• Өнөөдөр 2024-11-09

СОЛОНГОСТ 17 ЖИЛ АМЬДАРЧ БАЙГАА Ш.БАТЦООЖ: МОНГОЛЫНХОО ҮНЭР, САЛХИЙГ ИХ САНАДАГ

2023-06-29,   1781

"KGB" ГРУППИЙНХЭЭ IT СИСТЕМИЙГ БҮХЭЛД НЬ ХАРИУЦАЖ АЖИЛЛАЖ БАЙНА

     Солонгос Улсад 2005 оноос сурч, мэргэжлээрээ ажиллаж байгаа Ш.Батцоожтой ярилцлаа. Тэрбээр тус улсад сурахаар очихдоо бусдын адил сургалтын төлбөр, хэрэглээнийхээ зардлыг хичээлийнхээ хажуугаар ажил хийж олдог залуучуудын нэг байв. Тэр компьютерийн инженер мэргэжилтэй учир хичээлээ тарчихаад дуудлагын дагуу айлуудаар очиж компьютерийг нь засч өгдөг байсан гэнэ. Харин одоо мэргэжлийнхээ дагуу  "KGB" группийн IT системийг толгойлон хариуцаж, бусдыгаа манлайлж буй шилдэг монгол залуусын нэг юм. 

-Таныг Солонгос Улсад мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа гэж сонссон. Та ямар компанид ажиллаж байна вэ?

      -Би Монголд компьютерийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Солонгос Улсад 2005 оны зун ирж байсан нь саяхан мэт боловч хэдийн 17 жил өнгөрчээ. Би Сөүл Хотын Их Сургуулийг компьютерийн инженерээр магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсчихөөд тус улсын тээвэр ложистик нүүлгэлт үйлчилгээний "KGB" группт ажилд ороод 11 жил болж байна. Манай группийг Солонгост амьдардаг болон аялалаар түр ирдэг монголчууд айл нүүлгэлт, иса, 2424 гэдгээр нь сайн мэдэх байх. Группийн захирал маань 1983 онд Солонгос Улсад нүүлгэлтийн үйлчилгээг анх үүсгэн байгуулж, албан ёсоор компаниа бүртгүүлж байсан юм билээ.

-Солонгос Улсад ажиллах шийдвэрийг хэрхэн гаргасан вэ. Солонгост амьдрахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу байв?

     -Бага байхад Солонгос кино телевизээр гардаг байлаа. Тухайн үед Солонгос Улсын хөгжлийг телевизээс харчихаад "очиж үзэх юм сан" гэсэн хүсэлтэй болсон. Солонгост ирж, магистрын эхний хагас хичээлийн жилийн төлбөрөө өөрөө ажиллаж олсон. Дараагийн улирлаас нь компьютерын факультетын гадаад оюутны тэтгэлэгт хамрагдаж сургуулиа төгстлөө дахиж төлбөр төлөөгүйдээ өөрийгөө азтай гэж боддог. Төгсөөд хоёр жил гаруй хугацаанд хувиараа бизнес хийж үзсэн. Тэгээд Солонгосын компанид “Монгол ажилтан шалгаруулж авна” гэсэн зарын дагуу мэргэжлээрээ ажиллаж энэ улсад мэдээллийн технологийн салбарт их зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн учир материалаа явуулж, веб мастераар ажилд орж байв. Тухайн үед манай компани Монголд мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байсан. Тэр төслийн явцад группээс солонгосын хүргэлт үйлчилгээний компаниа тусгаарласнаар би хүргэлтийн компаниас илүү групптэй холбоотой IT системийг бүхэлд нь хариуцан ажиллах болсон. Энэ нь Солонгост цаашид амьдрахад илүү их нөлөөлсөн болов уу.

 -Монголоос илүү Солонгос Улсад ажиллах нь өөрийгөө сорьж, хөгжүүлэхээс гадна мэргэжлийнх нь онцлогт илүү тохирсон болов уу гэж бодож байна. Монгол, Солонгос Улсад ажиллах ялгааг та хэрхэн харсан бэ?

       -Би Монголд байхдаа компанид ажиллаж үзсэн. Монгол, Солонгос хоёр улсад ажиллах нь ялгаатай санагдсан. Тухайлбал, Солонгост манай компани ажилчдын дотоодын интранет системтэй. Тэр системдээ ажлыг хурдан хийх бүх нөхцөлөөр хангаж өгсөн байдаг. Мөн интранетдээ төлөвлөгөө гаргаж өдөр бүр тайлангаа бичдэг, томилолтоор ойрхон явах бол урьчилаад томилолтын хуудас нь дээд албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн байх ёстой. Нэг ёсондоо бүх ажил нь системд бүртгэгдэж ажлын явц нь хэр байгааг мэдэх боломжтой байдаг. Жилийн эцэст хийсэн ажлаар дүгнэж болдог.

Нэг зүйл онцолж хэлэхэд, "Нүүлгэлтийн компанид компьютерын инженер, сервер ямар хэрэгтэй юм бэ" гэж бодож магадгүй. Гэвч манай компанийн хамгийн чухал ажил нь мэдээллийн системд суурилдаг. Сервер, системд ямар нэгэн алдаа гарвал ажил зогсоход хүрдэг. Тэгэхээр Солонгосын жижиг гэлтгүй бүхий л компаниуд мэдээллийн системд мэдээллээ бүртгэж байдгаараа манай улсын компаниас ялгаатай байж магадгүй.

 -Сүүлийн үед залуучууд Солонгос Улсыг зорьж, бидний нэрлэж сурснаар хар ажил хийх нь түгээмэл болсон. Харин та мэргэжлээрээ ажиллаж буй залуусын төлөөлөл болж байна. Тиймээс та Солонгос Улсад ажиллах давуу талыг ярьж өгнө үү. Зарим нь шантраад буцдаг шүү дээ?

        -Сүүлийн үед манай залуус Солонгос Улсад түр хугацаагаар аялалын визээр орж ирээд ажиллаад буцах нь элбэг байгаа ч Солонгосын талаас хатуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хэрэв аялалын визээр ажиллаж байгаад баригдвал торгууль төлөх, шууд буцаах зэрэг хууль дүрэм нь илүү чанга болж байгаа. Учир нь түр визээр орж ирээд нутаг буцахгүй эндээ харлах нь олон болохоор хууль зүйн яамнаас байнга арга хэмжээ явуулах нь аргагүй байх. Тэгэхээр аль болох хууль дүрмийн дагуу амьдарвал олон давуу талтай. Солонгост сургууль төгсөгчдийн холбоо байдаг. Тэр холбоонд Солонгос улсад сургуулиа төгсөөд мэргэжлээрээ томоохон компаниудад ажиллаж байгаа олон монгол бий. Мэдээж ажил хийж байгаа учир даатгалд хамрагдаж, хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үзлэг хийлгэх, зээлээр үл хөдлөх, машин авах, эрүүл аюулгүй орчинд амьдарч мэргэжлээ илүү дээшлүүлэх гээд давуу талтай.

 -Таныг Солонгос Улсад ажиллаж, амьдрах шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Цаашид Монголд ажиллах бодол бий юү?

     -Гэр бүлийнхэн минь намайг гададаад сурч амьдрах болсонд баярлаж байсан. Ирээдүйд эх орондоо очиж ажиллаж, сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэж боддог.

 -Та мэргэжлийнхээ хувьд гаргасан амжилт, манлайллынхаа тухай ярьж өгнө үү. Гадаадад ажиллаж буй монголчууд бусдыгаа үргэлж манлайлдаг гэж сонссон. Өнгөрсөн хугацаанд монгол хүний онцлогыг та хэрхэн ойлгож, дүгнэсэн бэ?

      -Компьютерын мэргэжил үргэлж, зогсолтгүй шинэ зүйл сурч мэдэхийг шаарддаг болохоор хойшид сурах зүйл их байгаа, суралцаар л байна гэж боддог.

Анх ажилд орохдоо энгийн ширээний болон зөөврийн компьютер дээр л ажиллаж байсан бол ажилд ороод 20-30 сервер хянан ажиллаж, IT системийг бүхэлд нь ганцаараа хариуцан ажиллаад явж байгаа. Мөн аюулгүй байдал, хамгаалалт талдаа шинээр сурах зүйл байнга гарч ирдэг болохоор сонирхолтой.

Монголчууд орчиндоо хурдан дасан зохицож, хаана ч хэнтэй ч сайн ажиллаж чадна гэж дүгнэсэн.

-Таны мэргэжлийн чиг хандлага сүүлийн үед хэрхэн хөгжиж, аль улсад илүүтэй үнэлэгдэж байна вэ?

 -Мэргэжлийн чиг хандлага маш хурдацтай хөгжиж байна. Тасралтгүй сайн суралцах хэрэгтэй болдог. Хиймэл оюуны системүүд маш хурдацтай хөгжиж байгаа болохоор тэрийгээ дагаад илүү хөгжиж байна. Нэг жишээ хэлэхэд, сүүлийн үед ChatGPT гарсанаар сервер, сүлжээний төхөөрөмжийн аюулгүй байдалд хүндрэл учрах болсон. Тэрийгээ дагаад илүү сайн хөгжих болж байна. Үнэлгээний хувьд яг тэр улс илүү гэхэд хэцүү санагдаж байна. Миний бодлоор Израйль, Сингапур, АНУ, Хятад зэрэг орнууд дажгүй санагдсан.

-Гадаадад ажиллаж, амьдарснаар Монголыг, монголчуудыг харах өнцөг тань өөрчлөгдсөн үү. Бидний хамгийн том алдаа юу байдаг вэ?

     -Гадаадад ажиллаж амьдрахаар мэдээж харах өнцөг өөрчлөгдсөн. Бидний алдаа амин хувиа хичээсэн, хариуцлага тооцож алдааг засдаггүйд байдаг гэж  бодож байна.

 -Гадаадад олон жил ажиллаж амьдрахаар эх орноо улам санадаг уу. Харин тухайн улсдаа дасаж, ажиллаж, амьдрахад хялбар болдог уу?

     -Олон жил гадаадад амьдрахаар эх орноо заримдаа маш их санадаг. Солонгос Улс зундаа бүгчим маш халуун, чийгтэй байдаг болохоор зун эх орныхоо агаар салхинд гарахыг хүсдэг.  Солонгост удаан амьдарч байгаа болохоор эх орондоо амьдарч байгаа юм шиг санагддаг.

 -Та Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Залуус, дүү нартаа юуг онцолж хэлмээр санагддаг вэ?

      -Би хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард ажлаар цөөхөн хоног очоод ирсэн. Өвөл очсон болохоор бага зэрэг утаатай ч сайхан байсан. Залуусдаа нэг юм хэлэхэд хиймэл оюуны системүүдийг сайн ашиглаж сураарай. Жишээ нь, ChatGPT. Хиймэл оюуны системүүд хүн төрөлхтний ажлын байрыг бүрэн булааж автлаа удах ч хиймэл оюуны систем ашигладаг мэргэжлийн бус хүмүүс зарим мэргэжлийн хүмүүсийн ажлын байрыг булаах үе ирсэн шүү гэж хэлмээр байна.

 -Солонгос Улс хот тохижилт, нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд анхаардаг байсан бол сүүлийн жилүүдэд ухаалаг системийг хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг болсон санагдсан. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

      -Солонгос Улсын Засгийн газраас бодлогоор залуусаа дэмжиж маш ихээр хиймэл оюуны систем, програмчлал, өгөгдлийн шинжээч зэрэг мэдээллэл технологийн сургалтанд хамруулдаг. Мэргэжлийн бус хүмүүс ч сургалтанд хамрагдаад мэдээлэл технологийн мэргэжлийн ажлын байранд томилогдож байна. Манай улс ч гэсэн үлгэр жишээ аваасай гэж боддог.

 -Солонгос Улсад анх очиход танд ямар бэрхшээл тулгардаг байсан бэ. Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн ялж, даван туулдаг байв. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан уу?

       -Анх ирэхэд мэдээж бэрхшээл их тулгарч байсан нь хэлний мэдлэг байсан. Өөрийн гэсэн зорилго, хүсэл мөрөөдөл байсан болохоор даван туулаад гарсан. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан. Компьютерын мэргэжилтэй болохоор хэлний бэлтгэлд сурч байхдаа хичээлээ тараад айлуудаар компьютер засч явдаг байсан. Харин магистр лабораторид олон цаг суудаг, лабораторийнхаа төсөлд туслах шаардлагатай байсан болохоор хааяа л гадуур ажил хийх юм уу компьютер засварын ажил хийдэг байлаа.

-Гадаадад сурч, амьдарч байгаа оюутнуудад сургалтын төлбөр, орон сууцны төлбөр гээд асуудал их үүсдэг. Тэр бүхнийгээ та хэрхэн зохицуулдаг байсан бэ?

      -Гадаадад сурч байгаа оюутнуудад сургалтын төлбөр, байрны барьцаа, түрээсээс авахуулаад асуудал их үүсдэг. Миний хувьд магистарт сургуулийн гадаад оюутны тэтгэлгээр сурсан болохоор байрны түрээс болон хоол ундны мөнгөө олоход болдог байсан. Би компьютерын үйлчилгээ хийгээд олчихдог байсан.

-Гадаадад сурч, амьдрахаар зорьж буй залуучуудад шантарсан үед нь сэтгэлийн дэм болох, сургамж үг хэлбэл. Өөрт тулгарч байсан асуудлаасаа жишээ аваад ярьж өгвөл илүү сонирхолтой байна?

      -Хүсэл мөрөөдөл биелдэг. Гадаадад сурч, амьдрахыг хүсдэг бол зориглоод, зүтгээд үзээрэй. Өөрт тохиолдсон нэг жишээ хэлэхэд, ухаалаг утас гараагүй үед Солонгост ирээд удаагүй, хэл сайн мэдэхгүй байхдаа үздэг байсан толь бичгээ монгол ахад өгчихсөн юм. Гэтэл тэр ах толь бичгийг минь аваад алга болчихсон. Харин тэр өдөр би сайн солонгос ахтай танилцаж, миний солонгос хэлээр ярих чадвар хамаагүй сайжирч байлаа.

-Солонгост оюутан байх үеийн дурсамжаасаа хуваалцна уу?

      -Амьдралын хамгийн дурсамжтай сайхан үеүдийн минь нэг. Хааяа сургууль дээрээ очиж оюутан үеэ дурсдаг. Намайг оюутан байхад манай сургуульд монгол эгч сурдаг байсан юм. Тэгээд бид сургуулиараа зугаалгаар явтал профессор багш биднийг “Монгол дуу дуул” гэж билээ. Бид ямар дуу дуулахаа мэдэхгүй сандраад камертоны “18 нас”-ыг дуулж байсан нь сайхан санагддаг.

-Монголын юуг хамгийн их санаж, үгүйлдэг вэ?

    -Монголынхоо үнэр, салхи, ар гэрийнхэн, найз нөхдөө их санадаг даа.

-Баярлалаа, амжилт хүсье.

 


СОЛОНГОСТ 17 ЖИЛ АМЬДАРЧ БАЙГАА Ш.БАТЦООЖ: МОНГОЛЫНХОО ҮНЭР, САЛХИЙГ ИХ САНАДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-28 10:10:16
    Зочин: Хир, шивэрийг санах хэрэггүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-27 13:59:26
    Zochin: Shn yriltslga boljee Amjilt zaluu min.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188