Энэ жилийн баяр наадмын хурдан дааганы уралдаанд аман хүзүүдсэн хээр дааганы эзэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, аймгийн арслан Б.Одсүрэнтэй ярилцлаа.
-Энэ жилийн наадмаар таны уясан даага аман хүзүүдэж, наадамчин олныг баясгалаа. Баярын сэтгэгдлээ хуваалцаж, ярилцлага өгч байхдаа их догдолж харагдсан. Та тэр үеийнхээ тухай эргэн дурсвал?
-Даагаа уралдаж байхыг нь телевизээр харж чадаагүй. Манай галынхан л дааганы уралдаан үзэж байгаад “Одсүрээн, даага чинь аман хүзүүдчихлээ, дээл, хувцсаа өмсөөрэй” гэцгээсэн. Манай галын менежер, аймгийн заан Н.Анхбаяр найз минь надад дээл өмсүүлж, тэд л намайг хөлсөлгөөний хашаа руу авч явцгаасан. Хөөрч, баярласандаа хашаа руу орохдоо малгайгаа хаячихсан байсан. Намайг ярилцлага өгч байхад найз минь өөрийнхөө малгайг миний толгой дээр тавьсан гэж байгаа. Түүнийг нь ч би мэдээгүй. Яг уйлчих гээд ярьж чадахгүй байсан мөртлөө “Уйлж л болохгүй шүү” гэж өөртөө хэлж байснаа санаад байгаа юм. Сэтгэл хөдлөөд юу ярьснаа огт санахгүй байсан. Морь минь хурдлаад ирэхээр уйлчих гээд байх юм билээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Одоо ч тэр үеийнхээ шокноос бүрэн гараагүй явна.
-Төв цэнгэлдэхэд нутаг ус, алдар нэрээ дуудуулж, хурдан мориныхоо байг авна гэдэг ховор хувь заяа байх?
-Би Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээн дээр ганц нэг барилдаж, туг тойрч байсан хүний хувьд “Хэзээ нэгэн цагт айрагдсан морио хөтөлж ирээд цэнгэлдэхийг тойрох юм сан” гэж бодож, мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл минь энэ жилийн наадмаар биелсэн. Би наадмын өмнөхөн галынхандаа “Даагаа айрагдуулчихаад нутгийнхаа ой дээр хөтлөөд очно” гэж байсан юм. Улсын их баяр цэнгэл наадамд даага айрагдуулчихаад нутаг руугаа, гэр рүүгээ, ах, дүү нар руугаа явах сайхан л байдаг юм билээ.
-Та хээр даагаа улсын наадамд айрагдана гэдэгт итгэлтэй байсан уу. Наадмын өмнөхөн танд даага нь хурдлах юм шиг зөн мэдрэгдэж байв уу?
-Хүй долоон худагт “Богдын хурд” галынхантайгаа гэрээ барьсан. Наадам дөхөх тусам догдолж байсан. Наадмын эхний өдрөөс Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат С.Гал-Эрдэнэ дүүгийн минь азарга түрүүлж, бид баярлаж эхэлсэн. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ байсаар байгаад даагаа мордуулсан. Хээр даагаа айрагдана гэдэгт итгэлтэй байсан. Даагаа мордуулж байхад төрүүлж, өсгөсөн аав, ээж, нутаг, ус өөрийн эрхгүй бодогддог юм билээ. "Нутаг ус, аав, ээжийн минь буян заяа түших болтугай" гэж бодож, ерөөсөн. Наадмын өглөө аав, ээж минь бүр ч их бодогддог юм билээ. Аав минь моринд хайртай, морио дээдэлж, шүтдэг хүн байсан.
-Та сэтгэл хөдлөл ихтэй хүн үү. Улсын баяр наадмаар морь нь хурдлахаар өөрийн эрхгүй тэгж баярладаг юм байна уу?
-Би сэтгэл хөдлөл өндөртэй. Хүүхэд шиг амархан баярладаг. Бас сумынхаа 100 жилийн ойн баяр наадмаар улсдаа морь айрагдуулах юм сан гэж олон жил бодож, зорьсон. Хүн зорилгодоо хүрэхээр их л баярладаг юм байна. Би энэ жилийн баяр наадмаар баярлаж байсан шигээ өмнө нь тэгтлээ их баярлаж байгаагүй байх. Энэ жилийн наадмаар л их баярлачихлаа. Хүмүүс эерэг, сайхан сэтгэгдэл бичсэн байна лээ. Би одоо хүртэл өөрийгөө тэгж их баярласанд гайхаад л байгаа. Тэр үед юу хийж, юу хэлснээ ч заримыг нь санахгүй байна. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр ярьчихсан нь олон түмэнд их хүрсэн юм уу гэж бодсон. Хүмүүс намайг "Од болсон л" гээд байсан. Наадамд морь айрагдуулна гэдэг зөвхөн миний баяр биш юм байна. Ах, дүү, найз нөхөд, нутаг усныхан бүгдээрээ баярлаад, их сайхан байлаа.
-Та Г.Ганбаяр гэж хүнтэй ямар холбоотой вэ. Хурдан дааганых нь угшил тэдний адуунаас гаралтай байх?
-Миний даага Сэлэнгэ аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяач Гантөмөрийн Ганбаяр дүүгийн минь унаган адуу. Г.Ганбаярын бал азарганы төл. Энэ жилийн наадмаар Г.Ганбаярын бал азарганы гурван төл нь улсын баяр наадамд айрагдсан. Хамар цагаан хээр морь айргийн тавд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Тод манлай уяач Д.Хишигжаргал ахын хээр үрээ аман хүзүүдсэн бол миний даага мөн аман хүзүүдсэн. Гурвуулаа нэг эцэгтэй, нэг айлын адуу. Нэг азарганы төлүүдээр манай галынхан дэлгэр сайхан наадсан. Би Г.Ганбаяртаа их баярлаж байгаа. Дүүгээ багаас нь мэддэг, хар бор ажил хамт хийж байсан. Тэр утгаараа дүү минь “Хурдан даагаа ахдаа өгнө” гээд надад бэлэглэж байсан юм. Хаврын мянган ам.долларын шагналтай дааганы уралдааны үеэр хээр даага минь их хурдан байсан, гэхдээ уралдуулаагүй. Улсын наадамд уралдуулъя гэж зорьсон нь энэ.
-Та хээр даагандаа нэр өгсөн үү. Дааганыхаа хурдан шинжүүдээс дурдаж болох уу?
-Би наадмын маргааш нь хээр даагадаа "Од хээр" гэж нэр өгсөн. Од гэдэг нэрийг хурдан моринд өгнө дөө гээд боддог байсан. Энэ даагандаа л өгөх гээд байсан юм билээ. Дараа жилийн наадмаар Од хээр гэж дуудуулах байх аа. Миний хээр даага их сайхан нүдтэй, жижигхэн биетэй. Энэ жилийн наадмаар уралдсан даагануудаас хамгийн жижиг нь миний даага байсан.
-Та аавыгаа моринд дуртай, хайртай хүн байсан гэлээ. Аав нь морь уядаг байсан уу?
-Манайхан удмаараа морь уядаг, морио шүтдэг, морин дээр өссөн хүмүүс. Аавыг минь Багадаваа гэдэг байсан. Манайд нэг хурдан буурал даага байсан юм. 1992 онд даага минь сумандаа түрүүлэхэд аав надад “Миний хүүд хурдан морь заяаж дээ. Морь дагаж бөх төрдөг юм гэсэн. Миний хүү бөх болно” гэж хэлж байсан юм. Тэр үг энэ жилийн наадмаар даагаа мордуулахад санагдаж байлаа. Түүнээс хойш 1996 онд буурал морь минь соёолон насандаа сум, аймагтаа түрүүлээд, Бугантын модны аж ахуйн 70 жилийн ойд түрүүлж, сайхан наадацгааж байсан. Тэр жил би аравдугаар ангийн сурагч байлаа. Сумынхаа цол олгох барилдаанд түрүүлж сумын начин болсон. Тухайн үед моринд минь хивс, надад 40 литрийн бидон өгч байсан. Шагналаа аваад аав, ээждээ очиж байсан үе хамгийн сайхан байж дээ. Тухайн үед морь бид хоёр сумандаа хэсэг яригдаж, сайхан наадаж байлаа. Дараа нь Сэлэнгэ аймгийн ойн баяр наадмаар буурал үрээгээ хөтлөөд барилдах санаатай очиж байсан ч сүрдээд барилдаж чадаагүй. Харин буурал үрээ минь тасархай хол түрүүлж байсан.
-Та хэдэн онд аймгийн арслан болсон юм бэ. Аравдугаар ангийн сурагч байхаасаа л барилдаж эхэлсэн гэсэн үг үү?
-1996 онд сумын начин болсон. 2004 онд аймгийн начин, 2006 онд аймгийн заан, 2014 онд аймгийн арслан болсон. Түүнээс хойш хурдан моринд илүүтэй дурласан. Хүүхэд байхдаа моринд хайртай, дуртай байсан болохоор морь уяж, уралдах сонирхлоо ажил хэрэг болгосон.
-Та багадаа хурдан морь унадаг байсан уу?
-Сунгаанд морь унадаг байсан. Том биетэй байсан болохоор наадамд хурдан морь унаж байгаагүй. Багадаа аавынхаа хийж өгсөн эмээл дээр дүүтэйгээ сундлаад наадамладаг байлаа.
-Таны бодож, тээж явдаг олон жилийн мөрөөдөл энэ жилийн баяр наадмаар биелжээ. Хэсэг хугацаа өнгөрөөд эргээд бодоход ямар санагдаж байна вэ?
-Нутаг, ус, аав, ээжийнхээ нэрийг гаргаад төрийн наадамд даага аман хүзүүдүүлнэ гэдэг дээлэндээ багтахгүй баяр юм. Баяр баярын дээд нь энэ жилийн наадам байлаа. Ерөө сумын минь 100 жил энэ жил тохиосон. 100 жилийн түүхэнд Ерөө сумаас улсын наадамд морь айрагдаж байгаагүй юм билээ. Анхны аман хүзүүг авч очсондоо их баяртай байгаа. Сумын минь түүх нэгээр нэмэгдсэн гэж бодож байна.
-Нутгийнхан нь танд олон сайхан ерөөлийн үг хайрласан байх. Таныг хэрхэн хүлээж авсан бэ?
-100 жилээр сумандаа очиход нутгийнхан минь их сайхан хүлээж авсан. Одоог хүртэл хүмүүс баяр хүргэж, ерөөлийн сайхан үгээ хэлсээр байгаа.
-Дааганыхаа уяа сойлгыг “Богдын хурд” галынхантай тааруулсан уу. Хэдэн оноос улсын наадамд морь уралдуулсан бэ?
-Дааганы минь уяа сойлгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Т.Сайнбаяр гэдэг залуу тааруулсан. Би сүүлийн таван жил улсад морь уралдуулсан байна. Ноднингийн наадмаар миний шүдлэн үрээ 14-т ирсэн. Энэ жил даага минь аман хүзүүдэж, сайхан наадлаа. Ерөө сумаас минь хурдан хүлгүүд "төрж", улсын баяр наадмаас олон айраг, түрүү аваасай гэж ерөөе.
АМАН ХҮЗҮҮДСЭН ДААГАНЫ ЭЗЭН Б.ОДСҮРЭН: МӨРӨӨДӨЛ МИНЬ БИЕЛЭХЭД СЭТГЭЛ ХӨДЛӨӨД ЮУ ЯРЬСНАА Ч САНАХГҮЙ БАЙСАН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |