• Өнөөдөр 2024-04-30

Л.ОТГОНБААТАРЫН ААВ Н.ЛХАГВАСҮРЭН: ХҮҮ МИНЬ ЭНЭ ЖИЛ УЛСЫН НАЧИН БОЛЖ, ОЛОН ЖИЛ ХҮСЭЖ, ХҮЛЭЭСЭН МӨРӨӨДЛИЙГ МИНЬ БИЕЛҮҮЛЭЭД САЙХАН БАЙНА

2023-07-21,   3445

     Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн олимпын наадмын тавдугаар байрын шагналт, улсын начин Л.Отгонбаатарын аав Н.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Та хүүгээ зөвхөн жүдогоор амжилт гаргахаас нь гадна үндэсний бөхөөр барилдаж, улсын цолтон болохыг олон жил хүлээсэн байх?

      -Хүү минь 10 настайгаасаа жүдо, үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас буюу сүүлийн хоёр, гурван жил хүүгээ улсын цолтон болоосой гэж хүсэж, хүлээдэг байлаа. Энэ жилийн баяр наадмаар хүү минь аавыгаа болон гэр бүлийнхэн, нутаг, усаа баярлуулж чадлаа. Хүүг минь үргэлж дэмждэг байгууллага, хамт олон нутгийн зон олондоо баярласан сэтгэлээ илэрхийлж байна.

-Ах нар нь барилдах сонирхолтой бөхчүүд байсан болохоор Л.Отгонбаатарыг 10 настайгаас нь бэлдэж, бэлтгэж эхэлсэн үү?

      -Харин тийм ээ. Би найман хүүхэдтэй. Улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар Л.Отгонбаатарын ах нар. Отгоо маань манай бага хүү. Түүнийг ах нар нь бөх болгосон гэхэд болно. Хүү минь монгол гуравдугаар сургуульд сурч байгаад Аварга биеийн тамирын дээд сургууль суралцаж байсан. Ялангуяа Л.Үйтүмэн ах нь түүнийг бөх болгох гэж олон мэх, барилдаан зааж өгч байсан. Одоо ч бэлтгэлийг нь хангадаг, зааж , зөвлөдөг хэвээрээ. Ер нь дасгалжуулагч нь гэхэд болно.  Мөн улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Ц.Бэгзсүрэн нар  манай хүргэн шүү дээ. Тийм болохоор хүү минь ах нараасаа ихийг сурдаг байлгүй дээ.

-Та залуудаа барилддаг, бөх сонирдог байв уу. Эсвэл хүүхдүүдээ барилдаж эхлэхэд нь сонирхдог болсон уу?

      -Би багаасаа моринд хайртай хурдан морь унадаг, дараа нь уядаг болсон. Аав минь нэгдлийн эртэй адуучин байсан болохоор тэр шүү дээ. Бараг л А гэж хэлд орж, адуу гэж хөл орсон хүндээ, би. Моринд ухаангүй хайртай, уяж, сойх дуртай байсан болохоод бөхөд их шимтдэггүй, барилддаггүй байлаа. Харин Л.Үйтүмэнг барилдаж эхэлсэн цагаас бөх үздэг, сонирхдог, хүүгээ дэмждэг болсон. Одоо гуран хүү, хоёр хүргэн минь барилдаад бөх үзэх бүр ч сонирхолтой болсон.

-Та улсын наадамд морио сойж байсан уу. Ямар цолтой вэ?

      -Би ихэвчлэн сум, аймгийнхаа наадамд морио уяж, айраг, түрүүг нь хүртэж байлаа. Мөн бүсийн уралдаанд хэд хэд хурдалсан. Тэгээд 2002 онд аймгийн алдарт уяаж хэмээх цол хүртэж байлаа. Том хүүг минь миний морь уях сонирхлыг өвлөж, сум, аймагтаа хурдлуулж байна.

-Та өргөн дэлгэр сайхан нааддаг хүн байна. Наадмаар хэчнээн морь, хэдэн бөхийн барилдааныг хүлээж, шимтэн үздэг вэ?

       -Манайх дээр үеэсээ л их сайхан өргөн дэлгэр нааддаг айл. Би наадмаар 20-иод морь, 10-аад бөхийн барилдааныг шимтэн шимтэн үздэг. Манай хадам дүү нар бас барилддаг болохоор бөх үзэх их сайхан байдаг юм. Хэнийг нь ч гэлтгүй тэгш сайхан дэмжиж, догдлон догдлон хүлээж үздэг дээ, хүүхдүүдээ.

-Танд бөхийн удам бий юү. Гурван хүү нь барилддаг болохоор бөхийн удамгүй байна гэж үгүй байх?

        -Миний өвөө Архангай аймгийн гурван томын нэг байсан юм билээ. Тухайн үедээ сум, аймагтаа бяртай, барилддаг бөхчүүдийн нэг байсан гэсэн үг. 

-Хүү нь Улаанбаатар хотод сурдаг байсан юм байна. Зуныхаа амралтаар очиж тусалдаг байв уу?

      -Тэгэлгүй яах вэ. Амралт болгоноороо ирж, тусалдаг байсан. Зун эмнэг сургаж, малд явна. Багадаа хурдан морь унадаг байсан. Чөлөөт цагаараа хүүхдүүдтэй барилддаг байлаа. Хүү минь санасан, бодсоноо заавал биелүүлэх гэж хичээдэг, эхлүүлсэн ажлаа заавал дуусгах гэж гүрийдэг хүүхэд. Ер нь их тэвчээртэй, ажилд сайн, гүргэр хүүхэд байсан. Биднийг өвөг эцэг минь тэгж сургасан болохоор гэрийн хүмүүжил бөх болоход нь нөлөөлсөн болов уу гэж боддог. 

-Одоо та хүүгээ олимпын наадмын медальтай, дэлхийн бөх болоосой гэж хүсэж байгаа байх?

     -Хүү минь үндэсний бөхөөс илүү жүдогоороо олон жил барилдаж, олон уралдаан тэмцээнд явсан. Тийм болохоор үндэсний бөхөөсөө илүү амжилт гаргах болов уу гэж горьддог. Хүү минь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпын наадмын тусгай байрт шалгарч, Монгол Улсын гавьяат тамирчин болж аавыгаа баярлуулж байсан бол энэ жил улсын начин болж дахин баярлуулсан. Хүүгээ цолоо баталж, бүр ахиулна гэдэгт итгэдэг. 

-Хүүхдүүд нь барилдааныхаа бэлтгэлийг нэр дор хийдэг үү. Л.Отгонбаатарын үндсэн мэх нь юу вэ?

     -Бүгд тусдаа өөрсдийнхөө гал дээр хийдэг. Гэхдээ бие биедээ зааж, зөвлөх, өмнөх барилдааных нь талаар ярилцдаг байх. Хүүгийн минь үндсэн мэх нь хөмрөх Үйтүмэн ахаасаа анх сурсан. Одоо ч энэ мэхээрээ барилддаг. Энэ жилийн баяр наадмаар хүргэн ах Б.Гончигдамбыгаа давж, улсын начин болсон. 

 

 


Л.ОТГОНБААТАРЫН ААВ Н.ЛХАГВАСҮРЭН: ХҮҮ МИНЬ ЭНЭ ЖИЛ УЛСЫН НАЧИН БОЛЖ, ОЛОН ЖИЛ ХҮСЭЖ, ХҮЛЭЭСЭН МӨРӨӨДЛИЙГ МИНЬ БИЕЛҮҮЛЭЭД САЙХАН БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-22 23:28:09
    сонирхогч : моллай гэх лал балайг 81кг д барилдуулах бохир шийдвэр ээс болж 81 кг монголын жудогийн од цаашид жиндээ тэргүүлэн барилдах боломжгүй болийм даа. харамсалтай ... токиогийн их дуулга том тэмцээнд япончуудын арван алт авах боломжийг нь таслан жиндээ аваргалж дэлхийд шуугиан тарьж байлаа даа. дэлхий болон олимпод тод амжилт үзүүлэх тамирчин байсан даа. харамсалтай . бодит үнэн нэгэн цагт ил тод болох биз дээ. начины байтугай л амжилт үзүүлэх бөх , сайн тамирчин юм.. цол дагаж бяр хүч гэж ... заан ,гарьд руу тэмүүлэх нь дамжигүй .. их спортын тамирчин , зөв суур;тай хүмүүжил төгс бөх . ... их амжилт хүснэ ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-22 09:56:30
    Б: Нэлээн дээшээ үзэх хүнээр 4в давж хүргэн ахаараа 5н даваанд авахужлсан байхаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188