• Өнөөдөр 2024-05-02

Д.МӨНХБААТАР: Шилдэг багшийн 100 сая төгрөгөө гэр бүлдээ зориулж, оролцсон багш бүрд сая төгрөг өгнө

2021-12-27,   1259

   “Тухайн мэргэжлийн багш энэ хорвоо дэлхий дээр өөрийнхөө заадаг хичээлээс өөр судлах зүйл байхгүй мэт аягладаг"

   “Би багш-2021” нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын дөрөвдүгээр сургуулийн газарзүй, биологийн багш Д.Мөнхбаатар шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон билээ. Түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

-Үндэсний шилдэг багшаар шалгарсанд баяр хүргэе. Шагналаа авч байхад танд юу бодогдсон бэ?

        -Баярлалаа. “Би багш-2021” нэвтрүүлэгт оролцох боломж Монголын 47 мянган багшийн өмнө нээлттэй байсан. Бид цахимаар бүртгүүлсэн. Бүх шилдэг багш материалаа өгч бүртгүүлж байгаа учраас шилдэг 20 багшид багтах юм сан гэх хүсэлтэй орсон. Үндэсний шилдэг багшаар шалгарч, шагналаа гардан авахдаа “11 жил боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр шим гарч байна” гэж бодсон. Намайг Үндэсний шилдэг багшаар шалгарч ирэхэд ажлын хамт олон, орон нутгийн удирдлагууд ерөөл, магтаалын үгтэй сайхан хүлээж авсан. Ах, дүү, найз нөхөд, шавь нар маань гар утсаар холбогдож, баяр хүргэсээр байна. Тэднийхээ хайр ивээл дунд би гэдэг хүн бялуурч, сэтгэл санаа сайхан байна. 

-Боловсролын салбарын сор болсон багш нар “Би багш-2021” нэвтрүүлэгт орсон байх. Өрсөлдөөн хэр байсан бэ?

      -Энэ жил Боловсрол, шинжлэх ухааны яам руу 400 орчим багш материалаа явуулж бүртгүүлсэн юм билээ. Ажлын хэсэг шилдэг 20 багшийг шалгаруулж, нэвтрүүлэгт оролцуулсан. Эхний шатанд таван минутад өөрийн гаргасан амжилт, сургуулийнхаа талаар танилцуулсан. Мөн боловсролын салбарт юу хийхийг хүсэж байгаа тухай 500 үгтэй эсээ, сургуулийн ёс зүйн зөвлөлөөс зөрчил гаргаж байгаагүй гэх тодорхойлолт, сургуулийн удирдлагын ажил байдлын тодорхойлолтоо явуулсан. Мөн хувь хүний чадварын тухай асуултууд байсан. Өрсөлдөөн чанга байлаа. Бүгд л өөр өөрсдийн онцлог, арга зарчмаараа Монголын өнцөг булан бүрт хүүхдүүд хичээл зааж, оюуны хөрөнгө оруулт хийж байгаа шүү дээ. 

-Тэмцээнд оролцоход хэцүү зүйл байв уу?

     -Тэмцээнд оролцоход хүндрэлтэй зүйл бага байсан. Багаараа оролцсон хэсгүүд хэцүү санагдсан. Яагаад гэвэл багаараа гүйцэтгэх даалгаврыг хангалтгүй хийх юм бол багаараа хасагдах эрсдэлтэй. Тийм учраас бид өөрсдийнхөө төлөө бус, багийнхаа төлөө хэд дахин хичээх хэрэгтэй болсон. Хичээсээр, чармайсаар өнөөдрийн амжилтыг гаргасан. 

-Тэмцээн хэд хоног үргэлжилсэн бэ?

     -Бид арваннэгдүгээр сарын 9-нд Улаанбаатар хотод очиж сургалтад суусан. Арванхоёрдугаар сарын 20-нд тэмцээн дууссан.

-Та 11 жил газарзүй, биологийн багшаар ажилласан юм байна. Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?

     -Өөрийнхөө сурч байсан Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. 2011-2018 он хүртэл төрөлх сургуульдаа ажиллаж байгаад 2018 оноос Мандал сумын дөрөвдүгээр сургуульд багшилж байна.

-Багшлах хугацаанд ямар амжилт гаргасан бэ?

     -Багшлах хугацаандаа туршлагатай багш нар, сайн удирдлага хамт олны дэмжлэгтэйгээр богино хугацаанд ахиж дэвжсэн. Сэлэнгэ аймгийн залуу багш нарын ур чадварын уралдааны шигшээ аварга нэг мөнгөн медальтай, Сэлэнгэ аймгийн багшлах ур чадварын уралдааны нэг удаагийн аварга, Сэлэнгэ аймгийн биологийн багш нарын мэргэжлийн хичээлийн ур чадварын уралдааны аварга болж байсан. Мандал дөрөвдүгээр сургуульд ирснээс хойш сургуулийнхаа итгэлийн багт байдаг. Манай багийнхан 2020 онд улсын багш нарын дунд болдог эрдэм шинжилгээний бага хуралд тусгай байр эзэлсэн. 2021 онд итгэлийн уралдаанд багаараа түрүүлсэн. Энэ жил хоёр удаа улсын уралдаанд түрүүллээ, сайхан он байлаа.

-Шагнал, урамшууллынхаа мөнгөөр юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

     -Нэвтрүүлэгт орсон 20 багш тэмцээн эхлэхээс өмнө хэн ч түрүүлсэн байсан бусад багшдаа тус бүр сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Түүнийхээ 500 мянгыг дундын данс нээж нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян хийхээр ярилцсан юм. Харин үлдсэн мөнгийг нь ахуй, амьдралдаа зарцуулах байх. Би шагналынхаа мөнгөөр байрныхаа зээлийг төлөх төлөвлөгөөтэй байгаа. 

-Та шавь нарынхаа амжилтаас ярьж өгөөч?

    -Газарзүйн багш мэргэжил эзэмшсэн ууган шавь маань надтай хамт ажилладаг. Нэг нь “Олонлог” сургуульд багшилж байгаа.  10 жилийн хугацаанд газарзүйн хичээлд бэлдсэн хүүхдүүд маань аймагт тогтмол эхний гурван байрт эрэмбэлэгдэж байсан. Аймгийн олимпиадуудаас санаанд орж байгаагаар  н.Мөнгөнсум шавь минь хошой алтан медаль, н.Дөлгөөнмөрөн мөнгөн медаль авч байлаа.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

      -Хүүхэд байхдаа улсын “Хүрэл тулга” наадамд түрүүлж байсан. Багаасаа шүлэг, яруу найрагт дуртай  байлаа. Мэргэжлийн хичээлээ заахын хажуугаар илтгэл, яруу найргийн уралдаан тэмцээнд хүүхдүүдээ бэлддэг.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

     -Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр минь багш мэргэжилтэй. 2018 оноос хувиараа бизнес эрхэлж байгаа. Өмнө нь нэг сургуульд хамт ажиллаж байсан юм. Хүүхдүүд харах, ар гэрийн асуудал орхигдсон учир эхнэр минь мэргэжлээрээ ажиллахаа больсон.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Та ямар хүн багшилж чадна гэж боддог вэ?

     -Багш хүн хүүхдэд хайртай байх ёстой. Хүүхдийг хайрлаж, мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, зүрх сэтгэлээ бүрэн зориулж чадах юм бол сайн багш болно гэж боддог.

-Таны бусдаас ялгарах онцлог, заах арга барил юу вэ?

    -Би оюутан байхдаа “Тухайн мэргэжлийн багш энэ хорвоо дэлхий дээр өөрийнхөө заадаг хичээлээс өөр судлах зүйл байхгүй мэт аягалдаг”  гэх үг номоос уншиж байсан. Тэр үгийг огт мартдаггүй юм. Бүх хүүхдэд газарзүй, биологийн хичээл амьдралд нь хэрэг болохгүй байж магад. Тийм болохоор зааж буй хичээлээрээ дамжуулж хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой зүйлийг тайлбарлаж, ойлгуулах гэж хичээдэг. Тийм учраас зааж буй хичээл хүүхдүүдэд хүрдэг байх гэж боддог.

-Та хэчнээн хүүхдэд хичээл зааж байна вэ?

    -Манай сургууль 1000 гаруй хүүхэдтэй. Дунд ангийн зургаа, долоо, найм, есдүгээр ангийн 400 гаруй хүүхдэд хичээл орж байна. Надаас гадна биологийн нэг, газар зүйн нэг багш бий. Нийт 50 гаруй багштай хамтран ажиллаж байна.

-Та ирэх онд юу хийхээр төлөвлөж байна вэ?

    -Сургуулийнхаа гадаа байгалийн ухааны туршилтын хичээл орох талбайтай болох санаачилгыг гаргасан.  Ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай байгаа. Дулаан орохоор үргэлжлүүлэн тохижуулна. Мэдээж, багш нарын дунд болдог уралдаан тэмцээнүүдэд сургуулийнхаа залуу багш нартай хамтран оролцож, амжилт гаргана.


Д.МӨНХБААТАР: Шилдэг багшийн 100 сая төгрөгөө гэр бүлдээ зориулж, оролцсон багш бүрд сая төгрөг өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 22:52:55
    Нарантуяа Гүрдагва: Маш мундаг байсан шүү баяр хүргье 2021-12-28 22-52-55
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 15:05:11
    Зочин: Мундаг багшдаа өшөө их амжилт хүсэе баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188