• Өнөөдөр 2024-05-12

ДЭЛХИЙН АВАРГА Ц.ЦОГТБААТАРЫН ЭЭЖ С.ЭНХТУЯА: ХҮҮ МИНЬ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГЫНХАА МЕДАЛИЙГ ААВЫНХАА ЗУРГИЙН ХОЁР ТАЛД ӨЛГӨХ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЛЭЭ

2022-10-10,   2020

         -БИ ХҮҮГЭЭ МОНГОЛЫН БАХАРХАЛ ГЭЖ БОДДОГ-

     Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын нэр Ташкентийн тэнгэрт цуурайтаж, Монгол Улсын далбаа тив дэлхийд мандаж, монгол түмэн уухайн түрлэгээр суудлаасаа өндөлзөж баярлаж сууна. Ази тивийн аварга, Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгө, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медальт, олимпын хүрэл мeдальт Ц.Цогтбаатарын амжилтын буухиа Дэлхийн аварга цолоор үргэлжилж, монголчуудыг баясгаж чадлаа.

     Монголын жүдогийн тав дахь Дэлхийн аварга Ц.Цогтбаатар үүрэх, дохох, хөл тавих гээд олон угсраа мэхтэй. Харин тэрбээр Дэлхийн аварга болохдоо этэж татаад ялсан. Энэ нь түүний бусдаас ялгарах онцлог, дараа дараагийн олимп, дэлхийн аварга болох эхлэл, найдвар нь байх. Дэлхийн аварга хүүгээ тэсэн ядан хүлээж суугаа С.Энхтуяатай баярт мөчийнх нь талаар ярилцлаа. 

-Таны хүүгээр монголчууд бахархаж, омогшиж, уухайлан дэмжиж, Дэлхийн аварга болоход нь хамт аварга болцгоолоо. Та хүүгээ олимпоос хүрэл медаль хүртэхэд нь нойргүй хоносон гэж байсан. Энэ удаад мөн ижил үү?

      -Би хүүгээ Дэлхийн аварга болохынх нь өмнөх шөнө унтаж чадаагүй. Яагаад ч юм нойр хүрдэггүй юм. Харин аварга болох өдөр нь хүүгийнхээ төлөө цай, сүүнийхээ дээжийг өргөж, тэнгэр, бурхандаа залбирч өнгөрөөсөн. Тэр өдөр Ц.Шийрэв багш Хүү нь нэг давчих юм бол алтан медалийн төлөө барилдана шүү. Цай, сүүнийхээ дээжийг сайн өргөөрэй” гэж захисан. Би ч захиасыг нь чадахаараа сайн биелүүлсэн гэж бодож байна. Тэгээд хүү минь удалгүй алтан медалийн төлөө барилдаж, Дэлхийн аварга болсон. Үүнээс илүү баяр, жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна. Дэндүү их баярлаж, бусдын сайхан үгэнд бялуурч сууна.

-Хүү нь Дэлхийн аварга болчихоод тантай юу ярьсан бэ?

       -Бид бөөн баяр болоод л ярьцгаасан. Хүү минь “Ээж ээ, хүү нь зорьсондоо хүрч, Дэлхийн аварга боллоо. Хүүгээ очтол эрүүл саруул сайн сууж байгаарай” гэсэн. Би хүүдээ Өмнөговь аймагт байгаа тухайгаа хэлтэл “Ээж минь яах гэж хол явсан юм бэ, даарч болохгүй шүү” гээд санаа нь зовж байна лээ. Би хүүдээ “Ээж нь хүүгээ тосож авна аа, санаа зовох зүйлгүй” гээд л яриагаа өндөрлүүлсэн. Монголчууд хүүг минь олимпоос хүрэл медаль хүртэхэд нь, Дэлхийн аварга болоход нь ээжийгээ баярлуулдаг сайн хүү байна даа гэж хүүгээр минь бахархдаг байх. Хүү минь цаг үргэлж намайг баярлуулдаг шүү дээ. Би хүүгээ Монголын бахархал гэж боддог.

-Хэдийгээр таны бие гэртээ байгаа ч зүрх сэтгэл, оюун бодол тань Ташкент хотод байгаа юм шиг санагдлаа. Танаас тийм их догдлол мэдрэгдэж байна?

         -Би хүүтэйгээ хамт баярлаж, догдолж, унаж, давдаг хэвээрээ шүү дээ. Хэдийгээр миний бие гэртээ байгаа боловч зүрх сэтгэл, оюун бодол минь одоо ч хүүгийнхээ хажууд Ташкентад байна. Хүүгээ уралдаан тэмцээнд оролцохоор явахад нь сэтгэл амар сууна гэж байхгүй шүү дээ. Баярлаж, догдлохын хажуугаар бэртэж, гэмтэх вий гэж айж, санаа зовдог. Гэхдээ үүнийгээ хүүдээ хэлдэггүй, энэ тухай удаан бодохыг ч хүсдэггүй юм. Хүүгээ хар, цагаан хэл амнаас хамгаалахын тулд үргэлж гэгээн бодолтой явахыг хүсдэг дээ.

-Таныг хүүдээ санаа зовж байгаагаа хэлж, илэрхийлдэггүй болохоор дандаа сайн, сайхан зүйл ярьж, захидаг байх гэж бодлоо. Хүүгээ Дэлхийн аваргын тэмцээнд явахад нь юу захисан бэ?

        -Ташкент хотод очоод хүүгийн минь хоолой өвдөж, хоёр хоног халуурсан. Хүү минь хоёр хоног халуурсан юм чинь тамир, тэнхээгүй болж байгаа юм байна даа гэж санаа зовж байсан. Гэхдээ энэ тухай хүүдээ хэлээгүй. Харин “Миний хүү сайн барилдаж, зорьсондоо хүрээрэй” гэж зоригжуулсан. Гэтэл Цогоо “Хүү нь бүх хүчээ шавхаад үзнэ ээ, ээж ээ. Чадна” гэж байсан. Миний хүү хэлсэндээ хүрч, гэр бүлийнхнийгээ, багш нараа төдийгүй монгол түмнээ баярлууллаа. Хүүгээ эхний барилдаанд давахаар нь сэтгэл сэргэж, уужраад сайхан болсон. Өчигдөр орой баярласандаа болоод хоолой нь эдгэрсэн эсэхийг асуугаагүй байна лээ.

-Та хүүгийнхээ барилдааныг үзэж чаддаггүй ээжүүдийн нэг гэж ярьж байсан шүү дээ. Хэвээрээ юү?

        -Би хүүгийнхээ барилдааныг телевизээр тохитой үзэж чаддаггүй юм. Үзэхээр зүрх дэлсэж, салгалдаг хэвээрээ.

Харин тэр үед миний хийж чадах зүйл бол хүүгийнхээ медалиудыг дуугаргаж, сүү өргөж, арц, хүжээр ариулж, телевизийнхээ өмнө сунаж мөргөж, заримдаа үсэрч, дэвхэрдэг. Олимпод барилдаж байхад нь хүүгийнхээ зургийг телевизийнхээ хажууд тавьчихаад хамгийн анх авсан “Олимпын гараа” нэртэй медалиар нь адис өгч, далласан. Тэгээд хүү минь  30-аад секундийн дотор хүрэл медаль хүртсэн шүү дээ.

Харин Дэлхийн аварга болоход нь Өмнөговь аймагт байсан болохоор тэнгэр хангайдаа дээжээ өргөж, залбирч, даатгаж байлаа. Тэгж байтал хүүхдүүд гэр дотроос “Ээж ээ, Цогоо алтан медаль авчихлаа, Дэлхийн аварга боллоо" гэж хашхирч байгаа юм. Ингээд л би хүүгээ Дэлхийн аварга болсон барилдааныг нь үзэж чадаагүй. 

-Хүү нь Монголд хэзээ ирэх вэ?

     -Энэ сарын 12, 13-нд ирэх байх. Би ирэхээс нь өмнө хот руу явна.

-Олон хүн танд баяр хүргэж, ярьж байгаа биз дээ. Олон нийтийн сүлжээгээр олимп, Дэлхийн аварга төрүүлсэн гээд танаар бахархсан хүмүүс зөндөө байна лээ?

     -Найз нөхөд, ах, дүү, таньдаг хүмүүс бүгдээрээ ярьж, баяр хүргэж байна. Танихгүй хүмүүсээс баяр хүргэсэн мессэж, чат их ирж байгаа. Сэтгэл хөдлөөд үнэхээр сайхан байна. Монголынхоо тамирчдыг сайхан барилдаад ирээсэй гэж залбираад сууж байна даа.

-Таны хань бурхан болохоосоо өмнө хүүдээ “Миний хүү олимп, дэлхийн аваргынхаа медалийг аавынхаа зургийн хоёр талд өлгөөрэй” гэж захисан гэдэг шүү дээ. Хүү нь аавынхаа захиасыг биелүүлэхэд та өөрөө биелүүлчихсэн юм шиг л догдолж сууна уу?

      -Харин тийм ээ, "Хүү минь аавынхаа захиасыг хурдан биелүүллээ дээ" гэж бахархаж, баярлаж сууна. Аав нь тэнгэрийн орноос хүүгээ харж ямар их баярлаж суугаа бол доо. Миний хүү аавдаа олимп, дэлхийн аваргын медаль авна гэж амлаж байсан юм. Тийм болохоор хүү минь хачин их баярлаж байгаа байх. Аавынхаа нэрийг дэлхийд цуурайтуулдаг хүү цөөн шүү дээ.

-Та бүхэн хүүгээ жүдогоор хичээллэж эхлэхэд нь хэрхэн дэмждэг байв. Танайханд бөхийн удам бий юү?

             -Надад болон миний ханьд бөхийн удам байхгүй. Миний хүү 2007 оны нэгдүгээр сард 11 настайдаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэгээд 10-аад хоногийн дараа “Олимпын гараа” тэмцээнд орж, хүрэл медаль авч байсан. Тэр цагаас миний хүүгийн амжилтын гараа эхэлж байжээ" хэмээн бодож сууна. Багаасаа бөхөд их дуртай хүүхэд байсан. Тав, зургаан настай байхад нь хамт улсын наадам үзсэн юм. Гэтэл “Ээж ээ, би барилдмаар байна. Намайг бүртгүүлээд өгөөч”  гэж гуйсан. Тэгэхээр нь “Миний хүү, энд дандаа том хүмүүс барилддаг юм. Миний хүү том болоод барилдаарай” гэтэл "Би одоо барилдмаар байна" гэж  уйлж байсан юм. Хүүгийнхээ бэлтгэлийг таслахгүйн тулд  багш нар дээр нь авсан медаль, өргөмжлөлийг нь авч очиж үзүүлж байгаад даалгаврыг нь авдаг байлаа. Сүүлдээ намайг сургуулийнхан нь андахаа байсан даа. Хүүгээ эхнэр авахаас нь өмнө өмсөх оймсноос нь эхлээд бүхнийг бэлдэж өгдөг байсан. Миний бэлдэж, хийж өгдөг байсныг одоо эхнэр нь хийж өгч байгаа.

-Ярилцсан танд баярлалаа.

   -Баярлалаа.


ДЭЛХИЙН АВАРГА Ц.ЦОГТБААТАРЫН ЭЭЖ С.ЭНХТУЯА: ХҮҮ МИНЬ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГЫНХАА МЕДАЛИЙГ ААВЫНХАА ЗУРГИЙН ХОЁР ТАЛД ӨЛГӨХ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-11 11:33:03
    дэмжигч: баяр хүргэе, Одоо нас залуу байгаа дээрээ элдэв янзын арга хэмжээ, уулзалтанд авталгүй бэлтгэлээ сайн хий, магтаалыг чихний хажуугаар өнгөрөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-11 10:57:53
    аварга : ингэж муухай орилдогоо больчихвол зүгээр л бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-11 10:51:53
    bilguun: зөв бичдэг хүн наад сайтдаа авдаа баахан алдаатай юм бичихийн ядаж наад шалгадаг хүнээ соль эсвэл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-10 11:47:03
    Цэгмэд Оюунчимэг: Миний дүүгийн эхнэр миний сайхан бэр Олимп дэлхийн аврагийн ээж дүүдээ сайхан хүү төрүүлж эх орон элгэн садандаа бахархалтай хүү болгож өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188