• Өнөөдөр 2024-04-28

МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙГИЙН ЭЭЖ О.АРИУНГЭРЭЛ: Хүүхдүүдийнхээ тархи, гэдсийг цатгалан байлгах гэж ном, сонин их уншуулдаг байсан даа

2023-12-05,   22663

         Төгөлдөр хуурч охин О.Сарантуяа, балетчин хүү О.Батсайхан, Төрийн дархан О.Батцэнгэл, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, тэдний хүүхдүүд СТА Б.Тамир, СТА Б.Одончимэг гээд удам дамжсан урлагийнхныг өсгөж, хүмүүжүүлж, тэдний сайхан энергээр жаргаж амьдарч байгаа нэгэн эрхмийг бид тантай уулзуулах гэж байна. Тэр бол Ойровын Ариунгэрэл юм. Өөрөөр хэлбэл, удам дамжсан урлагийн сор гэр бүлийг хүмүүжилтэй, хүн чанартай хүн байхыг нь чиглүүлэн, үлгэрлэж, зөвлөдөг хамгийн том "найруулагч" нь тэр гэсэн үг. Ингээд түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргэе. 

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу та?

         -Сайхаан, сайхан хаваржиж байна. 

-Хамгийн түрүүнд таны ханийн талаар асуумаар байна. Хүүхдүүд нь ч аавынхаа, өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, бусдыг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан элит гэр бүлийн тэргүүн байсан шүү дээ. Үе удам дамжсан урлагийнхны амьдрал хэрхэн өрнөдөг бол?

       -Миний ханийг Улаанхүүгийн Осор гэдэг байсан. Монгол Улсын Гавьяат жүжигчин хүн байлаа шүү дээ. Өвөрхангай аймгийн Баянгол сумынх. Хань маань 1945 онд цэргээс халагдаж, Бөмбөгөр ногоон театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байсан юм. Өвгөн маань олон сайхан кино, жүжигт тоглохоос гадна Оросын олон кинонд дуу оруулж байсан шүү. Хань минь өндөр, биерхүү, сайхан дуу хоолойтой хүн байсан. Би оюутан байхдаа ханьтайгаа танилцаж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Тэр үед урлагийнхан 02:00 цаг хүртэл бэлтгэл сургуулилалт хийдэг байсан. Залуу байсан болохоор ч тэр үү салхилангаа хүүхдүүдээ тэврэхийг нь тэвэрч, дагуулахыг нь дагуулаад өвгөнөө ирэхийг хүлээгээд гадаа суудаг байсан. Өглөө нь хүүхдүүдийнхээ гэзгийг ч замнаж амжихгүй түрүүлээд явчихдаг байсан болохоор охидынхоо үсийг халимаг болгож засдаг байв. Харин өвгөн минь ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдээ тэргэнд хоёр, гурваар нь суулгаж цэцэрлэгт нь хүргэж өгдөг ажилтай, сайн аав байлаа. Бид 10 сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн.

-Та хүүхдүүдийнхээ тухай ярьж өгнө үү. Тэдний үзэл бодлыг сонсож, ойлгож, өөрийнхөө ертөнцийг бий болгоход нь та хэрхэн тусалж байсан бэ?

       -Бид таван хүү, таван охинтой буян заяа тэгш дүүрэн гэр бүл.

        Хамгийн том нь О.Нарантуяа хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин байсан. Хоёр дахь нь О.Сарантуяа СТА, БТА, хүндэт профессор СУИС-ийн төгөлдөр хуурын багш,  гурав дахь нь О.Батцэнгэл төрийн дархан, морин хуурч, дөрөв дэх нь О.Нарангэрэл малчин, тав дахь нь О.Батсайхан балетчин, зургаа дахь нь О.Сарангэрэл эсгий урлалын мастер, долоо дахь нь О.Бат-Өлзий МУГЖ, найм дахь нь О.Батгэрэл байлдааны онгоцны нисгэгч, ес дэх нь О.Түвшинтөгс хөгжмийн багш, арав дахь нь О.Түвшинжаргал хуульч мэргэжилтэй.

    Тэднээс минь О.Батцэнгэл, О.Батсайхан, О.Түвшинжаргал нар бурхан болсон нь харамсалтай. Би хүүхдүүдийнхээ ажил, амьдралд төдийлөн оролцдоггүй. Мэдээж, хүүхдүүдээ багад нь бусдын адил эрхлүүлж, загнах үедээ загнаж хүмүүжүүлсэн. Бүгд өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж, хүссэн мэргэжлээ сонгоцгоосон. Тиймээс хүүхдүүд минь ажилдаа дуртай, үнэнч, нэр алдартай болж, бидний нэрийг өндөрт өргөж явна. 

-Таны мартагдашгүй хамгийн нандин дурсамж юу вэ?

       -Оюутан байх үе минь юм даа. Би 1945 онд Улаанбаатарт ирж, Багшийн их сургуулийн нийгмийн ухааны багшийн ангид суралцсан. Тухайн үед би жил бүр хүүхэд гаргадаг нэртэй болчихсон байсан. Төрөөд 15 хоноод л ямар нэгэн аргаар заавал хичээлдээ суудаг байсан. Иимэрхүү байдлаар  оюутны амьдралаа туулж, сургуулиа төгсөж, ажил, амьдралын гараанд ханьтайгаа хөл нийлүүлэн алхаж байлаа. Биднийг ажиллаж байх үед Улаанбаатар хотын Боловсролын хэлтсээс биднийг жил бүр өөр сургуульд хуваарилдаг байлаа. Би сургуулиа төгсөөд 16 дугаар сургуульд нийгмийн ухааны багшаар 10 жил ажилласан. Дараа нь мэргэжлээ өөрчилж, тавдугаар сургуульд 20 жил эмэгтэй сурагчдад гэр ахуйн хичээл заасан. Ингэж миний амьдрал багшийн замнал, хувь тавилангаар хүүхдүүдийн дунд өнгөрсөн. Энэ л миний хамгийн нандин үе юм уу даа. 

-Гурван үеэрээ жүжигчин болно гэдэг ховор хувь тавилан, ерөөл шүү дээ. Таныг насаараа урлагийнхны дунд амьдарч байгаа болохоор тэднээс ялгаагүй болсон болов уу гэж бодож байна?

           -Насаараа урлагийнхны дунд байж, тэдний яриаг сонслоо. Төгөлдөр хуурч охин О.Сарантуяа, балетчин хүү О.Батсайхан Соёлын гавьяат зүтгэлтэн, дархан хүү О.Батцэнгэл, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий хүү, тэдний хүүхдүүд СТА Б.Тамир, СТА Б.Одончимэг гээд удам дамжсан урлагийнхнийг өсгөж, хүмүүжүүлж, тэдний сайхан энергээр өдий хүртэл насалж байна. Хүүхдүүд эцэг, эхийнхээ ажил мэргэжлийг дууриаж сонгох нь элбэг байдаг шүү дээ. Намайг залуу байхад манайд урлаг, утга зохиолын тухай яриа их өрнөдөг байсан. Тийм болохоор хүүхдүүд маань багаасаа урлагийн тухай сонсож, урлагтай ойр өсөж, түүнийг сонирхож, өвлөж байгаа юм.

Янжинлхам  бурхны ивээлд хүний төлөө хийсэн бүтээсэн юмтай хүний сүнс багтдаг юм гэсэн. Аргагүй үнэн байх шүү. Би тэднийгээ харж, үзэж, сонсож баясахаас илүү өөрийг хийж чадахгүй шүү дээ. Тэдэнтэй ижилхэн жүжиглээд байхгүй ч гэлээ зүрх сэтгэлийг нь ойлгодог, алдаа дутагдлыг нь хуваалцдаг хүн юм уу даа. 

 

Төрөөд 15 хоноод л ямар нэгэн аргаар заавал хичээлдээ суудаг байсан. Иимэрхүү байдлаар  оюутны амьдралаа туулж, сургуулиа төгсөж, ажил, амьдралын гараанд ханьтайгаа хөл нийлүүлэн алхаж байлаа.

 

-Олны танил уран бүтээлчдийн ээж, эмээ байна гэдэг бахархалтай сайхан. Гэхдээ танд хүүхдүүдийнхээ төлөө санаа зовох үе байдаг уу?

        -Санаа зовох ч юу байх вэ. Өвгөн маань бурхан болчихсон хэдий ч уран бүтээлээрээ мөнхөрсөн болохоор дэлгэцээр хүссэн үедээ уулзаж байна. Хүүхдүүд нь ч аавыгаа дурсан санах, өгүүлэх, ааваасаа суралцах боломжтой байгаа юм. Хүүхдүүд минь хүнд хэцүү цаг үед  хэн нэгний амьдралыг  шийдэх  мэргэжилтэй байсан бол би "Хэн нэгэнд алуулчих вий" гэж цаг үргэлж санаа зовно шүү дээ. Харин урлагийн хүний сэтгэл, санаа дэлгэр сайхан байдаг учраас ажлаа хийж яваа хүүхдийнхээ хойноос санаа зовдоггүй. Тэдэнд итгэдэг гэсэн үг.

ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭСЭН, ХИЙСЭН, БАЙГУУЛСАН ГАВЬЯА, АЖЛЫГ, ДҮРИЙГ ХАРНА, ҮЗНЭ ГЭДЭГ НЭГ НАСНЫ БАХДАЛ ШҮҮ

-Та хүүхдүүдийнхээ кино, уран бүтээлийг үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцдаг уу. Өөрийнхөө үзэл бодлыг хэрхэн хүлээн зөвшөөрүүлж чаддаг вэ. Таниас сургамж авах зүйл их л байдаг байх?

        -Ер нь уулзсан үедээ хүүхдүүдээ санал, сэтгэгдлээ хэлчихдэг юм.

Би Б.Тамирт “Цус нөжөө гоожуулсан, зодоон нүдээнтэй кино битгий хий. Өвөг дээдсийнхээ түүх, өв соёлоор уран бүтээл хийж бай” гэж хэлсэн. Тэгсэн “Хэд хэдэн юм бодчихсон байгаа” гэж байна лээ. Миний Тамираа бол ааваасаа илүү гялтганасан хүн шүү дээ. Манай хадам аавыг дууриасан юм уу даа гэж бодогддог. 

Гэхдээ хүүхдүүд минь хийе гэснээ хийчихдэг зоригтой байх хэрэгтэй. Тэдний алдаа дутагдлыг "Одоогийн залуучууд тийм болчихсон" гээд огт хэлэхгүй өнгөрүүлж болохгүй. Бага дээр нь засаж, залруулж, ахиж жижигхэн ч гэсэн алдаа гаргахгүй байхад нь үглээд ч болтугай нэмэр болж байвал миний үүрэг тэр.  Өөрөөр миний зөвлөнө, санаа бодлоо нэмэрлэнэ гэж юу байх вэ. Нэгэнт өөрсдийн үнэ цэнтэй цаг үеийг бүрэн дүүрэн хөдөлмөрлөж, ажиллаж, тэмцэж өнгөрүүлж байхад нь би илүү үг дуугараад юу гэх вэ. Зөв цагт нь, хэрэгтэй юмыг нь хэлчихвэл тэгээд л болоо. Ер нь тэгээд хүүхдүүдийнхээ хийсэн ажлыг нь хараад суух нэгэн насны жаргал шүү дээ.

 

-Хүн аав, ээжийнхээ ачийг хариулж бардаггүй гэж ярьдаг шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Хүүхдүүд нь таныг хэрхэн баярлуулж байна вэ?

             -Хүүхдүүд минь миний ачийг хариулж байгаа. Үүнээс илүү жаргал гэж үгүй. Хүүхдүүд маань нэг намар бүгдээрээ цугларч уралдаан тэмцээн зохиож нэгэн өдрийг аз жаргалтай сайхан өнгөрүүлж байсан. Тэгж бүгдээрээ цугларч инээд хөөр болцгоож намайг баярлуулж байсан. Тэр өдөр миний санаанаас огт гардаггүй юм. Мөн төрсөн өдрөөрөө намайг баярлуулна гээд хүрээд ирэхээр нь баярладаг юм. Би хүүхдүүддээ төвөг болохыг боддоггүй, ганцаараа амьдрахыг илүүд үздэг. Өөрийгөө болгоод явж байвал болно шүү дээ.

-Та ямар кино үзэх дуртай вэ?

         -“Цогт тайж” киног үзээд үзээд ханадаггүй юм. Их сайхан кино шүү.

-Та аль нутгийнх вэ. Таны хүүхэд нас хаана,хэрхэн өнгөрсөн бэ?

          -Би говийн хүн. Одоогийн Эрээн миний нутаг. Тухайн үед Эрээн давс гэж байсан юм. Монгол Улсын хил хязгаар байхгүй үед ар, өвөр монголчууд Эрээнээс давсаа авдаг байв. Тэмээгээр явахад өглөө гараад орой ирдэг тийм том нуур байсан. Эрээнээс л монголчууд давсаа түүж амьдардаг байлаа шүү дээ. Бидний үеийн сургууль залуучуудад үлгэрийн далай шиг л санагдах байх.

        Монголчууд дээр үеэсээ хүүхдүүдээ гэрээр сургадаг байлаа. Би 1927 оных гэж явдаг. Тэгэхээр 95 настай гэсэн үг. Харин жинхэнээрээ 1930 онд төрсөн юм билээ. Тэгэхээр 92-той болж байгаа юм. Биднийг бага байхад 14 нас хүрэхээр нь сургуульд оруулдаг байсан. Би 12 настайдаа хоёр нас нэмж сургуульд орж байсан. Тухайн үед жинхэнэ монгол бичгээр А, Э үсгээ үзэж байсан. Би хөдөөний хүүхэд учраас үсгээ үхэр малтайгаа зүйрлэж байж цээжилдэг хүүхэд байсан. Би 12 нас хүртлээ өвөөтэйгөө хамт мал маллаж өссөн. Ямартай ч тэр үед морь унах дуртай гэж жигтэйхэн, хурга хариулаад л явдаг хүүхэд байлаа. Говийнхон хонь, ямаагаа их саана. Тэгэхээр тав, зургаан настайгаасаа ямаа, хонь сааж сурсан болж байгаа биз. Тийм л амьтан байснаа санадаг. 

-Таны үеийн хүүхдүүд бараг бүгд шинэ үсгийн багш болохыг хүсдэг, мөрөөддөг байсан байхдаа?

      -Тэгэлгүй яах вэ. Бидний үеийн хүүхдүүд багшийгаа их дууриадаг байсан. Багшийн хөдөлгөөн, хэлсэн үг бүрийг нь дууриадаг байсан гээд л бод. Тийм ч учраас тэр үеийн хүүхдүүд бүгд багш болохыг мөрөөддөг, бараг олонх нь болсон байх. 

-Та 10 хүүхэд төрүүлж өсгөсөн гэлээ. 10 хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг баргийн хүний ганцаараа давах ажил биш шүү?

       -Би сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажилласан. Тэр үед хүүхэд харах хүн байхгүй хэцүү л байсан. Хамгийн томыгоо зургаан нас хүрэхээр нь дүү нарыгаа яаж угжихыг нь зааж өгчихөөд  хичээлдээ явдаг байсан. Цагааны Цэгмэд гуайнх манайхтай айл, саахалт байсан. Манайхан хүүхдээ цоожилж явж үзээгүй. Тэгээд л 1980 он гэхэд хүүхдүүд гараас гарч эхэлсэн.

           Би ч залуудаа олон хүүхэдтэй яах билээ гэж тэвдээгүй. Манай өвгөн “Залуу насанд хүүхэн харж явдаг байсан бол дунд насанд чавганц харж явдаг боллоо” гэж байсан юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг чавганц явж байвал "Энэ чавганц хүүхэд хараад өгөх боломжтой болов уу, үгүй болов уу" гэж хардаг байсан гэсэн үг шүү дээ.  

-Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг яггүй ажил биз дээ?

           -Өнөөгийн эмэгтэйчүүдийн дэргэд бид яанаа, ийнээ гэж ташаа тулж, гэдсээ илж үзээгүй. Би жирэмсэн байхдаа цастай байсан ч хичээл рүүгээ гүйгээд л явдаг байсан. Хичээл завсарлаахаар 10 минутын дотор гүйж ирж хүүхдүүдээ, гэрээ эргэчихээд л явдаг байлаа. Одоогийн жирэмсэн хүүхнүүд их хэцүү харагдах юм. “Би жирэмсэн хүүхэд төрүүлнэ, яана аа” гэж бодоод бусдад хүндлүүлэх гэж ядаад, өөрийнхөө биеийг бие биш болгож байна. Тэгж огт болохгүй.

-Монгол хүний тухай та ямар бодолтой байдаг вэ. Таныг залуу байх үеийнхээс нийгэм хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

      -Монголчууд монгол хэлээ алдлаа. Анагаах ухаан, шинжлэх ухааны эх үүсвэрийг монголчууд бий болгосон юм шүү дээ, хүү минь. Өвс ургамлаа түүгээд л өөрийгөө эмчилчихдэг байлаа. Биднийг бага байхад өвчнийг нэрээр нь хэлдэггүй цээрлэдэг байсан. Тухайн үеийн хамгийн хэцүү өвчин бол тэмбүү байсан. Тэмбүү гэж хэлэх юм бол тархин дундуураа гөвшүүлэх байсан байлгүй. Яагаад цээрлэж байсан бэ гэхээр өвчний нэр хэлбэл тэр өвчин өндийж ирээд наалдана гэдэг байсан. Үгийн болоод ёс суртахууны цээр гэж байх ёстой. Муу үг хэлбэл зөгнөл болж биелдэг гэдэг байсан. Бараг үнэн байх. Өнөөгийн залуус зөв ярьж сурах хэрэгтэй байна. Дандаа буруу ярьж байна.

-Таныг багшилж байхад хүүхдүүдийн хэл ярианы баялаг ямар байсан бэ?

        -Биднийг багшилж байх үед хүүхдүүдийн хэл ярианы доголдол харьцангуй бага байсан. Хүүхдүүдийнхээ хэл ярианд анхаарч, засаж залруулдаг байлаа. Хувцсаа зөв өмсөх, хүнтэй зөв харилцах соёлыг ч заадаг байсан юм. Өөрийнхөө биеийн сайхан авч яваа хүн үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж чадна гэсэн үг. Одоогийн багш нар сурагчдынхаа хэл ярианд анхаардаггүй ч юм уу, амждаггүй ч юм уу гэж анзаарагддаг. 

-Та анх ямар ном уншиж байсан бэ. Санаж байна уу?

       -Би Улаанбаатар хотод ирээд Ц.Дамдинсүрэн гуайн “Зугаацахаар мордсон нь”, “Солийг сольсон нь” гэх мэт уран зохиолын номыг хормой, хормойгоор нь авчирч уншдаг байлаа. Тэр л зангаараа хүүхдүүдээ хүмүүжүүлж,

10 хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгахын зэрэгцээ тархийг нь өлгөхгүйн тулд бүх төрлийн хэвлэл авахын тулд хагас сарын цалингаараа, ном, сэтгүүл “Намын үнэн”, “Утга зохиол”, “Залуучуудын үнэн”, “Пионерын үнэн” “Хөдөлмөр” сонин захиалдаг байсан. Тэднийгээ заавал хүүхдүүддээ уншуулдаг байсан. Харин өвгөн бид хоёрын хэн нэг нь уншиж амжаагүй бол нэгэндээ тоймлож ярьж өгдөг байсан.

-Таны хамгийн дуртай баяр юу вэ?

       -Наадамд их дуртай. Наадмаар хэн эхнэр хүүхдээ сайхан авч явж байна вэ, хэнийх сайхан айрагтай байна вэ гэдэг бараг мэдэгдэнэ. Тэгээд ч бүгд дэлгэр сайхан нааддаг байлаа. Гурван сартай хүүхдээ орхиод бөх үзэж л явлаа, өвгөнтэйгөө. Мөн театрт кино их үздэг байсан. Тэгэхдээ гоё сайхан хувцастай очих гэж хичээдэг байлаа.

Жүжиг, кино үзэхдээ өмсөх дээлийнхээ өнгийг сольж, шөнөжин оёчихоод ташааных нь товчийг хадаж амжилгүй үздэг  л байсан. Бидний үед хөх зүү хөндлөн барьж чаддаггүй эмэгтэй байсангүй. Эмэгтэйчүүд хүүхдүүдийнхээ дээл хувцсыг бүгдийг нь оёж өгдөг байсан. Манай хүүхдүүд хэний ч хүүхдийн өмсөж үзээгүйг өмсөж, баяр наадмаар ижилсдэг байсан. Тэднийхээ хувцсыг хичээлийнхээ завсар зайгаар өдөр, шөнийн алинд ч сууж оёдог байсан.

Хүүхдүүдээ том болохоор нь эр, эм гэлтгүй өөрсдөөр нь мөн оёулж сургасан. Амьдралын шаардлага гэмээр ийм зүйлс хүүхдүүдийн хүмүүжил, амьдралд хандах хандлага, тэмцэх чанарт маш их нөлөө болдог юм байна гэж хааяа боддог. 

-ӨВГӨН БИД ХОЁР ХҮҮХДҮҮДДЭЭ ШУДАРГА БАЙХЫГ Л ИХ ЗАХИДАГ БАЙСАН-

-Та хамгийн сүүлд хэзээ юм оёсон бэ?

        -Би юм оёхгүй 30 орчим жил болж байна. Шаардлагатай бол одоо ч оёход бэлэн байна. Би оёдог, нэхдэг байлаа. Оёдлын ажлыг цөхөртлөө хийж байсан. Олон хүүхдийн гутал, хувцсыг тухай бүрд нь авах мөнгө байсангүй. Бүгдийг нь оёж өгдөг байсан. Харин хувцасны оронд тархи, гэдсийг нь цатгалан байлгахад хамаг бүхнээ зориулдаг байсан.

-Та хоёр хүүхдүүдээ ямар арга ухаанаар сурган хүмүүжүүлж, юунд сургадаг байв?

         -Өвгөн бид хоёр хоорондоо “Чи бид хоёр хүүхдүүдээ өв хөрөнгө хурааж чадахгүй. Тархийг нь өлсгөхгүй өсгөвөл болох нь тэр" гэж ярьдаг байсан. Хүүхдүүдээ ч энэ тухайгаа хэлдэг байсан. "Манайд тасдаад өгөх хөрөнгө байхгүй. Тийм учраас өөрсдөө ухамсартай байж, амьдралаа зөв авч яваарай" гэж хэлдэг байсан.

       Одоо бүгд дор бүрнээ сайхан амьдарч байна. Үүнд нь би их баярладаг. Гэтэл өнөө цагийн эцэг, эхчүүд үхэн үхтэлээ хүүхдийнхээ хоол хүнс, гэр орныг нь бэлдэж өгч байна. Сургуулийн насны хүүхдүүд хүртэл "Миний байрыг авсан уу" гэж аав, ээжээсээ нэхэж байгааг харах сонсох харамсалтай санагдаж байсан. Бид хүүхдүүддээ шударга байхыг их захидаг байсан. Шударга байна гэдэг үнэнч, зөв амьдарна гэсэн үг. Миний балетчин хүү “Удирдлагаа ийм байна, тийм байна” гэж ярихаар нь “Чи зохицоод ажиллаач” гэхэд “Та хоёр намайг шударга бай гэж сургачихаад одоо ингээд байдаг нь ямар учиртай юм” гэж байсан. Хүүгийн минь зөв л байсан. Би ч өөрөө буруу зүйлийг тэвчиж, эвсэж чаддаггүй байсан.

         Манай өвгөний талынхан их олуулаа. Өвөрхангай аймгийн Баянгол сумын хүн амынх нь 70 орчим хувийг Мялангийнхан эзэлдэг. Олуулаа учраас ах, дүүсээд байдаггүй. Цөөхүүлээ байсан бол сүйд болох байх. Яагаад Мялангийнхан гэдэг вэ гэхээр тэднийхэн олон улаан үхэртэй байсан юм билээ. Тэгээд үхэр нь мялан өвчин тусаж, хиарсан гэдэг. Тэгээд мялангийнхан хэмээх нэр авсан юм билээ. Миний хадам аав эхээс арвуулаа байсан гэдэг. Тэдний хүүхдүүд, ач, зээ гэж бодохоор олон. Зөвхөн манай арван хүүхдийн хүүхдүүд гээд үргэлжлэхээр талийж байгаа биз дээ.

Энэ олон хүүхдийг зөв сайхан амьдруулах арга нь бүгдийг нь бэлдэж өгөх биш, хэрхэн байгаагаа зөв сайхан хэрэглэж, тархи, оюунаа цэнэглэж, сэтгэлээ цэвэр ариунаар нь шударга, зөв мөртэй амьдрах вэ гэдэгт сургах л гэж бодож хичээж ирсэн. Буруудсан юм алга.  

 


МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙГИЙН ЭЭЖ О.АРИУНГЭРЭЛ: Хүүхдүүдийнхээ тархи, гэдсийг цатгалан байлгах гэж ном, сонин их уншуулдаг байсан даа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188