• Өнөөдөр 2024-04-25

“СЭРЭЛТ”-ИЙН БУМАА БУЮУ Т.ЦЭВЭЭНЖАВЫН ДҮҮ Ш.БАТЧУЛУУН: Эгч минь кинон дээр ёолдог, сайхан сэтгэлтэй, наргианч эмэгтэйн дүр шигээ жинхэнэ монгол эмэгтэй байлаа

2023-03-04,   8595

   -ЭГЧ МИНЬ ЗӨӨЛӨН ЗАНТАЙ, НАЙРСАГ ХҮН БАЙСАН-

   "Сэрэлт"-ийн Бумаа буюу ХХ зууны манлай эмэгтэй жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэх газар малчин Түдэвийн ууган охин болон мэндэлжээ. Тэрээр Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлж, олон кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн алдартай, сод хүмүүн билээ. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон  сайхан  дүр бүтээж, монгол эмэгчүүдийн зан ааш, төрх байдлыг нь мөнхөлж чадсан юм. Тэрээр 1936 онд Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артeльд оёдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэж, дуулж, хаяa жижиг үзэгдэлд тоглодог байж. Харин 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад, 1944 оноос Улсын төв тeатрт тавдугаар зэргийн жүжигчин болсон гэгээн түүхтэй.

   Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай цайлган цагаан сэтгэлтэй шударга, наргиач зантай эмэгтэйн дүрийг ихэнхдээ бүтээдэг байсан аж. Түүний нэг бол 1957 онд “Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүр яах аргагүй мөн билээ. Түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосноос гадна “Алтан гадас” одон ойн мeдалиудаар шагнажээ. 1999 оны сүүлээр “Зууны мэдээ” сонины явуулсан санал асуулгаар XX зууны “Монголын шилдэг эмэгтэй” жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарч байжээ. Ингээд түүний малын бэлчээрээс  ХХ зууны манлай жүжигчин болсон гэгээн түүхийн талаар дүү Ш.Батчулуунтай ярилцлаа. 

Т.Цэвээнжав гуай тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Тиймээс найруулагч, театр судлаачид их үнэлдэг юм билээ. Харин уран бүтээлийг нь үзээд юу мэдэрдэг вэ?

       -Театрт жүжигчнээр орсноос хойш эгч минь тайз, дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн байдаг. 1947 онд А.Корнeйчүкийн "Платон Крeчeт" жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол, 1948 онд Д.Намдаг, Ш.Нацагдорж нарын "Залуу үe" жүжгийн багш Оюуны дүрд тоглож, сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай, шийдэмгий чанарыг сайн үзүүлж чадсан байдаг юм. Харин 1951 онд Ойдовын "Далан худалч" жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан, шунахай авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг.

     Мөн 1954 онд А.Островскийн "Аянга" жүжгийн гол баатар харгис Кабаниха авгай, мөн Дэн И Хэгийн "Буурал бүсгүй" жүжгийн Хуан Муд тоглохдоо харгис, дотуур тамиртай эмэгтэйн дүрийг бүтээсэн бол 1960 онд Ж.Цэрэнгийн "Будамшуу" инээдмийн жүжигт мөн л чадварлаг тоглосон байдаг. Театрын жүжигчин байсан учраас төдийлөн олон кинонд тоглож чадаагүй болов уу. Хэдий цөөн кинонд тоглосон ч эгч минь Монголын кино урлагт цайлган цагаан сэтгэлтэй шударга, наргианч зантай эмэгтэйн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүгээр нь би төдийгүй монголын ард түмэн бахархдаг шүү дээ. Түүний олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэгэн онцгой дүр бол 1957 оны "Сэрэлт" киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүр яах аргагүй мөн. Би энэ дүрд нь хамгийн их хайртай, байнга үздэг. Үзээд эгчийг бүр илүү хайрлаж, уярдаг, эргэн эргэн дурсдаг юм даа.

-Т.Цэвээнжав гуай таны авга эгч юм байна. Та эгчтэйгээ хэр ойр байсан бэ?

      -Би 1967 онд Улаанбаатар хот руу цэрэгт татагдаж байлаа. Тэгээд авга эгчийнхээрээ очдог, ордог болсон. Цэрэгээс халагдаж, Улаанбаатарт ирэх бүрдээ эгчийндээ очдог байсан. Их сайхан зантай, хүмүүсийг сайхан дайлж, цайлдаг, хүнийг хайрладаг жинхэнэ монгол эмэгтэй байсан. Бид ч эгчээрээ их бахархаж, хүмүүст ярих дуртай байж. Цэрэгт татагдахаасаа өмнө төдийлөн сайн мэддэггүй байсан. Манай суманд тоглолтоор ирэхэд нь анх харж байсан. Тэднийх Ард кино театрын ард амьдардаг байлаа. Урлагийнхан байнга очдог байсан, хөл ихтэй гэж манайхан ярьдаг байсан юм. Тухайлбал, Ичинхорлоо, Хандсүрэн гуайтай найзалдаг байсан гэдэг.  Түүний гэр бүлийн хүнийг Батсундуй гэдэг байсан юм. МҮОНР-д олон жил кино албанд ажиллаж байсан. Цагаан сарын үеэр Т.Цэвээнжав эгчийн тоглосон "Хүргэн хүү”, “Морьтой ч болоосой” зэрэг кино гардаг байлаа шүү дээ.

-ЭГЧ МИНЬ БҮХ АВЬЯАС, ХҮЧЭЭ КИНО УРЛАГТ ЗОРИУЛСАН ГАВЬЯАТАЙ ХҮН-

-Т.Цэвээнжав гуай 58 насандаа бурхан болсон юм билээ. Шалтгаан нь юу байсан юм бол?

         -Кинонд тоглоно гэж “Хүйтэн, сэрүүнд  нимгэн явж байгаад савны өвчтэй болчихсон юм” гэж гэр бүлийнх нь хүн  ярьдаг байсан юм. Тухайн үед өвгөн нь их хайрлаж, хоол ундыг нь хийж өгдөг байсан даа. Заримдаа очиход эгчийг их асарч, тойглодог байсан даа. 

-Т.Цэвээнжав гуай бүтээсэн дүрүүдтэйгээ адилхан байв уу. Тэс өөр хүн байсан уу?

      -Их зөөлөн зантай, найрсаг хүн байсан. Жүжиг, кинонд бүтээн дүрүүд нь яг л өөрийг нь илтгэдэг гэж боддог.

Ёолоод хэвтэж байгаа, ялархаж байгаа нь өвгөнийгөө “Чи тийм хоол хийчихгүй яасан юм” гэж байгаатай нь яг ижилхэн санагддаг байсан шүү.

Эгчид минь зав чөлөө нь олддоггүй байсан юм уу айлаар очдоггүй өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг байсан хүмүүс. 

-1944 онд жүжигчин болохоосоо өмнө оёдолчин байсан гэдэг. Ер нь хөдөлмөрч хүн байж ээ?

       -Ер нь их тууштай, ажилсаг хүн байсан.Оёдолчин байхдаа янз бүрийн хөгжим тоглож, сайн дурын дугуйланд явж, дуулж, бүжиглэдэг байсан юм билээ. Гэрээ байхдаа байнга цэвэрлэгээ хийж, өөрийнхөө оёсон зүйлээр гэрээ гоёдог хүн байж. Тухайн үеийн монгол эмэгтэйчүүд бүгд сайхан оёдог, уран байлаа шүү. Яг л тэдний ижил нямбай, цэмцгэр хүн байлаа. Аавын хамгийн бага дүү Т.Төмөрхуяг ахтай илүү ойр, дотно олон жил хамт амьдарсан. Харин бусдаасаа хол байсан болохоор нутагтаа цөөхөн очсон. 1944 онд театрын жүжигчин болсон цагаасаа урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж, бүх авьяас, хүчээ кино урлагт зориулсан хүн бол манай авга эгч. Тийм учраас ХХ зууны манлай жүжигчин болсон шүү дээ. 

-Т.Цэвээнжав гуайг ганц өргөмөл  хүүтэй. Хүүгээ газар тавихгүй эрхлүүлдэг байсан гэдэг үнэн үү?

      -Хүүхдэд маш хайртай эмэгтэй байсан. 1951 онд Б.Батцэвээнийгээ өргөж авсан юм. Энэ талаар манайхан ярихдаа “Хүүгээ газар тавихгүй юм. Гэртээ байсан ч хоёулаа ээлжлээд л үүрэх юм” гэж ярьдаг байсан. Гэлээ ч хүү нь зөв сайхан хүмүүжилтэй, боловсролтой хүн болсон. Тухайн үед үүгээ аргагүй алган дээрээ бөмбөрүүлж байсан юм билээ. Театрын жүжигчид хүртэл “Тарган Цэвээнжавын нуруун дээр ташаа тулсан Батцэвээн” гэж ярьдаг байсан гэдэг.1957 онд “Страконицын хөөрөгт цоорч” гэж жүжиг тавигдаж байсан. Тэр жүжигт эгч минь олон хүүхэдтэй, цагаан цайлган сэтгэлтэй эхийн дүрд тоглодог байв. Тэр олон хүүхдүүдийнх нь нэгэнд хүү Б.Батцэвээн тоглож байсан юм. Юм ярихгүй ч гэлээ тайзан дээр гарч ээждээ тэврүүлдэг хэсэгт ордог байсан. Заримдаа хүүгээ дагуулаа кино зураг авалтад явдаг байсан байх.

       Хүү нь Орос хэлний багш мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажлаагүй. Тагнуулын тусгай байгууллагад насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Таван охинтой, хүүхдүүд нь бүгд сайхан амьдардаг, боловсролтой хүмүүс бий. Бид байнга холбоотой байж чаддаггүй юм. 

-“Арын албаныхан” киног Т.Цэвээнжав гуайд зориулж хийсэн гэдэг юм билээ. Та энэ талаар мэдэх үү?

      -Тийм шүү. 1971 онд Чимид гуайн “Арын албаныхан” гэж жүжгийг тавих боллоо. “Хүүгээ дайнд алдсан эхийн дүрийг надад зориулж бичсэн гэнэ” гэж ярьдаг байсан гэдэг.

Т.ЦЭВЭЭНЖАВ ГУАЙ "ОЛОН ДҮР БИШ НЭГ ДҮРИЙГ ТӨГС БҮТЭЭСНЭЭРЭЭ АМЖИЛТАНД ХҮРДЭГ" ГЭЖЭЭ

-Эгч нь урлагийн олон авьяастай, оёдолчин байхдаа хөгжим тоглож сурсан гэлээ. Та дуулж байхыг нь үзсэн үү?

      -Эгч их сайхан дуулдаг, шүлэг уншдаг байсан юм билээ. “Цуурай” өгүүллэг, “Платон Кречет” жүжгийн К.Рахиповнагийн монолог зэргийг их уран уншдаг байсан гэсэн. Бас их уран хүн байсан талаар дээр дурдсан. Хүүгийнхээ  пальто, өмд цамц, малгайг хийж өгдөг, хийж өгөхдөө ч их дуртай байсан байх.

-Т.Цэвээнжав гуайн хөшөөг хэдэн онд босгосон бэ?

     -Дорнод аймгийн Матад сумын 90 жилийн ойгоор эгчийн хөшөөг босгох санаачилга гаргасан юм билээ. Бид ч дэмжиж, сайхан хөшөөг нь босгосон.

      Т.Цэвээнжав гуай “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Бумаагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад ярьсан байдаг. Өөртөө, хийж байгаа ажилдаа үнэнч байсан учраас тэр дахин давтагдашгүй дүр бүтээж, хүмүүний сэтгэлийг баясгаж чадсан билээ. Түүний бүтээсэн дүр, нэр, алдар гавьяа олон зуун жилийн турш монголчуудын зүрх, сэтгэлд хоногшиж, хайрлагдах нь гарцаагүй биз ээ.  

 

“СЭРЭЛТ”-ИЙН БУМАА БУЮУ Т.ЦЭВЭЭНЖАВЫН ДҮҮ Ш.БАТЧУЛУУН: Эгч минь кинон дээр ёолдог, сайхан сэтгэлтэй, наргианч эмэгтэйн дүр шигээ жинхэнэ монгол эмэгтэй байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-05 05:39:54
    ард: Аман хуурд тоглодгүй шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-05 00:10:05
    Зочин: Аман хуур, Морьтой ч болоосой киног үзмээр байна. Сэтгэлд хоногшсон сайхан бүтээл.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-05 00:06:51
    Зочин: Морьтой ч болоосой киног нь үзмээр санагдчихдлаа. Их гоё кино шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-04 23:29:06
    Үзэгч: Байнга үздэг гайхалтай жүжигчин шүү киног дандаа үздэг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-04 20:44:39
    Иргэн: Үнэиээр ард түмнийхээ сэтгэлд од болон гялалзсан агуу жүжигчин байсан шүү одоо ч бүтээсэн дүрүүдийг нь үзэх дуртай даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-04 14:09:56
    Зочин: Сэрэлт кинонд 41 настай байхдаа тоглосон юм бна ш дээ. Агуу жүжигчин хэзээ ч давтагдашгүй мундаг дүр шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 09:21:48
    zochin: Сэрэлт, Хүргэн хүү кинон дээр Цэвээнжав гуайн тоглосон хэсгийг одоо ч үзэх дуртай, үнэхээрийн гайхамшигтай авъяастай жүжигчин байсан гэж боддог. Нүдний харц, биеийн хөдөлгөөн, хэлж байгаа үгээрээ дүрээ сайхан энгийн хирнээ сэтгэлд хоногштол гаргаж чаддаг хүн байжээ. Хэдэнч удаа үзсэн алтан үеийнхэний тоглолт хүний сэтгэлээс гардаггүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-01 15:11:16
    zochin: Цэвээнжав гуайн "Сэрэлт" киноны Бумаа,"Хүргэн хүү" киноны ээжийн дүр үнэхээр хэзээ ч мартагдахааргүй, зүрх сэтгэлд хүрсэн дүр байдаг. Дахин дахин үзсэн ч уйдахааргүй, гайхамшигтай авъяастай хүн байж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 22:00:29
    А.Тунгалаг : Сэтгэлд дотно сайхан дүрийг ямар сайхан давтагдашгүй төгс бүтээснээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн гайхамшигтай жүжигчин.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:14:59
    Бадам: Үнэхээр сайхан жүжигчин шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 09:14:59
    Бадам: Үнэхээр сайхан жүжигчин шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188