2006 оны аравдугаар сарын 19-нд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайз Улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар нар буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн гэх онц ноцтой хэрэг гарч байв. Тодруулбал, Малайз Улсад орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн толгой руу нь буудаж, хөнөөгөөд, биед нь “С4” хэмээх тэсрэх бодис зүүж, дэлбэлснийг шинжээчид тогтоосон байдаг. Уг хэргийг Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, улстөрч Абдул Разак Багиндаг болон тэдний гэр бүлийнхэн захиалсан гэж үздэг. Мөн нэр, нөлөө бүхий дээрх улстөрчид тус хэргийн талаар хамгийн сайн мэдэх гэрчүүдийг устгах даалгавар өгч, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Австрали Улс руу оргуулсан хэмээдэг. Үүний улмаас дээрх онц ноцтой гэмт хэрэг 16 жил шийдэгдээгүй юм. Харин өнгөрсөн баасан гарагт Малайзын Дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 3.8 тэрбум төгрөг нөхөн олгохоор боллоо. 16 жилийн турш өөрийгөө умартан байж охиныхоо төлөө, үнэн бүхнийг ялдаг гэдгийг мэдрүүлэхийн төлөө зүтгэсэн талийгаачийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.
-Хэчнээн шүүх хурлын дараа Малайзын Дээд шүүхээс танай гэр бүлд 3.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэв. Одоо танд хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгоод нэмэргүй ч гэлээ та монгол аавын тэмцлийг харуулж чадлаа шүү дээ.
-16 жилийн турш хэчнээн шүүх хурал болсныг мэдэхгүй байна, тооноос гарсан хэрэг. Малайзын хууль, шүүхийнхэн эхний 12 жил зөвхөн Малайзын эрх баригчдад үйлчилсэн болохоор амаргүй давааг давлаа. Тухайлбал, Малайзын хууль, хяналтынхан эрх мэдэлтнүүдийнхээ заавраар ажилласан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хоёр офицерыг шийтгэсэн гэдэг ч нэг нь шийтгэлээ хүлээгээгүй өөр улс руу зугтсан байдаг. Түүнийг хоёр жил ял эдлүүлж байгаад цагаатгаж, тухайн үеийн эрх баригчид буюу охины минь хэрэгт холбогдох этгээдүүд түүнийг Австрали руу гаргачихсан юм билээ. Харин нөгөөх нь Малайзад хоригдож байгаа. Тэр нь “Би тус хэргийг ганцаараа хийгээгүй учир цаазын ял авахгүй” гэдэг. Австрали руу зугтсан нь “Намайг цаазлахгүй гэвэл эх орондоо очно. Хэрвээ цаазалбал очихгүй” гэдэг гэсэн.
-Хэргийн захиалагчийг олж чадвал тэдэнд хуулийн ямар хариуцлага тооцо боломжтой вэ?
-Охины минь хэргийг шийдэхгүй олон жил болсон нь захиалагч нарыг илрүүлэх л байгаа юм. Офицеруудын мэдүүлснээр “Малайзын хамгийн том эрх мэдэл бүхий хүмүүсийн даалгаврыг бид биелүүлсэн” гэдэг юм билээ. Тэгэхээр миний охиныг хөнөөхийг захиалсан байж болзошгүй Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разах гэр бүлийн хүнтэйгээ хамт улсын мөнгө завшсан хэргээр 2021 онд шоронд орсон. Харин түүний улс төрийн зөвлөх Абдул Разак Багинда охиныг минь хөнөөхийг захиалсан захиалагч нь гарцаагүй мөн. Яагаад гэвэл, охиныг минь түүний гэрийн гаднаас автомашинд суулгаж авч явсан байдаг. Охин минь түүнээс өөр хүн танихгүй учир тэр офицеруудад охиныг минь хөнөөх зааварчилгаа өгсөн гэж би харддаг. Багиндаг баривчилж, байцаах юм бол хэнтэй хамт охиныг минь хөнөөх захиалга өгсөн болохоо хэлэх байх. Тэр Аллах тэнгэрийнхээ зарлигаар 2008 онд цагаадсан.
-Нажиб Разах болон түүний гэр бүлийн хүн таны охины хэрэгт холбоотой байж болзошгүй гэлээ. Хэрвээ тэднийг хэргийн захиалагч мөн гэдгийг тогтоовол үргэлжлүүлэн яллах боломжтой юу?
-Австрали руу зутсан Нажибийн ахлах офицерийг баривчилж, байцааж, Нажиб буруутай гэдгийг нь хэлүүлж чадвал Нажиб үргэлжлүүлэн ял эдлэх боломжтой юм билээ. Нажиб улсын мөнгө завшсан хэргээр 12 жилийн ял авсан.
НАДАД МАЛАЙЗААС ӨГӨХ НӨХӨН ОЛГОВОР СОНИН БИШ. БИ ТЭР МӨНГӨӨР ЯАХ Ч БИЛЭЭ ДЭЭ
-Хамгийн сүүлийн шүүх хурал болохын өмнө Монгол Улсын Засгийн газраас тусламж, дэмжлэг үзүүлж чадсан уу?
-Аравдугаар сарын 19-нд шүүх хурал болох байтал тов нь тодорхойгүйгээр хурал хойшлосон. Малайзын сонгууль арваннэгдүгээр сарын 25-нд дууссан юм. Тэд сонгуулийнхаа үр дүнг харахаар төлөвлөж байсан байх. Харин тэдний сонгуулиар Нажибын эсрэг тэмцэж байсан хүн Ерөнхий сайд болсон юм. Би тэр хүнтэй өмнө нь уулзаж байсан. Тухайн үед надад тус хэргийн учрыг олж, надтай хамтарч тэмцэх тухайгаа хэлж байлаа. Нөгөөтэйгүүр манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр удаа Малайзын Засгийн газарт захидал бичиж , сүүлийнх нь захидлыг Малайзын шинээр сонгогдсон Ерөнхий сайд хүлээж авснаар тохироо бүрдсэн гэхэд болно.
-Охиныхоо амиа алдсан хэргийн үнэн учрыг олох тэмцэл дууссан гэж ойлгож болох уу. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Малайзын талынхан давж заалдах эрхтэй. Гэхдээ давж заалдах эсэхийг нь мэдэхгүй байна. Тэдний талынхан буруу шийдвэр гаргаж, бид монголчуудад төлбөр төлөх ёсгүй гэх юм бол дахин үргэлжлэх байх. Английн хуульд Иргэний болон Эрүүгийн хэргийг тусад нь шийддэг юм. Иргэний хэргийг шийдүүлэхийн тулд би өнгөрсөн таван жилийн турш бүх хэргийн шинээр шалгуулсан. Энэ хэрэг нь олон улсын хэмжээнд яригддаг том хэрэг. НҮБ-ын байгууллага тус хэрэгт дүн шинжилгээ гаргаж, санал гаргах эрхтэй. Мөн Малайзын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөх боломжтой юм билээ.
-Өнгөрсөн хугацаанд охины тань хэргийг илрүүлэхийн тулд хэчнээн хүнээс байцаалт авсан байдаг вэ. Та Малайз руу хэчнээн удаа явав?
-Би Малайз руу хамгийн багадаа 12 удаа явсан байна. Заримдаа бүх гэрчийг авч явна. Олон хэлтэй орчуулагч олно гээд төвөгтэй. Тэр олон гэрчийг зочид буудалд байрлуулж, замынх нь зардлыг төлөхөөс эхлээд санхүүгийн асуудал байлаа шүү дээ. Малайзад Энэтхэг хүн байцаавал энэтхэгээр, Хятад хүн байцаавал хятадаар ярьдаг болохоор олон хэлтэй орчуулагч олно гэдэг амаргүй байлаа.
-16 жил малайзчуудтай тэмцэхэд танд хэн хамгийн их сэтгэлийн дэм болж байв?
-Ард түмэн надад сэтгэлийн дэм болж их тусалсан. Анх монголчууд намайг болон талийгаач охиныг минь, хүүг нь элдвээр бичдэг байлаа. Эхний жилүүдэд байхын аргагүй доромжилдог байсан. Хүмүүс намайг чи зовох ёстой гэж л бичдэг байлаа. Зөв сэтгэлтэй, таньж мэддэг хүн нь арай тэгж бичихгүй л дээ. Гэсэн ч би өөрийнхөө замаар зовлонгоо туулаад явж байна. Харин олдсон баримтад тулгуурлаж асуудал шийдэхэд оролцож, тусалсан хүмүүс бол сэтгүүлчид шүү.
Мөн би Монголоос Баяр гэх ганцхан хүнтэй 16 жилийн турш ажиллаж байна. Малайзын бүх мэдээлэл түүгээр дамжиж надад ирдэг гэсэн үг. Мөн түүнээс гадна гадаадын хоёр хуульчаас зөвлөгөө авч байсан даа.
-Таны охины хэргийн гол зангилааг хэн гаргаж, тусалсан бэ?
-Америкт амьдардаг байсан охины минь хуурай дүү учир явдлыг нь олж, цагдаад мэдүүлсэн байдаг юм. Тухайн үед хамт байсан хоёр найз эмэгтэй нь охиныг минь хайж очсон нь үнэн.
-Та охиныхоо хэргийн захиалагчийг Багинда, Нажиб нар гэж харддаг уу?
-Багинда, Нажиб нарын эхнэр охиныг минь устгахаар ярилцсан гэж харддаг. Нажибын эхнэр охины хэргийн газар орой нь очсон байдаг. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн гэрээгүй учир оролцох боломжгүй байсан. Гэрээ байгуулж чаддаггүй юм. Тэгээд 3.8 тэрбум төгрөг надад сонин биш. Тэр мөнгөөр би яах ч билээ дээ. Хэрвээ мөнгө нь орвол төлөх ёстой төлбөрүүдээ хуулийн дагуу төлж, барагдуулах байх.
-Та хэдүүлээ амьдардаг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр охинтой. Нэг нь гэр бүлтэй болоод тусдаа амьдардаг. Харин би зээ хүүтэйгээ амьдарч байна. Талийгаач охины минь бага хүү бурхан болоод удаж байна. Өнгөрсөн хугацаанд байдаг юмаа зараад байхгүйгээ зээлж, Малайзад хөрөнгө оруулаад дууссан. Их сургуулийн оюутны байранд, хүний зуслангийн байшинд хүртэл өвөлжиж үзсэн. Одоо хамаатныхаа байранд амьдарч байна.
-Та Малайзын шүүхийн шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Тус хэргээс үүдэлтэй хоёр улсын хооронд бодит үр дүн гарах болов уу?
-Малайзын шүүхийн шийдвэр анх удаа гарч байгаа нь сайн хэрэг. Тодорхой үр дүнд хүрсэн гэхээс өөр арга байхгүй. Малайз манайхтай ямар харилцаатай байж, хэрхэн хандах нь тэдний асуудал. Эрх зүйн гэрээ байгуулах нь уу, Элчин консул байгуулах нь уу харж л байя. Би, миний охины болоод гадаадад амиа алдсан иргэдийн хэргээр онц ноцтой гэмт хэргүүд дуусаасай гэж хүсэж байна. Монголчууд бусдын золиос битгий болоосой гэж хүсэж байна. Малайзчууд монголчуудаар оролдвол осолтой гэдгийг ухаарсан байх.
С.ШААРИЙБУУ: БУСДЫН ЗОЛИОС БОЛЖ, ХҮНИЙ НУТАГТ АМИА АЛДДАГ ОНЦ НОЦТОЙ ХЭРГҮҮД МИНИЙ ОХИНООР ДУУСААСАЙ БИЛЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |