• Өнөөдөр 2024-04-26

З.НОМУНДАРЬ: ЭЭЖИЙГЭЭ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙХАД НЬ БИШИРЧ ҮЗДЭГГҮЙ, ТЕАТРЫН ШАЛАН ДЭЭР УНТДАГГҮЙ БАЙСАН БОЛ ЖҮЖИГЧИН БОЛООГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ

2022-09-13,   1033

-ХАТНЫ ДҮРД ТОГЛОНО ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТҮҮХЭНД ҮЛДЭХ КИНОНД ТОГЛОХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ-

“Х-ТҮЦ” продакшны жүжигчин, СТА З.Номундарьтай ярилцлаа.

 -СТА болсон танд баяр хүргэе. Энэ шагнал таны хувьд илүү ихийг хийх урам зориг болж чадав уу эсвэл арай болоогүй байсан юм даа гэх бодол төрж байв уу?

       -Баярлалаа. Шагнал авах үедээ би илүү ихийг хийж, бүтээх ёстой гэдгээ дахин мэдэрсэн. Соёлын тэргүүний ажилтан хэмээх шагнал намайг чанартай уран бүтээл хийх, чадварлаг сайн жүжигчин болох шанг минь татаж өгсөн гэхэд болно. Тэгэхээр энэ шагнал надад урам зориг өгч, өөртөө итгэх итгэлийг бий болгосон гэж болно. Магадгүй хүмүүс намайг “И.Одончимэгийн охин СТА авчээ. Юу хийсэн юм. Ямар дүр бүтээсэн юм” гэж ярьж байгаа. Би дандаа гол дүрд тоглож байгаагүй ч сурагч байхаасаа урлагийн салбарт ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулсан. "СТА хэмээх шагналыг тийм амархан авчихдаггүй юм байна" гэдгийг өөрийнхөө жишээгээр ойлгосон. Бусдын ярьдаг шиг нэг ч гол дүрд тоглож үзээгүй байж янз бүрийн шагнал авдаг хүмүүс байдгийг үгүйсгэх аргагүй.

 -Шагнал авахад нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь урмын үг, амжилт хүссэн байх. Сүүлийн өдрүүдэд таны сонссон хамгийн сайхан үг юу байв?

        -"Хамт олонтой байна гэдэг ямар сайхан юм бэ" гэдгийг дахин мэдэрсэн. Би шагналаа авчихаад ажил руугаа явсан. Ажлынхан минь Б.Билэгдэмбэрэл бид хоёрыг хүндэтгэлийн ширээ засаж, баяр хүргэж хүлээж авсан. Өмнө нь дандаа гал тогооны ажил хариуцаж, ах, эгч нараа хүлээж авдаг байсан бол энэ удаад хойморт нь суух хувь тохиолоо. Гэхдээ эвгүй байсан. Тэр үед ээж минь Б.Билэгдэмбэрэл бид хоёрт “Хүүхдүүд минь СТА гэдэг хамгийн сайхан шагнал шүү. Залуу уран бүтээлчдийнхээ хувьд соёлыг тэргүүлнэ гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас шагналаа баталж илүү сайн хичээгээрэй. СТА-ны тэмдэг бусдаасаа царайлаг байгаа биз дээ” гэж хэлсэн. 

-Та ааваасаа тусдаа амьдардаг ч үргэлж холбоотой байдаг байх. Аав нь танд юу захиж, хэлдэг вэ. Түүнийг нь та биелүүлж чаддаг уу. Таныг СТА болсныг сонсоод их баярласан байх даа?

       -Аавтайгаа хааяа утсаар ярьж, мессеж бичдэг. Харин цагаан сараар заавал очиж золгодог. Миний охинд их сайн, хошуугаа дэвсээд л байдаг. Тэр хоёр уулзах их дуртай. Намайг СТА авдаг өдөр аав минь залгаж, баяр хүргэсэн. Гэртээ орохоор явж байтал нь байрных нь танил таараад “Баяр хүргэе. Охин чинь СТА болчихсон байна. Та фэйсбүүк ороод үз” гэсэн юм билээ. Тэгээд аав бушуухан гэртээ орж ирээд л над руу ярьж байгаа нь тэр. Аав минь их баярлаж байх шиг байна лээ. Намайг илүү сайн хичээгээрэй гэж байсан. Бид удахгүй уулзахаар ярьчихсан байгаа.

-Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, тэднээс суралцаж, амжилт гаргаж байгаа таныг би ховор хувь тавилантай азтай хүмүүсийн нэг гэж боддог. Олны танил хүмүүсийн үргэлжлэл байх, тэдний нэр хүнд үргэлж тантай холбоотой байх нь хэцүү санагдаж байсан үе бий юү?

       -Тийм ээ, би маш азтай хүн. Удам дамжсан урлагийн хүн болж төрсөндөө маш их баярладаг. Сайхан алдар хүндтэй ээжээрээ овоглож, дуудуулах сайхан байлгүй яах вэ. хүмүүс намайг дандаа Одончимэгийн охин гэж ярьдаг, бичдэг. Энэ нь заримдаа таатай санагддаггүй. СТА цол авахдаа “За, Одончимэгийн охин СТА авлаа гэх юм байна даа” гэж бодож байсан. Яг л тэгж ярьж, бичсэн байна лээ. Сэтгүүлчид мэдээ бэлтгэхдээ хүртэл “Жүжигчин З.Номундарь СТА авлаа” гэж бичдэггүй. Дандаа "И.Одончимэгийн охин СТА авлаа" гэж бичсэн байна лээ. Би уг нь нэртэй хүн шүү дээ.

-Та аав, ээжийнхээ аль бүтээл, ямар дүрд нь дуртай вэ. Тэднийхээ уран бүтээлээс юу сурч, ямар мэдрэмж авдаг вэ?

       -Багадаа миний аав, ээж жүжигчин гэж боддог байснаас өөр ач холбогдол өгдөггүй байж. СУИС-ийн оюутан болоод ээжийгээ ямар мундаг жүжигчин болохыг тэдний үеийнхэн болон алтан үеийнхэн, урлагт хайртай хүүхдүүдээс сонсож, мэдэрч, ээжийнхээ тоглосон кино, жүжиг бүрийг ахин дахин үзэж, мэргэжлийн үүднээс гярхай ажиглаж, хардаг болсон. Тэгж л ээжийгээ яаж жүжиглэдэг вэ, яаж хөдөлж байна. Харц нь ямар байна гэдгийг нарийн ажиглаж, ойлгож эхэлсэн дээ.

 -Та аав, ээжийгээ ямар зантай, яаж баярлаж, юунд бухимддаг гэж боддог вэ?

      -Миний ээж шударга, үнэнч, хөдөлмөрч, зоригтой эмэгтэй. Амьдралын төлөө, миний төлөө урлагтаа үнэнчээр зүтгэж, өдөр, шөнөгүй ажилласан. Тухайн үе намайг бололцоотой айлын хүүхдүүд явдаг сургуульд хүртгэл оруулж байсан. Харин тэгж байхад ээжийг хүмүүс ямар муухайгаар хэлдэг байлаа даа. Тэгэхээр хүмүүст би их гомддог байсан. Ээж минь гоё ганган хувцас сонирхож, дэлгүүр хэсдэггүй. Биед эвтэйхэн хувцснаас хэдийг ч хамаагүй авчихдаг тийм энгийн хүн. Харин бөгж, ээмэг, зүүлт зэрэг гоёлын зүйлд дуртай. Урлагийн хүн болоод ч тэр үү амархан баярлаж, амархан уйлчихдаг. Манай гэр бүлийнхэн бүгд тийм. Харин аав их зарчимч, дэглэмтэй хүн шүү дээ.

 -Багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байв уу. Жүжигчин болоход нь юу нөлөөлсөн бэ?

       -Би ээжийгээ театрт ажиллаж байхад дандаа дагаж явдаг байсан. Тэгээд жүжгийнхээ бэлтгэлийг хийж байгааг нь харж, үзэж байгаад шалан дээр нь унтчихдаг хүүхэд байсан. Хэрвээ ээжийгээ дагаж явдаггүй байсан бол би ээжийгээ гэртээ ирсэнгүй, надад анхаарсангүй гэж гомдож, мэргэжлийг нь үзэх ядах байсан байх. Харин хамт явж, бүгдийг нүдээрээ харж, мэдэрч байсан болохоор би жүжигчин болсон ч байж мэднэ.

 -Одоо ямар уран бүтээлд ажиллаж байна вэ. Таны мөрөөдлийн дүр юу вэ?

      -“No Rules” 10 ангитай уран сайхны киноны хоёрдугаар хэсгийн зураг авалт үргэлжилж байгаа. Би сэтгүүлчийнхээ дүрд тоглож байна. Ээж минь надад “Хүн олон кинонд тоглосноороо сайн жүжигчин болдоггүй юм. Өөртөө тохирсон цөөн, чанартай дүрд тоглож, тэр дүрийг бүрэн гаргах нь чухал” гэж хэлдэг. Тиймээс би киноны олон саналаас татгалзаж байсан. Тэгэхээр би хатны дүрд, түүхэн киноны дүрд тоглоно гэхээсээ илүү түүхэнд үлдэх кинонд тоглох юм сан даа гэж боддог.

 -Жүжигчин хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Та ямар жүжигчнээс үлгэр жишээ авдаг вэ?

        -Жүжигчин хүн маш тэвчээртэй байх хэрэгтэй юм билээ. Жилийн дөрвөн улирал зураг автанд ороход юу ч тохиолдож мэднэ. Би цас самарддаг хэсэгт тоглож байсан юм. Тэр зураг авалт үнэхээр хэцүү байсан. Гараа даарч, хөлдөх шахаж байхад л цасаар үрж, архиар арчдаг байсан гээд бод. Тэгэхээр багш нар ч бидэнд хүн бай гэж хэлдэг байсан. Хүн байхын тулд хүн өөрийнхөө үндсэн чанараа гээж болохгүй гэж боддог доо. Би ээжээсээ үлгэр жишээ авч, ээж шигээ жүжигчин болохыг мөрөөддөг.

 -Таны охин ямар мэргэжилтэй хүн болно гэж ярьдаг вэ. Урлагийн хүн болно гэвэл юу хэлэх вэ?

     -Миний охин загван зохион бүтээгч болно гэж ярьдаг. Гоё зурдаг, гарын дүйтэй. Ямартай ч охиныхоо сонгосон мэргэжлийг нь дэмжинэ гэж боддог.

 -Та багаасаа уран бүтээлчдийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн учраас бусдаас өөр хүмүүжлээр хүмүүжсэн байх. Танайхан гэртээ дүрээ бэлддэг байв уу. Та түүнээс л их зүйл сурсан байх?

      -Оюутан байхдаа хичээлээ тараад гэртээ орох гэтэл ээж, Бараа ах хоёр “Чи юу гэнэ ээ, Үгүй ээ” гээд л чанга, чанга хашхиралдаж байхаар нь түлхүүрээр нь гялс онгойлготол тэд жүжгийнхээ бэлтгэлийг хийж байсан. Тэгээд хоол идэж байхдаа, хоолоо хийж байхдаа тэднийхээ жүжгийнхээ бэлтгэлийг хийж байхыг нь харах сайхан байдаг. Тэднээс их зүйл сурдаг гэж боддог.

-Та өөрийгөө ямар зантай хүн гэж хэлэх вэ?

         -Би өөрийгөө тууштай, шударга гэж боддог. Сүүлийн үед ээж намайг "Ааштай болж байна” гэсэн. Эмэгтэй хүний чимэг бол зөөлөн чанар гэж боддог. Муухай үг хэлдэг, ганцхан өөрийгөө зөвтгөж ярьдаг, бусдад дээрэлхүү, омогтой эмэгтэйчүүдээс зайгаа барьдаг.


З.НОМУНДАРЬ: ЭЭЖИЙГЭЭ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙХАД НЬ БИШИРЧ ҮЗДЭГГҮЙ, ТЕАТРЫН ШАЛАН ДЭЭР УНТДАГГҮЙ БАЙСАН БОЛ ЖҮЖИГЧИН БОЛООГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188