• Өнөөдөр 2024-05-03

Г.БОЛОРТУЯА: МОНГОЛ УЛСЫН ХОЁР САЯ ДАХЬ ИРГЭН БОЛЖ ААВ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛСНААС ӨӨРӨӨР БАЯРЛУУЛЖ ЧАДААГҮЙДЭЭ ХАРАМСДАГ

2024-03-15,   488

"СУВИЛАГЧ МИНЬ МИНИЙ НЭРИЙГ ӨГЬЕ ГЭЖ ЭЭЖЭЭС ГУЙСАН ЮМ БИЛЭЭ"

Монгол Улсын хоёр сая дахь иргэн Г.Болортуяа нь 1988 оны долдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Дархан хотод мэндэлжээ. Тухайн үед Засгийн газраас Г.Болортуяагийн аав, ээжид гурван өрөө орон сууц бэлэглэж байсан. Мөн Г.Болортуяатай нэг цагт мэндэлсэн 25 хүүхдэд “БНМАУ-ын хоёр сая дахь иргэн” хэмээх дурсгалын медаль хадгалуулж байсан гэдэг. Монгол Улс 1962 онд нэг сая иргэнээ, 1988 онд хоёр сая дахь иргэнээ, 2015 онд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ. Монгол Улсын хоёр сая дахь иргэн Г.Болортуяатай холбогдож, ярилцлаа.

-Та Дархан хотоос Монгол Улсын хоёр сая дахь иргэнээр тодорч байсан юм байна. Айлын хэд дэх хүүхэд вэ?

     -Би 1988 онд долдугаар сарын 10-ны 00:10 цагт 3.2 килограмм жинтэй, эрүүл саруул төрж, монголчуудын хүсэн хүлээсэн хоёр сая дахь иргэн болж байсан юм билээ. Тухайн үед буюу долдугаар сарын 9-10-нд шилжих шөнө улсын хэмжээнд 279 хүүхэд мэндэлсэн гэдэг. Тэдний 25-ыг нь Монгол Улсын хоёр сая дахь иргэнээр бүртгэж, 254-ийг нь үе чацуутнаар бүртгэсэн юм билээ. Би айлын бага охин. Дөрвөн ах, нэг эгчтэй. Аавыг минь Ц.Ганбаатар, ээжийг Б.Оюун гэдэг байсан. Ээж минь Нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчин, аав минь токорчин байлаа.  Аав намайг наймдугаар ангид байхад өвчний улмаас, ээж минь 10 дугаар ангид байхад гэнэтийн ослоор бурхан болж байсан. Аав, ээж минь эрт бурхан болсон ч гэлээ би тэднийхээ дэргэд байгаа гэж боддог. 

-Аав, ээж нь таныг мэндлэхэд тэр тусмаа Монгол Улсын хоёр сая дахь иргэн боллоо гэхэд нь ихэд баярлаж байсан нь лавтай. Тухайн үед чухам яаж баярлаж байсан тухай нь та сонсож байв уу?

     -Аав, ээжээс минь гадна Дарханыхан, Монгол даяараа намайг төрөхөд баярлаж байсан гэдэг. Аав, ээж минь намайг төрөхөд хүү нь аварга болчихсон юм шиг л баярлаж байсан гэдэг. Би багадаа аав, ээжээсээ сайн асууж, лавлаж байсангүй. Ах, эгч нар минь ч залуу хүүхдүүд байсан болохоор төдийлөн анхаарч, чухалчилж асуудаггүй байсан байх.

-Танд хоёр сая дахь иргэн болсных нь дурсгалын тэмдэг бий юү?

    -Ээж бид хоёрт хоёуланд нь байдаг байсан. Ах минь гадаад руу явахдаа бид хоёрын тэмдгийг хадгалж байя гээд аваад явсан. Ах минь ээж бид хоёроор бахархдаг болохоор тэр байх.

-Та ухаан орсон цагаасаа л өөрийгөө хоёр сая дахь иргэн гэдгээ мэдсэн байх. Хүмүүс одоо ч таныг хаана, юу хийж яваа бол гэж сурагладаг байх гэж бодож байна?

    -Тэгэлгүй яах вэ. Цэцэрлэгт байхаасаа л өөрийгөө Монгол Улсын хоёр сая дахь иргэн гэдгээ мэддэг байсан. Гэхдээ ямар ач холбогдолтой болохыг нь төдийлөн сайн мэддэггүй байлаа. 2015 онд Монголжин охиныг гурван сая дахь иргэн болоход л би өөрөөрөө илүү бахархаж, чухал үйл явдал болдогийг мэдэж байсан.

-Таны нэрийг хэн өгсөн бэ. Хоёр сая дахь иргэний нэрийг хэн нэгэн учрал, ерөөл бэлгэдэж өсгөн байх?

     -Миний нэрийг намайг эх барьж авсан эмч өгсөн гэдэг. Намайг эх барьсан эмчийг н.Ариунаа, эх баригчийг н.Цэрэннадмид гэдэг байсан юм билээ. Сүүлийн үед эмч нартайгаа холбогдоогүй болохоор хаана, хэрхэн амьдардагийг нь сайн мэдэхгүй байна. Уг нь аравдугаар ангиа төгстөлөө эх барьж авсан эмч дээрээ очиж золгодог байсан. н.Ариунаа эмч ээжээс “Би охинд чинь нэр өгч болох уу” гээд намайг эрүүл, чийрэг өсөн бойжихыг бэлгэдэж, Болортуяа” хэмээх нэр өгсөн юм билээ. Эгчийг минь Алтантуяа гэдэг болохоор ээж минь эмчийн өгсөн нэрийг дуртай хүлээж авсан гэдэг.

Г.Болортуяагийн ээж Б.Оюун

-Хоёр сая дахь иргэдэд болон үе чацуутан хүмүүст дурсгалын тэмдэг, бэлэг өгсөн гэдэг. Аав, ээжид нь ямар урамшуулал өгсөн байдаг вэ?

     -Тухайн цагт төрсөн 25 хүүхдэд хотын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, эмэгтэйчүүдийн холбоо, эцэг, эхийн ажлын газрын удирдлага, хамт олон нь амьд цэцгийн баглаа гардуулж, баяр хүргэж, хоёр сая дахь иргэнийг бэлэгдсэн дурсгалын тэмдэг, гурван өрөө байр өгч байсан гэдэг. Манайх улсаас өгсөн байранд олон жил амьдарч байсан.

-Та тэр байрандаа хэдэн жил амьдарсан бэ. Одоо байдаг уу?

      -Манайх найм, есөн жил амьдарсан санагдаж байна. Одоо тэр байранд өөр хүмүүс амьдардаг. Хэдийгээр байрандаа амьдардаггүй ч гэлээ хажуугаар нь явахад дотно сайхан санагддаг. Би Дархан хотод төрж, өссөн болохоор  хаашаа ч явсан заавал эргэж ирдэг. Дархан хот минь миний зүрх, сэтгэлд үргэлж уяатай байдаг. Миний амьдралын бүхий л сайхан дурсамж энэ хоттой минь холбоотой болохоор холдож чаддаггүй. Тийм болохоор нөхөр, хоёр охиныхоо хамт Дархандаа суурьшиж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ. Монгол Улсын хоёр сая дахь иргэн БНХАУ-д суралцаж байна гэх мэдээ гарч байсан. Хятадад хэдэн жил болсон бэ?

    -Би хятадад 2016-2020 он хүртэл сурч, ажилласан. Түүнээс хойш дахиж явж амжаагүй байна. 

-Ярилцсанд баярлалаа. 


Г.БОЛОРТУЯА: МОНГОЛ УЛСЫН ХОЁР САЯ ДАХЬ ИРГЭН БОЛЖ ААВ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛСНААС ӨӨРӨӨР БАЯРЛУУЛЖ ЧАДААГҮЙДЭЭ ХАРАМСДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188