Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ сарын 4-нд гурван ихэр охин мэндэлжээ. Эхийг эсэн мэнд амаржуулсан Налайх дүүргийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барих эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлэлтийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б.Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажилласан байна.
Е.Баршагүл зургаа дахь төрөлтөөрөө ес дэх хүүхдээ төрүүлсэн байна. Тэд 35-36 долоо хоногтойдоо 1700-1900 грамм жинтэй мэндэлсэн байна. Эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа тул тэд өчигдөр эмнэлгээс гарчээ. Бид гурван ихрийн ээж Е.Баршагүлтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Гурван ихэр охинтой болсонд нь баяр хүргэе. Таны болон хүүхдүүдийнх нь бие сайн уу?
-Гурван ихэр охинтой болсондоо бид маш баяртай байгаа. Бид дөрвийн бие тэнхэрсэн болохоор өчигдөр эмнэлгээс гарсан. Охидоо хөхөөрөө хооллохоос гадна нэмэлт тэжээл өгч байгаа.
-Та ихэр охидтой болно гэдгээ хэзээ мэдсэн бэ. Ихрийн удамтай юу?
-Би Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг малчин. Би өнгөрсөн тавдугаар сард ихэр ураг тээж байгаагаа мэдсэн. Миний аав ихэр хүн. Би гурван ихрийнхээ өмнө хоёр ихэр төрүүлсэн. Би эцэг, эхээс долуулаа. Манайхнаас надаас өөр ихэр төрүүлсэн хүн байхгүй.
-Гурван ихэр охиндоо нэр хайрласан уу. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Өнөөдөр гурван охиндоо нэр хайрлана. Манайх 16-тай, 14-тэй, 12-той, зургаатай, гурван настай ихрүүдтэй гээд зургаан хүүхэдтэй байсан бол сая гурван ихэр минь мэндэлж, бид 11-үүлээ боллоо. 39 настайдаа гурван ихэр охин төрүүлсэндээ баяртай байна.
-Хүүхдүүд нь эмчийн хяналтад байгаа юу?
-Тийм ээ. Налайх дүүргийн эмч нар охидыг минь 15 хоног эмчийн хяналтад байлгахыг зөвлөсөн. Мөн охидоо ЭХЭМҮТ-д үзүүлэх шаардлагатай байгаа.
ГУРВАН ИХРИЙН ЭЭЖ Е.БАРШАГҮЛ: 39 настайдаа гурван ихэр охин төрүүлж, есөн хүүхэдтэй боллоо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |