• Өнөөдөр 2025-05-26

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.ЧИНЗОРИГИЙН ОХИН СУВДАНЦЭЦЭГ: УУЛЗАЖ ҮЗЭЭГҮЙ ААВЫНХАА “НАМРЫН ДУРСАМЖ”, “ДУУНЫ ХОРВОО” ДУУНД ХАЧИН ИХ ХАЙРТАЙ

2024-05-28,   801

-ХАТУУ ТАВИЛАНГИЙН ЭРХЭЭР ААВ БИДНИЙГ, БИД ААВЫГАА ХАРЖ ЧАДААГҮЙ-

          Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ихэр охидоо хорвоод мэндлэхээс 14-хөн хоногийн өмнө бурхан болж, тэднийгээ харж амжаагүй гунигт түүхтэй. Гэхдээ түүний үргэлжлэл болсон охид өдгөө аавынхаа үлдээсэн алдар гавьяаг үргэлжлүүлсэн үзэгч, сонсогчдын сэтгэлийг долгисуулсан чадварлаг хөгжимчид болж, үзэгч, сонсогчдын алга ташилтан дунд амжилт, бүтээл дүүрэн хөдөлмөрлөсөөр үеийнхнээсээ эн тэнцүү хоёул онцгойрч явна. Тэд аавыгаа хэрхэн дурсаж, үйл хэргийг нь яаж үргэлжлүүлэхээр зорьж байгаа талаар нь Өвөрмонголд ажиллаж, амьдарч байгаа охин Ч.Сувданцэцэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн охин гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байж мэднэ. Гэхдээ ээж нь та хоёрыг урлагт тэр дундаа хөгжимд дуртай болгож хүмүүжүүлсэн юм билээ. Та хоёр хөгжмөөс өөр зүйл сонирхож, хичээллэж байсан уу?

     -Ээж биднийг гэдсэндээ байхаас л аавын хөгжим, аялгуунуудыг сонсгож байсан гэдэг. Бас Монголын нэрт зураачдын бүтээлийг гэртээ хадгалж, өлгөх дуртай байсан болохоор биднийг багаас урлагт хайртай болгож, өсгөсөн. Бид цэцэрлэгт байхаасаа л соёл урлагийн арга хэмжээнд анги, цэцэрлэгээ төлөөлж оролцдог байлаа. Хэрэв би Хөгжим бүжгийн коллежид ороогүй бол уран гимнастикч юм уу зураач болох байсан байх.

-Аавынхаа хайр, халамж, сургаалийг сонсож амжаагүйдээ харамсдаг үе олон байх. Гэхдээ “Бид Монголын нэрт хөгжмийн зохиолч Чинзоригийн охид шүү дээ” гэж ааваараа бахархдаг болов уу гэж бодлоо?

   -Агуу их авьяастай хүний охид болж төрсөндөө бид үргэлж бахархаж, баярлаж явдаг. Тийм болохоор аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нэрийг нь сэвтээчихгүй юм сан гэж хичээдэг. Бидэнд үүнээс илүү, чухал хариуцлагатай үүрэг, хувь заяа гэж байхгүй. Аавтайгаа уулзаж чадаагүйдээ харамсах үе байдаг ч бүтээлийг нь, аавынхаа тухай дурсамж сонсох сайхан байдаг. Бидний сэтгэлийн гүнд гомдол, харуусал үлдсэн ч аав минь өөрийнхөө авьяас, билиг, агуу бүтээлүүдээ монголчуудад зориулан мөнхөлчихөөд буцах тавилантай ховорхон хүн байсан юм байлгүй дээ. Ээж минь ааваас дутахааргүй урлагт хайртай болохоор биднийг “Аавынхаа бүтээлүүдийг амьдруулж, үргэлжлүүлж яваасай” гэсэндээ багаас минь урлагаар хүмүүжүүлсэн байх.

-Аав нь та бүхэнтэй амьдарч байсан бол?

  -Аавтайгаа уулзсан бол, хамт амьдарсан бол би дуу, хөгжимд одоогийнхоос илүү дурлах байсан байх. Аав минь ч олон сайн бүтээл туурвих байсан нь гарцаагүй. Бид аавынхаа шинээр бичсэн хөгжмийнх нь талаар ярилцаад л, аав бидэнд зөвлөөд л ямар сайхан байх байсан бол. Бидний уран бүтээлч болох хүсэл, урам зориг улам их оргилох байсан даа. Магадгүй би аавдаа Номиогоос илүү эрхлэх байсан байх аа.

-Аавынхаа нь тухай сонсож байсан дурсамжуудаас хамгийн сайхан, мартагдашгүй нь юу вэ?

  -Аавын тухай олон сайхан дурсамж сонсож байсан. Аавыг сайхан дуулдаг, алиа хошин зантай, хаа явсан газраа инээд хөөр, баяр баясал түгээдэг байсан гэж ихэнх нь ярьдаг. Бид ээжийнхээ аавын тухай ярьдаг дурсамжаас л аавыгаа ямар хүн байсныг төсөөлж, хажуудаа байгаагаар мэдэрч өссөн. Аав, ээж хоёрын хайрын түүх их сайхан санагддаг. Ээжийг “MN25” суваг телевизэд ажиллаж байхад тус телевизийн захирал З.Алтай “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгийнхээ нэг удаагийн дугаарт “Намрын дурсамж” дуу хэрхэн бүтсэн болохыг хийхийг даалгасан гэдэг. Ээж даалгавраа биелүүлэхийн тулд аавыг “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгийнхээ зочноор оролцохыг олон удаа урьж, эцэст нь зөвшөөрүүлж чадсан. Тухайн үед аавын бие, сэтгэл санаа таагүй эмнэлэгт хэвтэж байсан юм билээ. Тийм болохоор ээжийн нэвтрүүлэгт урьсан саналыг хэд, хэд хойшлуулсан гэсэн. Эхэндээ ээж аавын сэтгэл санаа гундуухан байгааг мэдчихээд өрөвдөж, уран бүтээлчийнх нь хувьд хайрлаж, сэтгэлийн дэм өгч байсан гэдэг. Тэгээд удалгүй нэг нэгэндээ татагдаж, гэр бүл болцгоосон түүхтэй. Хорвоогийн хатуу тавилангийн эрхээр аав биднийг, бид аавыгаа харж чадаагүй нь харамсалтай.

-Ээж нь та хоёрыг бусдаас дутуу явуулахгүйн тулд аавынх нь үүргийг давхар биелүүлэх гэж өнөөдрийг хүртэл хичээж яваа байх. Ээждээ хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй үг бий юү?

   -Аавын үлдээсэн хоосон зайг ээж, ах хоёр минь дэндүү сайн нөхдөг. Ээж минь өдийг хүртэл биднийг юугаар ч дутаалгүй, хэний ч дор орохооргүй мэргэжилтэй, өөртөө итгэлтэй хүмүүс болгож өсгөсөн. Ээж минь бидний төлөө үргэлж өөрийгөө хурцалдаг, ялан дийлдэг хүчтэй эмэгтэй. Тийм болохоор ээжээрээ бид маш их бахархдаг. Ээжийнхээ ачийг хариулж, жаргаах юм сан гэж боддог ч чадаагүй л явна. Ээж минь олон жил телевизэд ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Харин ах минь гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Ээжийгээ бидэнтэй хамт урт удаан, жаргалтай сайхан амьдраасай гэж хүсдэг.

-Аавынхаа уран бүтээлийг сонсоход танд ямар мэдрэмж төрдөг вэ. Зарим хүн аавынхаа тоглосон кино, хөгжмийг сонсож чаддаггүй, уйлдаг, сэтгэл санаа нь үймэрдэг гэж ярьдаг. Таны хувьд?

   -Аавын минь хөгжмийг хэн ч сонссон ойлгохоор энгийн, даруу боловч эгшиг, аялгуу бүр нь сэтгэлд хүрдгээрээ эгэлгүй болоод давтагдашгүй. Аавынхаа “Үүлэн цэнхэр хангай”, “Дууны хорвоо”, “Намрын дурсамж”, “Хожуу хайрын дуу”, “Эцсийн тушаал жүжгийн дуу” хөгжмийн бүтээлээс нь “Симфонита”, “Мөрөөслийн аяз”-ыг уйлсан ч хамаагүй сонсох дуртай. Аавын бүтээлүүд биднийг аргадаад байгаа юм шиг санагддаг. Аав минь хэдий бидэнтэй хамт байхгүй ч бүтээлээрээ ярьж, дуулж, хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь сайхан.

-Та хоёрын хэнийг аавтайгаа адилхан гэдэг вэ?

   -Эмээ минь (аавын ээж) намайг бага байхад “Аавтайгаа адилхан хар үстэй” гэдэг байсан. Аав өтгөн хар үстэй байсан юм билээ. Харин том болох тусам би ээжтэй, Номио аавтай адилхан болсон санагддаг. Ээж минь намайг “Аавтайгаа адил алиа хошин зантай, марзан яриатай” гэдэг.

 -Аавыгаа ямар үед хамгийн их үгүйлдэг вэ?

   -Аавынхаа хөгжмийг сонсохдоо баярт мөчүүдэд их санадаг. Аав гуравдугаар сарын 8-нд төрсөн болохоор жил бүрийн тэр өдөр илүүтэй бодож, үгүйлдэг. Аавтай минь хамт уран бүтээл туурвиж, найзалж, нөхөрлөж явсан алдарт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Н.Жанцанноров нарын томоохон дуурь, симфонийг сонсож байхдаа “Аав минь байсан бол ямар сайхан бүтээлүүд “төрөх” байсан бол” гэж харамсаж, санагалзаж байгаад л үнэнтэй эвлэрдэг дээ.

-Төгөлдөр хуур тоглоход танд ямар мэдрэмж төрдөг вэ. Аав, ээждээ зориулж аялгуу тоглож байсан уу?

    -Хөгжмийн зохиолчдын сэтгэл хөдлөл, төсөөллийг өөрийнхөөрөө мэдэрч, сонсогчдод хүргэдгээрээ бидний мэргэжил гайхамшигтай. Хөгжим хүний олон төрлийн араншин, сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг. Сургуульд байхдаа ихэвчлэн өөртөө зориулж, өөрийнхөө ур чадвараа ахиулахын тулд хөгжим тоглодог байжээ. Долоо, наймдугаар ангид байхдаа нэг удаа аавынхаа “Мөрөөслийн аяс” аялгууг ихэртэйгээ хамт ээждээ зориулж хуучир хөгжмөөр тоглож байсан минь сэтгэлд тод үлджээ. Аавынхаа бүтээлийг ээждээ зориулан тоглож байхдаа хөгжим тоглож сурч байгаагаа анх удаа мэдэрсэн хамгийн сайхан мөч байлаа.

-Та аавынхаа эдэлж, хэрэглэж байсан зүйлсээс юуг нь нандигнан хадгалдаг вэ?

  -Аавын минь эдэлж, хэрэглэж байсан зүйлс Булган аймгийн музейд байдаг. Ааваас минь үлдсэн хамгийн үнэт зүйл бол гар бичвэр, ноорогууд нь. Тухайлбал, “Намрын дурсамж”, “Хорвоо” зэрэг дууных нь ноорог, нотуудыг нь эргүүлж харах дуртай. Нэг харчихсан байхад сэтгэл сэргээд сайхан болчихдог юм.

-Та нэрт хөгжмийн зохиолчийн хүүхэд гэдгээ мэдэрч байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

  -Аавын төрсөн нутаг болох Булган аймгийн Могод суманд найзууд нь аавын нэрэмжит уран бүтээлийн тоглолт, уралдаан, тэмцээн цөөнгүй зохион байгуулж байсан. 2005 оны тоглолтоор бид жаахан байсан болохоор аливааг төдийлөн сайн ойлгохгүй дуулаад л өнгөрч байсан. Харин 2015 оны тоглолтоор бид алдартай уран бүтээлчидтэй тайзан дээр хамт гарч, хөгжмөө тоглож, оролцсон. Тэр үед “Ямар олон хүн биднээр, ааваар минь бахархдаг юм бэ” гэдгийг мэдэрч, илүү сайн хичээж, хөдөлмөрлөж, аавынхаа нэрийг өндөрт өргөх ёстой гэдгээ ухаарч байсан.

-Нэг эсийн ихэр, хоёр эсийн ихэр гэдгээрээ ихрүүд ялгаатай юм билээ. Харин та хоёрын хувьд адил болон ялгаатай зүйл нь юу вэ?

  -Миний ихрийг Ч.Номинцэцэг гэдэг. Би 2007-2018 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч, Номио хийлчээр суралцаж, төгсөөд, 2018-2022 онд СУИС-д мэргэжлээрээ дахин суралцсан. Номио маань 2019 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжмийн ангид, би 2021 оноос тус театрын балетын ангид мэргэжлээрээ ажилласан. Харин би өнгөрсөн хоёрдугаар сараас ӨМӨЗО-ы Ордос хотод хөгжмийн багшаар ажиллаж байна. Бид хоёр эсийн ихэр болохоор гаднах төрх, зан аашаараа өөр. Харин сонирхлоороо адил. Багаасаа дуулах, бүжиглэх, хөгжимдөх, зурах дуртай байсан болохоор бүхнийг хамт хийдэг байлаа. Би ховорхон хувь заяатай хүмүүс ихэр болж төрдөг гэж боддог. Ээжийнхээ хэвлийд хүртэл хамт бойжиж, бүх цаг үед нэгнийгээ нөхөж, ойлгож, нэгэндээ тусладаг болохоор ганцаардаж үзээгүй.

-Таны зорилго, мөрөөдөл юу вэ. Аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэж боддог уу?

 -Аавынхаа бүтээлүүдийг тасралтгүй эгшиглүүлж, Монголын хөгжмийн урлагийн салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж, хичээдэг.

-Таныг жаргалтай болгодог зүйл юу вэ?

      -Миний амьдралын хамгийн үнэт зүйл бол аав, ээж, гэр бүл минь. Аавынхаа авьяас билэг, бүтээлүүдээр ээжийнхээ агуу их хайр, сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужлаар бахархдаг болохоор би өөрийгөө жаргалтай хүн гэж боддог.

Ийн нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн ихэр охид аавынхаа үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлэх гэгээн замдаа хэдийнэ гарчээ. Тэд унасан ч, боссон ч аавынхаа сор болсон хосгүй бүтээлүүдийг тасралтгүй эгшиглүүлж, үргэлжлүүнэ гэдгээ амьдралынхаа зорилго, хөгжимчин болсныхоо утга учир болгочихоод жигүүрлэж явна. Аавынхаа хүрсэнд хүрэх, хүрээгүйг нь гүйцээх тэдний урлагийн их зам үргэлж дардан байг ээ.


ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.ЧИНЗОРИГИЙН ОХИН СУВДАНЦЭЦЭГ: УУЛЗАЖ ҮЗЭЭГҮЙ ААВЫНХАА “НАМРЫН ДУРСАМЖ”, “ДУУНЫ ХОРВОО” ДУУНД ХАЧИН ИХ ХАЙРТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188