• Өнөөдөр 2024-03-29

М.ЛХАГВАГЭРЭЛИЙН ААВ Д.МӨНХТӨР: Хүүдээ итгэж байсан ч аваргын төлөө барилдахад нь Отгонтэнгэр хайрхандаа эрхгүй залбирч, даатгасан

2023-04-18,   2259

ХҮҮГЭЭ АЗИЙН АВАРГА БОЛОНГУУТ НЬ “БАРИЛДААН ДУУСАХААС ХОЁРХОН СЕКУНДИЙН ӨМНӨ ИРАНЫ БӨХИЙГ ХУТГАЖ, ДӨРВӨН ОНОО АВСНААС ИЛҮҮ ӨМНӨ НЬ ТЭМЦЭЖ, ЗҮТГЭЖ АВСАН ХОЁР ОНОО ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙСАН ШҮҮ, ХҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ” ГЭЖ БИЧСЭН

     Казахстаны Астана хотод болсон чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн Яруу сумын харьяат МУГТ, Даян бөхийн дэвжээ, Хилчин спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Залуучуудын Азийн аваргын хошой мөнгөн медальт үндэсний бөхийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Азийн аварга болсон билээ. Тэрбээр эрэгтэй бөхчүүдээс найм, хүнд жингийн бөхчүүдээс 22 жилийн дараа Ази тивийн аварга болж, монгол түмнээ баярлуулж чадсан. Түүний аав Д.Мөнхтөртэй холбогдож, хүүгийнх нь барилдааны талаар ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Хүү нь хүнд жингийн бөхчүүдээс 22 жилийн дараа Азийн аварга болж, аав, ээж, нутаг, усныхаа нэрийг дуурсгалаа. Хүүгээ аварга болоход нь эрхгүй огшсон байх. Тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

      -Аварга болохоор нь баярлаж, догдолно. Эгзэгтэй барилдаануудыг нь үзэх амаргүй. Даралт ихсээд унах шахна шүү дээ. Эхний тойргуудыг нь гайгүй үзчихдэг юм. Бид байтугай монгол түмэнд хүртэл үзэхэд хэцүү байдаг биз дээ. Хүүгийн аваргын төлөөх барилдаан 22:00 цагт болсон. Хүүдээ итгэж байсан ч барилдааных нь үеэр долоон бурхандаа залбирч, нүдээ анихад л Отгонтэнгэр хайрхан болон нутгийн хангайнууд сэтгэлд дүрслэгддэг учир тэдэндээ даатгаж байлаа. Тэгээд хүүгээ аварга болонгуут нь утсаар ярих боломжгүй байсан ч “Хүүдээ баяр хүргэе. Ираны бөхийг барилдаан дуусахаас хоёрхон секундийн өмнө хутгаж дөрвөн оноо авснаас илүү түүнтэй тэмцэж, зүтгэж байж авсан өмнөх хоёр оноо илүү үнэ цэнтэй байсан шүү” хэмээн зурвас бичиж, багш нарт нь баярласан сэтгэлээ илэрхийлж байж хөөрсөн сэтгэлээ дундалж байгаа юм. Тэгээд нам унтсан байна лээ. Өглөө нь хүүгээс нь “Харин тийм ээ. Баярлалаа, аав аа” гэсэн хариу ирсэн байсан.

-Та хүүгээ Азийн аварга шалгарлуулах тэмцээнд явахад нь аварга болно гэж найдаж байв уу?

      -Өнгөрсөн жил Э.Батмагнай 125 килограммын жинд барилдаж, хүрэл медаль авч байсан. Энэ жил хүүгээ Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явахад нь “Амжилттай оролцоосой” гээд дэлхийн аваргаас хоёр жил дараалан мөнгө, хүрэл медаль авсныг нь бодсон. Мөн өөрийнх нь бэлтгэл сургуулилт, байгаа байдлаас нь Азийн аваргаас медаль авна гэдэгт нь итгэж байсан ч түрүүлнэ гэж бодоогүй. Анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцолж аавынхаа бодол, хүслийг биелүүлж аварга болсонд нь баяртай сайхан байна. Хүү минь багш, дасгалжуулагч, шигшээ багийн хамт олны хүч, дэмжлэгээр аварга болсон шүү дээ.

-Та хүүгийнхээ барилдааны багш, дасгалжуулагчийн нүдээр үздэг гэсэн. Хүүгээ Ираны бөхтэй барилдсан барилдааныг хэрхэн ойшоов?

     -Хүүгийн минь Ираны бөхтэй барилдсан барилдаан хамгийн чухал барилдаануудын нэг байлаа. Би хүүтэй минь барилдсан Ираны бөхийн барилдааныг өмнө үзэж байгаагүй. 18 настай хүү байна лээ. Залуучуудын ангиллаас гурван удаа дэлхийн аварга болж байсан амжилттай гэсэн. Тэд 6:3 харьцаатай байсан ч барилдаан дуусахаас хоёрхон секундийн өмнө Лхагвагэрэл түүнийг хутгаж, дөрвөн оноо авч ялалт байгуулсан.

-Түүний дараа Казахстаны бөхтэй аваргын төлөө барилдсан. Нутгийн дэвжээндээ барилдаж байгаа бөх зоригтой байсан байлгүй?

      -Бие томтой, өндөр бөх. Тэд өмнө нь гурав барилдсанаас  Лхагвагэрэл хоёр ялагдаж, нэг ялж байсан юм. Энэ удаагийн ялалтаар тэдний унаа, даваа тэнцэж 2:2 болж байгаа. Казахстаны бөхтэй барилдахад нь бас л түгшиж, догдолж байлаа. Хүнийг нутгийн дэвжээ, үзэгчдийн дэмжлэг түшинэ гэж байдаг юм.

-Хүүгийнийхээ Азийн аварга шалгаруулах үеийн барилдаануудыг үзэхэд өөрчлөгдсөн байна уу?

      -Том, жижиг ямар ч тэмцээнд орсон туршлагатай болно. Тэгэхээр би хүүгээ нэлээн туршлага сууж, цагаа зөв хуваарилж, сэтгэл зүйгээ сайтар бэлддэг болжээ гэдгийг нь олж харсан. Өөрийн гэсэн бодолтой, барилдааны арга болж туршлагжиж байгаа биз. Хүүгийнхээ барилдаан бүрийг үздэг болохоор өөрийн гэсэн харьцуулалт дүгнэлттэй болчихдог юм байна.

-Хүү нь Монголд хэзээ ирэх вэ?

     -Өнөө орой /өчигдөр/ 20:00 цагт Монголд бууна гэсэн. Би нэгдүгээр сард Улаанбаатар хот орсон. Түүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй. Би Яруу суманд багшийнхаа ажлыг хийж байгаа.

-Лхагвагэрэл ойрын хугацаанд ямар тэмцээнүүд бэлдэх, хүч үзэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

       -Дэлхийн аваргын чансаа тоож, оноо өгөх тэмцээнүүдийн нэг  удахгүй болно. Түүнд явах байх.

-Хүү нь цагаан сарын барилдаанд үзүүрлэж, монголчуудыг баярлуулсан. Та хэнтэй барилдсан барилдааныг нь илүүтэй догдолж үзсэн бэ?

       -Архангай аймгийн харцага Зоригтбаатартай барилдсан барилдааныг нь хүн бүр догдолж үзсэн байх. Тэдний унаа, даваа тэнцүү 1:1  байсан. Эр бяр нь тэнцүүхэн нэг үеийн бөхчүүдийн барилдааныг хүмүүс их сонирхдог шүү дээ. Би ч бас тэгж харсан.

-Монгол даяараа тэр дундаа Яруу сумынхан таны хүүг л ярьж шинэлсэн байлгүй дээ. Үзүүр түрүүний барилдааны тухай яривал?

       -Хүүгээ “даваасай, түрүүлээсэй”  гэж бодолгүй яах вэ. Тэр барилдаанд Лхагвагэрэл их яарсан, нэг мэхийг болохгүйг нь мэдсээр байж хоёр хийсэн. Тэгээд хүүдээ “Дараагийн удаа битгий яараарай” гэж анхааруулж, захисан. Монголчууд цагаан сараар бөх ярьж шинэлдэг шүү дээ. Олон түмний их хайр, хүндэтгэлийг яаж дааж явна даа гэж боддог юм, ах нь. Хүнтэй зөв сайхан харилцаатай байх юм сан. Байдгаараа байх юм сан гэж хичээж явдаг. Ус үзээгүй байж хормой шууж болохгүй гэж хүүдээ байнга захидаг. Хүү минь ч гэсэн нэрээ хичээж явдаг.

-Та хүүдээ юуг илүүтэй захидаг вэ?

      -Хүүдээ бяртай, чадалтай амжилт гаргахаас илүү хүн чанартай, жудагтай, даруухан, хүн байгаарай гэж захидаг.

-Лхагвагэрэлд олимпын аварга болох нь л дутуу байна даа?

     -Хүү минь залуу байна, амжилт гаргаж байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпт амжилт гаргаасай гэж боддог юм даа.


М.ЛХАГВАГЭРЭЛИЙН ААВ Д.МӨНХТӨР: Хүүдээ итгэж байсан ч аваргын төлөө барилдахад нь Отгонтэнгэр хайрхандаа эрхгүй залбирч, даатгасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-19 11:43:52
    Бөх сонирхогч : Лхагва даа болон аав ээж багш дасгалжууланч нарт нь баяр хүргье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188