• Өнөөдөр 2024-04-20

Б.ЦОЛМОНБААТАР: “МИГ-29” СӨНӨӨГЧ ОНГОЦТОЙГОО МОНГОЛЫН ТЭНГЭРТ ИЛҮҮ УДААН НИСЭЖ, АГААРЫН ОРОН ЗАЙГ НЭР ТӨРТЭЙ ХАМГААЛАХЫГ ХҮСДЭГ

2023-05-21,   621

      Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байцаагч нисгэгч, ахлах офицер Б.Цолмонбаатартай ярилцлаа.

-“Миг-29” сөнөөгч онгоцны нисгэгчээр хэдэн жил суралцсан бэ. Одоогийн байдлаар хэчнээн цагийн нислэг үйлдсэн байна вэ?

     -Би Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын улсын нислэгийн хэлтсийн нислэгийн техникийн шалталтын албаны ахлах офирцер, байцаагч нисгэгчээр ажилладаг. 2017 онд Оросод Нисэхийн дээд сургуульд төгсөж ирээд Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон. Би АНУ, ОХУ-д нисгэгчийн сургууль суралцсандаа баярлаж явдаг. Би Оросод “Миг-29” сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн. Оросын сургуулийн онол, практикийн сургалт АНУ-ын онол практикийн сургалтаас илүү юм шиг санагдсан. Одоогийн байдлаар 320 орчим цагийн нислэг үйлдсэн байна.

-Онгоцоо хөөргөх мөчид танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

      -Нисгэгчийн хамгийн сайхан нь тэнгэрт хөөрч ямар нэгэн физик биетгүйгээр олон төрлийн хөдөлгөөнийг хүнд техникээр үйлдэх нь гайхамшигтай санагддаг. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг мөн. Харин бэрхшээлтэй тал нь хүнд техникийг тэнгэр хөөрч байхад ямар нэгэн системийн доголдол гарах юм бол нисгэгч бүх хариуцлагыг хүлээдэг. Тиймээс бэлтгэлээ сайн хийж, сурч, судлах хэрэгтэй. Нисгэгч өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой ажил хийдэг учир алхам тутамдаа анхааралтай байх ёстой гэдгийг энэ мэргэжлээр сурч эхлэхэд л заадаг.

-Сөнөөгч онгоцны нисгэгч бусад төрлийн онгоцны нисгэгчдээс юугаараа ялгаатай вэ?

     -Би Батлан хамгаалахын их сургуульд элсэн орж, тус жилдээ ОХУ-ын Цэргийн дээд сургуульд орж, тэнцсэн юм. Тухайн үед хуваарь өгч байсан мэргэжилтэн надад сөнөөгч онгоцны нисгэгчийн мэргэжлийг санал болгож, би зөвшөөрснөөр өнөөдөрт хүрсэн. ОХУ-д эхний дөрвөн жил хэлний бэлтгэл, онолын хичээлээ үздэг. Дөрвөн жил сурчихаад нислэгт гардаг. Нислэгт гарч, онгоцоо газардуулах 2-3 боломж оюутнуудад олгодог. Хэрвээ 2-3 удаа чадахгүй байх юм бол хасагдаж, өөр мэргэжил сонгон суралцдаг. Мөн нисгэгч оюутнууд жилд хоёр удаа бүтэн биеийн үзлэгт хамрагддаг. Нисгэгч хүн бие бялдар, оюун санааны хувьд өв тэгш, эрүүл чийрэг байх нь хамгийн чухал. Сөнөөгч онгоц маш олон төрлийн үйлдэл хийдэг. Тээврийн болон хүнд жинтэй онгоцнуудын хийх боложгүй үйлдлүүдийг агаарт хийдэг гэсэн үг. Тиймээс нисгэгчийг илүүтэй сорьдог, сурах зүйл ихтэй. Онгоц бүр өөрийн гэсэн онцлогтой “Миг-29” сөнөөгч онгоц нь агаарт тулалдах үүрэгтэй. Өөрийн онгоцоо бусдаас хамгаалах үүрэгтэй учир олон төрлийн маневар хийдэг. Хүч чадал, хурдны хувьд бусдаас илүү.  

-Нислэгийн бэлтгэлээ хэдий хугацаанд хийдэг вэ?

     -Нислэгийн бэлтгэлээ нислэг үйлдэхээс долоо хоногийн өмнө эхэлдэг. Газар дээрх бэлтгэл, онолын шалгалт, хуурай бэлтгэл зэрэг бэлтгэлээс эхэлнэ. Нисгэгч онгоц руу гарахдаа нислэгийн дасгалуудаа сайтар бэлдэж, бүгдийг сэргээн саначихаад үйлдэх нь чухал. Онгоц хөөрөхөд бүх зүйл эхэллээ, амжилттай хөөрч, газардах үлдлээ гэж боддог.

-Залуу офицеруудаа төлөөлж дүү нартаа юу захих вэ?

    -Надтай мөр зэрэгцэн алба хааж байгаа нисгэгч нар болон суралцаж байгаа оюутан дүү нартаа мэрийлттэй байгаарай гэж хэлмээр байна. Бүхнийг сэтгэлээсээ сурч, хийх юм бол аюулгүй нислэгүүдийг үйлдэх боломжтой. Мэрийлт гэдэг бүх ажлыг ном журмынх нь дагуу биелүүлэх гэж боддог.

-Нисгэгч бүр онгоц газардахад нь тайвширч, сэтгэл нь амардаг болов уу гэж боддог. Таны хувьд?

    -Онгоцны дугуй зурваст хүрсэн ч гэлээ зогсоол хүртэл онгоцоо залах зэрэг олон үйлдэл хийдэг. Онгоцноос буутлаа тайвширч чаддаггүй юм. Харин онгоцноос бүрэн буусаны дараа гэр бүлийнхний минь санаа ч мөн адил амардаг юм даа.  

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

    -Миний ирээдүйн зорилго “Миг-29” сөнөөгч онгоцыг Монголын тэнгэрт илүү удаан, олон цаг нисээсэй гэж хүсдэг. Магадгүй тус онгоц хуучирлаа гэж бодоход дараагийн сөнөөгч онгоцууд Монголын зэвсэгт хүчин, агаарын орон зайг үргэлжлүүлэн хамгаалж, үүргээ  нэр төртэй биелүүлээсэй гэж хүсдэг.


Б.ЦОЛМОНБААТАР: “МИГ-29” СӨНӨӨГЧ ОНГОЦТОЙГОО МОНГОЛЫН ТЭНГЭРТ ИЛҮҮ УДААН НИСЭЖ, АГААРЫН ОРОН ЗАЙГ НЭР ТӨРТЭЙ ХАМГААЛАХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188