• Өнөөдөр 2024-05-12

АЛДАРТ МОРИН ХУУРЧ Г.ЖАМЪЯНЫ ХҮҮ БАЯРСАЙХАН: БУРХАН БИДНИЙГ УДМААР НЬ ХУУРЧ, ХИЙЛЧ, ДУУЧИН БОЛГОЖ ИВЭЭСЭН ДЭЭ

2022-11-10,   1975

      Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Гомбодоржийн Жамъяны хүү хийлийн багш Баярсайхантай ярилцлаа.

-Таны аавыг Монголд төдийгүй дэлхийд алдартай морин хуурч байсан гэж ярьдаг. Хуурч болсон хувь заяа нь юунаас эхлэлтэй байсан бэ?

      -Миний аавын амьдралын замнал нь өвөөтэй нь салшгүй холбоотой. Аав нь дөтгөөр  зэргийн тайж хүн байсан. Миний аав  Цэцэн хаан аймгийн Саруул сум хошуунд 1919 онд Туг уул хэмээх газар төрсөн гэдэг. Өвөө минь тайз хүн байсан тул 1936 онд хэлмэгдэж, баривчлагдаад 1938 онд цаазлуулсан юм билээ. 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд Занын Гомбодорж 58 настай, хүү Г.Эрдэнэбадрах 27 настай, хүү Чойжил 17 настай, Жамъян 14 настай, эхнэр Өнөр 56 настай, Алтангэрэл хүүхэн 31 настай, Хорлоо хүүхэн 22 настай. Адуу 11, үхэр 22, хонь 112, ямаа нэг, эсгий гэр нэг гэж бүртгүүлсэн байдаг.  Өвөө минь тайж гаралтай гэдгээ 1990-ээд он хүртэл нууж байсан гэдэг.

      Удам дамжсан тайж байсан учир хамаг эд хөрөнгөө хураалгасан гэж ярьдаг. Би долоо, наймдугаар ангийн сурагч байхад цагаатгалын хуудас үзэж, тэдгээрийг  мэдэж байсан. Аав минь багаасаа өвөөгөөр бичиг үсэг, морин хуур заалгаж, аймгийнхаа наадамд хуурдаж, Улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан гэдэг. Тухайн үеийн тайж нар бүгд хуурддаг байсан гэдэг. Өвөө минь хоёрдугаар тэсийн алдартай хуурчдын нэг байлаа. Харин нэгдүгээр тэсийнхэн нь мэргэжлийн хуурчид байсан юм билээ. Өвөө аавд морин хуур зааж байгаад сайжрахаар нь жинчдийг дагуулаад Улаанбаатар хот руу явган явуулсан гэдэг. Аав минь Дорнодоос Улаанбаатар руу алхаж ирээд Урлагийн сургуульд морин хуураараа суралцсан юм билээ. Ингэхдээ алдарт хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр ажилласан түүхтэй.

-Тухайн үед зөвхөн Монгол ардын аялгуу тоглодог байсан болов уу. Эсвэл олон улсын сонгодог аялгууг олны хүртээл болгодог байсан болов уу. Та ихэвчлэн ямар аялгуу сонсож өссөн бэ?

      -Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы "Бодол", "Бяцхан дурдатгал", А.Г.Рубинштейны "Аялгуу", П.И.Чайковскийн "Баркороло" зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан дэлхийд алдартай морин хуурч байсан гэж би аавыгаа боддог.

      Аав минь үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртэж байлаа. Мөн "Цогт тайж" жүжгийн "Алтан бүс", "Амарсанаа" жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын "Миний баясгалан" жүжиг, манай анхны бүжгэн жүжиг "Манай нэгдлийнхэн"-ий хөгжмийг зохиосон. Дэлхийн зон олны дөрвөн удаагийн их наадамд морин хуураараа оролцож Монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглож шагнал хүртэж байсан. 

      Хөгжим бүжгийн дунд сургуульд 58 жил багшилж, олон шилдэг хуурчдыг төрүүлсэн гавьяатай. Шавь нар нь мэргэжлийн чадварлаг, алдартай хуурчид болсон. Тухайн үед шэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан. 1992 онд "Төрийн хан хуур"-ыг залахад аав минь тоглож эгшиглүүлж байлаа.  

-Та аавыгаа Хөгжим бүжгийн дунд сургуульд 58 жил багшилсан гэлээ. Тэгвэл та аавтайгаа хамт нэг сургуульд багшилж байжээ?

         -Тийм ээ. Хэчнээн жил хамт ажилласнаа санахгүй байна. Би хийлийн багшаар аав минь морин хуурын багшаар олон жил ажилласан. Аав минь 90 нас хүрээд бурхан болсон юм. Би төрөлх сургуульдаа 41 дэх жилээ ажиллаж байна. Сургууль минь одоо миний гэр шиг санагддаг болж дээ. Миний аавын суудаг байсан өрөөг нь аавын нэрэмжит болгосон.

-Тухайн үеийн тайж хуурддаг уламжлалтай байв уу. Яагаад бүгд морин хуур тоглодог байсан юм бэ?

       -Тухайн үед тайж нар мэргэжлийн түвшинд хуурддаг уламжлалтай байсан юм билээ. Тэгээд аав минь хуур сурсан тухайгаа ярихдаа хадаг, бурхан хүзүүндээ зүүчихсэн багш дээрээ ирж байсан гэдэг. Би эхийнхээ хэвлийд байхдаа л морин хуур, хийлийн аялгуугаар хүмүүжсэн хүн. Багадаа аав, ээжийнхээ хөгжим тоглож байгааг үзэж, сонсох дуртай байлгүй яах вэ. Аав минь хуураа байнга арчиж, цэвэрлэдэг байсан юм. Мөн хуурынхаа хялгасыг хүртэл өөрөө хийдэг байсан. Аав минь морин хуураас гадна морин хийл тоглодог байсан. Тухайн үед Оросын хөгжимчид монголчуудад заадаг байсан юм.

-Таны аав, ээж, ах, эгчийг удам дамжсан урлагийн хүмүүс байдаг гэж сонсож байсан. Та гэр бүлийнхнийхээ талаар ярьж өгөөч?

        -Миний аав удмаараа морин хуурч, ээж минь хийлч хүн байсан. Харин миний эгч МУГЖ, дуучин Ж.Цэцэгээ гэж хүн бий. Түүний хүү нь Төрийн соёрхолт дуучин Д.Болд шүү дээ. Харин Ж.Батсайхан ах минь “Соёл-Эрдэнэ” чуулгыг анх байгуулж байлаа. Гитар, ятга хөгжим сайхан тоглодог. Түүний хүү нь “Никитон” хамтлагийн Баачка буюу Батчулуун шүү дээ. Харин хоёр дүү минь орчуулагч мэргэжилтэй хүмүүс байсан. Тэд бурхан болцгоосон. Мэргэжлийн биш ч гэлээ хөгжим сайхан тоглодог хүмүүс байсан даа. Тэгэхээр бурхан биднийг үе удмаар нь хуурч, хийлч, дуучин болгож, ивээсэн байгаа биз. Бид ч ховорхон хувь заяатай хүмүүс шүү дээ.

-Та мэргэжлээ өвлүүлсэн үү. Хүүхдүүд нь ямар ажил хийдэг вэ?

        -Миний туйлын хүсэл бол мэргэжлээ өвлүүлэх байсан. Би гурван хүүтэй. Том хүү минь хувиараа бизнес эрхэлдэг. Хоёр бага нь Чехийн хөгжмийн их сургуульд хийлчээр мэргэжил дээшлүүлж байгаа. Нэг нь хийлч, нөгөөх нь хөгжмийн мэдлэгтэй болохоор суралцаж байгаа юм. Мөн эхнэр минь төгөлдөр хуурч мэргэжилтэй. Чехэд хүүхдүүдтэйгээ хамт мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Харин би Монголд ганцаараа амьдардаг болохоор ихэнх цаг хугацааг ангидаа, сургууль дээрээ өнгөрүүлэх дуртай. Ангиа хүртэл өөрийнхөөрөө тохижуулсан болохоор миний гэр шиг л байдаг юм.

-Ангиа  өөрийнхөөрөө тохижуулсан гэхээр ахуй орчиндоо анхаардаг, ач холбогдол өгдөг хүн байх нь ээ?

          -Би залуудаа хувцсаа өөрөө оёж өмсдөг, зарим хүний хувцсыг оёж өгдөг байлаа. Цаанаасаа юм оёх сонирхолтой байсан юм шиг байна лээ. Аав, ээж минь намайг “Чи оё” гэж зааж сургаагүй, тэгэхээр сонирхлоороо сурсан байгаа юм. Багаасаа бие дааж сурсан болохоор хоол унд, гэрийн ажлыг бүгдийг нь өөрөө гардаж хийдэг байсан. Одоо ч хэвээрээ.

-Таны аав сайхан хуурдахаас гадна ямар авьяастай хүн байсан бэ?

      -Аав минь мундаг сайхан зурдаг, сийлбэр хийдэг гарын дүйтэй хүн байлаа. Би бас аавыгаа дуурайгаад зурах дуртай болсон. Аав шигээ гоё хийхгүй ч гэлээ хичээдэг байлаа. Аав их дуу цөөтэй хүн байсан шүү. Өглөө бүр морин хуурийн аялгуугаараа радио нээчихээд ажилдаа явдаг байсан. Мөн орой бүр хуураа тоглож, радио хаачихаад гэртээ ирдэг байсан. Ирэхэд нь бид нам унтаж байна шүү дээ.

-Хөгжимчин хүн гар эвдрээгүй сайхан байх ёстой гэж ярьдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ гарыг эвдэхгүйн тулд гэрийн ажил хийлгэдэггүй гэдэг. Харин та гэрийн ажил хамаагүй хийдэг байсан юм шиг санагдлаа?

         -Аав, ээж минь намайг тэгж эрхлүүлж байгаагүй ээ. Надад ч тийм ойлголт байдаггүй юм. Хөгжмөө тоглох тусам гар гоё болно шүү дээ. Сүүлдээ гар чих шиг л болчихсон байдаг. Тэгэхээр миний хувьд хөгжим тоглох, давтах тусам гар гоё болдог гэсэн үг.

-Хөгжмөө тоглож сурахын тулд бэлтгэлээ хэрхэн хийдэг байв. Гэртээ ирээд буруу хийнэ гэж айлтгүй аав, ээжээрээ заалгачихдаг байсан байх даа?

        -Ээж надад гардаж зааж өгдөггүй байсан. Холоос л “Чи буруу өнгөөр тоглоод байна шүү дээ, өнгөө зас” гэдэг байсан. Мэргэжлийн хүмүүс болохоор холоос чагнаад л мэднэ шүү дээ. Түүнээс гүйж ирээд л зааж өгдөггүй байсан юм. Бүгд л хөгжимчин байсан болохоор өрөөндөө ороод л тус тусдаа бэлддэг байлаа. Би нэгдүгээр ангиасаа хийл хөгжим тоглож эхэлсэн. Ээж минь ДБЭТ-т хөгжимчнөөр ажилладаг байсан. Ээжийгээ дагаад ДБЭТ-аар гүйдэг байсан үе хамгийн сайхан байж дээ.

-Танайхан бүгд хөгжим тоглодог байсан болохоор гэрээр нь дүүрэн хөгжмийн зэмсэг байдаг байв уу?

       -Бид эцэг, эхээ хүндэлдэг, айж эмээдэг байлаа. Тэгэхээр хөгжимд нь ч хүрч зүрхэлдэггүй байлаа шүү дээ. Аав минь шаардлага өндөртэй хийх гэсэн зүйлийг нь хийхгүй л бол болохгүй шүү дээ. Манай аав ширүүн хүн байсан. Хоёр, гурван цаг хүүхдүүдэд хөгжмийг нь давтуулдаг байсан. Тэд заримдаа уйлна, шанаагаа хавдтал бэлдэх үе бий шүү дээ. Тийм л чанга хүн байлаа. Би ч дүү Болд нарт аавынхаа арга барилаар л заадаг байсан. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн болохоор орчин цагийн аргаар л хүүхдүүдэд зааж байна даа. Тэгэхгүй бол би эргээд аав, ээжид нь загнуулна шүү дээ. Авьяастай, цаанаас хөгжимчин болох хүн андашгүй өгөгдөлтэй байдаг юм. Хэчнээн заагаад ойлгохгүй, сурахгүй хүүхдүүд ч бий. Хөгжимчин болохгүй хүүхдийг хэчнээн загнаж, давтуулаад хөгжимчин болох шүү дээ. Тэгэхээр өгөгдөл, удам гэдэг их чухал.

-Та хийлч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн болох байв?

        -Хэрвээ би хөгжимчин болоогүй бол инженер болох байсан байх. Онгоц, машин хийх сонирхолтой хүүхэд байсан.

-Та аавынхаа морин хуурыг хадгалдаг уу. Эсвэл ямар нэгэн музейд бий юү?

-Аав минь өөрөө Дорнод аймгийн музейд өгчихсөн юм. Мөн аавын төрсөн Дорнод аймгийн Булган сумын соёлын төвийг бид аавынхаа нэрэмжит болгосон. Харин би өөрийнхөө хийлийг хөгжим хүүдээ өгсөн. Эртний итали хийл бий. Багш нар нь хүртэл хүүгийн минь хийлийг хараад эртний ховор хөгжим байна гэж гайхдаг гэсэн. Аав минь 20 орчим дуу, хоёр хөгжимт драмын жүжиг, 14 концертын бүжиг, нэг бүжгийн жүжгийн хөгжим, үндэсний болон европын төрөл бүрийн хөгжмийн зэмсэгт тохируулан бичсэн 50 гаруй зохиол, морин хуур хөгжмийн хоёр сурах бичиг, нэг дуурь, хоёр киноны хөгжим бичиж, дэлхийн 20 гаруй оронд үндэсний урлагаа сурталчилан таниулсэн суу билэгтэй хүн байсан даа. 


АЛДАРТ МОРИН ХУУРЧ Г.ЖАМЪЯНЫ ХҮҮ БАЯРСАЙХАН: БУРХАН БИДНИЙГ УДМААР НЬ ХУУРЧ, ХИЙЛЧ, ДУУЧИН БОЛГОЖ ИВЭЭСЭН ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-10 17:26:31
    Зочин: Үнэхээр урлагийн бурхан тэр чигт нь ивээчихсэн хүмүүс. Алдарт Жамьян хуурч нь 20-р зууны гайхамшигт амьд домог байсан хүн шүү дээ. Гайхамшигтай авьяастай, хөдөлмөрч, нямбай, агуу хүн. Олон хүнийг урлагаар хоолоо олж идэхэд хүргэсэн ачтан даа. "Сайн хүний үр, сүүт гүүний унага" гэдэг л танай удмынханд тохирох хэллэг дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-10 11:40:08
    zochin: mundag aviiastai ger bul schuu !!!! , az jargaliig chusee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-10 11:40:00
    zochin: mundag aviiastai ger bul schuu !!!! , az jargaliig chusee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188