон доо, хөөрхий. Ээж бол миний амьдралын толь байсан.
-Та 2023 оныхоо аваргыг "тэнгэр байгаа ээждээ зориулсан" хэмээсэн байсан. Тэр үеийнхээ тоглолтын тухай ярьж өгөөч?
-Ээж намайг аварга авах болгонд баярладаг байсан. Харин түрүү жил намайг нэг ч хожигдолгүй тасархай түрүүлэхэд ээж минь байгаагүй. Тийм болохоор би тэр тоглолтуудыг чин зүрхнээсээ ээждээ зориулсан, хичээсэн. Тийм болохоор “Тэнгэрт байгаа ээждээ аваргынхаа тоглолтыг зориулсан" гэдгээ ч хүмүүст хэлсэн.
-Хүмүүс аав, ээжийгээ тэнгэрээс харж байгаа гэж итгэж, ярьдаг. Харин танд тийм бодол төрж байсан уу?
-Ээж минь намайг харж байгаа байхдаа гэж найддаг юм билээ. Тэгж бодох бүрд сэтгэлд нэг ойр, халуун дулаан мэдрэмж төрдөг.
-Та ээжтэйгээ хэр аялж, зугаалдаг байсан бэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв?
-Ээжийн бие амархан өвдчихдөг байсан болохоор хол аялж чаддаггүй байсан. Гэхдээ би ковидын дараахан ээжтэйгээ Хөвсгөл рүү зорьж явсан. Тэр үед ээж минь их баярласан байх гэж боддог.
-Танд сагсан бөмбөгөөс өөр сонирхдог зүйл бий юү?
-Би өмнө нь спортын олон төрөл сонирхдог байсан. Одоо харьцангүй багассан байна. Сагсан бөмбөмгийнхөө карьерийг эвтэйхэн дуусгачихъя гэж бодож байгаа. Тийм болохоор хоёр жил сайхан тоглочихоод дээд лигээс зодог тайлна. Гэхдээ сагсан бөмбөгөө орхихгүй. Зодог тайлчихаараа өөр зүйл сонирхож, хувийн бизнесээ эхлүүлэх байх.
-Дасгалжуулагч болно гэж боддог уу?
-Ойрын жилүүдэд дасгалжуулагч болно гэж бодохгүй байна. Магадгүй 10 жилийн дараа дасгалжуулагчийн карьераа эхлүүлж мэднэ. Сагсан бөмбөгийн төрөлд сурсан мэдсэнээ залуучуудад үлдээх ёстой гэж боддог. Сагсан бөмбөгөөс би ихийг сурч, мэдсэн. Тийм болохоор өөрийгөө спортын салбарт тэр дундаа сагсан бөмбөгт өртэй гэж боддог. Авсныхаа хэрээр сагсан бөмбөгтөө юм үлдээхийг хичээнэ.
-Танд сагсан бөмбөгөө орхих хэмжээний ажлын санал ирж байсан уу. Өөр салбарт хүч үзэх бодол бий юү?
-2011 онд надад улсын зардлаар Канадад зургаан жил сурч, онгоцны нисгэгч болох боломж олдож байсан. Тухайн үед Иргэний нисэхийн даргаар С.Батмөнх гэж хүн ажиллаж байлаа. Тухайн үед надад шийдвэр гаргахад их хэцүү байсан. Онгоцны нисгэгч болчих юм бол сагс тоглож чадахгүй болно гэдгээ мэдэж байсан. Харин амьдралаа бодох юм бол онгоцны нисгэгч болох нь илүү хэрэгтэй ч юм шиг санагдаж байлаа. Тэгээд ээжтэйгээ ярилцаж байгаад сагсан бөмбөгөө сонгосон. Өөрт байгаа бүхий л хүч хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүрхээ сагсан бөмбөгт зориулчихсан болохоор бөмбөгөө орхиж чадаагүй. Сагсан бөмбөгөөр хичээллэснийхээ эцсийг үзнэ гэж бодсоор яваа. Тухайн үед надад сагсаа орхих үнэхээр хайран байсан байх. Одоо онгоцны нисгэгч болдог байж гэж харамсахгүй байхыг бодоход ээж бид хоёр хамгийн зөв шийдвэрийг тэр үед гаргаж дээ гэж боддог.
-Та 2006 онд Ёлууд багт тоглож эхэлснээсээ хойш хэчнээн багт тоглосон байна вэ?
-Ёлууд багт 2006-2009 онд хүртэл тоглож байгаад 2010-2011 онд “Баянзүрх буллс, 2012-2014 онд “Хасын хүлэгүүд” багт, 2015-2016 онд “Шонхорууд”, 2017-2019 онд “Хасын хүлэгүүд”, 2021-2022 онд “Эрдэнэт майнерс”, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд “Налайх Бизон” багийн тамирчин болсон.
-Ээж нь хүнд өвчнөө ялан дийлэхийн тулд ард түмнээсээ хандив хүсэж, аян өрнүүлж байсан. Хандивийн аян өрнүүлэх шийдвэрийг та хоёр хамтдаа гаргасан уу?
-Ээжийг хүнд өвчтэй гэдгийг мэдсэн цагаас манайхан сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. 2017 онд ээж минь хөхний хорт хавдартай болох нь оношлогдсон. Тухайн үед хавдар нь гурав, дөрөвдүгээр шатандаа болтол хүндэрчихсэн байсан болохоор эмч нар ээжийг дээд тал нь нэг жил, доод тал нь 7-8 сарын настай гэж байсан.Тэгээд ээж минь Монголд яаралтай хагалгаанд орж, Тайландад хэдэн сар эмчлүүлж, эмчийн хяналтад оросон. Тэгээд 2021 онд ээжийн бие огцом муудаж, бид Турк явж эмчлүүлэхээр болцгоосон юм. Гэтэл Туркийн эмч нар ээжийн хавдарыг тархиндаа үсэрхийлсэн болохыг оношилж, тархины хагалгаанд орохыг зөвлөсөн ч ямар ч найдваргүй гэж хэлсэн. Хөхний хавдар тархинд үсэрхийлэх магадлал 70-80 хувьтай байдаг гэдгийг монгол эмч нар хэлээгүйд Турк эмч нар гайхаж байсан. Тэр үед би өөрийнхөө хэмжээнд ээжийгээ эмчилье гэж хичээсэн ч сүүлдээ үнэхээр дийлээгүй. Туркэд зөвхөн нэг орны хоногийн төлбөр нь 500 ам.доллар болж байсан. Мэдээж, эмчилгээ хийлгээд эхлэхээр төлбөр нь хэд дахин нэмэгдэнэ шүү дээ. Тэгээд ээжийнхээ өвдөж байгааг зүгээр харж суухаар гээд хандивын аян эхлүүлсэн нь тэр. Хандивын аян өрнүүлэх шийдвэрийг ч би дэмжсэн. Ээж минь ч өөрийнхөө төлөө сайн тэмцсэн, явсан. Тархины хагалгаагаа даахгүй байж магадгүй гэсэн болохоор би ээжийгээ Монголдоо авчирч, эмнэлэгт долоо хоног сахиад алдаж байсан. Сагсан бөмбөгөөр хичээллэсний хүчинд, ээжийн минь сайн сэтгүүлч байсны гавьяагаар бидэнд олон хүн тусалсан. Бидний төлөө санаа зовж, тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлаж явдагаа энэ дашрамд хэлмээр байна. Хүнд яагаад ч дийлэхгүй, ямар ч мөнгөөр үнэлж болшгүй зүйл гэж байдаг юм байна лээ. Ээж минь таван жил өвчинтэйгөө тэмцэж, тэссэн. Тийм л зоригтой, тэвчээртэй хүн байсан даа, ээж минь.
-Хүүхдүүд нь сагсан бөмбөг сонирхож байна уу. Та хүүхдүүдээ сагсчин болгоно гэж боддог уу?
-Том хүү минь 11 настай, дундах нь долоо, бага нь дөрвөн настай. Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү минь сагс сонирхож эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас сагсан бөмбөгийн сургалтад явж байгаа. Гэхдээ би хүүхдүүдээ сагсчин болоосой гэж боддоггүй. Өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, сонирхлоороо л амьдраасай гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье?
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд болон уншигч, үзэгчдэд нь дөрвөн жилийн ойн баярын мэнд хүргэе.
САГСЧИН Т.САНЧИР: ЭЦСЭЭ ХҮРТЭЛ МИНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРСАН ЭЭЖИЙНХЭЭ ХАЙРЫГ БОДОХ ТУСАМ ӨРӨВДӨӨД БАЙДАГ ЮМ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |