• Өнөөдөр 2024-04-29

Ц.БЯМБА-ОТГОНЫ АХ Ц.АМАРТАЙВАН: Дүү минь улсын арслан болбол Өвөрхангайн бөхийн түүх зузаарах ч бидэнд цолондоо дүүрэн барилдаж байвал сайхан

2023-10-03,   10186

-ДҮҮ МИНЬ ТӨГРӨГИЙН ШАРГАЛ ЭЛСЭН ДЭЭР БАЙРНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ БАРИЛДАЖ, НОЦОЛДОЖ БАЙГААД Л БӨХ БОЛОХ СОНИРХОЛТОЙ БОЛСОН ГЭДЭГ-

     Улсын гарди Ц.Бямба-Отгон энэ жилийн баяр наадамд улсын начин Х.Цоггэрэлээр дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав, улсын харцага Ш.Пүрэвгардиар зургаа, улсын заан Б.Пүрэвсайханаар долоо, улсын даян аварга Н.Батсууриар найм даван үзүүрлэж, улсын гарди цолны болзол хангасан. Харин улсын гарди М.Бадарчид есын даваанд унасан боловч М.Бадарч сэргээш хэрэглэсний улмаас түүнд улсын арслан цол нөхөн олгохоор Баяр наадмын комисс хуралдаж, Ерөнхийлөгчид санал хүргүүлээд байна. Санал баталгаажсан тохиолдолд Ц.Бямба-Отгон Өвөрхангай аймгаас төрөн гарсан Ардын засгийн наадмын долоо дахь улсын арслан болох юм. Тухайлбал, 1928 онд Ономжавын Аюур, 1938 онд Цэдэвийн Банди, 1946 онд Сүнрэвийн Самданжигмэд, 1948 онд Гялдангын Цоодол, 1985 онд Бандийн Ганбаатар, 2008 онд Доржпаламын Ганхуяг нар улсын арслан болж байжээ. Үүнтэй холбоотойгоор бид түүний ах Ц.Амартайвантай ярилцлаа.

-Баяр наадмын комисс хуралдаж, таны дүүд улсын арслан цол нөхөн олгохоор Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн. Үүнд та ямар байр, суурьтай хандаж байна вэ?

      -Бөхчүүдийн цолны асуудал хуулийн дагуу шийдэгдэх байх. Дүү минь улсын арслан болбол нутгийн минь бөхийн түүх зузаарах ч бидэнд цолондоо дүүрэн барилдаж л байвал сайхан. Надад бол дүү минь гарди цолтойгоо байсан нь илүү үнэ цэнтэй, сайхан санагдаж байна. Ямар ч цолонд хүрсэн түүндээ хүрдэг, давуулан биелүүлж, хотол олноо баясгаж байвал бөх хүний жаргал байх гэж боддог. Тэгэхээр одоогоор дүүгээ арслан болох нь гээд баярлаж, хөөрөөд байгаа зүйл алга. Аль ч цол нь надад ялгаагүй сайхан байна. 

-Дүү нь энэ жилийн баяр наадмаар олон түмнийг баясгаж, сайхан наадлаа. Та дүүгээ хэд давчих байх гэж хүлээж суув?

       -Би энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг төв цэнгэлдэх хүрээлэнд сууж, дүүгийнхээ дээлний захыг мушгиж байгаад үзсэн. Дүүгээ лав тав давна гэдэгт итгэж, найдаж байсан. Гэтэл дүү минь тавын даваанаас хойших барилдаанаараа намайг төдийгүй үзэгч түмнийг өндөлзтөл жигд сайхан барилдсан. Ээж минь хөдөө байдаг болохоор дүү нар очиж, хамт наадсан. Тэд минь гүү саамны хооронд бөхийн барилдаан үзэж, гарч, орох болгондоо л баян хангайдаа дээж өргөцгөөсөн гэж ярьдаг. Би ч дотроо залбираад л сууж байлаа. 

-Та дүүгээ улсын гарди болоход нь дэргэдээс нь үзэж, дээлнийх нь захыг мушгиж суусан юм байна. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байв?

     -Миний хувьд мартагдашгүй сайхан наадам болж, өндөрлөсөн. Дүүгээ барилдахаар гарах бүрд нь өмнөөс нь сандарч, хавчигнаад сууж чадахгүй байсан. Тэгээд дүүгээ гарди цолонд хүрэхэд нь гэрийнхнээсээ хамгийн түрүүнд үнсэж, баяр хүргэсэн. Тэр орой гар утасны цэнэг дуусаж, унтартал хүмүүс залгаж, баяр хүргэсэн. Дүүгээрээ бахархаж, омогшсон сайхан жил байна.

-Дүү нь ихэвчлэн ямар мэхүүдээр улсын гарди цолны болзол хангасан бэ. Түүний барилдааны ур чадварыг та хэрхэн тодорхойлох вэ, үзэгчийн хувьд?

    -Дүү минь ихэвчлэн дунгуйлдаж, баруун ташаан дээрээ эргүүлж байсан. Би хувьдаа дүүгээ сэтгэл зүй сайтай, өөрийнхөөрөө барилддаг бөх гэж боддог. Сэтгэл зүйгээ сайтар бэлдэхийн тулд багш нар нь их зааж, захиж байгаад гаргадаг юм билээ. Тухайн үед багш нар нь надад “Хөдөө морь, малны дэргэд өссөн, чийрэг, чанга биетэй хүүхдүүдээс бөх төрдөг гэдгийг Бямба-Отгон минь харуулж чадлаа” гэж байсан. Тэгэхээр бөхийн удам байхаас гадна өсөж, төрсөн нутаг, орчин, хүмүүжил их чухал юм байна даа гэж бодсон шүү.

-Таны аав, ээжийн талд бөхийн удам бий юү?

      -Аав минь залуудаа ихэвчлэн тэмээ, адуу сургадаг байсан юм билээ. Их ажилсаг, малд эртэй, бяртай сайхан хүн байсан. Адууны тэмцээнд оролцдог, эв дүйтэй аж ахуйч хүн байлаа. Овоонд болон сунгаанд ганц хоёр барилдаж л явсан юм билээ. Харин ээжийн ах, дүүгийн хүүхүүдээс аймаг, сумын цолтой хэд хэдэн залуу бий. Тэгэхээр бөхийн удамгүй гэж хэлж болохооргүй байгаа юм. Дүү минь аавынхаа эвтэй, дүйтэй, баяр чадалтай байдлыг илүүтэй дуурайсан юм болов уу гэж боддог. Дүү минь бас сайхан дуулдаг. 

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Танайхан Бямба-Отгоныг бөх болно гэж боддог, ярьцгаадаг байв уу?

      -Бид эцэг, эхээс долуулаа. Бид Могойн голын уснаас ууж, өссөн. Би том нь, Бямба-Отгон тав дахь хүү нь юм. Дүү минь багадаа дээд талын хоёр ахтайгаа л гэрийн хаяанд барилдаж байгаа харагддаг байсан. Тухайн үед нь бид ч ойшоодоггүй, тоодоггүй байж дээ. Тэд маань морь, мал их сургадаг, гэрийнхээ ихэнх ажлыг хийдэг хүүхдүүд байсан. Бямба-Отгон моринд гарамгай сайн байлаа шүү дээ. Тэд сургуулийн дотуур байранд амьдардаг байсан юм. Тэгээд Төгрөгийн элсэн дээр хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож байгаад л бие нь задарч, бөх болох сонирхолтой, бодолтой болсон болов уу гэж боддог. Оюутан байхдаа хичээлийнхээ бусад цагаар бөхийн  бэлтгэлд явдаг байсан нь өнөөдрийн амжилтыг гаргахад нөлөөлсөн байх.

-Дүүг нь хожуу бөх болсон гэж ярьдаг. Гэхдээ овооны наадамд барилддаг байсан биз дээ?

      -Тиймээ, сурагч байхаасаа л жижиг наадмуудад барилддаг байсан. Тэгээд дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа сумын заан болж байсан. Тэр үед нь бид бас их баярлаж билээ. Тэгээд 2019, 2020 онд Өвөрхангайд барилдаж, аймгийн харцага, заан цолыг жил дараалан авч байсан. Тэр үед аав минь их баярлаж байсан санагддаг юм. 

 


Ц.БЯМБА-ОТГОНЫ АХ Ц.АМАРТАЙВАН: Дүү минь улсын арслан болбол Өвөрхангайн бөхийн түүх зузаарах ч бидэнд цолондоо дүүрэн барилдаж байвал сайхан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-05 00:06:44
    Ov gushing us 89666484 olzi : And mini zalgaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-05 00:02:11
    D Olzijargal: Minii naiz on jav saihan yriltslag ogson bn dvvb ni aimjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 19:18:26
    нн: За бараг арслан боллоо гээд бгаам у
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 12:35:56
    Ц АЛТАНТУУЛ: АМРАА дүүдээ баярлалаа сайхан ярсан бна яг үнэн одоо байгаа цол нь үнэ цэнтэй шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 12:35:56
    Ц АЛТАНТУУЛ: АМРАА дүүдээ баярлалаа сайхан ярсан бна яг үнэн одоо байгаа цол нь үнэ цэнтэй шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:12:27
    Ариунзаяа : Амраа ах маань сайхан ярилцлага өгчээ. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 10:07:36
    Урнаа: Цэрэнтогтох аврага шиг л гарч игсэн эрдээ. 2 шуу хөлөндөө ойгүй тэнхээтэй харагдлаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 08:52:15
    Баагий Орги : Нутгийн дүүдээ амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ер нь Гарьд цол нь илүү үнэ цэнэтэй санагдаж байна шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 08:37:33
    Нарангэрэл: Манай нутгийн хүүхэд маш их бахархаж байна Аварга болоорой
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-04 08:35:52
    З: Жинхэнэ ноён нуруутай хүн байна даа Дүү чинь удахгүй халхын сайхан аварга болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-03 15:18:18
    Жудаг: Ёстой гоё хэлжээ хүний цолыг хурлаар аваад ч яах юм билээ дүүд түрүү байгаа нь тодорхой
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188