• Өнөөдөр 2024-10-15

НИСГЭГЧ Ж.ЁНДОНГИЙН ОХИН СУВД: ААВ МИНЬ “ХҮНИЙ МӨР” КИНОНД ЯК-18 ОНГОЦЫГ УРАН ЖОЛООДОЖ, МОНГОЛ НИСГЭГЧИЙН ДҮРИЙГ МӨНХӨЛЖ БАЙЛАА

2024-01-02,   9261

    Цаасан онгоцоор наадаж, онгоцны чимээнд өссөн нисгэгчийн охин бол Сувд. Тэр гэртээ үлдсэн үедээ аавыгаа "Хэзээ ирэх бол" хэмээн байнга харуулдаж, цонхноосоо ер салдаггүй байсан гэх. Харин ээжийнхээ "Аав чинь ирж байна" гэх чимээнээр тэртээ дээрээс аяархан газардах аавыгаа хараад "Аав аа, аав аа" хэмээн даллаж, баярлаж, баярлах бүрдээ онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байжээ. Заримдаа аавтайгаа хамт нисэх боломж олдвол шөнө дөлөөр нойроо харамлахгүй сэрж, дуртай нь аргагүй аавыгаа дагаад гардаг байсан гэнэ. Тэгээд цэцэг, жимс ихтэй газар буух юм бол ээждээ тэвэр дүүрэн цэцгийн баглаа түүж, үйлчлэгчийн өгсөн "нислэг" чихрийн хамт бэлэглэж ээжийгээ баярлуулахыг хичээдэг байж. Ийн өдөр, шөнийн алинд ч аавыгаа харуулдан зогсдог, дагаж нисэхийг хүсдэг, "Том болоод заавал онгоцны үйлчлэгч болно доо" гэж мөрөөддөг байсан жаахан охин хэдийнэ мөрөөдөлдөө хүрч, үүргээ давуулан биелүүлсэн нь энэ. Тэрбээр 26 жил мөрөөдлийнхөө ажлыг хийхдээ 20000 цаг агаарт нисэж, есөн сая километр агаарын зам туулсан байна. Харин түүний аав Монголын анхны нисгэгч нарын нэг байлдааны, тээврийн, сөнөөгч, спортын гээд 12 төрлийн онгоцоор хөх тэнгэрт дүүлэн нисдэг гарамгай нисгэгч Ж.Ёндон. Монголын нислэгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чадварлаг нисгэгч бэлдсэн Ёндонгийн охин Сувдтай ярилцлаа. 

-Таны аавыг хамгийн олон төрлийн онгоц жолоодсон шилдэг нисгэгч нарын нэг байсан хэмээдэг. Аавынхаа түүхэн амжилт болон хэрхэн нисгэгч болсон тухай нь ярьж өгөөч?

        -Аав минь Монгол Улсын иргэний нисэхийн анхны саятан нисгэгч, олон гавьяатай нисгэгчийн багш, шалгагч байсан. Үүнээс гадна Як-9, Ил-2, По-2, Ут-2, Як-11, Як-12, Як-18, Як-18А, Ан-2, Ил-14, Ан-14, Ан-24 хэмээх 12 төрлийн агаарын хөлгөөр нисэж, хээрийн аэродром нээж, баталгаажуулж агаарын замыг нээж байсан түүхтэй. Мөн нисэх хүчинд ажиллаж хөдөлмөрлөхдөө олон хүнийг өөрийн гараар нисгэгч болгосон гавьяатай хүн.

    Аав 1926 онд Улаанбаатар хотод төрсөн гэдэг. Найман нас хүртлээ аав, ээж, ах, эгчийнхээ гар дээр өсөж, хүмүүжиж байгаад Ардын үлгэр жишээ бага сургуульд суралцсан байдаг. Багийн сэргэлэн цовоо хүүхэд байсан учир есөн настайдаа уйгаржин монгол бичиг сурч, сайхан бичиж сурсан юм билээ. Тиймээс цэрэгт явахаасаа өмнө Хүнсний үйлдвэрийн яамны сайдын нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины сурвалжлагч байсан нь бахархмаар. Тэгээд Сонгино дахь нисэх хорооны нисэх тусгай дадлагын ангид хугацааны цэрэг, байлдагч болсон байдаг. Аав 1945 оны дайны дараахан ОХУ-ын Борисоглебск хотын сөнөөгч онгоцны нисгэгчийн дунд сургуулийг таван жил суралцаж төгссөн юм билээ. Тухайн үед аавыг ОХУ-д сурахаар явахад нь аав, ээж нь маш дургүй байсан гэсэн. Учир нь, аавын минь том ах ОХУ-д сурахаар яваад ор сураггүй алга болсон байсан үе. Тиймээс аав, ээж нь ОХУ-руу дахин хүүгээ явуулж яахан зориглох билээ дээ. Гэвч аав өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад нисэхийн сургуульд явсан гэдэг. Тэгээд ОХУ-д таван жил сурч, таван жил ажиллаж байгаад Монголдоо1956-1957 онд нислэгийн ба онолын багшаар ажиллаж эхэлсэн байдаг. Удалгүй ОХУ-ын Ульяновск хотод Ил-14 онгоцны тусгай курст суралцаж, төгсөж ирээд нисэх тавдугаар отрядад Ил-14 онгоцны даргаар ажилласан. Тэгээд нислэг эрхэлсэн орлогч, онгоцны даргаар ажиллаж байгаад 1972-1973 онд Агаарын харилцааны Газрын нэгдүгээр эскадрильд Ан-24 онгоцны II нисгэгч, онгоцны даргаар ажиллаж байсан түүхтэй.

-Аав нь “Хүний мөр” кинонд нисгэгч Чинбатын дүрийг бүтээсэн байдаг. Кинонд дүрээ мөнхлөх хувь хэрхэн тохиолдсон юм бол?

      -Аав 1960 онд “Хүний мөр” уран сайхны кинонд нислэгийн зөвлөхөөр ажиллаж, Як-18 онгоцыг уран жолоодож, монгол нисгэгчийн дүрийг ямар ч монтажгүйгээр мөнхөлж байсан. Түүндээ их дуртай, хайртай байсан байх. Мөн “БНМАУ-ын Иргэний нисэхийн аэродромын албаны дүрэм”, “БНМАУ-ын Иргэний нисэхийн онгоцны үйлчлэгч нарын түр дүрэм” зэрэг онгоцны дүрмийн номууд редакторлан, гар бие оролцож байсныг нь шавь нар нь дурсан ярих дуртай байдаг.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Онгоцны үйлчлэг болох мөрөөдлөө биелүүлсэн мөч ямар байсан бэ? 

      -Аав минь Нисэх холимог хорооны дайрагч онгоцны багш, нисгэгчээр ажиллаж байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ээж минь холбооны ашиглалтын техникч мэргэжилтэй байсан. Тиймээс Агаарын харилцааны газарт Ил-14 онгоцны үйлчлэгч, шалгах диспетчерээр олон жил ажилласан. Ээж ЗХУ, БНХАУ, БНСУ, эх орныхоо аймаг, сумдаар онгоцны үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2000 орчим цаг ниссэн байдаг. Ээжийн минь дүү мөн онгоцны үйлчлэгч байсан. 

    Би аравдугаар ангиа төгсөөд аавынхаа ажиллаж байсан Ардын армын нисэх 109 дүгээр ангид Ан-24 онгоцны үйлчлэгчээр, 1986 онд “МИАТ” ХК-д онгоцны үйлчлэгчээр тасралтгүй 26 жил ажилласан. Ингэхдээ 20000 орчим цаг агаарт нисэж, есөн сая километр агаарын замыг туулсан. Миний хань тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд шүхэрчин, гал сөнөөгч, хэсгийн даргаар ажиллаж байлаа. Мөн Ан-26, Ми-8 нисдэг тэрэгнээс үйлдвэр дадлагын болон спортын тэмцээнд 960 удаа шүхрээр буусан шүхрийн спортын мастер. Харин хүү минь Үндэсний аврах бригадад сургалтын албаны даргаар ажилладаг шүхэрчин. Тэгэхээр гэр бүлээрээ шүхэрчин гэсэн үг. Би айлын том охин. Дөрвөн дүүтэй. Гурав нь нислэгийн удирдагч, нэг нь нисэхийн инженер мэргэжилтэй. Одоо бидний хүүхдүүд нисэхийн салбарт ажиллаж байгаа. Манайхны 10 гаруй хүн нисэхийн салбар ажиллаж байна даа.

-Та онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан үеийнхээ сонирхолтой түүхээсээ ярьж өгч болох уу?

      -Миний үйлчилсэн онгоцонд хоёр хүүг мэндэлж байлаа. Хоёуланг нь эх барьж авснаас өөр онцын үйл явдал болж байгаагүй. Түүнийгээ би их билэгшээдэг юм. Өнгөрсөн хугацаанд аюулгүй сайхан нислэгүүд үйлдэж, зорчигчдодоо үйлчилсэн байна, эргээд бодоход.

-Урлагийнхны хүүхдүүд бага насаа театрт өнгөрүүлсэн гэж ярьдаг шүү дээ. Үүнтэй адил та бага насаа онгоцонд өнгөрүүлэв үү?

     -Жаахан байхдаа аавтайгаа цуг нисэх гээд шөнө байсан ч хамаагүй босоод аавыгаа дагадаг байсан. Өглөөний цайгаа нисгэгч ах нартайгаа уучихаад онгоцонд тоглоно.

Харин аав минь онгоцныхоо бүрэн бүтэн, аюулгүй байдлыг шалгачихаад онгоцондоо суудаг байсан. Тэгээд л аавынхаа ард суугаад нисдэг байлаа шүү дээ. Цэцэг, жимс ихтэй газар буух юм бол онгоцныхоо сүүдэрт сууж байгаад цэцэг түүнэ.

Үйлчлэгч эгчийн өгсөн “нислэг” чихрийг, хээрээс түүсэн тэвэр дүүрэн цэцэгтэйгээ ээждээ авчирч өгдөг сөн. Тэр болгонд ээж минь их баярладаг байж дээ. Ялангуяа Хагийн хар нуурын хойд талд буух ч янзын сайхан  шүү дээ.

-Аав нь амралт, чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг байсан бэ. Тухайн үеийн хүмүүс ном их уншдаг байсан гэдэг?

    -Аав гэртээ байхдаа өдөр, шөнөгүй ном уншиж, ямар нэгэн зүйл бичиж, тэмдэглэдэг сэн. Өглөө ажилдаа гарахдаа үсийг минь самнаж өгнө. Гогцоо гаргахгүй сүлждэг болохоор ааваараа самнуулах дуртай байлаа. Дүү нар минь бага байсан болохоор аав намайг чарга дээр суулгаад манай нисэхийнхний хэлдгээр антентай толгой явж чаргаар гулгадаг байсан үеийн мартдаггүй юм. Аав минь оросоор сайн ярьдаг, сайхан дуулдаг, цан чаргаар сайн гулгадаг хүн байсан. Тэр тухай нь хамт ажиллаж байсан нөхөд нь, шавь нар нь их дурсаж ярьдаг сан. Бас хүн огт загнадаггүй, хүүхдэд хайртай дөлгөөн тайван хүн байсан. Тийм ч учраас байрны хүүхдүүд "Ёндон ах аа, Ёндон ах аа" гээд аавд сайн гэж жигтэйхэн. Аав ч тэднийг өөрийнхөө хүүхэд хайрлаж, чихэр байвал аваад өгчихдөг байсан байх. Харамсалтай нь аав минь тун залуудаа бурхан болчихсон юм. 

"ХҮНИЙ МӨР" КИНОНЫ ХЭСГЭЭС...

-Шалтгаан нь юу байсан юм бэ?

     -Аавыг минь ээлжийн амралтаараа амарч байхад нь ажлаас нь “Өвөрхангай аймгийн Богд суманд аэродром нээж байгаа. Түүнд таниас өөр явах хүн алга” гээд аваад явсан юм. Аав минь Богд суманд гурав хоног ажиллах хуваарьтай явсан. Хот руу нисэх ёстой байсан өглөө нь бие нь гэнэт муудаж, зүрх нь хаагдаж нас барсан гэдэг тайлбар өгсөн байсан. Тухайн үед сумын эмч дуудсан боловч дуудлагаар хөдөө явчихсан гээд ирээгүй юм билээ. Тэгээд эмч задлан хийх шаардлагагүй гэж хэлсэн болохоор ээж минь эмчийн үгэнд орж задлан шинжилгээ хийлгээгүй юм билээ. Тухайн үед би 10 настай байсан болохоор юмны учир ойлгодоггүй байж. Аавынхаа тэр өглөө үнсээд гарсныг нь л сайн санадаг. Ээж минь ч залуу байсан болохоор бусдын үгээр явдаг байсан байх. Тийм болохоор би аавыгаа гаднын нөлөөтэй бурхан болсон байх гэж харддаг. Одоо тэр тухай дэлгэж ярих хэтэрхий оройтсон гэж бодож байна.

-Та нар аавыгаа “Ирж байна уу, хэзээ ирэх бол” гээд л байнга харуулддаг байсан байх даа?

      -Бид аавыгаа "Ирж байна уу" гээд л цонхноос салдаггүй байлаа. Ээж холбоочдоос байнга мэдээлэл авдаг байсан болохоор цагийн баримжаатай байж. Ээжийг "Аав чинь буулаа" гэхэд л урд талынхаа цонхоор аавынхаа бууж байгааг хардаг сан. Манай байранд голдуу нисгэгч нар амьдардаг байсан болохоор хүүхдүүд бид нар нь "Манай аав тийшээ ниссэн, тэдний аав тийшээ ниссэн, ийм юм авчирсан" гээд л тоглох зуураа ярьдаг сан. Аавыгаа их ч харуулддаг байж, их ч дагаж явдаг байж дээ.

-Таны аав их нуруулаг хүн байсан гэдэг?

    -Аав минь хоёр метр орчим өндөр хүн байсан. Бас 46 резмарын гутал өмсдөг байсан гээд л бод. Хүмүүс аавыг "өндөр Ёндон" гэдэг байсан юм. 

-Таны аавд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан болон бусад онцгой нөхцөл тулгарч төлөвлөөгүй газар буусан тохиолдол бий юү?

     -1970 онд Хятадын Батлан хамгаалахын сайд Маршал Лянь Бяо-гийн сууж явсан онгоц улсынхаа хилийг зөрчиж яваад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нисэх онгоц сүйрсэн осол гарч байсныг уншигчид санах байх. Тухайн үед шарилуудыг нь оршуулах ажлыг хариуцсан ажлын хэсэгт аав минь эмч, хуулийн байгууллагынхантай хамт оролцож байсан юм билээ. Ослын газраас дутуу шатсан есөн хүний хүүр, буу зэвсэг, баримт бичиг олдсон гэдэг. Тэдний ослыг онгоцны шатахуун дуусаад осолдсон гэж ярьдаг. Мөн ОХУ-ын тусгай албаныхан буудаж, хөнөөсөн ч гэж ярьдаг. Аав тухайн ослын талаарх болсон үнэн бодит явдлыг бичсэн хоёр хуудас цаасыг ээж бид хоёрт "Хэнд ч үзүүлж, гар хүрч болохгүй шүү" гэж захиад номны завсар хийж байсан юм. Түүнд нь би огт гар хүрэхгүй байж байгаад хожуу хайсан боловч олдоогүй.

      Алжирын Ерөнхийлөгчийг Бээжинд хүргэхээр нисэж байтал нь агаар муудаж, аргагүй эрхэнд газардсан юм билээ. Тэгээд хээр суусан учир холбоо тасарч улс даяар "Алжирын Ерөнхийлөгчийг авч явсан онгоц сураггүй болсон" хэмээн шуугьцгааж байсан гэдэг. Тэгээд аав цаг агаар ажиглаж байгаад нисэх боломжтой болсон үед нь хөөрч, Бээжинд буугаад холбооныхонтойгоо холбогдсон гэдэг. Тэгээд аавыг намын зүгээс арга хэмжээ авна хэмээн дуудуулж, Цог генералын үүдэнд хүлээгээд сууж байтал нь Ю.Цэдэнбал дарга Цог генерал руу "Алжирын Ерөнхийлөгч танай нисгэгчид  баярласан, талархсанаа илэрхийлсэн. Түүнийг шагнах ёстой шүү гэж хэлүүлсэн" хэмээх захиас ирснээр шийтгүүлэх гэж байсан аав Улс төрийн товчооны жуух бичгээр шагнуулсан байдаг.

-Танай гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн юм уу?

        -Би сайн санадаггүй юм. Одоо бодоход тагнуулынхан ирж тагтан дээрх аавын төмөр авдрыг хэдэн өдөр нэгжиж байсан. Тэд гэрийн номын санд нэгжлэг хийгээгүй. 

-Та онгоц цуглуулах сонирхолтой юу. Энэ жил аавынх нь 100 жилийн ой тохиох гэж байгаа юм байна. Та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

      -Залуудаа нэлээд цуглуулдаг байсан. Хүүхдүүд минь ч онгоцоор тоглох дуртай байлаа. Цуглуулсан хэдийгээ хүмүүст тараагаад дууссан байна. Ойд зориулсан ажил болохоор ганцаараа шийдэж, төлөвлөж болохгүй. Дүү нартайгаа, гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ. 


НИСГЭГЧ Ж.ЁНДОНГИЙН ОХИН СУВД: ААВ МИНЬ “ХҮНИЙ МӨР” КИНОНД ЯК-18 ОНГОЦЫГ УРАН ЖОЛООДОЖ, МОНГОЛ НИСГЭГЧИЙН ДҮРИЙГ МӨНХӨЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 12:25:57
    оаёёо: тэр үеийн хүмүүсийг үнэлэхгүй байхын аргагүй эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг үнэнч шударга эх орноо гэсэн сэтгэлтэй үнэхээр хайрламаар сайхан хүмүүс байж дээ сайн хүнии сайхан охинд эрүүл энх аз жаргалыг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 09:46:30
    Suvdaadaa BAYARllaa! Goë yariltslaga bna: Ger bul ur huuhduud Ta buhend Eruul enh sain saihan buhniig husen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 07:23:00
    Баяраа. Анги: Сайхан аавын охинд аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 19:40:00
    Баатар: Маш сонирхолтой ярилцлага бна.Улсын нууцтай холбоотой бичиг баримт,болсон явдлыг мэддэг,оюунлаг,боловсролтой хүн байсан учраас намтар,түүх нь нууцлаг,хаалттай байсан юм болов уу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 14:11:36
    Нисэхийн Энхээ: Сувддаа эрүүл энх аз жаргал хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 07:52:47
    ГБаянжаргал: Баатарлаг гавьяатай сайхөн нисгэгчийг үр хүүхдүүдэд нь баяр хүргэж сайн сайхныг хүсье бахархалтай гэр бүл байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188