• Өнөөдөр 2024-04-30

ОУХМ Б.МӨНХЗАЯАГИЙН ЭЭЖ Б.ЦОЛМОН: Охиноо дэлхийн аваргын хүрэл медаль авч, улсынхаа амжилтыг эвдэхэд нь огшиж, дагаад гүймээр санагдсан

2023-07-23,   2080

   -ОХИНОО ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧИН БОЛООД УДААГҮЙ БАЙХАД НЬ ГҮЙЖ БАЙГААГ НЬ ХАРААД Л УЙЛЧИХДАГ БАЙСАН-

 Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 33:24:79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гаргасан энэхүү амжилт нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх задгай зайн гүйлтийн анхны медаль болж буйгаар онцлогтой юм. Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байлаа. Мөн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн долоон удаа болоход зургаад нь түрүүлж байсан гайхам амжилттай хөнгөн атлетикийн цор ганц тамирчин юм. Тэрбээр 3000, 5000, 10 мянган метр, хагас марафон, марафон гүйлтийн зайд Монголын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд улсын аваргад 20 удаа түрүүлсэн. Түүний ээж Б.Цолмонтой охиных нь талаар ярилцсан юм.

-Таны охин Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд хүртэл медаль хүртэж, улсынхаа амжилтыг шинэчлэн тогтоолоо. Охинтойгоо холбогдож, баяр хүргэж амжсан уу?

    -Бид охинтойгоо ярьж, баяр хүргэж амжсан. Би охиндоо үргэлж Миний охин мундаг шүү” гэдэг. Түүнийгээ л хэллээ. Охин минь “Охин нь амжилттай сайн гүйж чадсан. Аав, ээждээ хайртай шүү” гэж байна лээ. Охин өчигдөр Монголдоо ирсэн.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр охиныхоо гүйж байхыг үзэх, барианы зурхайд орж ирэхийг нь харах ээжийн хувьд ямар санагдсан бэ. Өмнөөс нь гүйгээд өгмөөр л байв уу?

    -Харин тийм ээ. Охиныхоо гүйж байхыг харахаар хамаг бие сонин болно шүү дээ. Тайландын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр охиныхоо гүйж байхыг хараад эрч хүч орж, гүйж чаддаг хүн шиг болчихоод өмнөөс нь гүймээр санагдаж, тогтож ядаж байлаа. 

-Охиноо тэмцээн уралдаанд явахад нь хэрхэн дэмжиж, бэлддэг вэ. Бусдын адил цай, сүүнийхээ дээжийг өргөж, баян хангайдаа залбираад л суудаг байх даа?

    -“Миний охин хэдэн цагаас гүйх билээ” гээд утас, телевизийн өмнөөс салахгүй мөртлөө долоон бурхандаа сүүгээ өргөөд л сууж байдаг юм. Заримдаа тэмцээнд явсан хойгуур нь гандан орж хар, цагаан хэл амны ном уншуулдаг. Бид түүнээс илүүг хийж чадахгүй юм даа, даанч.

-Та хоёр охиноо хөнгөн атлетикийн тамирчин болоход нь хэрхэн хүлээж авсан бэ. Эхэндээ охиныхоо гүйж байгааг нь харж ч чаддаггүй байв уу?

    -Охиноо гүйлтийн тамирчин болоход нь манай гэрийнхэн их баяртай хүлээж авсан.

Би эхэндээ охиноо гүйгээд ирэхэд нь уйлчихдаг байсан. Тэгээд “Улаанбаатар” марафоныг эхний жилүүдэд тасралтгүй очиж үзсэн. Тэгээд охиноо барианы зурхайд орж ирэхийг хүлээгээд л сандарчихдаг байж билээ.

Тухайн үед аав нь ч бас дагаад гүйх нь холгүй байдаг. Бид охиноо гүйхийг  харах их дуртай. Сүүлийн жилүүдэд хань нь дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа болохоор бид өмнөх шигээ санаа зовохоо больсон. Тиймээс уужраад “Улаанбаатар” марафоныг телевизээр үздэг болсон. Гэсэн хэдий ч дотроо “Охин минь бэртэл гэмтэлгүй гүйгээд ирээсэй” гэж залбирдаг хэвээрээ.

-Та охиныхоо оролцсон дэлхийн хэмжээний тэмцээн үзэж байв уу. Барианы зурхайгаас нүд салгалгүй охиноо амжилттай гүйгээд ирээсэй гээд залбирч байв уу?

    -2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, охиноо дэмжсэн. Тэр жил тамирчид түрүүчээсээ гүйж ирээд л унаад байсан. Охиноо харагдахгүй болохоор нь их “Охин минь гайгүй байгаа, бушуухан хүрээд ирээсэй” гэж айж, залбирч билээ. Тэгээд л барианы зурхайд ороод ирэхэд нь  уужирч байгаа юм. Холын зайнд гүйнэ гэдэг их хэцүү шүү. Охиноо барианы зурхайд орж ирэхийг хүлээх, яасан юм бол гэж санаа зовох эхийн сэтгэл бүр ч хэцүү байдаг даа.

-Охиных нь гүйлтийн амжилт хэзээнээс эхэлсэн бэ. Сурагч байхаасаа спортын арга хэмжээнд оролцдог, авьяастай хүүхэд байсан уу?

     -Охин минь ес, аравдугаар ангийн сурагч байхдаа гүйлтийн тэмцээнд анх оролцож, алтан медаль авч байсан юм. Түүнээс хойш н.Сүхбат багш нь хөнгөн атлетикийн хоёр, гурван тэмцээнд оруулж, охин минь хоёр ч удаа мөнгөн медаль авч байсан. Түүнээс хойш амжилтдаа урамшиж, гүйх сонирхолтой болсон. Багш нь ч  бэлтгэлийг нь таслуулахгүй, дугуйлангаас нь гаргахгүй байхыг бидэнд захиж байсан юм. Тэр цагаас хойш охины минь хөнгөн атлетикийн тамирчин болох замнал эхэлж, Монголын нэрийг дэлхийд цуурайтуулах амжилтууд нь эхэлсэн.

-Б.Мөнхзаяа өөрийнхөө сонирхлоор хөнгөн атлетикийн тамирчин болсон уу. Эсвэл аав, ээжийнхээ удмаас спортын авьяасыг өвлөсөн үү?

    -Бидний удамд урлаг, спортын авьяастай, амжилттай хүн байгаагүй. Охин минь өөрийнхөө сонирхлоор, хүчээр л гүйж байгаа юм. Миний хань Эрдэнэцагааны хилийн цэрэг, Налайхын цэргийн анги, Дорнодын 327 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би мөн ханийгаа дагаж цэргийн амьдралаар ажиллаж, амьдарч байгаад охиныхоо хүүг хараад сууж байна. Манай хүү, охин хоёртой. Б.Мөнхзаяа манай бага. Хүү нь гурван сартай байхдаа л бид хоёр дээр үлдсэн юм. Тиймээс  аав, ээжийгээ тоохгүй, бид хоёртой байх илүү дуртай. Одоо тавдугаар ангид сурдаг.

-Хүү нь ээжийгээ гүйж байхыг үзээд хэрхэн дэмждэг вэ. Аав, ээж шигээ хөнгөн атлетикийн тамирчин болно гэж ярьж байна уу?

   -Хүү нь ээжийгээ телевизээр үзэж байхдаа “Миний ээж мундаг шүү. Ээж ээ, гүйгээрэй, гүйгээрэй” гээд л сүйд болно. Хүүгийнхээ ээжийгээ дэмжиж байгааг нь харах сайхан байдаг юм. Одоохондоо аав, ээж шигээ гүйлтийн тамирчин болно гэж ярихгүй байгаа. Бид ч хүүгээ тамирчин болгоно гэж боддоггүй.

-Охин нь хожуу хөнгөн атлетикийн тамирчин болсон юм байна. Өмнө нь ихэвчлэн юу сонирхдог байсан бэ?

     -Охин минь хичээлдээ сайн, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог, дуулах сонирхолтой хүүхэд байсан. Ер нь их спортлог хүүхэд байсан даа.

-Б.Мөнхзаяа өдөрт хэдэн удаа бэлтгэлээ хийдэг вэ. Гэр бүлийнх нь хүн дасгалжуулагч нь болохоор амар байдаг байх?

    -Манай хүргэн ОУХМ цолтой. Их сайн гүйдэг залуу. Сүүлийн үед дасгалжуулагчаар ажиллаад 10 гаруй шавьтай болсон. Охин минь өдөрт хоёр удаа гүйж, бэлтгэлээ базаадаг. Бэлтгэл, сургуулилалт нь сайн таардаг болохоор олон сайхан амжилт гаргадаг гэж боддог юм. Тийм болохоор охинд минь амралт гэж байхгүй шүү дээ.

-Тамирчин  хүнд тэвчээр, хатуужил, тууштай зан, сэтгэл зүйн бэлтгэл чухал юм шиг санагддаг. Б.Мөнхзаяагийн өнөөдрийг хүртэл шантраагүй нь ямар зантай нь холбоотой гэж та боддог вэ?

    -Охин минь их тэвчээртэй. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бэлтгэлээ тасалж үзээгүй. "Гүйхээ больё" гэж байсангүй. Тэвчээртэй, тууштай, зүтгэлтэй зан чанар хүнийг амжилтад хүргэдэг юм байна гэдгийг охиноосоо мэдэрсэн. Охин минь бас их сайхан зантай, хүнд тусархуу хүүхэд шүү.

-Охин нь төрийнхөө далбаан дээр оролцсон, амжилт гаргасан тэмцээнээ он, сар, өдөр, цагтай нь тэмдэглэдэг хэвээрээ юү?

    -Хэвээрээ. Охин минь төрийнхөө далбаан дээр өөрийнхөө зам мөрийг тэмдэглэсээр байгаа. Далбаа нь удахгүй дүүрэх гэж байна лээ. Дүүрээд бичих зайгүй болбол дахин шинэ далбаан дээр бичиж, өөрийнхөө түүхийг хадгалах байх.

-Та охиноо тэмцээнд явахад нь юуг илүүтэй захидаг вэ, ээжийн хувьд?

    -Охиндоо “Гүйх яах вэ. Хамгийн түрүүнд биеэ бодоорой” гэхээр “Гүйж байхдаа замаас л гарч болохгүй. Монголын тамирчин замаасаа гарлаа гэвэл муухай шүү дээ” гэдэг. Тэгэхээр охин минь улсынхаа нэрийг муугаар дуудуулахгүй гэж их мэрийдэг юм билээ.


ОУХМ Б.МӨНХЗАЯАГИЙН ЭЭЖ Б.ЦОЛМОН: Охиноо дэлхийн аваргын хүрэл медаль авч, улсынхаа амжилтыг эвдэхэд нь огшиж, дагаад гүймээр санагдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:39:17
    K: 99985
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:37:25
    K: 99985
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:37:23
    K: 99985
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:37:21
    K: 99985
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:36:28
    K: 9998
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-23 15:36:08
    K: 9998
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188