• Өнөөдөр 2024-03-29

13 НАСТАЙ М.НАРАНБУЛАГ: БАДАМЛЯНХУА УРГАЖ, ХУН ӨВӨЛЖДӨГ ДӨРГӨН НУУРАА ХОГГҮЙ БАЙЛГАХЫН ТУЛД ЦЭВЭРЛЭХ ДУРТАЙ

2023-01-17,   566

     Ховд аймгийн Дөргөн сумын зургадугаар ангийн сурагч М.Наранбулагтай ярилцлаа. Тэрбээр ах нартайгаа хамт Дөргөн нуураа цэвэрлэдэг сайн үйлстэн билээ.  

-Хэзээнээс байгаль дэлхийгээ хайрлаж, хогийг нь цэвэрлэж эхэлсэн бэ?

      -Би гуравдугаар ангиасаа хойш нагац ах, үеэл дүү, төрсөн ах нартайгаа Дөргөн нуурын ойролцоох хог түүж байгаа. Ихэвчлэн амралтын өдрүүдээр Дөргөн нуурынхаа хогийг цэвэрлэдэг. Дөргөн нуурт минь бадамлянхуа, зэгс, тоодог, бөмбөө, шар, цагаан цэцэг ургадаг. Өвөлдөө харзалж урсдаг болохоор хун шувуу өвөлждөг маш үзэсгэлэнтэй нуур бий. Тийм болохоор Дөргөн нуураа хоггүй цэвэрхэн байлгахын тулд хогийг нь цэвэрлэх дуртай. Тийм гоё цэцэгтэй, хунтай нуураа хогтой байхыг нь харах муухай байдаг.

-Чамд хэн нэгэн байгалиа хайрлаж, цэвэрхэн байлгах ёстой гэж захидаг уу?

       -Би наймуулаа амьдардаг. Дөрвөн ах, нэг дүүтэй. Аав минь лам, ээж минь номын санч. Эмээ минь байгаль дэлхийгээ хайрлаж, хуучирсан өвүүдийг сэргээн засварладаг, байгальдаа хайртай хүн байдаг. Эмээ минь бидэнд байгаль дэлхийдээ ээлтэй, нэг хог байсан ч түүж явахыг захиж, сануулдаг. Эмээгийнхээ захиж, сургадаг ухаанаар бид цаг зав гаргаж, сумынхаа ойролцоох хогийг түүдэг. Тэгэхээр эмээ минь бидэнд байгалиа хайрлах, цэвэрлэх ухааныг өвлүүлсэн гэхэд болно.

-Танай ангийнхан чамайг байгалиа хайрлаж, Дөргөн нуурын ай сав дагуу хог цэвэрлэдэг гэдгийг нь мэддэг үү?

     -Манай ангийн зарим нь саяхнаас намайг хог цэвэрлэдэг гэдгийг мэдсэн. Ангийн багш минь намайг байгалиа цэвэрлэдэг гэдгийг мэдчихээд “Маш сайн байна. Мундаг байна” гэж магтсан. Багшдаа магтуулах гоё байсан. 

-Дөргөн нуурын ойролцоо иргэд ихэвчлэн ямар хог хаясан байдаг вэ?

     -Ундаа, пивоны сав, гялгар уут, тамхины сав түүдэг. Түүсэн хогоо бөөгнүүлж асгаад шатаадаг. Манай сумын хогийн цэг сумынхаа хойно байдаг учраас нуурын эрэг дагуу маш их хог хийсэж очдог. Энэ талаар сум орон нутгийнхан төдийлөн анхаарч, дорвитой ажил хийдэггүй болохоор бид өөрсдийнхөө чадлаар хогийг нь цэвэрлэж, нуураа цэвэрхэн байлгахыг хичээдэг.  

-Чи нуураа цэвэрлэж байхдаа 10.000 төгрөг олсон байсан шүү дээ. Олсон мөнгөөрөө юу хийх вэ?

      -Би хог цэвэрлэж байхдаа 10.000 төгрөг олоод маш их баярласан. Сонин мэдрэмж байдаг юм билээ. Би мөнгөөрөө дүүдээ болон өөртөө оймс авдаг юм билүү гэж бодож байгаа.

-Чи амралтаараа ихэвчлэн нуураа цэвэрлэдэг юм байна. Харин бусад чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

     -Бусад цагаараа гэрээ цэвэрлэж, дүүгээ харж, хичээлээ хийдэг. Мөн чөлөөт цагаараа зураг зурах дуртай.

-Чи ямар хичээлдээ дуртай вэ. Том болоод ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг вэ?

    -Би бүжгийн багш болохыг мөрөөддөг. Гурван настайгаасаа хойш бүжиглэж байгаа. Бүжгийн олон медальтай. Би монгол бичиг, математикийн хичээлдээ дуртай. Аав, ээж минь намайг боловсролтой хүн болохоос гадна сайхан сэтгэлтэй, байгалиа хайрладаг зөв хүн болох чухал гэсэн.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.


13 НАСТАЙ М.НАРАНБУЛАГ: БАДАМЛЯНХУА УРГАЖ, ХУН ӨВӨЛЖДӨГ ДӨРГӨН НУУРАА ХОГГҮЙ БАЙЛГАХЫН ТУЛД ЦЭВЭРЛЭХ ДУРТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-17 12:56:11
    М. Наранбулаг: Би Далай нуураа цэвэрхэн . Хоггүй байлгахыг хүсдэг . Далай нууранд минь олон цэцэг ургадаг бас өвөлдөө хун шувуу их байдаг учраас Далай нуураа хоггүйлдэл байлгамаар байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188