• Өнөөдөр 2024-05-16

ТӨРИЙН СОЁРХОЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.ЧИНЗОРИГИЙН ГЭРГИЙ Д.ГАНМЯГМАР: ХАНИА АЛДСАН ХАХИР ӨВЛИЙГ ИХЭР ОХИД МИНЬ ЗӨӨЛЛӨЖ, АМЬДРАХ ХҮЧ БОЛСОН ДОО

2022-06-20,   17603

-АМЬДРАЛЫН ЯМАР Ч ӨНГӨНД ЗОХИЦОХ АЯЛГУУТАЙ ШҮҮ ДЭЭ, ХАНЬ МИНЬ-

         "Тэр жилийн өвөл ямар хүйтэн байсан гэж санана. Ханиасаа хагацсан болоод ч тэр үү миний амьдралдаа үзсэн хамгийн хүйтэн, хүнд, хахир өвөл байлаа. Хэзээ мөдгүй энэхэн орчлонд мэндлэх ихэр үрсээ догдлон догдлон хүлээж суусан хань минь 2000 оны арванхоёрдугаар сарын 12-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, биднээс үүрд одсон юм. Дэндүү хүйтэн, дэндүү харуусалтай тэр өдрүүдэд хөхний минь сүү, нулимстай цуг асгарч, юу болж буйг мэдэх сөхөөгүй манарч, өөртөө, өөрийнхөө хувь заяанд гомдож байсан бараан түүх, итгэмээргүй өдрүүд надад бий.

         Гэвч тун удалгүй сайн эмч, сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайр халамжинд ихэр охидоо эсэн мэнд төрүүлж чадсан. Тэднийг минь Ч.Сувданцэцэг, Ч.Номинцэцэг гэдэг. Бид гурав эмнэлгээс гэртээ ирэхэд тэр минь эзгүй, гэр дүүрэн инээмсэглэсэн чиний хөрөг, аавынхаа оронд “аав” болох хүнд ачаа ирж буйг ойлгоогүй бяцхан хүү минь угтаж байлаа. Тэр мөч ямар хэцүү байсан гэж санана. Гэхдээ би хүүхдүүдээ бусдын адил өсгөж, хүмүүжүүлэх гэж хичээсэн. Хоёр охиноо нялх, түүнийхээ бурхан болоод удаагүй байхад чинийхээ

“Хүлгийн сайныг унасан юм сан

Хүний дээд нь явсан юм сан

Хүүгээ үнсэж амжаагүй юм сан

Хүслээ гүйцээж чадаагүй юм сан...” хэмээх “Эцсийн тушаал” жүжгийн дууг сонсож, хоёр охиноо энгэртээ наагаад л уйлдаг байсан минь саяхан мэт санагдана. Амьдралын хатуу бүхнийг сөрөхдөө сөрж, дагаж урсахдаа урсаж, “Чиний минь сайхан аялгуу бурхны оронд дутсан болохоор бурхад чамайг минь баярлуулахаар аваад явсан юм байлгүй дээ” гэж өөрийгөө тайтгаруулсаар хэдийнэ 22 жил өнгөрчээ.

ТӨРИЙН СОЁРХОЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.ЧИНЗОРИГ /1999 ОН/

"УЙЛЖ ДУУЛАХ ХОРВОО" ДУУГАА БИЧҮҮЛЭХ ҮЕЭР

        Гэвч миний амьдрал дандаа хар, бараан байсангүй. Хүний дээд ханьтай учирч, түүгээрээ өнөөдрийг хүртэл бахархаж, аялгуу, эгшиг бүрээр нь амьдарч, амьд яваагаа мэдэрсээр байна. "Чамтайгаа аялгуу, эгшгээр ойлголцож, чинийхээ дайсан үгийг бидний хайранд хос цэцэг болж дэлбээлсэн охиддоо дамжуулдаг болохоор тэд минь сайн яваа" хэмээн тэнгэрийн оронд суугаа ханьдаа охидынхоо сайн явааг бахархалтай ярьж, эгшиг, аялгууг нь сонсож, үргэлж хамт байдгаа мэдэрдэг гэсэн юм. Түүнийг Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн гэргий Даваасүрэнгийн Ганмягмар гэдэг. Түүний хань Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд мэндэлжээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг төгссөн түүхтэй. Түүний анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров юм. Харин анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Тэрбээр урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай мөн цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан авьяаслаг уран бүтээлч билээ.

    1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн бол 1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртэж байлаа. 

-Таныг ханьтайгаа “Намрын дурсамж” дуугаар учирч, “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг хийхээр уулзахдаа анх танилцаж, гэр бүл болсон тухай хүмүүс ярьдаг. Энэ дурсамж таны хамгийн нандин, гэгээн бүхний эхлэл байсан болов уу гэж боддог?

          -Надад “Намрын дурсамж” дуугаар “Дуу төрсөн түүх” хийх даалгавар өгсөн “MN25” дугаар суваг телевизийн захирал З.Алтай ахдаа баярладаг. Анх тус нэвтрүүлгийг намар хийх даалгавар өгсөн боловч хийж чадалгүй удсан юм. Тэр үед хадам ээж Чинжигийг “Янз бүрийн хүн уруу татчих вий” гэж боддог байсан болохоор хүмүүстэй уулзуулах дургүй байсан юм билээ. Тийм учраас би Чинжигтэй ярилцах зөвшөөрөл авч чадахгүй удсан гэсэн үг. Харин хавар нь түүнтэй утсаар ярих боломж олдож, гэртээ байхад нь очиж уулзах зөвшөөрөл аваад, бөөн баяр болж байлаа. Тэгээд түүнийг хайрлаж, хүндэлж явдаг хүний хувьд өвдчихсөн байгааг нь хараад өрөвдөж байсан. Тэр минь аялгуугаараа бусдын хайрыг татдаг байсан болохоор нэвтрүүлгийн үеэр хөгжмийнхөө ард суугаад л сэргэж байгаа юм чинь. Би нэвтрүүлэг хийж байгаа нь энэ гээд удаан суулгаж, “Ядраачих вий” гэж санаа тавьж, өөрт нь анхаарч байсан нь таалагдсан юм шиг байна лээ. Тэгээд зураг авалт дууссаны дараа өөрийнхөө бүх кассетнуудаа “Нэвтрүүлэгтээ ашиглаарай” гээд надад өгч, нэвтрүүлгийн монтаж хийх үеэр ирж, яаж хийх талаар ярилцаж, хамтдаа алхдаг болж, удалгүй эмнэлгээс гарсан. Түүнд нь би их баярлаж байсан. Тэгээд л бид удалгүй нийлсэн дээ. Тэр цаг хугацаанд бид үнэхээр жаргалтай байж дээ. Би радио, телевизийн найруулагч, сэтгүүлч мэргэжилтэй.

      Тухайн үед Монголын радиогийн концертын студид ажилладаг байсан юм. Тэгэхэд Монголын радиогийн хөгжмийн редакцад хөгжмийн зохиолчид, дуучид дуугаа бичүүлэхээр ирдэг байлаа. Тэр үед ханьтайгаа учирна чинээ бодолгүй явж. Харин “Нутгийн ах” хэмээн хүндэлж, уран бүтээлийг нь сонсож, биширдэг байснаа санах юм. Би ханьтайгаа уран бүтээлийнх нь хувьд оргилсон, булгилсан үед нь учраагүй ч гэлээ түүний уран бүтээлтэй хамт байсан. Хөгжмийн зохиолчийн эхнэр хамгийн анхны сонсогч нь болж, ямар болсон тухай ярилцдаг юм. Би хүүхэд байхдаа хуучир тоглодог, утга, уран зохиолын дугуйланд явдаг байсан. Багаасаа урлаг, дуу хөгжимд дуртай байсан болохоор бидний учралд ойр байсан болов уу гэж боддог. Тэгж л бидний гэгээн дурсамж эхэлдэг дээ.

-Таны хань ямар оноштой эмнэлэгт хэвтэж байсан юм бэ?

     -Чинжиг минь элэгний хатууралтай байсан юм. Гэхдээ өөрийгөө “Би элгээр явахгүй” гэдэг байсан. Би бас түүнд нь итгэдэг. Өөр шалтгааны улмаас бурхан болсон гэж боддог.

-Та хоёрыг нийлэхэд гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан уу?

    -Талийгаачийн бие муу байсан учраас биднийг ханилахад эсэргүүцэж байсан хүн олон бий. Гэр бүлийнхэн, найзууд гээд олон хүн эсргүүцэж байсан. Гэтэл Чинжиг “Хоёулаа сайхан амьдарна. Хүүгээ морин хуурч болгоно. Хүүхдүүдээ тэгнэ, ингэнэ” гээд амьдралыг гоёор ярьдаг байсан. Надад түүнээс салах зориг, зүрх байгаагүй. Гэтэл хүмүүс “Чи ганцаараа ихэр хүүхэд өсгөж чадахгүй. Ихрүүдийн асрамжид өгчих” гэсэн хүн ч байж л байсан. Хэдийгээр хүмүүс намайг хайрлаад янз бүрийн сонголт хийхийг шаарддаг байсан ч эцэстээ "Хүмүүс ер нь хүн чанаргүй юм байна даа" гэдгийг мэдрүүлж байсан.

-Таны хань ихэр охидоо харж чадалгүй хорвоогоос буцсан юм билээ. Үүнд хэн бүхэн харамсдаг байх?

    -Тэгэлгүй яах вэ. Тэр бол мөнхийн харуусал байхгүй юу. Хэрвээ бид түүний биеийг өвдөөгүй байхад учирсан бол амьдрал өөр байх байсан. Заримдаа өөрийнхөө хувь тавиланд гомдох шиг, гомдлоо ч гээд яах билээ. Гэхдээ л намайг эрт орхиод явсанд нь, охидоо харж чадахгүйд нь гомддог. Би ихэр тээлттэй, төрөх дөхчихсөн, хаван ихтэй байсан учир нэгдүгээр эмнэлэгт Б.Үйлст эмчийн хяналтад байсан юм. Тэр үед Чинжигийн минь бие  муудаж, хоёрдугаар эмнэлэгт ирсэн. Би эмнэлэгт хүргэгдэж ирснийг нь дуулаад эмчдээ хэлэлгүй  эмнэлгийн халат, углааштайгаа өвлийн хүйтэнд хоёрдугаар эмнэлэгт очиж байлаа.

      Тэр уулзалт бидний хамгийн сүүлчийн уулзалт байсан. Би жирэмсэн болохоор тэнд удаан байх боломжгүй. Бие нь муу байгааг харсан миний сэтгэл тогтохоо болиод, сонин мэдрэмжүүд төрж эхэлсэн. Чинжигийг нас бардгийн өглөө хөх эвлэж, сүү нь урсаад байхаар нь эмчдээ хэлтэл “Миний хүү сэтгэл санаагаа тайван байлга. Тэгэхгүй бол хүүхдүүд чинь дагаад үймрээд байна” гэсэн.

Тэгээд л удалгүй ханийг минь бурхан болсон тухай дуудлага ирсэн. Энэ тухай эргээд бодоход, аав нь орчлонгоос буцах гээд л хэвлийд минь байсан охид нь “Уйлж байсан юм болов уу” гэж боддог. Хүн ямар ч байсан бүх зүйлээ өөрөө зохицуулдаг юм билээ. Хэдхэн хоноод төрөх байсан би ханийгаа хөдөөлүүлэх ажлын үеэр өөртөө “Энэ үед төрж болохгүй шүү. Бүх зүйлийн ард заавал гарах ёстой” гээд тэсэж байсан.

-Та хэдхэн хоноод төрөх байсан гэлээ. Яаж бүхнийг зохицуулж байсан юм бэ?

       -Заримдаа тэр өдрүүдэд юу болоод өнгөрсныг огт санадаггүй. Орчлон хорвоо тогоо хөмөрчихсөн юм шиг л харанхуй санагдаж байлаа. Тэр үед миний хүү тавдугаар ангийн сурагч байв. Гэтэл өвлийн тэсгим хүйтэнд хүүгийн минь энгэр задгай явж байсан. Түүнийг ч анзаарах сөхөөгүй, зул өргөж байгаад, тос асгаж, гал маналзуулж байх жишээтэй, тэгж л манарч байсан. Тэгээд  ч тэр үү хоёр охиныг минь төрсний дараа хүмүүс “Ихрүүдийн сувилалд өгчих” гэдэг байсан байх. Тэр бүхэн намайг бодсон хүмүүсийн сэтгэл байсан л даа. Би хүн л болсон хойно энэ амьдралыг яалт ч үгүй сөрөхдөө сөрж, уруудахдаа уруудаад туулж л явна.

-Та хүүхдүүдээ хэрхэн өсгөсөн тухайгаа ярьж өгч болох уу?

       -Ханийгаа бурхан болоод удаагүй байхад нь “Эцсийн тушаал” жүжгийн дууг нь сонсоод л, охидоо  тэврээд уйлдаг байсан өдөр зөндөө бий. Хүүхдүүдээ өсгөхөд миний ээж, хүү, ах, бэр эгч нар маань их тусладаг байлаа.  Ах, дүү хамаатан садан, “MN25” дугаар телевизийн хамт олон миний дэргэд байсан болохоор тэрхүү бараан өдрүүдийг даван туулахад ихээхэн дэм болсон доо. Тэр хүмүүст тухайн үедээ “Баярлалаа” гэж хэлж чаддаггүй. “Баярлалаа” гэдгээ яаж илэрхийлэхээ ч мэдээгүй өнгөрүүлэн дээ. Гэхдээ тэр өдрүүдэд дэргэд байсан бүх хүн миний зүрх, сэтгэлд хамгийн ойр байдаг.  

Хүү минь хоёр дүүгээ сургууль, цэцэрлэгт нь үүрч, дүүрээд л явдаг. Миний хоёр охиныг ах нь л хүн болгосон доо.  Хоёр дүүгийнхээ үсийг нь хүртэл сүлжиж өгдөг байсан. Тэр хоёр намайг үсийг нь сүлжихээр "Муухай болсон байна, ахаараа сүлжүүлнэ" гээд тайлчихдаг байсан гээд л бод.

-Уйтгар гунигтай, хэцүү өдрүүдийг даван туулахад ханийнх нь уран бүтээл хүч, зориг өгч байв уу. Түүний  уран бүтээлээс юу мэдэрдэг вэ?

        -Ханийнхаа уран бүтээлүүдийг сонсохоор, харахаар яг л өөрийнх нь үзэж, туулсан амьдрал нүдэнд харагддаг. Жишээлбэл, яагаад “Уйлж дуулах хорвоо” гэдэг зохиолыг аваад дуу болгочихдог юм.  “Дууны хорвоо”-гийн  

                             “Аргадаж гэрэлтсэн аялгууг сонсоод

                              Ахин дахин төрмөөр байна” гэх үг, “Жамын цаана нуугдах газаргүй” зэрэг дууг нь сонсохоор их сонин. Ерөөсөө л дотоод сэтгэлийн ганцаардал, хүслэн, мөрөөдөл, үзэж туулсан мэдрэмжээ уран бүтээлдээ тийм яруу сайхнаар шингээсэн нь мэдрэгддэг.

-МИНИЙ ХАНЬ ЯГ АЯЛГУУ ШИГЭЭ ХҮН БАЙЛАА- 

-Таны хань анх танилцахад ямар хүн байсан бэ. Түүнээс хойш өөрчлөгдсөн үү?

        -Их зөөлөн сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, итгэмтгий хүн байсан. Товчхондоо, яг аялгуу шигээ хүн байсан. Уншигчдыг “Дууны хорвоо”, “Ээждээ” “Сэлүүн дэнжийн яргуй”, “Заяа тэгшхэн яваарай” дууг нь сонсож үзээсэй гэж бодож байна. Чинжиг минь эд хөрөнгө, мөнгө төгрөг огт хурааж байгаагүй. Тэгсэн мөртлөө хүнд өр тавих дургүй, хүнийг ялгаж харьцдаггүй байсан нь хамгийн сайхан даа. Харин түүнийг би өөрийг нь  гомдоосон, итгэл алдсан хүнээ уучилж чаддаггүй байсан болов уу гэж боддог.

Эрт босдог, босоод л хөгжмийнхөө ард суудаг хүн байлаа. Хүний амьдрал үнэн байх ёстой. Бид анхны хайраар учраагүй. Биднийг таньж, мэддэг бүх хүн энэ тухай мэддэг. Бидний тухай сайхан дурсамж ярьдаг хүмүүс ч зөндөө бий. Миний хань үнэхээр хүний дээд байлаа. Тийм учраас олон сайхан хүнээр хүрээлүүлж байсан даа.

-Та юунаас эрч хүч, зориг авдаг вэ?

       -Би юунаас аз жаргалыг мэдэрч, сэргэж, хүч авдаг юм бэ гэдгээ саяхан мэдэрлээ. Саяхан сургуулийн ойн баяраар С.Юндэнбат гуай ханийн минь “Хүүхдэд зориулсан дуу, аяз” хэмээх цоморлогийг нээсэн. Тус нээлтэд ханийг минь хүндэлдэг, ойлгодог найз нөхөд, шавь нар нь цугларсан. Би үнэхээр их баярласан. Түүнээс л би "Ханийнхаа уран бүтээлээс эрч хүч авдаг юм байна" гэдгээ мэдэрсэн. Талийгаач бид хоёр “Ном, Си-Ди” хийнэ гэх мэт зөндөө ажил төлөвлөдөг байсан. Өөрийнх нь ярьдаг байсан бүхнийг гүйцээх юм сан гэж хичээдэг. Бидний амьдарсан он жил үнэхээр цөөхөн ч гэлээ юугаар ч орлуулж, нөхөж боломгүй сайхан өдөр хоногууд, цаг мөчүүдийг бид хамтдаа өнгөрүүлжээ. 

-Таны хань чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

       -Чинжиг чөлөөт цагаараа найзуудтайгаа уулздаг байсан. Шатар тоглох дуртай, уран зохиолын сонгодгууд уншдаг байлаа. Манайд уран бүтээлчид их ирдэг байсан. Тэдний яриа ямар гоё гэж санана.  Хэзээ ч уйдамгүй сайхан сайхан зүйл ярьцгаадаг байж. Би өөрөө уран бүтээлч хүн болохоор яриаг нь  шимтэн сонсох дуртай байсан юм.

Зүгээр л амьдрал яриад байгаа шиг, хошигноод байгаа юм шиг мөртлөө их сайхан сайхан юм ярина. Зураач, зохиолч, судлаач гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс ирдэг байсан. Би Чинжигийг дагаад уран зураг сонирхдог болсон шүү дээ.

Мэдлэгийн цар хүрээ их өргөн хүн байлаа. Дууныхаа үгийг маш сайн засдаг байсан. Би дууг нь сонсож уйлдаг байсан ч гэлээ их ухаарал авдаг байсан. Тэр минь хүний хайр татсан хүн байсан болохоор сайхан хүмүүсээр хүрээлүүлж амьдарсан. Гэхдээ үзэл бодол нийлдэггүй хүмүүс ч байсан.

-ХӨГЖМИЙНХӨН МАНАЙ ЧИНЖИГИЙГ "АРДЫН ДУУ МЭТ АЯЛГУУТАЙ" ГЭЖ ҮНЭЛДЭГ-

-Ханийнхаа уран бүтээлүүдийг эмхэтгэж, олны хүртээл болоогүй дууг нь бусдад хүргэх гэж хичээдэг юм билээ. Сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?

       -Бид хоёрын мөрөөдөл, төлөвлөгөө ихээ их. Бүтээлүүдийг нь цаг үетэй нийцүүлж, хойч үед нь үлдээх юм сан гэж боддог. Хэрвээ өнөөдөр байсан бол өчнөөн уран бүтээл хийчихсэн байгаа. Уралдаануудаа таслахгүй юм сан, бүтээлд зохиолуудыг нь зөв дуугаргачих юм сан гэж хүсдэг.

     Хөгжмийнхөн манай Чинжигийг “Ардын дуу мэт аялгуутай” гэж үнэлдэг. Би одоогоор хоёр си-ди, “Дууны хорвоо” номын хоёр дахь хэвлэлийг гаргаад байна. Хүүхдийн дуу арвинтай боловч нийтийн дуунууддаа дарагдчихаад байдаг юм. Хүүхдийн төгөлдөр хуурт зориулсан сургалтын гарын авлагыг нь хэвлүүлсэн. Хоёр удаа уралдаан зохион байгуулсан. Одоо ханийнхаа нэрэмжит сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Би ханьтайгаа зөндөө дуулдаг байсан. Тэр л бидний хамгийн аз жаргалтай мөч байж дээ. Уран бүтээл төрөх агшин ямар сайхан гэж санана. Хамгийн анхны сонсогч нь байх, уран бүтээлийнх нь талаар ярилцана гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй. Н.Жанцанноров багш 2002 онд анхны тоглолтыг нь хийж байлаа. СГЗ, яруу найрагч Загдын Түмэнжаргал ах Чинжиг хоёр олон бүтээлтэй. Солонгос, Монголын зохиолчдын нийгэмлэгийнхэн ханийн минь уран бүтээлээр си-ди хийж өгсөн. Түүн шиг сайн си-ди одоо гарахгүй. Нутгийнхны, шавь нарынх нь дэмжлэгтэйгээр 2015 онд дууны уралдааныг нь зохион байгуулж байсан. Түүний уран бүтээлийг үргэлжлүүлж түгээх, сэргээх, нийтлэх нь надад их хүч, урам зориг өгдөг гэдгийг дээр дурдсан даа. “Илдэн уулсын цуурай” хэмээх бүтээлийг нь хэвлүүлэхээр 2015 онд эхлүүлсэн ажлаа өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Үг, үсгийн алдаа засдаг байсан бол дуусгачихна. Хөгжмийн нот засна, хөгжмийн зохиол уншина гэдэг роман уншихаас том ажил.  

      -Хүүхдүүд нь мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

      -Тийм ээ. Хүүхдүүд минь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хүүхдүүдэд минь их сайн багш нар заяасан. Багш нарынхаа ачаар багаасаа гадаадын тоглолтод оролцдог, дуу хөгжмөөр өөрсдийгөө хөглөж, хүмүүжүүлж чаддаг, мэргэжилдээ үнэнч хүмүүс болсон. Би багш нарт нь үргэлж баярлаж явдаг. Ихрийн маань нэг Лондон руу тоглолтоор явсан. Хүү минь Германд ажиллаж, амьдардаг. 

-Түүний хамгийн сүүлчийн уран бүтээл нь юу байсан бэ?

       -Бид хоёр түүнийг бурхан болохоос өмнөх зун нутаг руугаа аялсан юм. Бид чинь хоёулаа Булганых шүү дээ. Ахындаа гүүний саам уухаар очиж байлаа. Тэр үед бид уран бүтээл хийх үзэг, цаасгүй, ямар ч бэлтгэлгүй  явчихсан байсан. Тэгээд Чинжиг чүдэнзний хайрцган дээр нот бичээд, түүнийгээ дараа нь “Уйлж дуулах хорвоо” киноны аялгуу болгож, өөрөө дуулж байсан юм. Түүний эхэн үеийн уран бүтээл болох “Үүлэн цэнхэр хангай” дуунд нь дуртай.

Би хүмүүсийг дуулаг, ханийн минь аялгуу эгшиглэж байг гэж боддог. Амьтай бүхэн аялгуу сонсдог болохоор “Зөвхөн чи  дуулаарай” гэж хэн нэгэнд өгөөгүй. Гэтэл ханийн минь дууг дуучид нэгнээсээ харамлаж, зарим нь нэгнээ дарамталсан гэх яриа ч дуулдсан. Тэгж болохгүй. Би ханийнхаа бүх бүтээлийг байнга эгшиглэж байгаасай гэж боддог юм. Би нэвтрүүлгээ ханийнхаа аялгуу, хөгжмөөр чимэглэдэг. Амьдрал өөрөө хөгжим шүү дээ.

-Та хүүхдүүддээ аавыг нь уран бүтээлч байсан гэж дурсдаг байв уу?

       -Би охиддоо аав нь ийм хүн байсан шүү гэхээс илүү аавынх нь уран бүтээлийн хамтрагчид, найзууд нь тэдэнд ярьж өгдөг байсан. Харин би “Хонхот хүүхэлдэй”, “Туулай хаана нуугддаг вэ” зэрэг дууг нь  зааж өгөхдөө "Аавынх нь  бүтээл  шүү" гэж хэлж өгсөн. Сүүлд нь охид минь дуунуудыг нь сонсоод "Аавын минь зохиосон дуу" хэмээн бахархдаг болсныг хараад баярлаж байлаа. Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаасаа хүмүүждэг гэдэгт итгэдэг. Охид минь гэдсэнд байхаасаа л хөг, аялгууг нь сонсож байсан даа. Тэд аавынхаа хайрыг аялгуугаар нь мэдэрч, бусдын ярианаас л сонсож өссөн. Одоо би хүүхдүүддээ “Ээж нь ядрах гээд байна шүү. Та нар аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлж, үргэлжлэл нь болж яваарай” гэж захиж байгаа.

-Хөгжмийн зохиолчдыг сэтгэлийн, сэтгэлгээний гэж ангилж болох юм шиг санагддаг. Та ханийгаа аль төрөлд нь багтана гэж хэлэх вэ?

         -Хөгжим хүний араншинг илэрхийлдэг юм билээ. Хүн бүрийн аялгуу өөр өөр илэрхийлэмжтэй. Тиймээс би ханийгаа сэтгэлийн уран бүтээлч гэж хэлнэ. Түүнд хүнд дуу бий, гунигтай ч дуу бий. Түүний тэрхүү мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Би ханийнхаа аялгуугаар тэжээгдэж, амьдардаг хүн. Тийм ч учраас ханийнхаа уран бүтээлээр тасралтгүй арга хэмжээ зохион байгуулж байх ёстой гэж боддог. Ханийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэх, олон нийтэд хүргэх юм хийж чадахгүй бол гуниг байхгүй юу. Би автомашиндаа ханийнхаа дууг байнга сонсож явдаг. Энэ нь надад хань болдог. Гэртээ очоод зурагтай нь ярьдаг.

-Та ханьтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаа хуваалцаж болох уу?

       -Би ханьтайгаа насны зөрүүтэй болохоор хүмүүсээс, багш нараас нь ичиж, санаа зовдог байсан. Түүнтэй өнгөрүүлсэн хором мөч бүхэн аз жаргалтай байсан. Хамгийн хөгжилтэй нь гэвэл, намайг манай ахынхаас Шарав ах гуйсан юм. Тэгэхэд нь Чинжиг

“Архи уудаг нь манайд байна

Авьяас тоодог нь танайд байна

Зурагтаар гардаг нь танайд байна

Зуу татдаг нь манайд байна” гэж хэлээд хадаг өгөөрэй” гэсэн гээд инээлдэж байсан юм. Гэтэл одоо миний сэтгэлийг түүний аялгуу нь л нөхөж байна даа. Түүнийхээ хийж чадаагүй, амжаагүй бүхнийг нь чадах чинээгээрээ хийхийг хичээж байгаа. Хүн амьдралыг хайрлахаараа хатуужилтай, тэвчээртэй, тэвчиж, тэмцэж эхэлдэг юм байна.

     Тэрбээр ханийнхаа тухай гэгээн бүхнийг дурсаж, эгшиг, аялгуу бүрээр нь тэжээгдэж амьдардаг, амьд явдаг тухайгаа ийн багагүй хугацаанд хуваалцчихаад, “Миний хань амьдралын ямар ч өнгөнд зохицох аялгуутай уран бүтээлч байлаа” хэмээн уран бүтээлчийнх нь хувьд цоо шинээр дахин тодорхойлж хэлчихээд, дэвтэртээ тэмдэглэчихээд гэр рүүгээ яаран яаран алхаж одсон юм.   


ТӨРИЙН СОЁРХОЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.ЧИНЗОРИГИЙН ГЭРГИЙ Д.ГАНМЯГМАР: ХАНИА АЛДСАН ХАХИР ӨВЛИЙГ ИХЭР ОХИД МИНЬ ЗӨӨЛЛӨЖ, АМЬДРАХ ХҮЧ БОЛСОН ДОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 31
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-26 18:56:35
    Иргэн: Санаандгүй энэ эмэгтэйн ярилцлагыг уншаад үнэхээр их бахархлаа.Энэ сайхан эмэгтэйтэй учирч богино хугацаанд ч гэсэн эрхэм зохиолч маань үнэхээр аз жаргалаар бялхаж байсан бизээ, одоо ч тэнгэрээс хараад бахархдаг байхаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-15 10:15:35
    Оюунтуяа: Шарав ах, Билгээ ах, Чинжиг гээд олон сайхан хүмүүстэй хамт суралцах хувь тохиож байлаа. Авъяасаар ундарсан он жилүүдэд нь хамтдаа байж, залуу сайхан үеийн гэрэлтэй өдрүүдийг нь хуваалцах хувь заяатай хүмүүс шүү бид нар. Хүнлэг, цайлган, авъяаслаг бас их хошин шогийн мэдрэмжтэй хүн байсандаа. Урлагийн олон од минь залуу цагтаа харваж байгаад дандаа харамсаж явдагдаа. Сайхан гэргийд нь, үр хүүхдүүдэд нь амжилт, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсч ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-22 18:49:00
    Хишигдаваа П : Миний дүү ханиынхаа үйлийг мундаг сайхан үргэлжлүүлжтүгээж хадгалж яваа хүн дээ Амжилтхүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-22 17:15:11
    .Д. Билэгт: Хөгжмийн зохиолч Чинзоригийн дууны үг , дуулж буй нь өөрөө “ ХӨГЖИМ” юм байна шүү. Сайн ханьтай учирчээ. Тусгай авъяастай хүн учир богино насалж дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-22 14:08:55
    Зочин: Багшийн сургуулийн 50 жилийн ойн концертод Уран гоо дууг дуулж байсан хүү дээ. Үнэхээр гоё дуулна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 14:15:54
    Зочин: Хөгжмийн зохиолчоос гадна одооны дуучид ичмээр сайхан жинхэнэ дотортой дуучин байж.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 12:14:45
    Үйлст: 22 жил хурдан өнгөрөх юмаа. Бидний учрал гэгээнтэй бас бараантай үйл явдлууд зэрэгцэж билээ.Том сорилтыг сэтгэлийн хүчээр давж чадсан ачит ээж,ухаалаг бүсгүйдээ эрүүл энхийг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 10:16:49
    Наранцэцэг: Та мундаг эмэгтэй тэр сайхан аялгуутай хүнийг ханиараа сонгож эрч хүч өгдөг байсан гэхээр бахархаад баршгүй таныг таны ханийг хүндэлж хайрлаж явдаг шүү ярицлага нэвтрүүлгүүдийг дахин дахин үздэг амжилт хүсье та үнэхээр мундаг эмэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 07:17:00
    Гэгээ: Сэтгэлийн гүн дэх далд утсыг хөндсөн гайхалтай сайхан аялгуулаг хөгжмийн зохиолч.сайхан ч залуу байжээ.арай эрт учрахгүй дээ.урьд нь гэр бүлгүй байсан юм байх даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 07:00:51
    содномжамц дээдээ: Үнэхээр агуу эмэгтэй юм аа.Таны бичсэнийг уншаад их ухаарал сургамж авлаа.Та минь урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 06:55:37
    замандар: монголын хамгийн сайхан сэтгэлтэй бүсгүй дээ хань минь гэж ярьж байгаа нь сайхан санагдлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 06:45:27
    Уранчимэг: Гайхамшигтай энгийн богоод агуу уеийн уед дурсагдан эгшиглэгдэх болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 06:09:00
    Оюун.: Хүндлэн биширч явдаг шүү.Түүний олон сайн найз нарын нэг зураач миний хамгийн ойр дотнын хүн маань энэ түүхийг ярьж байхдаа шүүрс алдан дурсаж байсан нь саяхан мэт.тэр маань ч бас бие нь муу байсан болохоор сэтгэл минь олон сайхан түүх яриа намайг эзэмдсээр нэг л мэдэхэд өөд болох хүртэл нь дэргэд нь байж билээ.магадгүй та хоёрын тухай мөн олон сайн нөхөд нь дурсан ярьж үгүйлж байхад хамтдаа байсан он жилүүд санаанд илхэн байна.тэр үед өөрөөр чинь би бахархах хайрлан өрөвдөх зэрэгцэн байснаа хуваалцахдаа баяртай байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 06:05:44
    Оюун.: Хүндлэн биширч явдаг шүү.Түүний олон сайн найз нарын нэг зураач миний хамгийн ойр дотнын хүн маань энэ түүхийг ярьж байхдаа шүүрс алдан дурсаж байсан нь саяхан мэт.тэр маань ч бас бие нь муу байсан болохоор сэтгэл минь олон сайхан түүх яриа намайг эзэмдсээр нэг л мэдэхэд өөд болох хүртэл нь дэргэд нь байж билээ.магадгүй та хоёрын тухай мөн олон сайн нөхөд нь дурсан ярьж үгүйлж байхад хамтдаа байсан он жилүүд санаанд илхэн байна.тэр үед өөрөөр чинь би бахархах хай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 04:41:29
    Dami: Монголчууд Сүүтэй гүүний унага Сайн хүний үр гэдэг. Удам сайтын Заяа сайн ч гэдэг. Энэ сайхан аугаа суу авьяаст хүний үр хүүхэд нь сайн явж аавынхаа нэр алдрыг өндөрт өргөн явж байгаа гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд урлагийн ЭХ ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН ТА БҮГДИЙГ МӨНХӨД ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 04:41:29
    Dami: Монголчууд Сүүтэй гүүний унага Сайн хүний үр гэдэг. Удам сайтын Заяа сайн ч гэдэг. Энэ сайхан аугаа суу авьяаст хүний үр хүүхэд нь сайн явж аавынхаа нэр алдрыг өндөрт өргөн явж байгаа гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд урлагийн ЭХ ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН ТА БҮГДИЙГ МӨНХӨД ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 04:27:32
    Dami: Миний сонсох дуртай олон сайхан дууны зохиолч Аугаа их билэг танхай суу авьяаст Чинзориг гэгч энэ хүний тухай олон сайхан нэвтрүүлгийг үзэж байсан. Манай олон сайхан алдартай хүмүүс энэ мундаг хөгжмийн зохиолчын тухай авьяасыг нь бахархаж ,бахдаж, биширч, сүсэглэж энэ аугаа хүний энэ сайхан бүтээл намайг нэр алдарт гаргаж олны танил болгосон, гэж олон сайхан уран бүтээлчид ярихыг сонсож байсан. АУГАА БҮХЭН ЭНГИЙН ЭНГИЙН БҮХЭН АУГАА гэж юутай үнэн. Аугаа сайхан хүмүүс МӨНХӨД амьдрах юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-21 02:19:26
    Оюунаа: Үнэхээр сайхан хөгжмийн зохиолч, түүний гэргий сайхан сэтгэлтэй, ухаалаг мундаг эмэгтэй. Чинзориг хөгжмийн зохиолчийг мэдэхгүй хүн ховорхон доо. Одоо хийсэн бүтээлүүдийг нь сонсохоор үнэхээр бахархмаар аялгуу, эгшигтэй санагддаг. Гэргийг эхэн үедээ хүлээн зөвшөөрөх хүн ховор байсан гэж сонсож л байсан. Гэхдээ хоёр сайхан охиныг нь төрүүлж өсгөсөн уяхан сэтгэлтэй, сайн ч бүсгүй сайхан ч бүсгүй дээ. Та нартаа сайн сайхныг хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 22:09:13
    УЯНГАА БХЯ: Үнэхээр сайхан хань ихэр охид болон хүүгийнхээ тухай ярилцаад холын аянд томилолтоор цуг явахдаа сайхан хуурай эгчтэй боллоо гээд хөөрөлдөөд явж байсан цаг саяхан хийсэн бүтээл бүхэн сэтгэл шингэээж амьралдаа дайчин шаргуу сайхан сэтгэлтэй эгчээрээ бахархаж явдаг шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 20:45:59
    зочин: танай гэр бүлээр үнэхээр их бахархаж байна шүү ямар сайхан гэр бүл байвдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 20:15:57
    Төрөө: Содномдоржийн үг Чинзоригийн ая Учран золгохын ерөөл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 20:11:35
    ЦЭГМИД ПУНЦАГ: ГАНМЯГМАР ГАЙХАЛТАЙ ЯРИЛЦЛАГА ӨГЧЭЭ... ЧИНЖИГ ГЭЖ АВЬЯАСЫН ИХ ДАЛАЙ БАЙЛАА...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 19:43:06
    зочин: Ханийнхаа талаар ийм сайхан ярилцлага өгсөн эхнэрт нь баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 19:10:43
    аагий: сайхан залуу хөгжмийн зохиолч байлаа.сүүлд шарил дээр нь очиж хүндэтгэжбайсан.харин Учран золгохын ерөөл дуу арай өөр хүнийх байхшүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 18:06:40
    Urtaa san: naiz miny zov hunee hairlajee. ger buld ny ur huuhduuded ny az jargal eruul enhiig husen erooy.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 16:32:59
    Ганаа: Миний ханьтай бас л уран бүтээлээр холбогдож сайхан нөхөрлөж явсан даа аугаа хүн гэдэг яг л түүгээрээ байсаар өнө мөнхөд оршдог юм бна .сайхан хань үр хүүхдүүд нь сайхан бүхнийг ёрөөё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 15:57:59
    Иргэн: Ямар сайхан дурсамж ямар сайхан яриа вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 15:53:04
    Б.Пагмасүрэн Баянхонгор аймаг. : Ямар сайхан хүмүүс бэ ? Агуу хайр авьяас хослосон хүмүүсийн амьдралыг шимтэн уншлаа .Миний нутгийн ард түмэн дунд амьдарч ажиллаж байсан агуу уран бүтээлч байжээ гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 14:40:11
    уншигч: Ямар сайхан агуу хайр вэ, Ганмягмар гэх энэ бүсгүйгээр маш их бахархаж байна. Авьяасыг таниж мэдээд үүрд хайрлана гэдэг ховорхон хувь тавилан байх. Хөгжмийн зохиолчийн гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 12:40:01
    Алимаа: Монголын хөгжмийн шилдэг зохиолчид,дуучид,багш нарыг төрүүлсэн Багшийн сургуульд тэд нартай нэгэн үед сурч байснаараа бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-20 12:10:09
    CHINZORIG: Mongoliin ard tumniig olon saixan duugaaraa bayarluulj xairluulj baidag engiin xernee egelgui aguu xun baij dee Tanii ayalguut egshiglent duunuudiig shimten sonsoj amandaa ayalan setgel sanaagaa sergeen bayasaj baidag daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188